Ямар нэгэн хүчтэй үзэл суртлаар бус,  ахуйн наад захын хэрэглээ, стандарт л манай  коммунист дэглэмийг ганхуулах нь зүй ёсных байсан гэж би үздэг. 
   
    Миний эгэл бус түүхийн нэгээхэн хэсэг өмнөх тэр нийгмийн маань нуралттай цаг хугацааны хувьд салшгүй холбоотой. Тэгж нурсанд нь харамсаад явдаггүй учраас л доорхи түүхийг илэн далангүй, айж эмээлгүй, бүр бахархалтайя бичиж байна.  Тэгэхдээ нөгөө "Гашуун үнэн" гэдэг тодотголоо дахиад л бичсэндээ наах гэж байна.   

    Үнэндээ бол өнгөрсөн зуун бол хөрс эргүүлж байгаа мэт Монголын нийгмийг орвонгоор нь эргүүлж төрөл арилжуулсан юм. Баабарын хэлснээр:
-    Аугаа ХХ зуун. Энэ зуунд монголчууд бид тусгаар тогтнолоо эргүүлж авсан төдийгүй үндэстний хувьд сэрж дэвжин дундад зууны бүдүүлэг хоцрогдлоос орчин үеийн улс гүрэн болтлоо товчлон өсч, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн иргэншиж, хотжиж, үйлдвэржиж улмаар эрх чөлөө, ардчилалтай золгосон. Энэ бүхэн ердөө л хүний хоёр гуравхан үеийн хооронд болоод өнгөрчээ.

    Хүний хоёр гуравхан үеийн хооронд гэдэгт би өөрийгөө хамаатуулаад эл түүхийг  бичиж байгаа тул зориуд эшлэж байна л даа. Өнөөгийн дунд үеийнхэн бид бол яг хоёр дахь үе нь юм. Бидний үеийнхэн бол коммунизмын үед төрж, бараг бүгдээрээ баатарчуудаар дамжин Пионерийн гишүүн болж, "МАХН-ын үйл хэргийн төлөө хэзээд бэлхэн!" хэмээн андгайлан байж бүгдээрээ (бараг 100 хувь) МХЗЭ-ийн улаан батлах гардан МАХН-ын бэлтгэл хүч гэгдэж явсан нь үнэн билээ.

    Дэлхийд коммунизм ялж, АНУ-д хувьсгал гарна хэмээн итгэж зөгнөж явсан бидний үеийнхэн дээд боловсрол эзэмшиж, ажил амьдралын захад хөл тавиад даан ч удалгүй коммунизм нуран унасныг нүдээрээ харж, биеэрээ мэдэрсээн. Жишээ нь би л гэхэд, МУИС төгсгөөд яг 10 дахь жил дээрээ коммунизмын нуралтыг үзсэн хүн л дээ.

    Дэлхийн хөгжлөөс миний эх орон тэртээ хол хаягдсаныг ухаарч, тэгж амьдарч болохгүйг мэдэрч перестройкийн үзэл санаагаар нийгмээ сэрээхэд хүчин туслалцаж,  шинэ амьдралын төлөө зориглон босоход гар бие оролцож, эдүгээгийн ардчилсан Монголыг бүтээлцсэн хувьтай төрсөн түг түмэн залуусын нэг нь би байна.

    Харин өмнөх нийгэм маань ингэж нурахад чухам юу гээч нөлөөлснийг зориглон дор өгүүлсүгэй.  Монголчуудын нүүдэлчин төрхийг, нүүдэлчин соёл, үнэлэмжийг анхлан ах нар (оросууд) өөрчилсөн, бараг хүчээр эвдсэн гэдэгтэй би санал нийлдэг, санал нийлэхээр барахгүй тэгсэн нь зөв гэж талархан сайшаадаг хүн юм аа.

    Дэлхийн хоцрогдлын туйл байсан монголчуудыг төрөл арилжуулах үйл явц хоёр үе шаттай явагдсаны эхнийхийг орос ах нар маань хийж өгсөн гэж би үздэг ээ. Үнэндээ хоцрогдлын туйл Монголыг оросууд эхлэн зориглон хөндсөн юм. Зөвлөлтийн цэрэг, мэргэжилтний асар их хүч манайд байрлаж байсны ашиг тус, хор холбогдлыг дэнсэлбэл ашиг тус нь хол давнаа. Үнэндээ бол зөвлөлтүүд монголчуудыг ажилд сургаж, ад үзэх үедээ ад үзэж, доромжлох үедээ доромжилж, хайрлах үедээ хайрлаж байж бидний өнөөгийн соёлжсон дүр төрхийг хүчээр суулгасан юм. Хүчээр шүү. Хүчлэхгүй бол болохгүй болоод л хүчилсэн юм. Оросуудын ачаар бид яр тэмбүү, бөөс хуурснаасаа салсан ба соёлжилтыг тэд хүчээр хийсний ачаар ХХ зууны хоёрдугаар хагасын "шинэ монголчууд" бий болжээ. Энэ тухай "Сэрэлт" кино, "Манай сургуулийнхан" туужаар л жишээлэл дээ. Дэлхийн түүх, соёлтой танилцахад, нэг ёсондоо бөглүүд монголчууд дэлхийг танихад оросын кинонууд, орос хэлнээс орчуулагдсан европ, америкийн номууд, ялангуяа ТВ-ийн Орбитын нэвтрүүлэг үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг үл мартам. "Үнэлж баршгүй", бүр "Үнэлээд үнэлээд баршгүй шүү"!

    Харин оросуудын байгуулж өгсөн эв хамт нийгмийн тэр байгууллыг барууны дуу хөгжим (“Beatles”), барууны соёл нураасан юм даа. Энэ бол монголчуудыг төрөл арилжуулах үйл явцын хоёр дахь үе шат нь (минийхээр бол) байлаа. Биднийг Монголын доторхи “Монгол” болгосон ба түүнийг би хоёр дахь үе шат гэж ангилаад байгаа хэрэг.

Баруун хөгжмийн фэнүүд анхлан Монголд (үнэндээ бол Улаанбаатарт л даа) 1950-иад оны сүүлчээр гарч ирцгээсэн. Ихэвчлэн Дорнод Европын социалист орнуудад сурдаг оюутнууд тэдний анхны элч түүчээ байсан юм. “Шилээ дарсан үстэй, шилбээ барьсан өмдтэй” гэсэн хоч нэрийг тэдэнд  нааж, “Матар” (сүүлдээ “Тоншуул” болсон) сэтгүүлд тэднийг шоглон зурдаг байв.  Тэд үнэхээр үсээ урт ургуулдаг моодыг манайд авчирсан, тэд зузаан ултай гутал, том хар шил, цэмбэн пиджак, дөрвөлжин хээтэй хурц өнгийн цамцыг Монголд дэлгэрүүлсэн. Тэр үедээ этгээд гэмээр ийм хувцастай цэвэрхэн залуус зундаа Улаанбаатарт үзэгддэг, “Чарлстон” хэмээх америк бүжиг хийдэг, тэдний гол төлөөлөгч нь миний мэдэхээр “Элдэв-Очир” кино театрын зураач Я.Үржнээ (хожмын Төрийн шагналт нэрт зураач) байна. Дараахан нь шөвгөр гутал моодонд орж, “Твист” бүжиг дэлгэрч эхэлсэн. АНУ-д Chubby Сhecker хэмээх дуучин ид мандаж байх үед рок-поп хөгжим Монголд эхлэлээ тавьсан юм. Чехословакт сурдаг Х.Төмөр (хожмын хурандаа, мөн нэрт орчуулагч) гэдэг оюутан анхлан Chubby Сhecker, твист хоёрыг анхлан оруулж ирсэн болов уу. Дараахан нь дуучин Төмөр (3ууны манлай дуучдын нэг), нэрт жүжигчин Шороотын Цэвээний хүү Оросхүү, тэр үеийн вальсын хаан гэгддэг хөгжмийн зохиолч Түмэнжаргал нар барууны хөгжмийн элч төлөөлөгчид болцгоосон юм. Эдний гавьяа (монголчуудыг төрөл арилжуулахад) баларшгүй ээ.      
 
    1960-1970-аад оны хот, нийгмийг барууны (ерөөсөө европын) соёл хэрхэн өөрчилсөн түүхийг ойлгомжтой болгох үүднээс мөн л примитив байдлаар гаргахын хичээе. Өнөөгийн энэ даяаршил гэж нэрлээд буй үзэгдлийн анхдагч хүчин зүйл нь  рок-поп хөгжим байсан гэх онол баруунд буй. Тэр онолыг зөвшөөрөгчийн нэг нь би өөрөө юм. Би ба миний үеийнхэн өөрсөд дээрээ туршсан биет жишээ байна.  Миний сайн санаж байгаагаар бол эхний алхам нь, анхлан 1960-аад оны дунд үед  Улаанбаатарын ганц нэгхэн  сэхээтэн (ихэвчлэн дипломатч) айлуудаар “The BEATLES” хэмээх хамтлагийн пянз үзэгдэж, хотын сэхээтний хүүхдүүд хошуурч, эрэл сурал болж байснаас эхлэн Монголын социалист нийгмийн байгуулал нурах гараагаа авсан гэж дүгнэвэл хилсдэл болох уу? Гашуун үнэн гэх нөгөө л үнэнээ энэ асуултаар тавьж хариу хайж байна.

    Бидний хүүхэд ахуй цагт, 1960-1970-аад онд монголчуудад европын соёлыг анхлан түгээсэн, бидний үеийнхний шүтээн болж, нүдийг минь нээж өгсөн урлагийн бүтээлүүд болох польшийн “Аминаас чухал үйлс” (Ханс Клосс хэмээх Абверын лут тагнуулч), “Нохойтой дөрвөн танкчин” хоёр киног зориуд нэрлэе гэж бодож байна. Ялангуяа 1966 онд Польшид үйлдвэрлэгдээд дараахан нь Монгол ТВ-ээр үзүүлж эхэлсэн “Нохойтой дөрвөн танкчин” кино, гол дүр Ольгерд, Янек, Густлик, Гжесь буюу гүрж Григорий Саакашвили, Томаш, Маруся (Огонёк), Лидка, Вихура, мөн Шарик овчарк нохой, гол дүрүүдийг бүтээсэн жүжигчин Януш Гайош, Францишек Печка, Пола Ракса, Влодзимер Пресс нар Улаанбаатарын бидний үеийнхний сэтгэлд гүн шингэсэн юм.  

    Дараахан нь "Километр бүрт" (Болгар), "Танкешийн ахмад" (Унгар) зэрэг телевизийн олон ангит кинонууд, "Фантомас"(Франц), "Спартак" (АНУ), "Зуурдын сэтгэл" (Япон) дэлгэцийн кино, мөн энэтхэгийн мелодрамууд манайдаа буянтай үйлс хийж, сэтгэхүйн том хувьсгал гарахад түлхэц үзүүлсээн. Францын нэрт жүжигчид – Жан Маре, Луи де Фюнес, Милен Демонжо нарын тоглосон "Фантомас" бол барууны соёлыг (cоёл гэдэгт урлаг соёл, сэтгэхүйн соёлоос гадна би ахуйн асар их соёлыг би оруулж тооцно) Монголд нэвтрүүлэхэд асар их нөлөө үзүүлсэн гэж би үздэг юм. Ялангуяа цагдаагийн комиссар Жювын дүр бидний үеийнхний сэтгэлээс хэзээ ч гардаггүй юм. Түүний үнэнч нөхөд сэтгүүлч Фандор, үзэсгэлэнт Элен нарын тухай бид амтархан ярилцдаг байв. Энэ киногоор дамжаад лав миний сэтгэхүйд Франц орон, францын соёл маш эерэгээр бүр гэгээлэг суусан юм. Харгис мөлжигч капиталист Францыг би үнэндээ төсөөлж чадахгүй байв. Америкийн нэрт жүжигчин Кирк Дугласын бүтээсэн Спартакийн дүр бол эр зориг, хүний нандин чанарын үнэмлэхүй жишээ хэмээн би тэр түүхэн киног хүлээн авсан юм. Энэ мэт жишээ татвал энэ нийтлэл дуусашгүй.
 
    Энд би манай нэгэн сэтгүүлчийн бичлэгээс үг үсэггүй эш татъя. Өнөөгийн шинэ үеийнхэнд зориулж тэрээр өмнөх тэр үеэ нүднээ буутал гаргасан байна билээ:
-    Зажилдаг бохь нүдний гэм, оронд нь модны давирхай, асфальтан замын хар шаваас хивж, шинэ жилээр л амтат жүржийн бараа харж, кофе гэгчийг амсалгүй, киви, хан боргоцойг танихгүй явлаа гэвэл балчир коммунистуудын элэг хөших байлгүй. Компьютер мэдэхгүй, гэртээ утастай айл хөршүүдийнхээ холбооны залгагч, зарлагын үүрэг гүйцэтгэдэг, олон сувгийн телевизгүй, үздэг ганц монгол телевиз нь 22 цаг гээд эфирээ хаадаг, Орбит гэдэг орос сувгаар "Наймааалж"-аас өөр үзэх киногүй үе 18-хан жилийн өмнө байсныг одоо ихэнхи нь мартаж хоцорчээ. Коммунизмын их аянд сульдсан монголчууд дэлгүүрийнхээ лангуун дээр шороотой бор давс, амтгүй гоймонтой хоцорсныг ч тархинаасаа арччихаж гэжээ.

    Миний сайн санаж байгаагаар, миний баттай хэлж чадахаар бол социализмын үед гадаадад зорчих гэдэгт МАХН, НАХЯ-ны хатуу чагт тавиастай байдаг байсаан. Гадаад паспорт гэдэг ойлголт угаасаа байгаагүй юм. Хэн гээч нөхөр албан ажлаар гадаадад зорчихыг МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөн шийдвэрлэж тэр дагуу нь тогтоол шийдвэр гарч, гадаад албан паспортыг нь шийтгэн олгодог хөгийн гэхэд хаашаа ч юм, гэхдээ л яг тийм нэг практик олон жил хэрэгжиж иржээ. Төмөр хөшиг татагдсан хуучин тогтолцооны үед цөөхөн тооны албаны хүмүүс, дээр нь тоотой хэдэн жүжигчин, тамирчид хатуу хяналттайгаар хилийн чанадад зорчиж, гадаадад өөрийн хүсэлтээр чөлөөтэй зорчих эрх эдэлдэггүй байсан тэр үед “гадаад паспорт” гэгчийг зохиож хэрэглэх нь аргагүй байсан биз ээ.

    Тэр үед чухам л  азтай хүн л алтан Москваг үзэж, арай дөнгүүр дээгүүр албаныхан нь Зүүн Герман, Польш, Чех, Унгар, Болгар  төдийхөнд хөл тавьдаг байсан ба өмнөд хөрш Хятадаа нэг номерийн дайсан гээд зарлачихсан, АНУ, Франц, Япон, өрнийхнийг бүхэлд нь хөрөнгөтөн гэж зүхэж, доош хийж явсныг мартах болоогүй. Доош хийнэ гэхлээр гайхаж байна уу? Яг тийм, тэдгээр орнууд хөгжлөөрөө маний дор,  араар байдаг гэх суртал хатуу ноёрхоод байсныг хэлж байна. МАХН-ын суртлаас өөрөөр дуугарвал шоронд морилж, улаан батлах өвөрлөөгүй хүн ажил албагүй гунддаг байсан цагт бол АНУ-д ардын хувьсгал ялаасай гэж мөрөөдөх бус бүр түүнийг хийхийн төлөө дуу хоолойгоо нэмэрлэж явлаа даа, монголчууд бид. АНУ-ын Коммунист Намын дарга Гэсс Холл гэхлээр л төрсөн ах дүү мэт ойр дотно санагддаг, тэр нөхрийг хэзээ нэгэн цагт АНУ-ын Ерөнхийлөгч болно гэх битүү горьдлого байсан байх шүү.      

    Гадаад ертөнц гэгч нь монголчуудад хаалттай байж гэж бодъё. Тэгвэл бид хаашаа  явж  юм үзэж, нүд тайлахыг эрхэмлэдэг байсан хэрэг вэ гэх асуулт одоогийн залууст аяндаа төрнөө дөө. Юм үзэж, нүд тайлна гэдэг ойлголт, ерөөсөө гадаад ертөнц гэх анхны  ч ойлголт монголчуудад байгаагүй юм. Тэр ойлголтыг орлуулах өөр нэг үзэгдэл түгээмэл байсаан. Тэр юу болж таарах вэ?
Бидний ба бидний өмнөх үеийнхний чинь аз жаргалаа эдэлдэг, хүслэн болсон ганц газар чинь амралтын газрууд л байсан юм шүү дээ. Инээдтэй байгаа биз? Ээлжийн амралтаа аваад амралтын газар очиж аз жаргалаа эдэлдэг байжээ. Ойрхоноос "Оргил"  сувилал, "Сонгино", "Тэрэлж", "Жанчивлан", холхон нь "Сөгнөгөр", "Тарина", цаашаа улсын хэмжээний амралт байхгүй. Албан байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хороодод амрах эрхийн бичиг-путёвкийг квотоор хуваарилна. Тэргүүний сайчуулдаа өгнө. Эсвэл арын хаалгадна. Оюутнууд бол дан ар өврийн хаалгаар, зарим нь туулайчлан явдаг байсан юм. Туулайчлана гэдэг нь путёвкгүй оччихоод өрөө дамжиж хоноглоод хоол залилаж идэхийг хэлж байна.

    Нэг сонин зүйл бол, монгол хүүхнүүд маань амралтанд явахдаа л хамаг алт мөнгө, гоёлын хувцасаа авч явдаг байсан юм. Бараг л уламжлал болсон зүйл. Учир нь тэд тэр их гоёлоо өөр хаана, хэндээ гэж өмсөж, эдлэх вэ дээ? Амралтанд нь гайхуулж явахаас ямар гадаадад явна, гадны хүнтэй уулзана гэж байх биш. Монголын олон зуун гэр бүлийг чухам Монголын амралтууд л уулзуулж учруулж аз жаргалтай нь золгуулсан гэдэгтэй маргах хүн байхгүй. Амралтаас олдсон хүүхэд гэхэд л бүр тоогоо алдана. Хууль бус хайртууд (нууц амрагууд гэдэг байх аа) ээлжийн амралтаа тохируулж аваад л  арилж өгнө шүү дээ. Чемоданы баяр, хөнжлийн 3 хоног, хэлд ордог хөлд ордог 3 хоног, галзуу ганц гээд амралтынхаа өдрүүдийг ангилж байгаад л аз жаргалаа эдэлдэг байж дээ. Амралтын газраас өөр зугаацах газаргүй ийм л хаалттай, гачлантай, хөгийн нийгмийг бид туулж, түүнийг задлаж нураах үйл явцыг бидний үеийнхэн л эхлүүлсэн юм шүү дээ.

    Яг тийм гачлантай үед рок-поп хөгжим, бохь, жинсэн өмд, өнгөт зурагт, барууны кино, сонин сэтгүүл, мэдээлэл сэм сэмхэнээр наашаа нэвтэрч, энэ бүхэн нь дэлхийг заагласан хоёр системийн хилийг нурааж, улмаар ертөнц тэр чингээрээ даяарших эхлэл болж, үйл явц цаашаа даамжирсан билээ. Мэдээлэл гэдгийг нь би энд нэгдүгээрт тавьмаар байна.

    Бидний хувьд арьс махаараа туулж мэдэрсэн алхмыг хоёр шаталж болох байх. Эхнийх  нь бол, 1970-аад оны эхээр наашаа нэвтэрсэн рок-поп дууны пянз бичлэг, жинс хэмээх өмд, зажилдаг бохь, хоёр дахь нь 1980-аад оны дунд, сүүлч үеэс нэвтэрсэн мэдээллийн  их хөтөч болох японы цахилгаан бараа, NEC хэмээх зурагт гэж би ангилмаар санагддаг. Өнөөгийн өнцгөөс ажвал энд хөгийн жижиг гэмээр зүйл жишээлж, томруулж  бичиж байгаа мэт боловч гашуун үнэн нь тэр юм. Үүнийг би бүр өөрөөрөө нотлоё л доо.

    Л.Брежнев 1974 онд айлчлахдаа Москвагаас нэгэн лут бэлэг авчирчээ. Тэр нь бух шиг том, даагдахгүй хүнд 10 ширхэг өнгөт зурагт байсан ба авчирсныг нь Улс төрийн Товчооныхон хуваан авч гэртээ тавьжээ. Би 1975 онд анх тэр өнгөт зурагтыг Н.Жагварал гуайнд орж үзэж байлаа. Дүрс нь гүйсэн, улаарч ягаарсан, хүнгэнсэн дуутай юм байсан шиг санагдана. 1981 онд Японоос 10 гаруй өнгөт "Шарп" (Sharp) зурагт ирсний 3-ыг Ю.Цэдэнбал гэртээ тавьж, бусдыг нь өмнөхийн нэг адил хувааж авцгаажээ. Харин шарпнуудын нэг нь хойтон жил нь манайд  ногдож манайх гэж айл Улаанбаатарт хосгүй зурагттай ховорхон айлын нэг болж билээ. Цэдэнбал гуайн зурагтыг засч өгдөг Гавьяат холбоочин Ганжуур гэдэг хүн бэлгийн зурагтаа манайд зарах болж аав бид хоёр төв замын арын комиссын дэлгүүртэй байрны дээд давхраас очиж авч байв. Би тэр үед банкиндаа гайгүй мөнгө хураачихсан байсан тул үнийг нь би төлсөн юм. 1985 оны сүүлээр би Бээжин дэх томилолтоосоо буцаж ирэхдээ дахин нэг жижиг шарптай ирж, манайх гэдэг айл Монголд байхгүй лут айл болов оо. Тэр үед гэртээ хоёрын хоёр япон өнгөт зурагттай, нэг нь бүр алсын удирдлагатай, тийм айл олон байсан уу? Хоёрын хоёр шүү. 1987 онд анх удаа Улсын их дэлгүүрт японы NEC гарч, бөөн зодоон цохион, үүрийн гэгээнээр очерлох,  цагдаа, махинац, маш олон монгол, орос хүний хувь заяа энэ зурагтын наймаан дээр тогтож байсан нь инээдтэй бөгөөд гашуун үнэн юм. Монголчууд 1987 оноос л өнгөт зурагт анх үзсэн юм шүү дээ. Хөрөнгөтөн орны эд бараан дээр алалдаад л, социализмын нөгөөх бахархалынх нь биет жишээг би нэрлэж байна.

    Энэ бүхэн маань нийлж явсаар, томорсоор томорсоор Монголын нийгмийн мөн чанарыг (нөгөөх социализмын байлдан дагуулах их увидас гээчийг) бүрэн гутаасан, зөөлрүүлбэл эргэлзээтэй болгосон болов уу. Нэгэнтээ  ахуй анхдагч, ухамсар хоёрдогч болж буй бодит ертөнцөд дэгжин хувцас, ахуйн тансаг хэрэглээ нь анги, нам, нийгмийн үзэл суртлаас давж гарна чинээ манай коммунистууд огт төсөөлөөгүй юм. Энэ хэрэглээг дагаад нийгмийн ёс зүй унаж, яваандаа нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө чинээ үнэндээ тэд төсөөлөх ч үгүй л дээ.

    Хүний хэрэглээ нөгөө барууны ертөнцөд тоймоо алдаж, тэр бүхнийг нийлүүлээд “Амьдралын чанар” хэмээн нэрлэх болсныг АНУ, Япон руу түр томилолтоор явагсад ам мэдэн шагшин магтсан дүр зураг 1980-аад онд түгээмэлжсэн нь худлаа гэж үү? Ахуйн хамгийн наад захын стандартаар баруунаас хоцорч, өрсөлдөх чадвар, экспортын эдийн засгийн бүх үзүүлэлтээр баруунд ялагдаж байгааг Горбачевыг хүртлэх дэлхийн коммунист эвсэл хүлээн авахгүй байлаа. Халз уралдаад түрүүлэхгүй, харин ч бүр сөхөрч унах  аюул гэнэт нүүрлэжээ. 1920-иод оноос барууны ертөнцөд техникийн дэвшил нь нийгмийн мөн чанар, сэтгэхүйг хүчтэй өөрчилж, 1960-аад онд техникийн дэвшлийн бүх үзүүлэлтээр коммунист эвслээс давж, хоёр системийн өрсөлдөөнд аажмаар давамгайлж иржээ. Тэр бүхний энгийн тусгал нь нөгөө эсрэг талын коммунист  ертөнцдөө рок-поп хөгжим, жинсэн өмд, бохь мохихоноор илэрч байлаа. Энэ бүхэн бол баруунаас өдөөсөн даяаршлын чухам нэг гол дуудлага гэж би үздэг. “Капитализмын буянаар л ийм их амжилтад хүрлээ шүү дээ!”  Энэ бол товчхондоо “The BEATLES”-ийн пянзны экспортын гол зорилго, өдөөлт байв. Эл тархалт нь цаашаа “англи хэлжилт”, “өрнөшил”, “америкжилт” болж шат ахисан ба конвейрын үйлдвэрлэл, хямд тээвэр, гэр ахуйн техник, энэ бүхэн нийлээд  хуучин коммунист асан, шилжилтийн нийгмийн үеийн олонхи гишүүдийн  амьдралын шинэ сайн сайхныг нөхцөлдүүлж, нийгмийн олон асуудлыг шийдсэн гэдэг нь илэрхий ба Монголд  ч үүнийг зөвшөөрөх биз.

    Рок-поп нь ХХ зууны хүн төрөлхтөний соёлын модернизац, үнэлэмжийн хамгийн илэрхий, хүчтэй парадокс болсныг эдүгээ зөвшөөрөхөөс аргагүй. Цаанаа бол капиталист ертөнцийн үнэт зүйлс үнэлэмжийн бодит тусгал нэвт   шингэсэн соёлын эл модернизац коммунист ертөнц рүү эрчтэй, эргэлтгүй, хайр найргүй дайрсаар ялсаар ирсэн юм. Ингээд манай орон социализмын битүү вакуумаас ардчиллын задгай сансарт гэнэт гарч ирсэн юм даа.

    Социализм сайхан байсныг магтагсдад, социализмдаа хир халдаадаггүйчүүдэд зориулж би энд бичсэндээ хүлцэл өчихийн хамт харьцуулалт хийх боломжийг уншигчиддаа олгож байгааг болгооно уу. "Ардчилсан нам түүхэн шийдвэрийн өмнө зогсч байна" гэсэн гарчгаар нэгэн сэтгүүлч бичсэнээс доорхи хэсгийг  засваргүй эшлэмээр санагдлаа.
-    Хорин жилийн өмнө ардчиллынхан айл болгон машинтай болно гэж ярихад “худлаа тууцгаалаа” гээд чичилж явснаа мартсан хижээл эр өнөөдөр тэтгэвэртээ гарчаад хувийн тэргээрээ “халтуур” хийнгээ хажуу дахь хүндээ социализм сайхан байсныг магтаж, “муусайн А намынхан идээчин, уугаачин” гэж хараан зүхнэ. Хажууд нь сууж явсан үйлчлүүлэгч хариуд нь “Танд ажлын хажуугаар наймаа хийхийг, хувийн өмчтэй байхыг, тэтгэврээс өөр орлого олж болохыг хэн зөвшөөрсөн гэж бодож байна. Хэний ачаар, ямар нийгмийн буянаар та халтуур хийгээд юу бодсоноо ярьж, хэн хүссэнээ хардаж сэрдэх эрхтэй болсон гэж боддог вэ” гэж уурсана. Өнөөдрийн монголчуудын оюун санаан дахь зөрчил энэ гэжээ.

Би: Миний амьдралын тойрог,
НЭПКО,  2009 номынх нь 77-86-р хуудаснаас