Нийслэлийн ардчилсан намын дарга С.Эрдэнийн хий­сэн энэ намрын улс төр амжилтгүй боллоо. Ганцхан шөнийн дотор түүнд нийслэ­лийн АН-ын нэрийн өмнөөс тоглолт хийх эрх нь байхгүй болж хонов.

Энэхүү гэнэтийн бужиг­нааны дараа ажиглагчдын зарим нь С.Эрдэнэ ҮЗХ-ны ротацийн сонгуульд Х.Бат­тулга, Х.Тэмүүжин хоёрыг унагасныхаа хариуг амслаа гэж тайлбарлаж байхад зарим нь сүүлийн үед хэт бардсан ганцаарчилсан тоглолтууд хийж, намыг эмх замбараагүй байдалд оруулсны төлөөх зүй ёсныхоо шийтгэлийг авч байгаа юм гэж үзэж байна. Аль аль нь үнэний ортой дүгнэлтүүд. С.Эрдэнэ ийнхүү ёстой тохироо нь бүрдсэн нөхцөл байдлын дунд тонго­руулчихаад хаалга саван гарч оджээ. Одоо түүний амнаас „Намынхаа Хяналтын ерөн­хий хороонд хандана, дүр­мийн бус ажиллагаа явуулсан учраас тамгаа өгөхгүй” гэсэн жижүүрийн мэдэгдлүүд унаж байна.

С.Эрдэнийн дэмжигчид ч „Энэ бол хамтарсан засгийг тууштай эсэргүүцэж ирснийх нь төлөө ногдуулж буй шийтгэл” гэсэн сүржин үгсийг шидэхээ хойш тавьсангүй. Хэлбэр талаасаа бол тэгж харж бас болно л доо. Нэгэнт л улс төр хийж байгаа бүлэг­лэлүүд юм чинь улс төрийн ямар нэгэн өнцгөөс л асууд­лыг тайлбарлана. Гагцхүү тэрийг нь жигтэйхэн сэтгэл хөдлөлтэйгөөр хүлээж авах хөрс суурь энэ нөхцөлд хараахан байсангүй.

С.Эрдэнэ эдүгээ стандарт бус засаглалыг эрс эсэргүү­цэж ирсэн нь үнэн. Гэхдээ яг өнөөдрийн болж буй үйл явдлууд дунд түүнийг энэ байр сууринаас нь  болж уна­галаа гэх дүгнэлт жаахан хөөстэй сонсогдож байна. Али­ваа олонд танигдсан улс­төрчдийг хамгийн энгийнээр хэлэхэд авир нь л тодорхойлж байдаг. Хийж буй тоглолтууд, түүнийгээ даган биеэ авч явж буй хэлбэр, эдгээр нийлмэл шинж чанаруудаараа нийтийг дагуулж чадаж байгаа эсэх гэх мэтийн тун цөөн үзүүлэлтээр олон нийт тухайн хүнийг дүгнэх гээд байдаг. Учир нь, үзэл баримтлал зэрэг том ойлголтуудаар хувь хүнийг битгий хэл намуудыг авч үзэхэд түвэгтэй, холион бантан болсон үе болохоор тэр биз.

С.Эрдэнэ бол эрсдэж, сөрж, босч, тэсч... элдвийг үз­сэн хүн. Энэ утгаар нь өнөө­дөр түүний дэргэд тэнэсэн сум шиг гэнэт гарч ирсэн Түвдэн­доржийг байдаг л нэг хүүхэл­дэй гэж харж байгаа улсын буруу биш. Гэвч өрөг дээр зохион байгуулалттайгаар түрж, түлхэж байж гаргаж ирж тавьж байгаа шатрын „хүү”-нүүдийг биш, цаана нь ажил­лаж байгаа бүлэглэлүүдийг харах нь чухал юм. Түвдэн­доржийн дүрстэй биш түүний ард тохиролцоо хийж байгаа ланжгаруудын нүүдлийг авч үзэх хэрэгтэй гэсэн үг. Жишээ нь, энэ удаа Женко, Баабар, Бат-Үүл, бас дээр нь Алтан­хуяг хамтарчих шиг боллоо. Ийм тохиолдолд наагуур тэд­ний сүүдэрт тонгочиж гүйгээд байгаа ганц нэг залуустай ноцолдож, хий хардах нь бүр ч ашиггүй алхам болно гэсэн үг. Тэдний хийдэг улс төр гэж энэ намд одоохондоо байхгүй. Тэгэхээр илүү үсчсэн хөдөл­гөөн хийх шаардлагагүй бо­лов уу. Энүүхэндээ гэж хэлэ­хэд Эрдэнэ өөрөө л элдвээр тонгочиж байж элэгдүүл­чих­лээ гэвэл илүү үнэнд ойрхон дүгнэлт болох гээд байна.
 
Гэнэт зарласан нийслэ­лийн намын хорооны хурал ганцхан өдрийн бэлтгэлтэй ийнхүү хуралдсаны  зорилго ерөөсөө л намын даргыг огцруулах. 135 хүн цуглах ёстойгоос мессежийн зараар 90 орчим хүн нь гүйж ирээд хуралдчихсан гэхээр тийм хөнгөн ажиллагаа биш нь ойлгомжтой. Ирсэн ерээс 70 гаруй хувь нь даргадаа итгэл үзүүлэхгүй гэж шийдсэн нь бүр ойлгомжтой. Ийм хурал дээр Эрдэнийн хийсэн мэ­дэгд­лүүд бүгд жижигдэж харагдах нь бас ойлгомжтой.

Дүйвээнээр АН-ын шинэ гишүүн Ж.Батзандан намын даргад нэрээ дэвшүүлж үзсэн явдал энэ хурлын хамгийн үзүүштэй үзэгдлүүдийн нэг болжээ. Дотор нь байсан хүмүүсийн ярьж байгаагаар бол мань хүн зааланд өчүүхэн төдий ч дэмжлэг байхгүйгээ мэдрээд нэрээ татсан гэх. Нэрээ дэвшүүлсэн нь өөрөө эрүүл үзэгдэл. Татсан нь ч эрэмбэ зиндаатай энэ том нам дотор зохисон алхам. Харин гүйж гарч ирээд хэвлэлд өгсөн ярилцлага нь биш ээ.

Батзандан бол Монголын нийгэмд шуугиулж яваад танигдаж чадсан, гялалзсан л залуучуудын нэг.

Зоригоо зольж яван байгуулсан ИХ намаа хаяад Ардчилсан нам руу толгой хоргодохоор гүйж ирсэн түүний намтар арвин. Бусад залуусынхтай жиших ч юм биш. Энэ залуугийн богино боловч хугацаанд хуримт­луулж чадсан улс төрийн капитал нь алдаатай, оноотой ч хайрлагдаж чадсан нэр төр нь байлаа. АН руу орж ирс­нийх нь дараа ч хүмүүс түү­нийг МАХН руу урвасан Ичин­норов шиг тэгтлээ чичлээгүй нь үүний баталгаа биз. Гэвч тэр  АХ намын байшинг галд­сан хэргээр баривчлагдахын даваан дээр хөлгөө хаяад зугтсан гэнэн болчимгүй ахмадын төрхөө гээгээгүй л явна уу даа.

Нийслэлийн намын дарга гэдэг бол улс төрд маш том орон зай. Том боломж, том эрх мэдэл. Ийм албан ту­шаалд нэрээ дэвшүүлээд үзэх нь буруу амбиц биш. Гэхдээ хаалганы наана гарч ирээд „Би ийм хуваагдаж талцсан хагаралтай намын дарга байхыг хүсээгүй” гэж мэдэгд­сэн нь нөгөө л увайгүй, өөдгүй гэмээр чанарынх нь эвгүй үнэрийг гаргаж байна. Энэ нь Монгол төрийн тулгуур хоёр улс төрийн хүчний нэгнийх нь залуус дотор бас ч гэж өөрийн гэсэн эрэмбэтэй яваа лидер хүний амнаас унадаг үг мөн гэж үү. Харин ч ийм байхад нь авч, цэгцэлж, эмхэлж, нэгэн тугийн дор дэрвүүлж чадах эсэхээр лидер хүнийг хэмжих бус уу. Хэрүүлтэй тэмцэлтэй гэрт орохгүй, гадаа нь хоол идчихээд явъя гэж байгаагаас ямар ч ялгаагүй харагдах түүний мэдэгдэл олон хүний эгдүүцлийг төрүүлж байна. 

Тэр тэгвэл улс төрийн нарийн гудамжинд л дуу шүлэг уншиж, орцонд дуулж явдаг пацаан хэвээрээ байгаа юм байна шүү дээ. Бас л нөгөө хөлгөө хаяад зугтдаг нөхөр хэвээрээ яваа юм биш үү гэсэн хэцүү үгсийг энд, тэн­дээс чулуудаж байна. Улс төрд шалихгүй жүжиг, ялихгүй санаархлаар ул хийж явж болдоггүй. Батзандан нэрээ дэвшүүлэхгүй байсан бол дээр байх байж. Болоогүй л байна даа. 

АН-д иймэрхүү хөөсөнц­рүүд олшроод байдаг. Гэтэл цаана чинь 90 жилийн түүхтэй МАХН-д орж ирээд ердөө аравхан жил болж байгаа биз­несменүүд л бодлого тодор­хой­лоод явж байна шүү дээ.