Их хурлын өмнөх МАХН, цуврал ажиглалт:

Ерөнхийлөгчийн сонгуульд нам ялагдаагүй, нэр дэвшигч ялагдсан гэх У.Хүрэлсүхийнх­тэй утга адил үгийг С.Батболд хэлжээ. У.Хүрэлсүхийнх бол­чим­гүй мэдэгдэл байсан бол С.Бат­болдын үгээс бага зэрэг гомдол үнэртэнэ. Хариуцла­гаас зугтах гэсэн юм шиг өнгө аяс илэр­хийлснээрээ тэдний үг утга ойролцоо. С.Батболд Тэрэлжийн уулзалт дээр “Намайг Ерөнхий сайд болс­ноос хойш хийгдсэн томилгоо­нуудад миний орол­цоо бага шүү” гэжээ. Цааш нь, та бүхэн ажил ярьж орж ирэхийн оронд дандаа албан тушаалын томилгоо тулгадаг гэж намын бүлгийн гишүүдээ зэмлэсэн байна. Үнэхээр ч амьдрал дээр Ерөн­хий сайд С.Батболдын үеийн томилгоо­нуудад Зүүний хүч­ний холбоо, хотын бүлгийнхэн голло­но. Мэдээж, Ерөнхий сайд, намын даргад мэдэг­дэлгүй, түүнээс асуулгүй хийсэн томилгоо гэж ганц ч үгүй. Томил­сон нь Ерөнхий сайд С.Батболд болохоос  то­ми­логдсон нь Зүүний хүчний холбоо, хотынхон л доо.

МАХН-ын тэргүүлэх улс­төрчид Н.Энхбаярыг, С.Баярыг дарга байхад өөрсдөө салахгүй тойрон эргэлддэг байлаа. Харин С.Бат­болд тэднийг, ялангуяа хүчтэй бүлэгтэй улс­төрчдийг “тосч үйлчилсний”-хээ хүчинд өөрийгөө тойруулж явна. Уг нь намын дарга бод­логоо ч, боловсон хүчнээ ч хайр­цаглах ёстой. С.Бат­болдын хувьд хараахан тэгж чадахгүй байгаа нь хоёр шалт­гаан­тай. Нэгд, түүнд хажуугаас нь тү­ших, доороос нь тулах улс­төрийн хүчтэй баг алга. Хоёрт, хүн болгонд “ок” гэдэг дип­ломатчийн унаган зан намын, гүйцэтгэх засаглалын нэгдү­гээр хүн байхад тэр болгон тохирдоггүй бололтой. С.Бат­болд бол хувь хүн талаасаа улстөрд оройхон орж ирээд ширүүхэн дайрч байгаа. Мори­ноосоо буулгүй дэлхийг эзлэх амархан гэдэг шиг уруудах завгүй гялалзтал өгсч яваа нь ч үнэн.

Мориноосоо буугаад тө­рийг төвхнүүлэх хэцүү гэж бас бий. Энэ утгаар харвал  дээрх хоёр “дутагдал”-тай С.Бат­болд улстөрийн өнөөгийн орчинд намын дарга, Ерөнхий сайд байх нь улстөрд явж ирсэн өө­рийнх нь бартаа багатай за­маас илүү адармаатай байх шиг бай­на. АН-ынхан дээгүү­рээ, улстөрд идэвхтэй яваа хэс­гээ­рээ фрак­цалдаг. Ялгаа­тай нь МАХН-ынхан доод шатандаа тун сайн бүлэглэж, улстөрд идэвхтэй яваа хэсгээ бат тул­даг. Доороо хэн сайн хөлтэй байна, тэр хүн улстөрд дээгүү­рээ хэлтэй байж чаддаг. Доо­роо хэн хүчтэй багтай бай­на, тэр хүн улстөрд удаан яв­даг, өндөр албан тушаалд тогтмол томилогддог. Доороо­соо дээ­шээ явсан МАХН-ын энэ пи­рамидын хаана ч С.Бат­бол­дын гэх зохион бай­гуу­лалттай бүлэг байхгүй. Тэр өөрөө л дунд нь яваа. Харин сонин нь улстөрч С.Батболдын энэ сул тал за­римдаа МАХН-ын дарга бай­хад давуу тал болдог. Өөрийн баггүй, дээр нь эхийг нь эцээж тугалыг нь ту­раахгүйг хичээдэг нь нам до­торхи бүл­гүүдийн тэнцвэрийг хадгалах, төвийг сахихад давуу тал болох жи­шээ­тэй. Сониноос гад­на содон зүйл ч С.Бат­бол­дод бий. Ерөн­хий сайд бөгөөд эрх баригч на­мын дарга бол том эрх мэдэл. Фракцтай фракц­гүй өөрийн дураар сэ­лэм эргүүлээд агент­лаг, яам­дын газар хэлтсүүдэд хүмүүсээ то­милж багаа бүрдүү­лэх боломж­той. Өмнөх зарим Ерөнхий сайд яг энэ зарчмаар ажиллаж, Монгол Улсын Зас­гийн газрыг хувьдаа түрээсэл­сэн юм шиг л аашилдаг бай­лаа. Баггүй мөрт­лөө л С.Бат­болдод тийм со­нирхол байх­гүй нь, өөрийн ба­гийг бүрдүү­лэх гэж бу­жигнуу­лахыг урьтал болгох­гүй яваа нь олзуурхууш­тай. Энэ нь зарим Ерөнхий сай­дын бү­рэн эрх халаа сэл­гээ­гээр эхэлж, халаа сэлгээ­рээр үргэлжилж, ха­лаа сэлгээ­гээр дуусдаг 20 жи­лийн Монго­лын улстөрд С.Бат­болдын  оруулж ирж буй шинэ өнгө төрх, шинэ өнгө аяс юм. 

Манайхан өнгөрсөн 20 жи­лийн ихэнхэд улстөрөөр эдийн засгаа татаж унагадаг байлаа. Үгээр үзэлцсэн, бүр муу­хайгаар хэлбэл, бие бие рүүгээ шүлсээ үсэргэсэн улстөрийг илүүд үзэж, илүүд үнэлдэг байв. Хэн сайн хэрүүл хийснийг нь, хэв­лэлээр олон удаа гарсныг нь сайн улстөр­чийн жагсаалтад баг­таана. Улстөр нь эдийн зас­гийнхаа өмнө эрэм­бэлэгдэж, улсын эдийн засаг бүхлээрээ хоёр намын харил­цааны улс­төрийн араас явж ирсэн билээ. Энэ байдал С.Бат­болдын өн­гөн дээр өөрч­лөгдөж эхэлж буйг хэн хүнгүй хүлээн зөв­шөө­рөх байх. Энэ нь С.Батболд гэдэг хувь хүний эр сайных бус, дэл­хийн анхаа­ралд өртсөн Монго­лын уул уурхайн гавьяа, мөнгөтэй цаг үе таарсан азтай тохиолч байж болох юм. Гэх­дээ л мөнхийн дагуул юм шиг явсан улсын эдийн засгийг намуудын улс­төрийн өмнө эрэмбэлэн ажил­лах гэж зүтгэж бай­гаа нь түүний Монго­лын улс төрд хийхээр зүтгэж буй ре­форм юм. Харин эдийн засгийг илүүд үздэг ийм Ерөн­хий сайдтай, намын даргатай байх улстөрийн орчин  Мон­голд бүр­дэж үү, үгүй юу, мэдэх­гүй юм. Удахгүй МАХН-ын их ху­рал болно. Хурлаар намын дар­га С.Бат­болдыг солих санаа за­рим хүнд байгаа л байх. Хэнийг даргаараа сонгох нь тухайн на­мын дотоод асуу­дал. Гэхдээ зас­гийн эрх баригч намын дар­га бол масс хүлээж авах улс­төрийн лидер, эсвэл нийгмийн захиалгад таарсан удирдагч байдаг. Энэ жишгээр харвал масс хүлээж авах улс­төрийн хүчтэй лидерт дөхөж очих нь МАХН-аас ганц С.Баяр л байх. Бусад нь, тэр дундаа намын дарга С.Бат­болд тийм лидер хараахан биш. М.Энх­болд, У.Хүрэлсүх нарын хувьд бүлэг­тээ, намдаа нэр хүндтэй боло­хоос нийгэм нийтээрээ хүлээж авах лиде­рийн зин­даанд очих бүр бо­лоо­гүй. Тэг­вэл нийгмийн за­хиалга юу вэ. Мэдээж эдийн засаг, бас шу­дарга ёс. Эдийн зас­гийн өсөлт­гүй, өлөн зэл­мүүн амьдралтай нийгэмд шу­дарга ёс үргэлж алдагддаг гэж үг бий. Үгээр байлдаж талцаж хуваагд­сан улстөрөөс нийгэм уйдлаа. Бүр нийтээрээ залх­лаа. Үүний оронд бүтээхийг, элбэг ханга­луун амьдрахыг, мөнгөтэй бо­ло­хыг хүсч байна. Уул уурхай­гаас ашиг хүртэ­хийг, ажилтай бо­лохыг, улсаа­раа хөгжихийг хүсч байна. Энэ бол өнөөгийн нийгмийн за­хиал­га. Эдийн за­саг ярьдаг, ярьснаа хэрэг­жүүл­дэг удирдаг­чийг нийгэм за­хиалж байна. Улсынхаа эдийн засгийг өөд татаж, иргэ­дээ мөнгөтэй болгож л байвал тэр Ерөнхий сайд улстөрд лидер байна уу, намдаа багтай байна уу, үгүй юү, олон нийтэд онцын хамаа­гүй. МАХН сайн улстөрч дарга­тай байх нь нэг хэсгийн л хэрэг. Харин нийтийн төлөө улс тө­рийг эдийн засаг­жуулж чад­даг Ерөнхий сайдтай явах нь өнөөгийн нийгмийн хэрэгцээ ажээ. Ерөнхий сайд С.Бат­бол­дын өнгөрсөн хуга­цаа­ны ажилд алдсан оносон нь бий л байх. Тэр намдаа хүлээн зөв­шөө­рөгд­сөн улстөрийн лидер биш байж болох ч, хамгийн гол нь эдийн засгийг улстөрөөс илүүд үздэг Ерөнхий сайд байхыг хичээдэг нь, олон улсын эдийн засагч мэргэжил, цагтаа биз­нес­мэн туршлага нь өнөөгийн нийгмийн захиалгад тэнцэж байна. Түүнийг зарим Ерөнхий сайдаас ялгаагүй, яг адилхан муухай харагдуулж буй зүйл бас бий. Энд гишүү­дэд тэрбу­маар нь өгч тал зас­сан, иргэдэд арван мянгаар нь тарааж түр зусардсан эдийн засгийн тэнц­вэргүй, үрэлгэн бодлого багта­на. Улстөрийн шийд­вэр, сон­гуу­лийн амлал­тын шахалт энд бий л байх. Гэхдээ л хүн болго­ныг гом­доох­гүйг хичээдэг иргэн С.Бат­болдын зан эзэнтэйгээ хамт төрийн өндөр албанд мо­рилж Ерөнхий сайдын нэрээр ний­гэмд илэрч байгаа нь энэ байх. Арван мянган төгрөгтэй иргэн юү хийх вэ, нийт иргэ­дийн­хээ арван мянган төгрө­гийг ний­лүүлээд улс юу бүтээж болох вэ гэдгийг л ялгадаг, улстө­рийн шийдвэр гаргаж чаддаг Ерөн­хий сайдыг нийгэм хүсч байна. Гэтэл манай Ерөн­хий сайд хэлсэн үгээ төлбөр­тэй нийтлүүлснээ хэвлэлийн дэмжлэг, сэтгүүлчдийг тойруулж суулгаж байгад загнаж болдог гэж боддог бололтой. Цаасан дээрх ста­тис­тикаар гаргасан тойрон хү­рээлэгчдийнхээ мэдээнд  ч тол­гой нь эргэж яваа бололтой юм. Өөр нэг зүйл нь ажлын ачаал­лаасаа болдог юм уу, С.Бат­болдод гадна талаасаа ядаж У.Хүрэлсүхийнх шиг эрч хүч, эр зориг, идэвх харагд­даггүй нь МАХН-ын даргаар удаан ажил­лах эсэхдээ эргэлз­сэн, итгэл муутай ч юм шиг эр­гэлзээг за­рим хүнд төрүүлдэг. Энэ хоёр бол түүний жин­хэ­нэ бөгөөд боди­той дутагдал. Гэхдээ засч залруул­бал энэ нь С.Батболдын Ерөн­хий сайдын ажилд хам­тар­сан засгийн хувь заяанаас илүүгээр аюул уч­руулж саад бол­но гэж байхгүй л дээ. Хам­тарсан Зас­гийн газар бол Ерөн­хий сайдын­хаа хувьд цагийн механизмтай тэсрэх бөмбөг л гэсэн үг. Энэ “бөм­бөг”-ийг хэ­зээ, хаанаас, хэн дэлбэлэхийг тан­химын тэргүүн ганцаараа мэ­дэхгүй нь хамгийн хорлонтой.

Энэ тухай үргэлж­лэл бий.