Их хурлын өмнөх МАХН, цуврал ажиглалт:

Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас буусны дараа намаа сольдог уламжлал  МАХН-д бий. П.Очирбат Ерөнхийлөгчийн, Д.Бямбасүрэн Ерөнхий сайдын албаа өгсний дараа МАХН-аас АН-д орж байлаа. Одоо гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр МАХН-аас гарах үгүйд тус намын их хурал хариу өгнө. Энд том ялгаа бий. Дээрх хоёр эрхэм намдаа хал балгүйхэн ганцаар явсан бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэг хэсгийг дагуулж МАХН-ыг хагалах гээд байгаа нь хамгийн хорлонтой. Тэрээр МАХН-ын нэрийг солихыг эсэргүүцэж хөдөлгөөн байгуулсан нь ийм хардлагыг бий болголоо. Ер нь л Н.Энхбаяр яах гээд байгаа нь МАХН-ын их хурлын гол сэдэв төдийгүй зарим хүнийг сандаргаж, заримд нь улстөрд карьер өгсөх горьдлого төрүүлэв. 

Сандарч буй хэсэгт МАХН-ын удирдлагууд багтана. Сандрах ч юу байх вэ, намаа хагалахаас, хайрцаглагдсан бодлогоо задрахаас болгоомжилж буй л хэрэг. Түүнээс бус, Н.Энхбаярыг намаас ганцаараа гарна гэвэл тэд алга ташин үднэ. Яг л Бага хурлын гишүүдийн зуун хувийн саналаар Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг шиг явуулна. “Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлаа хүлээе гэхэд МАХН-ын Удирдах зөвлөлийн эмэгтэй гишүүд нулимс унагаж байсныг С.Баяр надад хэлсэн” гэж Н.Энхбаяр дарга нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг. Түүн шиг Н.Энхбаярыг намаасаа гарна гэвэл Удирдах зөвлөлийнхөн энэ удаа эр эмгүй инээж үдэх байх. Магадгүй, ганцаараа намаас гарсан гавьяаг нь “МАХН-ын хүндэт гишүүн”-ий тэмдгээр үнэлж, баярласан сэтгэлээ илэрхийлэх биз. Ямар ч л байсан өнгөн дээрээ эвтэй байхдаа хүчтэйг уриалдаг экс Ерөнхийлөгч үйлдэл дээрээ “би л байхгүй бол бүгдийг нь тараачихъя” гэдэг зарчмаар намдаа хандаж удирдлагуудынхаа зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэж яваа нь үнэн юмдаг. Уг нь МАХН-ын удирдлагад байгаа, энэ намын нэрээр албан тушаал хашиж яваа хүмүүсийн олонхи нь Н.Энхбаярын шүүлтүүрээр улстөрд орж ирсэн. Нэгэн цагт шүүж улстөрд оруулж ирсэн хүмүүстээ Н.Энхбаяр өнөөдөр шахагдаж явна.       
 
Улстөрийн карьер өгсөх горьдлого тээгчид нь одоо Н.Энхбаярыг дагаж, түүнийг хатгаж буй хүмүүс. Эдийн засагч Н.Дашзэвэг, жигүүрийн Н.Удвал, улстөр судлаач Молор-Эрдэнэ гэх хүмүүс их л эрт баярлаж байна даа. Буухаа мэдэхгүй нисч явлаа гэдэг шиг МАХН-ын их хурлын маргааш нар мандахгүй юм шиг л бусдыг “буудаж” явна, тэд. Зарим нь баярласандаа “МАХН” гэдэг товчлол дээр ирэх сонгуульд нэр дэвшихээ зарлалаа. Зарим нь МАХН-ын саналаас арван хувийг найдвартай зулгаана гэж айлгалаа. Өөрөө л айлгалаа гэж бодож байгаа болохоос, нөгөө тал нь айхгүй л болов уу. Өнөөдөр улстөрийн намууд үзэл баримтлалаараа талцах нь битгий хэл улс орнууд хил хязгааргүй даяаршин нэгдэж байна. Ийм цаг үед намын нэр МАХН байна уу, МАН байна уу, ард түмэнд гойд ялгаагүй, амьдралд онцын ач холбогдолгүй. Ямар түүхийн дурсгалт ховор олдворыг унаган төрхөөр нь, урлагийн бүтээлийг эх нооргоор авч үлдэх гэж байгаа биш. Тэгэхээр тэдний зорилго тодорхой. Н.Энхбаярыг дагаж олонд танигдах, хамгийн холдоо хагалж үлдэх МАХН-ын нэрээр УИХ-ын гишүүн болоод үзчих санаатай л байх. МАХН-ыг хуучин нэртэй нь авч үлдэнэ гэдэг бол богино зайн л улстөр. 

Гэхдээ тэдний хувь заяа Н.Энхбаярын дараагийн нүүдлээс шууд хамаарна. Хэрвээ Н.Энхбаяр нэгдээгүй бол МАХН-ын нэрийг өөрчлөхгүй гэж Н.Дашзэвэг нар мянга орилоод хэн ч тоохгүй. Бүр хөдөлгөөн байгуулаад ч нэмэргүй. Гэтэл Н.Энхбаяр нь намаасаа гарахгүй л болов уу. Гарлаа гэхэд тэр хоёр дахь М.Энхсайхан л болно. Намаас гарлаа гэхэд түүний байгуулах шинэ нам засгийн эрх барих нь битгий хэл, УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудал ч авч чадахгүй. Намаас гарсан Н.Энхбаярын болон шинээр байгуулах намынх нь ирээдүй бол М.Энхсайхан бөгөөд түүний ҮШН шүү дээ. Ганц ҮШН ч биш, эвдэрч бутарсан үедээ ардчилагчид бүхлээрээ Их хуралд ганцхан суудал авдгийг мэдэх амьд лавлах нь экс Ерөнхийлөгч өөрөө. Нэгэнт модноосоо тасарсан л бол хэчнээн том байсан ч тэр навч шарладаг л байхгүй юу. Байгалийн энэ хуулийг хорин жил улстөрд байсан, бүр толгойд нь явсан Н.Энхбаяр сайн мэднэ. Тэгэхээр Н.Энхбаяр  УИХ-ын сул гишүүн болохын тулд өөрийг нь Ерөнхийлөгч болгосон “том мод”-оо өөрөө хөрөөдөж нам байгуулах хэрэг үү. Эсвэл одоо дагаж байгаа хоёр гуравхан хүнийг  УИХ-ын гишүүн болгох гэж намаа тасалж авч үлдэх үү. Үгүй дээ, Н.Энхбаяр энэ удаа зарим хүний дургүйцэл, нэг хэсгийн горьдлого дээр тоглож л хүчтэй улстөрийн бүлэг байгуулах гэж байгаа байх. Түр зуурын эмоци, нэр солих үйл явдлын өрнөл дээр МАХН-д дахин хүчний хуваарилалт хийхийг тэр хүсч байна. Н.Энхбаярт одоо хөдөлгөөний тэргүүн, шинэ намын дарга зэрэг завсрын хувилбар хэрэггүй. МАХН доторхи нөлөөтэй эрх мэдлээ эргүүлж олж авахын тулд хотын бүлэг шиг, Зүүний хүчний холбоо шиг хүчирхэг бүлэг түүнд хэрэгтэй. Товчдоо бол Н.Энхбаяр нам доторхи фракцаа бүрдүүлж байна.

Дарга нь байсан учраас МАХН-ын амьдрал, удирдлагуудын хийдэг улстөрийг Н.Энхбаяр сайн мэднэ. Тус намынхан жигүүр, хөдөлгөөн байгуулж шантаажилсан нэгнээ албан тушаалаар амыг нь үддэг. Ийм хүмүүсийн эхлүүлсэн намын шинэчлэл албан тушлаад очсоноор дуусдаг. Тэр жишгээр Н.Энхбаяр хөдөлгөөн байгуулж шантаажилж байж ч болох. Шантаажаар албан тушаалд очихгүй, фракцаа хүчирхэгжүүлнэ гэж тооцож байж болох юм. Харин нэг үнэн гэвэл Н.Энхбаяр Ерөнхийлөгч МАХН-аас гарвал саяхан байгуулсан хөдөлгөөнийг нь өнөөдөр  ажиглаж анхаарч байгаагаас л хамаагүй цөөхөн хүн түүний шинэ намын улстөрийг сонирхоно. Өөрөөр хэлбэл, түүний хийж буй улстөр, байгуулсан хөдөлгөөн ганцхан Н.Энхбаяр гэж хувь хүний үйлдэл бус, Монголын хамгийн том намын дотоодын зөрчил  хамт яваа учраас л ингэж олны анхааралд өртөөд байгаа хэрэг. Үүнийг экс Ерөнхийлөгч өөрийг нь Монголын нийгэм үгүйлж сонирхож байна гэж эндүүрэх вий. Өмнө нь үндэсний удирдагч болтлоо ийм ваакуумд орж явснаа мартаагүй л баймаар.   

Үргэлжлэл бий