МАН дахь шинэ барууны нугалаа

Өнөөдөр улстөрчдөөс хамгийн хүнд байдалд байгаа хүн бол МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх. Нам нь “Чи л нэрээ солино гэсэн, одоо чи наад балгаа арилга” гэж чичилж байна. У.Хүрэлсүх богино хугацааны шийдэмгий зүтгэлээрээ намынхаа нэрийг сольж чадсан. “Ардын нам, ардын засаг мандтугай” гэх коммунист киноны Д.Сүхбаатарын зохиомол үгийг ишлэж, “Дамдины Сүхбаатарын Батболд үг хэлнэ” гэж түүхчилсэн уриа хашгирч, “Нам нэрээ солиод ялагдвал би хариуцлагыг нь хүлээнэ” /Й.Геббельсийн “Алаад бай алаад бай, бидний эсрэг зогссон бүхнийг алаад бай, хариуцлагыг нь та нар биш би хүлээнэ” гэдэг үгийн хувилбар бололтой/ гэж ам бардам мэдэгдэж байсан тэрээр өнөөдөр байдлыг хэрхэн засах аргаа олж ядаж байна.

Харин энэ зуур МАН дотор МАХН хэмээх хорт хавдар түргэн тархаж байна. Уг нь МАХН гэдэг нэр нийгмийн хорт хавдар байсан бол өнөөдөр намын хорт хавдар болжээ. МАН Н.Энхбаярын босогчдыг “хэвлэлийн артилераар” дарж авсан гэж бодож байтал харин цаадах нь хөвдөнд түймэр тавьчихаад “түр эвлэрсэн” байжээ. Өөрөөр хэлбэл бүрмөсөн ялагдахгүйн тулд зальжин хэлэлцээрт оржээ. Одоо тэр хэрэйдүүд Чингис хааныг Найманы өмнө хаяад сэм згтсан шиг, эсхүл Жамухатай хамт явсан Тэмүжин олонхийг өөртөө татсан шиг босогчдоо өргөжүүлж байна.

Юуны өмнө Ц.Шинэбаярыг өөртөө элсүүлж, амбицаар нь тоглов. Энэ бол парламент дахь МАН-ын бүлэгт цав гарч буйн дохио. Энэ туйлын аюултай. Дараа нь МАХН-ын Төв штаб байгуулжээ. Эхэндээ тэднийг МАН анзаарсангүй, анзаарах ч сөхөө байгаагүй ба шинэ нэрийнхээ баярыг тэмдэглээд завгүй байжээ. Гэтэл МАН-ынхан архидаж байх зуур МАХН-ынхан орон нутгаар “доншуучилж” босогчдыг элсүүлж явжээ. Энэ аяллынхаа анхны үр дүнг үзээд л МАХН-ынхан ихэд урамшжээ. Өөрсдийг нь тэгж сайнаар хүлээн авна гэж бодоогүй байж, гэтэл орон нутагт тэднийг санаанд оромгүй сайхан хүлээн авчээ. Аялал цагаа олсон хэрэг байлаа, учир нь намын нэрийг солихын тулд найдвартай хүмүүсийг их хурлын төлөөлөгчөөр сонгосон, тэр төлөөлөгчид нь голдуу хожим намд орсон, улстөрийн туршлагагүй хөрөнгөлөг этгээд, өмнөх үеийнхнээ түрж буй шинэ үеийнхэн байсан юм.

Яг үнэндээ Сү.Батболд намын дарга болсны дараа МАХН-ын систем өөрийн хуулбарлах гайхамшгаа харуулж анхан шатны үүрүүдэд “намын дарга шигээ” олон зуун бизнесмэнийг удирдах албанд дэвшүүлсэн юм. Харин “улстөрийн хууччуул” үүнд гомдолтой байв. Хууччуул одоохондоо нэр хүндээ алдаагүй ба од нь гийсэн өмнөх үеэ занаж байв, дээрээс нь их хуралд тэд төлөөлөгчөөр мордсонд бүр ч хорсон занаж байлаа.

МАХН хэдийгээр залуучуудаар хүчээ сэлбэж байгаа авч энэ нь бараг “нугалаа” болтлоо идэвхжсэн билээ. Хэвлэлүүд залуусыг өөртөө татаж буй МАН-ыг шагшиж байлаа, намын удирдлага үүнд нь хөөрч улам олон залуусыг элсүүлжээ. Бүр Иргэний хөдөлгөөнөөс хүртэл. Уг арай эрт энэ сэтгэл хөдлөлөө хянах ёстой байж.
Энэ магтаал нь МАН дотор сөрөг уур амьсгал бий болгож байв. МАН-ын нийт гишүүдийн бараг тэн хагас нь, тэгээд хамгийн үнэнч тууштай хэсэг нь 50-иас дээш насныхан юм. Тэд “МАХН-ын үед” төрж, МАХН-ын буянаар боловсорч, МАХН-ын буянаар өдий зэрэгт хүрсэн гэж ач санаж явсан. Тэд 1990 оны Ардчилсан хувьсгалын үед тухайн нийгмийнхээ шигшмэл хэсэг нь байсан. Тэд л Ардчилсан хүчнийг дагаж саваагүй учраас МАХН дахиад 20 жил амьдрах эрхтэй болсон юм.

Харин 2008 оноос хойшхи хэт залуужуулах нугалаа нь коммунист МАХН-ыг олигопольч МАН болгож хувиргасан байна. Коммунистууд нь олигархуудаа үзэн ядна гэж жигтэйхэн дээ харин.

МАН дахь неореваншистууд


Цагтаа зохиолч С.Эрдэнэ гуай Н.Энхбаярыг “реваншист” гэж шүүмжилж байсан. Харин өнөөдөр МАН-д түмэн реваншист /хонзогногчид/ бий болжээ. Энэ “реваншистуудад” ямар нэг шалтаг хэрэгтэй байв, тэр шалтгийг нь шинэ МАХН-ынхан гаргаж иржээ. Чухам энэ нь загатнасан газрыг нь маажсан мэт болж, төв штабынхныг баярлан угтаж, хонзонгоо тайлав. Одоо архи нь гарч байгаа МАН-ынхны сандрах ээлж.

МАН дахь “шинэчлэлийн нугалаа” гол хүчнийхээ урмыг хугалжээ. Тэд нэг л өөр орчинд орчихжээ. Нам нь гадуурхаж, шинэ гишүүд тэднийг илэрхий үл тоож байна. Одоо яах вэ, юу хийх вэ? “МАХН-ыг сэргээн байгуулъя” гэсэн уриа тэднийг урмыг сэргээв. Тэд “мөнгөгүй, хэнхэг” авч чухам энэ хэнхэглэл нь намыг авч явсан үзэл санааны гол хүч нь байсан. 2000 онд Н.Энхбаяр ч яг энэ “хэнхэглэл” дээр намаа босгосон. Тэд мөнгө биш намаа бодож байсан. Энэ дутагдлыг Н.Энхбаяр нөхөж, дээрээс нь нэмсэн нэг шинэчлэл бол намыг санхүүгийн хувьд маш хүчирхэг болгож чадсан юм. Харин түүний залгамжлагчид Н.Энхбаяраас дутуу нь уламжлалаа орхиод мөнгөний хүчин зүйлийг хэт чухалчилсан юм. Тиймээс “коммунист” нэрэндээ битүүхэн дуртай байсан үнэнч хуучинсаг гишүүд нь намаа “олигархийн нам” болсныг чин сэтгэлээсээ үзэн ядаж байгаа юм шүү.

Баянзүрхийн Засаг дарга Т.Гантөмөр гэж жинхэнэ хатуужсан намын кадр байлаа. Тэр хэтэрхий эрч хүчтэй, шүүмжлэгч зангаасаа болоод ойр тойрныхонтойгоо таардаггүй авч чухам шижир кадр байв. Бизнес мэддэггүй, хатуу аппаратчик түүнийг хотын намыг сэргээсэнд “талархсандаа” Н.Энхбаяр дүүргийн Засаг даргын суудалд барьж байсан. Гэтэл Н.Энхбаярын дараагийн үе намын бүх эсэргүү бүлэглэлд орж явдаг түүнийг бүрмөсөн нухчин хаяжээ. Ийм жишээ улс даяар бий. Энэ бодлогын алдаа нь Сү.Батболдыг гаргаж ирсэн. Тэгээд бүх шатанд үйлчилж, намын эв нэгдэлд буцааж наашгүй ан цав гарчээ. Ийнхүү МАХН-д хэт барууны нугалаа давтагджээ. Дараа нь яадаг билээ? Зүүний нугалаа. Энэ нь одоо эхэлж байна.

Н.Энхбаяр Н.Бонапарт болж чадах уу?


Одоо Н.Энхбаярт том давуу тал бий болоод байна. Олон жил ОХУ-д элчин байсан С.Баяр, дөнгөж 2000 онд намд орж ирсэн Сү.Батболдоос илүүтэй тэр намынхаа гишүүдийг мэдэрнэ. Нөгөө хоёрт нь ийм “мэ-эдрэмж баакү”. 2008 онд Н.Энхбаяр энэ гишүүдээсээ таслагдчихсан юм. Яагаад гэвэл тэр Ерөнхийлөгч болж намаасаа таслагдаад дөрвөн жил болсон, бас намын удирдлага нь сонгуулийн үед түүнийг санаатайгаар энэ хүчнээс нь салгасан. Одоо тэр буцаад тэр хүчинтэйгээ нэгдэж байна. Өөрөөр хэлбэл тэр байраа сэлгэж амжжээ. Хоёр жилийн өмнө С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүх нар түүнийг намын хамт олноос нь зааглаж байсан бол өнөөдөр Н.Энхбаяр нөгөө гурваа намын дайчин хамт олноос нь салгаж чадах болсон байна.

Саяхан гэнэт Чингэлтэй дүүргийн үүрүүд хуралдаж, Н.Энхбаярыг УИХ-ын нөхөн сонгуульд хүртэл итгэн дэвшүүлж байсан биднийгээ үнсэнд хаясан шалз мэт орхиод, МАХН-ын нэр төрийг хамгаалах үйлсээс түдгэлзэв хэмээн “эрс зэмлэн буруушаажээ”. Өөрөөр хэлбэл МАН доторх жинхэнэ “Хувьсгалт хүчин” зохион байгуулалтад орж байна. Нэгэнтээ ингээд хөдөлбөл хатуу чиг баримжаатай коммунистууд ухарч няцахгүй. Тэдэнд алдах юм байхгүй. Тэд цагтаа АН-ын хоёр гишүүнтэй тэнцэж байсан бол өнөөдөр МАН-ынхаа гурван шар завьжтантай тэнцэнэ. Мэдэгдэлдээ огт гэмгүй Д.Зоригтыг хүртэл чимхээд авсныг ажвал хувьсгалч “өсөрхөл” байгаа нь мэдэгдэнэ. Одоо Н.Энхбаяр “цөллөгнөөс” гарч, Н.Бонапартын дүрд тогловол, МАН-д “100 хоног” ирнэ. Яг л Наполеоныг хуучин торгон цэргүүд нь угтан аваад, хамтдаа давшиж Парисыг эзэлсэн шиг.

Н.Энхбаярын нөлөө өсөх тусам түүний итгэлтэй жанжид нь байсан хууччуул түүнд урвахад бэлэн суугаа юм. МАН-ын анхан дунд шат, орон нутгийн үүрүүдэд хагарал идэвхжих тусам УИХ дахь бүлэг нь задрахад ойрхон болох учиртай. Н.Энхбаярт ердөө “Шинэбаяр+7” л хэрэгтэй. Энэ долоод түрүүлж орох өрсөлдөөн өрнөвөл юу болох вэ? Өөрийг нь С.Баярцогтоос дорд үзсэнд битүү гоморхож байгаа Ч.Улаан байна, өөрийг нь Т.Бадамжунайгаар сольсноос бүх бизнес нь сүйрээд гомдож байгаа Д.Тэрбишдагва байна, С.Баяр, Сү.Батболдын үед адлагдаж байгаа, дараагийн сонгуульд нэр дэвших найдлагагүй болсон “сул” гишүүд байна. Намын нэрийг солих асуудлаар идэвхтэй ажиллаж өгөхгүй гэдийж байсан олон гишүүн бий. Харин Д.Арвин л хэцүүдэж байх шиг байна, тэр Ажаагаас салаад аргаа олж Аниатай учраа олоод байсан юм. МАХН-д үүнээс гарах цорын ганц, туршлагаар батлагдсан арга зам бий юм. Тэр нь Ц.Шинэбаяраас өгсүүлээд хэдэн хүнд албан тушаал бэлэглэх. Д.Лүндээжанцан түүнийг уриад “Жигүүрийг өргөтгөх замаар асуудлыг намжаах” санал тавьж байгаа нь “Жигүүрийнхэн шиг албан тушаалын солилцоогоор асуудлыг шийдэх” хувилбар л юм. Өөрөөр хэлбэл МАН-д “МАХН” гэдэг жигүүр байгуулагдах нь л дээ. Ингэснээр МАХН гэдэг нэр жигүүрийн хэмжээнд хүрч унах ба МАХН гэдэг нэрийг ашиглах боломжийг давхар хаах нарийн ухаан цаана нь байна.

Тэртээ намын XXY их хурлын өмнө МАН-д гарч ирсэн Ө.Энхтүвшингийн жигүүр, Л.Гантулгын Онц их хурлын төлөө хөдөлгөөн, Жаргалсайхан, Цагаанхүү нарын “Шинэ эргэлт” хөдөлгөөнийг ийм байдлаар дарж авсан билээ. Энэ арга барил нь намын удирдлагаа албан тушаалаар шантаажлах сэдлийг улам идэвхжүүлсэн бөгөөд ялангуяа энэ хүнд хэцүү үед ийм арга замыг сонгох хүн МАН-д лав цөөдөхгүй. Харин энэ зорилгодоо хүрэх боломж нь нээлттэй байгаа. Эсэргүүнүүдийг цатгах, худалдан авах тэр сан хөмрөгийг нь “Алтан гадас”-ынхан  түр  хадгалж байна.

Эебээр засахын тулд

МАН ацан шалаанд байна. Нэг бол намынхаа хүчийг бөөгнүүлж, АН-ынхан болон бусад холбоотныхоо дэмжлэгийг аваад Ватерлоод Наполеоныг бутниргэсэн шиг Н.Энхбаярыг бут ниргэх. Эсвэл “Алтан гадас”-ынхныг Засгийн газраас хөөгөөд суларсан суудлаар нам дахь эсэргүүнүүдээ худалдаж авах. МАХН хуучин коммунистуудаа салснаас тулаан ялах гуравхан хүчин зүйлтэй болсон байна. Тэр бол “Мөнгө, мөнгө бас дахин мөнгө”. Энэ бол МАН-д үлдсэн цорын ганц “Эе бээр засах” бодлого.

Түүнээс бус “Үзэл санаагаар нэгтгэх дайчин чадвараа” саяын их хурлаар бүрмөсөн алдчихсан байна шүү дээ МАН. Iинээр гаргахаар бэлтгэж буй таван боть “МАН-ын түүх”-д Д.Бодоо бол намыг үндэслэгч, намын дарга, анхны Ерөнхий сайд, “Үнэн” сонины бараг бүх өгүүллийг ганцаараа бичиж байсан “үзэл сурталч” болох нь “батлагдсан” гэвэл, XXVI их хурлын өмнөхөн Сү тэргүүтэн Төв аймаг дахь Бодоогийн хөшөөнд цэцэг өргөж, энэ хөгийн “цэцэг өргөх” ёслолоо хүчин төгөлдөр болгохын тулд намын их хурлаас сарын өмнө төв талбайгаас Д.Сүхбаатарын хөшөөг Хятад руу аччихсан юм байна гэвэл хуучин үнэнч гишүүд нь юу гэх бол? Эсвэл МАН-ыг үндэслэгч Д.Бодоо ямар үзэлтэй хүн байсан юм бэ? гэж асуувал юу гэж хариулна аа? Социал демократ гэх үү? Каутский, Плеханов нарыг нууцаар судлаж байсан гэх үү? У.Хүрэлсүх ч яахав сэргэлэн хүн болохоороо “Бодоо нэрийг нь өгсөн, Богдын аравнайлсан, Нам засгийн хослон баригч, наран гэрэлт түмэн наст...” гээд авч өгнө биз. Тэгээд Хүрэлсүхбаатар болох гээд үзнэ.

Д.Сүхбаатар үсэг өрөгч байснаас биш өгүүлэлч байгаагүй, дайнд одтой, мөрийтэй тоглоомонд одгүй, хэзээ ч намын дарга байгаагүй хүн юм бол одоо төв талбайд Д.Сүхбаатарын хөшөө биш Д.Бодоогийн хөшөө байх ёстой биш үү? гэвэл МАХН-ынхан юу гэх бол? Эсвэл жил бүрийн 3 дугаар сарын 1-нд МАХН-ынхан Төв аймагт очиж цэцэг өргөх боллоо, харин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөхгүй ээ гэвэл яаж хүлээн авах юм. Эцсийн дүндээ МАН Төв аймгийн л нам болж харагдана биз дээ. Эсвэл Догсомын Бодоогийн Батболд гэдэг хүнийг олж намын дарга болгох уу?

Хэрэв МАН босогчдоо яаравчлан дарахгүй бол бусад улстөрийн хүчнүүд Засгийн газрыг дарамтанд оруулахын тулд МАХН-ыг ил далд дэмжээд эхэлнэ. Өнөөдөр л Засгийн газар дахь мөнгөний хамтрагчаа хөөхгүй бол удах тусам байдал бишдэх нь тодорхой болоод байна. Өнөөдөр МАХН өөрийн нөлөөллийг тооцоод багцаагаар 10 000 дэмжигчтэй гэж байна. Үнэндээ бол МАХН-ыг хатуу дэмжигч ба МАН-ыг дэмжигчдийг хуваавал завсрынхан  буюу намгийнхан аль ч талаасаа илүү жин дарна. Тэд ялсан талд нь орно. Үүнийг л ойлговол МАН-ынхан яагаад сандраад байгаагийн учир амархан тайлагдана. Яг үүнийг мэдэрсэн юм шиг МАХН-ын онц их хурал зарлаж байгаа нь эцэстээ өөр нам байгуулагдсанаар төгсөж болзошгүй. Тэгвэл МАН дараагийн сонгуульд орон нутаг дахь нэг “хөлөө”  бүрмөсөн тайруулах юм. Сонгуульд нэр дэвшигчээс нь илүү энэ “хөл” чухал гэдгийн туршлагатай улстөрчид сайн мэднэ.

Харин ийм нөхцөлд “Алтан гадас”-ынхан МАН-ынхнаас илүүтэй МАХН-аас болгоомжлох ёстой. МАН АН-ыг МАХН-аар солих нь. Эсвэл Засгийн газарт хамтарсныхаа шанд АН-тай тэнцэхүйц хэмжээний дотоод хүчээ задлан алдах нь байна. Одоо сонголтын цаг. Учир мэдэхгүй хүүхдүүдээр “Н.Энхбаяр хийдгээ хийсэн, Энхбаяр явах болсон” гэж бичүүлж байсан бол одоо “Н.Энхбаяр эргэн ирлээ, Н.Энхбаяр түм наслаг” гэх болов уу?

Би л лав хувь хүний хувьд Н.Энхбаяр “100 хоног” намаа засаглаасай л гэж бодож байна. Тэр цагт Н.Энхбаярыг хаан байхад нь бөгсийг нь долоож байснаа өнөөдөр хамгаас чангаар харааж байгаа тэр адгийн шаарууд яаж балрахыг нь л харах юмсан гэсэн ганцхан адбиш хүсэл байна.