Mанай улсын 2011 оны төсөв нэн шинэ үеийн буюу капиталист хөгжлийн түүхэндээ гурван ч удаагийн дээд амжилт тогтоож батлагдлаа. Нэгдүгээрт 4.0 их наяд төгрөг буюу Монгол Улсын хамгийн том төсөв болов. Дараа нь, энэ бол эдийн засагтайгаа харьцуулахад ч хамгийн данхар төсөв буюу ДНБ-ий хагасаас их.

Гуравдугаарт энэхүү төсвийн алдагдал нь эдийн засгийн аравны нэгтэй анх удаагаа тэнцэх болно. Тус бүрийг нь энгийн хэлээр задалж үзье. Түү - хэнд байгаагүй том төсөв нэг талаас эдийн зас - гийн үсрэнгүй хөгжлийн эхлэлийг харуулж бай - гаа хэрэг. Нөгөө талаасаа 4.0 их наяд төгрө гийг Засгийн газраар дамжуулна гэдэг нь засагла лын хувьд бол асар том сорилт болно. Авлига ч том болно. Түүнийг дагаад далд эдийн засаг ч өснө.

Засгийн газарт ажиллахыг хүсэгчдийн дараалал улам урт болж, төрийн эрхтэн дархтануудын эрх мэдэл үнэхээр нэмэгдэнэ. Төр засгийн эдэлгээ хэрэглээ улам бүр тансаг болно. Аль ч улсын төсвийг эдийн засагтай нь буюу Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулж төр, засгийн эдийн засагт эзэлж байгаа байр суурийг хэмждэг. Энэ хэмжээ тэг байж болохгүй буюу төр засаг байхгүй бол эмх замбараагүй байдал ноёлж, эдийн засгийн бүтээлч үйл ажиллагаа ямар ч хуримтлал үүсгэхгүй буюу баялаг бий болохгүй.

Энэ хэмжээ 100 байж бас болохгүй. Үүнийг бид өөрсдийн саяхны түүхэндээ туршиж үзсэн. Ямар түвшинд энэ хэмжээ байвал эдийн засаг хамгийн их өгөөжтэй байх тухай маргаан үргэлж байдаг бөгөөд энэ хамаарлын графикийг анх АНУ-ын Конгрессын гишүүн Р.Армей гарган хэрэглэсэн бөгөөд түүнийг Армейн муруй гэдэг. Засгийн газрын байж болох хамгийн их хэмжээ бол эдийн засгийн талаас хэтрэхгүй байх явдал гэж үздэг. Учир нь түүнээс дээш гарвал эдийн засгийн өсөлтөд эсрэг нөлөө үзүүлнэ.

Зүйрлэж хэлбэл Засгийн газар бол хоол шиг бөгөөд дутаах буюу хэтрүүлэх нь хоёулаа сөрөг нөлөөтэй. Манай улсын ирэх оны төсөв гэтэл талаас нь хоёр хувь давж, 52 болжээ. Эдийн засагчид 15-17 орчим хувьтай байвал хамгийн зохимжтой, өгөөжтэй төвшин гэж үздэг. ОУВС хоёр жилийн өмнө төсвийн алдагдал эдийн засгийнхаа таван хувиас хэтрэхгүй байх хатуу нөхцөлийг Монголын Засгийн газарт тавьж байж 290 сая ам.доллар зээлдүүлэн манай улсыг дампуурлаас аварсныг санаж байна уу?

Европын холбоо гурван хувь байлгахыг шаарддаг боловч Грекийн засгийн газар 13 хувь, Ирландынх 16 хувь хүргэснээр улс нь дампуурахдаа тулж, аргагүйн эрхэнд гадаадаас зээл гуйж байж аврагдсан. Монгол Улс 4.0 орчим их наяд төгрөгийн зардал гаргахаар төлөвлөсөн нь төсвийн нийт орлогоос 700 орчим тэрбум төгрөгөөр их байгаа буюу төсвийн алдагдал нь 2011 онд эдийн засгийнхаа 10 хувьд хүрэх гэж байна.

Манай улс орлогоосоо ийм хэмжээгээр илүү зардал гаргах гэж байгаа учир энэ зөрөөг ямар нэг эх үүсвэрээс гаргах шаардлагатай. Төсвийн алдагдалтай улсын өмнө хоёрхон сонголт байдаг. Эсвэл цаасан мөнгө хэвлэнэ, эсвэл гадаад дотоодоос зээлнэ. Эхний арга нь инфляцыг шууд бий болгоно.

Хоёр дахь арга нь өр тавьж, түүнийг дараачийн үе нь төлөх болно. Хоёр дахь арга нь инфляцыг үүсгэх, эсэх нь төсвийг юунд зарж байгаагаас хамаарна. Хэрэв төсвийн ихэнхийг үнэ цэнэ бүтээхэд чиглүүлбэл ажлын байр нэмэгдэж, бусад нөөцийг бас эргэлтэд оруулах учир инфляц өсөхгүй.

Харин эцсийн хэрэглээг өсгөвөл инфляц өснө. Монгол Улсад инфляц бий болох нөхцөл үүсээд байгаа бөгөөд учир нь төсвийн тэр их зардлын бараг гуравны нэг нь нийгмийн халамжийн хэлбэрээр өгөх улс төрийн амлалтын бэлэн мөнгө. Уг нь ийм хэмжээний мөнгө эрчим хүч, дэд бүтцийн салбарт орсон бол ажлын байр бий болгоход нөлөөлж, эдийн засгийн бүтээмжийг дээшлүүлж, инфляцид сөрөг нөлөө үзүүлэх байсан юм.

Энэ чиглэлийн хөрөнгө оруулалт халамжийн мөнгөний хагастай буюу өнгөрсөн жилийнхтэйгээ дөнгөж дүйцэж байна. Дэлхийн банкны Монголыг хариуцсан тэргүүлэх эдийн засагч Рожер ван Ден Бринк хэлснээр нэг жилийн дараа инфляц 25 хувь болох магадлал өндөр бөгөөд ингэсэн тохиолдолд иргэдийн хадгаламжийн дөрөвний нэг нь алга болно гэсэн үг. Инфляцыг Засгийн газрын хийж байгаа дээрэм гэж бас ярьдаг.

Монгол Улсад төсвийн зардал бага, тогтвортой байх ёстой. Төсвийн өсөлтийг бий болгож байгаа гол хүчин зүйл нь монголчууд өөрсдөө бүтээгээгүй, зөвхөн уул уурхайн тодорхой ашигт малтмалын олон улсын зах зээл дээрх үнэ өсөж байгаатай холбоотойг бид мартах ёсгүй.