-Эрх чөлөө тусгаар тогтнолын хөшөөг төв талбайдаа босгож, эх орончдынхоо нэрсийг алтаар мөнхлөх цаг-

Монголчууд бид ямар нэгэн баяр бий болгон тэмдэглэж, ууж идэх та­лаар ер нь хэнээс ч ду­тахгүй улс. Харин ганцхан тэмдэглэх дургүй баяр нь  Тусгаар тогтнолын баяр юм уу даа. Улсынхаа тус­гаар тогтнол, эрх чөлөөнд дургүй хүмүүс манайхан юмуу гэхээр үгүй ээ. Би Монгол хүн, хөх толботой, моринд дуртай, эзэн Чин­гэс, Богд хаан, Мон­гол Улс мандтугай, би бол эх оронч хүн бусад нь урвагч гээд л цээжээ бал­баж тусгаар тогтнолдоо хайр­тай гээд л гадаа­дынхныг занаж зүхнэ. Монголчууд бидний хам­гийн томоор тэмдэглэх ёстой жинхэнэ тусгаар тогтнолын баяр маань жил бүрийн арван­хоёр­ду­гаар сарын 25-наас 31-ний өдрүүдэд тохиодог. Өвөг дээдэс маань Хятад, Манжийн эсрэг хоёр зуун жил тэм­цэн амь дүйн явж одоо­гоос яг 99 жилийн тэртээ арвантавдугаар жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын ши­нийн есөнд  "Монгол Ул­сын­хаа тусгаар тогтнолыг дэлхий даяар тунхаглан зарлаж" их баярыг хий­жээ. Тэр үеийн монгол­чууд ч Есүсийн төрсөн өдрийг тэмдэглээд ёолк­доод, ёолк хэсээд алга болсонгүй тусгаар тогтно­лынхоо баярыг үнэн сэт­гэ­лээсээ Хятадын цагаан хэрэм хүртэл их тал нут­гаар сүслэн тэмдэглэсэн байна. Энэ үеэр Монгол нутгаар тэнэж, тагнаж явсан Оросын нэг жуул­чин "Монголчууд тусгаар улс болсондоо үнэндээ баяртай байна.

Цагаан хэрэм хүртэл их тал нутагт хөгшид хүүхэдгүй  сүүгээ өргөн Хүрээнийхээ зүг харан  мөр­гөн залбирч байлаа гэж тэм­дэглэн үлдээсэн байх юм. Цааш нь .... Монголчуудын "Богд хаандаа зал­би­рах нь шүтлэгээс арай өөр байна. Харь нутгийн хүнээр хаан суулгалаа гэсэнгүй ... Монголчууд Богд ламаар төрийнхөө тэргүүнийг таньж тавьсан бололтой" гэж тэм­дэглэжээ. Үнэхээр жил бүрийн арванхоёрдугаар сарын сүүлийн өдрүүд бол  монголчуудын хувьд хулхи биш жинхэнэ тусгаар тогтно­лын өдөр. (Оросын нөлөөнд бат орсноо Үнд­сэн хуулиар баталгаа­жуулсан арваннэгдүгээр сарын 24-нийг би хулхи гэж байгаа юм. Г.Д) Харамсалтай нь урд хойд хоёр хөрш аль нь ч Чингэсийн Монголыг хүчтэй тусгаар улс байл­гаж болох­гүй тэгвэл аюулд орно гэдгийг яс махаараа мэднэ. Энэ түүхэн сур­гамжийг хоёр хөрш мар­тахгүй. Тэр нь их гүрнүүдийн дээ­рэнгүй бод­логын түүхээр илэрдэг. Москва, Бээжин хоёр түүхийн аль ч үед Монгол Улсыг эд бараа шиг нэг нэгэндээ худалдсаар ирсэн нь үнэн түүх. Монголчууд нэн шинэ түүхэн­дээ өөрсдөө төрөө сонгох эрхийг 1990 онд л олж авсан. 1911 оны Есүсийн баяраар олж авсан тус­гаар улс тийм их удаагүй. Монгол Улс 1911 онд олж авсан тусгаар тогтнолоо 1925 он гэхэд дахин алдаж эргэн Оросын колони, тог­лоомын төдий Үндсэн хуультай улс болсон. Товчхон өгүүлэхэд Бээ­жин Москва хоёр уулзаад л ханцуй дотроо наймаалцаад л одоо та­найх ав, үүгээр нь манайх авъяа гэж тохиролцдог байсан юм шиг байна билээ. Харин Монгол Улсын аль ч үеийн түүхэнд эх орончид байсан. Харамсалтай нь үе үед эх орон тусгаар тогтнолынхоо төлөө тэм­цэж явсан ухаант зоригт хөвгүүд төр улсаа барьдаг боловч тэднийг ямар нэгэн аргаар хороодог байв. Энэ тухай хэдхэн баримт. 1911 онд тусгаар тогтнолоо тунхаглан зар­лаж төр улсаа тэргүүлсэн Ерөнхий сайдаас авахуулаад таван яамны сайдын дөрвийг хорлож алжээ.

Богд хаант Монгол Улсын цэр­гийн яамны сайд Г.Гомбосүрэн 30 насандаа бусдад хорлогдсон, До­тоод яамны тэргүүн сайд  Г.Цэрэн­чимэд 42 насандаа бусдад хор­логд­сон. Гадаад яамны тэргүүн сайд Ханддорж алуулсан, 1912 онд Түшээт хан Дашням, Засагт хан Содномравдан ба дөрвөн хошуу ноён, 1913 онд Ерөнхий сайдын орлогч ван Гончигсүрэн, 1919 онд сайн ноён хан Намнансүрэн нар тус, тус бусдад алуулсан буюу хорлогджээ. Ерөнхий сайд Манзу­шир хутагт Цэрэндорж бусдад хорлогдсон.

Тэгвэл 1921 оны Ардын нам, Ардын хувьсгалын лидерүүдийг яалаа. Ардын намын анхны Ерөн­хий сайд Д.Бодоо 37 насан­даа буудуулсан. Ардын намын анхны дарга С.Данзан алуулсан, Түр Засгийн газрын тэргүүн  Чаг­даржав алуулсан. Цэргийн яамны сайд Д.Сүхбаатар бусдад хор­логдсон, Ерөнхий сайд А.Амар алуул­сан. Маршил Дэмид алуул­сан, Соёлын сайд Эрдэнэбат хаан алуулсан, ­Ерөнхий сайд Б.Цэрэн­дорж хор­логд­сон, Ерөнхий сайд Дамдин­базар, Жигжиджав нар бусдад хорлогдсон. Оросын комму­нистуу­дын яргалал туйлдаа хүрч, улс­төрчдийг нэг хоёроор нь биш 1922 оноос Шагдаржавын хамт 15 хүн, Лхүмбийн хамт 317 хүн, Саж Ламын хамт 85 хүн буудсан байна. За, за, Эх орныхоо тусгаар тогтно­лын төлөө амь насаа зориулан тэмцэж буудуулсан эх орончдыг тоочоод байвал манай сонины хуудас хүрэхгүй тул үндсэн сэдэв­тээ оръё. Товчхон хэлэхэд урд хөрш маань угийн далд нарийн ухаан­тай боло­хоор тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж явсан өвөг дээдсийг маань голдуу л учир битүүлгээр наснаас нөгчүүлдэг байв. Манай хойд хөрш жаахан бүдүүлэг тулган хүлээл­гэдэг зангаараа шуудхан өөрийн­хөө улс оронд аваачаад буудчих­даг байв. Энэ бол миний л бодол. Улсынхаа тусгаар тогтно­лоо олсон баярт өдөрөө ядаж Есүс Христийн төрсөн өдрөөс илүү тэмдэглэн өнгөрөөж сурах юмсан. Хойтон Богд хаант Монгол Улсын 100 жилийн ой нь болно. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын тусгаар тогтнолын их баяр Богд хаант Монгол Улсынхаа ойг тэмдэглэхийн ач холбогдол түүхэн үнэнийг сэргээх тухай их үглэж түмэнд ойлгуулахыг хичээсэн. Хэн ч үгэнд нь орохгүй энэ жил мөн л ёолкдоод байх юм. Харин Сосор­бурам тэргүүтэй ардчилсан хувьс­галын партизанууд улсынхаа төв талбайг эрх чөлөө тусгаар тогтно­лын талбай болгож Монгол Улсын­хаа гал голомтонд үе, үеийн эх орончдынхоо нэрсийг мөнхөлье гэлээ. Үүн шиг бахархам санааг ойрд дуулсангүй. Ер нь эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэж буудуулахаас бусдыг үзсэн, ард­чилсан хувьсгалын манлайлагчид л үүнийг хийхгүй бол өөр хэн ч санаачилж хийхгүй. Тэгэхээр ард­чилсан Ерөнхийлөгч зарлиг гаргаж төв талбайгаа эрх чөлөө тусгаар тогтнолын талбай болгож  Монго­лын ард түмэн, "Монгол Улсын тусгаар тогтнолын баяр"-ыг Есүс Христийн төрсөн өдрөөс илүүд үзэн ёс төртэй тэмдэглэн эх оронч өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэн Монгол Улсын үзэл суртлын түү­хийг төгсгөл болгон үнэн түүх бичигдэнэ гэж найдна.