Сүүлийн үед улстөрийн амьдралд гарсан хамгийн том сенсаац бол МАН-ын нэр бүхий гишүүд цуглаж, хэвлэлийн хурал хийлгэсэн явдал байв. Харин хэвлэл мэдээлэл, улстөрчид үүнийг нэг их анзаарсангүй юу эсвэл анзаарахгүй байхыг “үүрэгдүүлсэн” бололтой.

МАН-ын удирдлагуудын хувьд муу мэдээ байж магадгүй, ч нийгмийн хувьд сайн мэдээ бол МАН-ын дотор “цөн түрж” эхэлсэн явдал.  Өчнөөн жил дуугай явж, ам ангайх оролдого бүртээ ганц нэгээрээ намнуулдаг гишүүд хэсэг бүлгээрээ нийлж хэвэлэлийн хурал хүртэл хийлгэх болсныг тус нам дотор “мөс хөдлөв үү” гэж үзэхээс аргагүй.  Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Э.Мөнх-Очир нар сүүлийн үед маргаан дэгдээсэн чуулганы дэгийн тухай хууль болон Ц.Шинэбаярын байр суурийн талаар санаа бодлоо илэрхийлж, намынхаа бодлого, удирдлагын арга барилыг хатуухан шүүмжиллээ. Сэтгүүлчдийн өгүүлж байгаагаар ам нь цангасан мэт ярьсан тэдний ярианд хөндөгдсөн сэдэв дээрхээр хязгаарлагдахгүй аж. Юу ярьсан нь чухал ч, энэ удаад тэд ярьж байгаа нь хамгийн чухал “үзэгдэл” болж харагдаж байна.

Ц.Шинэбаяр, Д.Зоригт, “Оюутолгой”, “Тавантолгой” гээд олон асуудал тулгарч, үүнтэй зэрэгцэн  МАН-ын УИХ дахь гишүүд намынхаа биш өөрийн үзэл бодлыг илэрхийлэх гэж “оролдож” эхэлсэн нь Ерөнхий сайд болоод намын даргын “толгойны өвчин” болох янзтай.    

Ардчилсан цаг үед оршиж, эрх биш төрийн бодлого тодорхойлох мандатыг ардчилсан сонгуулиар аваад байгаагаа л өнөөгийн МАН ардчилагдсан хүчин гэж удирдлагууд нь ойлгодог болохоос үнэн хэрэгтээ энэ намд өөрт нь ардчилал байхгүй. Шийдвэр 100 хувийн саналаар батлагддаг явдал гэж үгүй болсоор хорин жил өнгөрч байхад МАН л ганцаараа урьдын хэвээр. Үзэл бодол, эрх ашгийн олонлог хэрнээ хэн нэгнийхээ эсрэг тэсрэг байр суурийг хүлээн зөвшөөрч чаддаггүй янзаараа. Олонхиос, эрх мэдэлтний санаа бодлоос өөрийнх нь өөр байгааг илэрхийлж чаддаггүй айдас гишүүдэд нь хургасаар. Шүүмжлэлийг сонсч тэсдэггүй зан удирдлагуудад нь уламжлагдсаар. Нийтийнхээс, даргынхаас өөрөөр дуугарсан нэгнээ булан шахаж байгаад бүгд нийлж боорлон ноолдог, ахуй амьдралынх нь карьерыг хүчээр тасалж хаядаг нь өнөө ч хадгалагдсан МАН-ын гишүүдэд хувь хүний итгэл үнэмшил, үзэл бодлын эрх, эрх чөлөөний мэдрэмж нь аяндаа устгагдаж байдаг юм болов уу гэлтэй.

Хорин жилийн түүхтэй Ардчилсан намын нэг зовлон нь олон лидертэйдээ байдаг гэж гишүүд нь ярьж байхыг та ч бас бишгүй нэг сонссон байх. Зовлон үүдсэн олон лидерүүд нь МАН-ын гишүүдээс илүү ухаантайдаа биш харин өөрсдийгөө илэрхийлэх ардчилал нь байдаг учраас буй болсон юм. Мөн тэднийг дэмжих гишүүдийнхээ итгэл үнэмшлийг нь мохоох дарангуйлал байдаггүй учраас. “Бид Ардчилсан нам шиг олон фракцгүй, нэгэн цул эв нэгдэлтэй” гэж МАН-ын гишүүд дүгнэхийг мөн л нэг бус сонсч байсан байх. Ардчилсан намд өдий хүртэл оршин тогтноод явж ирсэн хэн нэг лидерээ дагасан фракцууд шиг хуваагдал МАН-д байдаггүй гэвэл худлаа, ялгаатай нь ил гарч гэрэл үзэж чаддаггүй. Ил гарвал нухчин дардаг, нууц байдалд оруулдаг, өөрөөр хэлбэл ардчиллыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Ил тод илэрхийлэл байхгүй МАН-ын фракцууд “харанхуй”-д “нууц”-аар ажилладаг. Яаж ийм байдлаар тэр олон эрх ашгийг МАН-ын үе үеийн дарга нар зангидсан гар шиг бариад байж чаддаг юм бол гэж бодохоор “мундаг” гэхээс өөр үг олдохгүй байх л даа.

УИХ-д ард түмнийг төлөөлөн сууж байгаа МАН-ын гишүүдийнхээ “улаан”, “ногоон” товчруулын алийг дарах, дарахгүйг одоо ч бас намын удирдлага нь шийдэж байна. Жишээлэхэд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах асуудлаар намынх нь Удирдах зөвлөл, тэгээд УИХ дахь бүлэг нь хуралдаад “асуудлыг хэлэлцэх шаардлагагүй, хэлэлцсэн ч огцруулахгүй” гэсэн намын даалгаврыг гишүүддээ өгч байна. Төрийн эрх мэдэл улс төрийн намаар дамжин хэрэгжихээс өөр арга зам байхгүй ч энэ нь бүхний дээр нам гэсэн үг хараахан биш. Тухайн эрх барьж буй улс төрийн намын бодлого, үзэл баримтлал нь төрийн бодлого болж хэрэгждэг гэсэн үг болохоос биш гишүүн болгон намын даргын нүдээр Д.Зоригтыг харах ёстой гэсэн үг биш шүү дээ. Тэр тусмаа хууль бус, зарчим бус үйлдлийг намын эрх ашгийн үүднээс нүдээ аниад өнгөрөө гэж нэг нь зөвлөхийг, нөгөөх нь зөвшөөрөхийг ардчилал гэж хэлэх үү?

Ардчилал бол чөлөөт нийгэм, чөлөөт нийгэм гэдэг нь эцсийн дүндээ нээлттэй байдал. Нээлттэй байдал гэдэг хаалттай сэдэвгүй байхыг хэлнэ гэж Ерөнхийлөгчийн дүгнэснээс ишилмээр санагдлаа. Тэгвэл МАН-ын гишүүдэд “хаалттай сэдэв” маш олон. Даргын зөвшөөрөл, намын эрх барих дээд байгууллагын чиглэлгүйгээр ярьж, нээж болдоггүй сэдэв гэсэн ойлголтыг тус намын гишүүд л сайн ойлгоно. Энэ бол сэтгүүлчдэд хамгийн ойлгомжгүй “ойлголт” учраас бид илүү өөнтөглөж, шүүмжилж байж магадгүй. Учир нь сэтгүүл зүй бол чөлөөт, ардчилсан нийгмийн амин сүнс нь, энэ салбарт ажиллагсад ардчиллын мэдрэмжгүй болж хувирбал нийгмийн оюун санаа хөдөлгөөнгүй мөстөнө. Бид нэгнийхээ бичсэнийг шүүмжилдэг. Хэн нэгнээс шүүмжлэл, өөрийнхөөсөө өөр санаа бодол сонсохгүй бол “юу хийчихэв ээ” гэж айдаг, урам хугардаг, мухарддаг. Сонины бодлогыг тодорхойлдог редакцийн өглөө бүрийн хурал дээр алив нэг асуудал /сэдэв/ 100 хувийн саналаар дэмжигдвэл, хөндлөнгөөс өөр нэг зарчмын санал, өнгө аяс босч ирэхгүй бол тухайн шийдэл зөв гэдэгт нэг л итгэл сулраад явчихдгийг бид өөрсдөө анзаардаг. Сэтгүүлч бидэнд ийм мэдрэмж байдаг учраас ардчиллын хорин жилийн 16-д нь төрийн эрхийг барьсан МАН-ын өөрийнх ардчилалд, өнөөгийнх нь байдалд бид илүү их санаа тавиад байж магадгүй.

Улс төрийн нам өөрөө амьд организм. Амьд тогтолцоо өөрийгөө дүгнэдэг, ойлгодог, улмаар хэрэггүй зүйлсээ шахан зайлуулж цэвэршүүлдэг, нянг эсэргүүцэн эмчилдэг. Идээ бээрээ илааршуулж, эд эсээ нөхөн төлжүүлдэг. МАН олонхийн санаа бодол, итгэл үнэмшил, эрх ашиг, хүсэл мөрөөдлийн нийлбэр, хөгжил хөдөлгөөн бүхий үйл явц, амьд организмынхаа хувьд одоо зөв голдирол руу орох ёстой. Голын цөн нэг түрвэл зөвхөн байгалийн хуульд захирагдан заавал хайлж урсана. Чухам ийм “мөсийг хөдөлгөлөө” гэдэг үүднээс дээрх нэр бүхий гишүүдийн намын удирдлага, арга барилаа шүүмжилсэн санаа бодлыг нийгэм талархан хүлээж авч байх шиг байна. Яг одоо амжиж МАН ардчилагдаж, эрүүлжихгүй бол үүргээ гээж үлдэгдэл болсон мутант эрхтэн шиг, тухайлбал мухар олгой шиг хэрэггүй зүйл болж хувирна. Өрөвссөн мухар олгойг механик аргаар л эмчилдэг шүү дээ.