Бид өнөөдөр сэтгэлийн хөдлөлөөр асуудалд хандаж, гарах үр дагаварыг нь урьдчилан тооцоололгүй урагшилж байна. Өдөр өнгөрөх тусам шинэ юмстай тулгарч одоо яах вэ гэдэг асуултанд булуулсаар... Энэ бүхнийг харж, тооцоолж, өөрийн гэсэн толгойгоор сэтгэх мэргэжлийн боловсон хүчний дутагдалд орсоны улмаас удирдлага, мэнэжмэнт, систэмийн хямрал манай спортын салбарыг эзэлжээ. Нэгээс илүү жилийн төлөвлөгөө боловсруулж чадахгүй, Олимпын дөрвөн жилийг сохроор дагасаар...

    БНСУ-ын ерөнхийлөгч И Мён Баг дуртгал номондоо: Манай гарбөмбөгчид өсвөр насандаа Японыг хождог боловч, насанд хүрсэний дараа яагаад ч хожидоггүй. Учир нь Япончууд үндсэн техникийг эзэмшүүлэх гэж олон жил хичээллэдэг бол, манайхан үндсэн техникээс гадна, нэмэлт техникүүддээ илүү анхаардаг байсанд оршино. Нэгэнт үндсэн техникээ сайн эзэмшчихсэн бол түүн дээр уян хатан ямарч үйлдэл хийж болдог” гэж хэлсэн байв. Энэ юуг илэрхийлж байна гэхээр гол нь сууриа сайн тавь, тэгсэн цагт уян хатан ямарч үйлдэл хийж болно.

    Хэдүүлээ эхлээд гацуур модоо барья. Дараа нь ямар чимэглэл зүүхээ шийдье. Манай спортын салбар энэ жишгийг яг араас нь хэрэгжүүлж байгаа мэт харагдах юм. Цаашдаа хэдэн жил ингэж үргэлжлэхийг мэдэхгүй. Бид цаашдаа амьдарч ирсэн үеийнхээ төлөөлөл болоод түүхэнд үлдэнэ. Гэтэл амиа бодсон, хэдэн медалийн хойноос үхэж хатан тэмцсэн, ямарч бодлого, боловсон хүчнээ бэлдээгүй тийм л нэгэн үе болоод өнгөрнө. Өнөөдрийн манай спорт, ирээдүй үеийнхэндээ “Өөрсдөө учраа олоорой” гээд хэлж байгаатай ямарч ялгаа алга. Коммунизм гэдэг ачаа одоо хүртэл биднээс салахгүй байгаатай адил арай ухаалаг хойч үеийнхээ ачааг бид хөнгөлж өгөх ёстой бус уу!!!

    Далай тогтуун байхад онгоцыг хэн ч жолоодож чаддаг бол, шуурга дэгдэхэд зөвхөн сайн залуурч л давж гардагтай адил сууриа сайн болгохын тулд мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй. Өнөөдөр манай спортын салбарт урдаа барьчих мундаг зүтгэлтэн алга. Тиймээс суурь тавих тухай бодохын ч хэрэггүй. Ингэж тавьсан суурь нурж унах нь амархан бөгөөд унахдаа хамаг юмыг эвдэлж, сүйдлэж бөөн тоос шороо болно. Тэгснээс тавиагүй нь дээр. Миний илэрхийлэх гээд байгаа гол санаа бол чадварлаг боловсон хүчин бэлдэх тухай. Нэг биш нилээд ихийг бид бэлдэх хэрэгтэй. Бид тамирчин гэж эхэнд тавьчихаад байгаа болохоос, мундаг боловсон хүчинтэй, спортын чадварлаг мэргэжилтнүүдтэй болчихвол тоглох, наадах, зодолдох, барилдах хүн олдоно. Дэлхийн спортын тавцанд ямар ч байдлаар өрсөлдөж болно. Ядаж Дэлхийн спорт хаана явна? Цаашаа ямар болох уу? гэдгийг ч мэднэ.

    АНУ, Европын улсууд, Япон, БНСУ яаж амжилтанд хүрсэнд: Суралцаж, туршлагажиж, удирдуулж, хэрэгжүүлж байж сая өөрсдийн гэсэн юмтай болно. Япон яагаад бусдаас өөр байдаг шалтгаан энэ. Тэд сайн суралцагч байсан бол одоо насанд хүрсэн өөрийн гэсэн толгой, арга барилтай болжээ. Японы адил Азидаа толгой цохиж буй БНСУ мөн ялгаагүй. Бусдыг шимж, дууриадаггүй, аялдан дагалддаггүй, томыг харж сүрддэггүй.

    Бидний хамгийн том дутагдал бол зохион байгуулалт. Япон улс өнөөдөр спортын бүхий л төрөлд цахиур хагалж байна. Тэдний голлох спортын төрөл нь манайхтай адил тулааны спорт. Кэндо, айкидо, сүмо, жүдо гэх мэт. Манайхтай адил ганц хүний уламжлалт заншилтай мөртлөө амжилт гаргах гол хүч нь зохион байгуулалт юм. Японоос гадна БНСУ, Таиланд, Түрк, Африкийн улс орнуудад, бидэнтэй адил нүүдэлчин гэх тодотголтой улс оронд яагаад багийн спорт хөгжиж байгааг бид сайн ухаж, ойлгох ёстой. Сүмог бүгд мэднэ. Ямар өндөр зохион байгуулалт, мэнэжмэнт, хариуцлага, ухамсар, сахилга баттай билээ. Сая даваа худалдах хэрэг гарахад улс даяараа юм болж байна. Боловсон хүчнээ бэлдэх гэж өндөр шалгуур тавина. Харин манайд энэ зохион байгуулалт зайлшгүй хэрэгтэй зүйл болчихоод байна. Сайхан уламжлал, ёс жаяг байгаа боловч зөв зохион байгуулж чадахгүй бол улам нэр хүндээ алддаг жишээ үндэсний бөхөд маань байна. Энд тэнд хүн амьтан айлгаж ичээсэн бөхчүүдийг бөхийн холбоод нь хяналтандаа авч, арга хэмжээ авахгүй болохоор бөхчүүдээ хүндлэх бидний сэтгэл улам буурах нь ойлгомжтой. Монгол гэхээр, бидний үндэсний спорт гэхээр яагаад заавал хэнэггүй, гүндүүгүй, тэнэгдүү гэсэн нэртэй байх ёстой юм. Бид чадварлаг, ухаалаг залуусаараа яагаад бахархаж болохгүй гэж.

     Мэдээж би гадаадыг шүтэж, дууриах тухай яриагүй. Бидэнд чаддаг юм байна, бас чаддагүй ч юм байна. Чаддаггүй юм аа мэдээд авья дараа нь өөрсдөө хийе. Өөрсдийн онцлог, арга барилд тохируулж.

   Эхлээд гацуур модоо барья, дээр нь зүүх чимэглэл, медаль хэзээ ч олдоно.

Холбогдох нийтлэл: Мэргэжлийн бус