ИЗ-НН нэртэй нэгдсэн нам “төр­сөн” нь өнгөрсөн долоо хоногийн улс төрийн хамгийн онцлох үйл явдал байлаа. Намын даргаар Д.Энхбат /УИХ-ын гишүүн/, тэргүүн дэд даргаар С.Оюун /УИХ-ын гишүүн/, дэд даргаар  Э.Зориг /Ерөнхийлөгчийн зөвлөх/, ерөнхий нарийн бичгийн даргаар Г.Ганхүү /Ханбройн/ нарыг сонгов. Ямар ч гэсэн жижиг тодотголд багтдаг хоёр нам нэгдэж, удирдлагын хувьд МАН, АН-аас “том толгой”-той болжээ. Одоо улс төрийн өрөг дээр яаж тоглож, энэ олон толгойн хэргийг яаж гаргахыг харах л үлдлээ.

Монголын улс төрийн түүхэнд 2004-2008 оны парламентад суу­дал­тай таван нам тарж бутран долоо болж тэлж байснаас бус, өнөөдрийнх шиг парламентын хоёр нам нэгдэж байсан удаагүй билээ. Ерөнхий сайд С.Батболдын зүгээс засгийн ажлыг урьд өмнө байгаагүйгээр эдийн за­саг­жуулж, хэн хүнгүй эдийн засгаар амьс­галж байгаа энэ үед  намууд нийлж, улстөржсөн дуу хоолой бүд­гэрч л байвал сайн хэрэг. Нанчил­даангүй найр гэж  байдаггүйтэй адил нэгдэж нийлэхэд  хүртэл эсэр­гүү­цэгчид гарах юм.  Гэхдээ ИЗН, МНН-ын аль аль нь “МАХН” гэдэгтэй адилхан  брэнд болчихсон нэргүй, энэ хоёр нам нийлээд нийлээд Монголын улс төрийн тэргүүлэх хүчин биш учраас тэгтлээ олны анхаарлыг татахгүй. Эсэргүүцэл нь битгий хэл, энэ хоёр нэгдлээс нь ч илүүтэйгээр улс төрийг хөдөлгөөнд оруулах, илүү  сонир­холтой болгох үйл явдал өнгөрсөн долоо хоногт бас боллоо.  Энэ нь  МАХН гэх нэрийн талаархи Улсын дээд шүүхийн шийдвэр юм. Ач холбогдлын хувьд намуудын нэгдэл ч, улс төрд доргилт үүсгэх сонирхол талаасаа Дээд шүүхийн шийдвэр байлаа.

Н.Энхбаяр нар МАХН-ыг дахин байгуулж бүртгүүлэхээр Дээд шүү­хэд хандаад байгаа. Харин Ардын намынхан болохоор “МАХН” гэдэг нэрийг өөр намд өгөх боломжгүй гэдэг. Тэд энэ байр суурьтаа дэндүү итгэл­тэй, бас бардам. Ардын намын­хан  Улс төрийн намын тухай хуу­лийн 15.6 буюу нам нэрээ өөрчилсөн тохиол­долд уг  шийдвэртэй санал нийлээгүй хэн нэгэн  өөрчлөгдсөн нэрийг өмч­лөх, үргэлжлүүлэн хэрэг­лэхийг хориг­лоно гэсэн хуулийн заалтыг гол хөзрөө  бол­годог.  Гэтэл Дээд шүүхийн нийт шүүг­чид өнгөрсөн пүрэв гаригт хурал­даж  Улс төрийн намын тухай хуулийн дээрх заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэ­хийг хя­нуулахаар Цэцэд хан­дахаар болжээ.  Ингэснээр:

1. МАХН-ыг бүртгүүлэх Н.Энх­баяр нарын, бүртгэх боломжгүй гэх Ар­дын намынхны хэрүүлийг  Дээд шүүх биш, Үндсэн хуулийн Цэц хага­лахаар боллоо.

2. Дээд шүүх улс төрийн намыг бүртгэх эсэхийг хянах 30 хоногийн хуулийн хугацаандаа ажлаа хийлээ.

3. Улс төрийн намын тухай хуу­лийн 15.6 дахь заалт Үндсэн хуультай зөрчилдөж байгаа эсэхийг хүссэн хүсээгүй хэлэлцэх хуулийн шахалтад Цэц орлоо. Өмнө нь зарим хувь хүн яг энэ асуудлаар хандаад Цэц хэ­лэл­цэхээс татгалзсан ч гэл үү, шаард­ла­гагүй гэсэн ч гэл үү, ямар ч гэсэн л нэг их тоогоогүй юм билээ. Цэц хуу­лиа­раа  иргэний өргөдөл, гомд­лыг хэ­лэл­цэхээс татгалзаж, буцааж бол­дог. Ха­рин УИХ, Ерөнхийлөгч, Засгийн га­зар, Дээд шүүх, Ерөнхий про­курор зэ­рэг Цэцэд хандах эрхтэй субьек­түү­дийн хүсэлтийг Цэц заавал хэлэлц­дэг.    

4. Нэгэнт асуудал Цэц рүү явсан учраас МАХН-ыг  бүртгүүлж албан ёсны болгох нь тодорхойгүй хуга­цаагаар хойшиллоо. Тодорхойгүй гэ­дэг нь Цэцийн эцсийн шийдвэр гарах хүр­тэл гэсэн үг л дээ. Процедурын хувьд Цэцэд асуудлыг хэлэлцэх хуу­лийн хугацаа бий. Гэтэл  одоогоор гишүүдийнх нь орон тоо дутуу, удах­гүй Цэцийн бараг таван гишүүний бү­рэн эрхийн хугацаа дуусна. Цэцийн дар­­га, шинэ гишүүдийг  УИХ томилно, тэ­гээд Дээд шүүхийн хүсэлтийг дунд, их суудлаар хэлэлцэнэ, завсарт нь УИХ-д танилцуулна гээд нэлээд хугацаа орно. Дээр нь Цэцийн ги­шүү­дийг УИХ-аас томилдог учраас ши­нээр томилогдох гишүүдэд “улс тө­рийн” шалгуур тавих боломжоо  пар­ла­ментад олонхи  байгаа Ардын на­мынхан алдахгүй.  Гавьяат хуульч, одоо намынх нь Бага хурлын гишүүн С.Нарангэрэлийг хүртэл яг ийм улс төрийн шалгуураар УИХ дээр унагаж байсан туршлага тус намд бий. Энэ мэ­тээр тоочоод байвал  МАХН-ыг бай­гуулах зарим хүний санаа  замын дунд замхарч, жонхуурч мэдэх  цаг хугацааны хүлээлтэд орлоо.

5. МАХН-ыг дахин байгуулах хү­сэл­тэй хүмүүс Дээд шүүхийн шийд­вэ­рийг үл хүлээн зөвшөөрөх, давж заал­дах боломжгүй.  Дээд шүүх нийт шүүгч­дийн хуралдаанаас гаргасан шийд­вэр учир түүний  дээр одоо хоёр л юм бий. Нэг нь Цэц,  нөгөө нь хөх тэн­гэр. Тэгэхээр Н.Энхбаяр нарт хэр­вээ заавал МАХН-аа л байгуулъя гэвэл Цэцийн шийдвэрийг хүлээхээс өөр сонголт үлдсэнгүй. 

Ингэснээр   Н.Энхбаяр тэргүүтэй нам доторхи “салан тусгаарлагчид”  ядаж 2012 оны сонгууль хүртэл МАХН буюу Монгол ардын хувьсгалт нам  гэдэг нэрийг авах, өмчлөх нь бараг боломжгүй болж байна. Хэрвээ заавал МАХН-аа авнаа гэж хүлээвэл   тэдний энэ удаагийн ялагдал түр зуурынх байх боломжтой. Түр гэж Цэц бүх ги­шүүдээрээ  буюу их суудлаараа ху­рал­даж,  эцсийн шийдвэрээ  гаргах хүр­тэл л дээ. Гэхдээ Цэц хэзээ бүрэн бү­рэлдэхүүнтэй болж, хэзээ хурал­дах, магадгүй ямар шийдвэр гаргахыг Ардын намынхан мэддэггүй юм гэхэд ядаж л цаг хугацаагаар уяна л  даа.   Харин Цэц бүрэн бүрэл­дэ­хүүн­тэй болж, асуудлыг хэлэлцээд эхэлбэл энэ удаа Н.Энхбаяр биш, Ардын на­мынхан ялагдах магадлалтай. Учир нь:

1. Цэц 2005 оны арваннэг­дүгээр са­р­ын 14-нд нэгэн тогтоол гаргажээ. Есөн гишүүн нь гарын үсгээ зурж, гармагцаа хүчин төгөлдөр болсон уг тогтоолоор Улс төрийн намын тухай хуулийн 6.3 дахь заалтыг хүчингүй бол­госон байна. Уг заалтад “ нам ..нэрээ өөрчилсөн бол түүний тов­чилсон болон  бүтэн нэрийг дахин  хэрэглэхийг 24 жилээр хориглох”-ыг хуульчилсан байсан юм. Цэц үүнийг иргэдийн эвлэлдэн нэгдэх, сайн дураараа олон нийтийн байгууллага байгуулах Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн хэрэг  гэж үзэн хүчингүй бол­гожээ. Цэц мөн энэ тогтоолоор шинэ нам сонгууль болохоос 18 сарын өмнө Дээд шүүхэд бүртгүүлсэн байх ёстой гэсэн заалтыг ч хүчингүй болгосон юм.

2. Ардын намынхан Улс төрийн на­мын тухай хуулийн 15.6-г хөзрөө бол­госон шиг МАХН-ынхан Цэцийн дээрх тогтоолыг хөзрөө болгодог.

3. Цэцийн энэ тогтоолоор бол МАХН гэдэг нэрийг дахин  хэрэглэхийг хориглох нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болох юм.

4. Хэрвээ Цэц өмнө нь ийм шийд­вэр гаргаж байсан нь үнэнтэй адил Цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж болохгүй нь бас үнэн билээ.  Тэгэхээр Цэц өмнөх шийдвэрээ эргэж хардаггүй, үгүйсгэдэггүй л юм бол Улс төрийн намын тухай хуулийн  15.6 дахь заалтаар хандсан Дээд шүүхийн хүсэлтэд өгөх хариулт 2005 оны тогтоолтой ижил агуулгатай байх болов уу гэсэн логик эндээс хараг­дана.

5. Ер нь яаж ч бодсон нэг хүн хоёр нэртэй байдаггүй шиг  нэг нам хоёр нэр зэрэг өмчилж болохгүй санаг­дана. Цэцийн тогтоолоор бол болохгүй ч юм шиг,  Ардын намын 26 дугаар Их хур­лын шийдвэрээр бол Ардын нам нь МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл гэж заажээ. Зарим гишүүн нь Дээд шүү­хэд бүртгүүлэхдээ хашилтан до­тор МАН бол МАХН шүү гэж давхар би­чүүлсэн гээд байгаа. Тэгэхээр ард­чилсан улсын хууль хүчтэй юү, нэг намын улс төрийн шийдвэр хүчтэй юү гэ­дэгт дээрээ хөх тэнгэрээс өөр эзэн­гүй гэх Цэц хариулах болж байна.

Энэ бүхнээс харвал хэрвээ Цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргадаггүй нь үнэн, бас Дээд шүүхийн хүсэлтийг хэлэлцээд эхэлбэл МАХН-ыг МАН ч өмчлөх эрхгүй болох нь.

Н.Энхбаяр нар одоо МАХН-ын товчлолыг хадгалсан шинэ нэрийн эрэлд гарч, МАН, МАХН-ын маргаан цаашид бүтэн нэрийн биш, товчлолын эзэн өмчлөгч хэн байх талаар  өрнөх болов уу.