Тодорхой хил хязгаарын доторхи нутаг дэвсгэр дээр амьдарч байсан хувь хүмүүсийг нийгэмчилсээр Улс бий болжээ. Улс бий болмогц төр хэмээх улстөрийн эрх мэдэл төржээ. Энэ эрх мэдэл бий болмогц түүнийг олж авахын төлөөх хүмүүн хоорондын тэмцэл эхэлжээ. Нэн ялангуяа, гагцхүү төр баялагийн уг сурвалж болж байсан цаг үед төрийн эрх мэдлийг олж авахын төлөө бүр «...орондоо орон завгүй олзлолдон булаалдаж...» байлаа. Энэ тэмцэл зөвхөн нийгмийн ангиудын хооронд явагдаж байсан гэж Марксын мэтгэж байсан нь худлаа. Энэ тэмцэл нөхөр эхнэрийн хооронд, ах дүү нарын хооронд, эгч дүүсийн хооронд, анд нөхдийн хооронд, нэг нутгийнхний хооронд, нэг ангийнхны хооронд, нэг бүлгийнхний хооронд байнга тасралтгүй өрнөж байсан юм. Энэ тэмцэл өршөөлгүй хийгээд хэрцгий, ухаангүй агаад солиотойгоороо юутай ч эгнэхээргүй байсан. Энэ тэмцэлд ширвэгдэж үхэгсэдийн тоог одоо болтол гаргаж чадаагүй бөгөөд хэдэн зуун саяас хол давсан нь лавтай байдаг. Амьтны аймгийн нэг төрөл зүйлийн гишүүд бие биеэ ийнхүү хөнөөн устгасан нь хүн төрөлтөөс өөр аль ч зүйлд байдаггүй. Ямар ч атугай эрдэмтэд бие биеэ сүйтгэсэн хүчирхийллийн цар хүрээгээрээ, хүн амьтны аймаг дотроо тэргүүлснийг тогтоосон. Улстөрийн эрх мэдэлд шунах шунал хүнийг ийм гутамшигтай байдалд хүргэжээ.

Хүн оюун дүгнэлт хийх чадвартай амьтан юм болохоороо улстөрийн эрх мэдлийн төлөөх тэмцэл ямар их хөнөөлтэй байгааг ойлгож л байлаа. Гэхдээ баялагийн уг сурвалж болсон улстөрийн эрх мэдэлд шунах шуналаа номхтгон захирч дийлэхгүй байлаа. Тэгээд бие биеэ хөнөөн сүйтгэсээр байв. Ийнхүү алалдсаар эцэст нь төрийн эрх мэдлийн төлөөх хүчирхийлэлд ялагч гэж байхгүйг ойлгожээ. Хүчирхийлэл хүчирхийллээ төрүүлж хохирол сүйтгэлээс өөр үр дүнд хүрэхгүй нь тодорхой болсон байна. Ингээд төрийн эрх мэдэлд хүч хэрэглэхгүйгээр хүрэх арга замыг хайсан юм. Арга замаа ч олсон юм. Энэ бол ардчилсан чөлөөт сонгууль хэмээх зүйл. Үүний утга нь Улсынхаа иргэдээс санал авч олонхийн санал авсан нь тодорхой хугацаанд  төрийг удирдах эрхтэй болох явдал юм. Төрийн эрх мэдлийг тайван замаар олж авдаг энэ арга нь хүн төрөлхтний хамгийн агуу нээлтүүдийн нэг яах аргагүй мөн билээ. Анх афинчууд бодож олоод 2000 орчим жилийн дараа англичууд боловсронгуй болгон өнөөдрийг хүрчээ. Энэ аргыг олоогүй бол манай гарагийн аль ч Улс, улстөрийн хүчирхийлэл дор мөнхөд амьдрах хараал хүрэх байжээ.

Ардчилсан сонгуульт улстөрийн тогтолцоог зарим хүмүүс зөвхөн өрнийн үнэт зүйл мэт эндүүрдэг юм. Үнэндээ төрийн эрх мэдэлд хүрэх үндсэндээ хоёр л арга зам хүн төрөлхтөнд байгаа юм. Нэг нь хүчээр булаан авах хүчирхийллийн арга, нөгөөх нь тайван замаар олж авах ардчилсан чөлөөт сонгуулийн арга. Энэ хоёрын аль нэгийг нь Улс болсон улс сонгож таардаг. Жишээ нь Энэтхэг улс өрнийхнөөс эрс ялгаатай өөрийн гэсэн эртний соёлтой, түүгээр барахгүй 4000 жил орчим ноёрхсон хатуу кастын дэгтэй Улс боловч төрийн эрх мэдэл ямар бүлэгт очихыг ардчилсан чөлөөт сонгуулиар шийддэг ёсыг тусгаар тогтнолоо олж авмагц тогтоосон. Энэтхэгийн элитүүд төрийн эрх мэдлийг хүч хэрэглэн олж авахаар өөр хоорондоо тулалдаж эхэлбэл хэн нь ч хэнийгээ дийлэхгүй сунжирсан хүчирхийлэлд хүрч Улс нь хэдэн хэсэгт бут үсрэнэ гэдгийг сайн ойлгосон байжээ. Тэд ардчилсан чөлөөт сонгуулиар төрийн эрх мэдлийг шилжүүлэх уг зарчимдаа; анхных нь ерөнхийлөгчийг алсан, ээж хүү Ганди нарын аминд хүрсэн удаа дараагийн террорист өдөөн хатгалга, шашин хоорондын мөргөлдөөнөөс улбаатай өргөн олныг хамарсан хүчирхийллийн дарамт зэргийг үл харгалзан гуйвж дайвалгүй бат зогссон байдаг. Үүнийхээ үр дүнд нийгэм, улстөрийн ямар ч «цунами»-г тэсч чадах тогтвортой төрийг бий болгож Улсаа дархалжээ.

     Япон улс мөн л дорнын соёлын сонгодог жишээ болсон орон. Цэргийн дарангуйллаас салсны дараа төрийн эрх мэдлийг олгох ажлыг ардчилсан чөлөөт сонгуулийн аргаар шийддэг журамтай болсон.Өнөөдрийн япон хүн төрдөө хичнээн сэтгэл ханамжгүй ч байлаа гэсэн ардчилсан төрийн эрх мэдлийг хүчээр булааж авах явдлыг хүн алахтай адилхан нүгэлтэй хэрэг гэж ойлгоно.

Өнөөдөр гэхэд л лалын соёлтой орнуудад ардчилсан чөлөөт сонгуулиар төрийн эрх мэдлийг олгодог журамд шилжихийг шаардан хувьсгал болж байна. Манай 90-оны хувьсгалтай адилхан хувьсгал билээ.

Энэ мэтээр тунгаан бодвол ардчилсан чөлөөт сонгууль нь өрнийхөнд таардаг зөвхөн тэдний үнэт зүйл төдий биш байна. Дахин хэлхэд энэ бол соёлын ялгаанаас нь үл хамааран төрийг тайван замаар бүрдүүлдэх боломж олгодог ганц арга юм. XXI зуунд дэлхийн улсууд энэ арга замыг улам ихээр хэрэглэх боллоо.

 Ардчилсан буюу ард түмэний мэдэж шийдэх ёстой төрийн эрх мэдлийг «хувьсгал» нэрээр хүч хэрэглэн булаан аваад түүнийгээ хүч хэрэглэн хадгалах (хүчээр олж авсан эрх мэдлийг хүчээр хадгалдаг нь жам) аргыг боломжтой гэж боддог улстөрчидтэй Улс одоо ч цөөнгүй бий. Тэдгээр улстөрчид эрт орой хэзээ нэгэн цагт эрх мэдлээ эргүүлж нэхэн хүч түрэн босч ирэх үеийнхэн зайлшгүй гарч ирдэг гэдгийг ойлгохгүй ахархан ухаантай байдаг юм. Нэн ялангуяа интернэтийн эрин үеийнхнийг удаан дарангуйлах бүр боломжгүй болсон. Мэдээлэл хаалттай үед л дарангуйлагч дэглэм хэсэг зуур амьдрах боломжтой. Интернэт тийм боломжийг байхгүй болгосон. Үүнийг ойлгоогүй  Каддафи, ахмад цолтой залуу офицер байх үедээ «хувьсгал» нэрээр төрийн эргэлт хийж байсан аль тэртээ цаг үеийнхээ ухаанаар өнөөгийн цаг үеийг ойлголгүй муйхаралсны гайгаар Ливид иргэний дайнд дэгджээ. Энэ дайны үр уршгаар аймаг, омгууд нь хэдэн нефтийн цооногоо хувааж аваад Ливи улс байхгүй болох биз ээ.

90-ээд оны эхээр манай улсыг удирдаж байсан хүмүүс Каддафи шиг мунхаг байгаагүй юм. Тэд төрийн эрхийг тайван замаар шилжүүлдэг ардчилсан сонгуулийн журамд шилжих нь зөв юм байна гэдгийг ойлгон хүлээн авсан билээ. Тэгээд шинэ Үндсэн хуулиа баталж, Монгол Улсын төрийг байгуулах анхны сонгуулийг явуулсан. Тэр сонгуулиар; ардчилсан хувьсгалыг санаачлагчийнхаа хувьд ардчилсан хүчин баараггүй ялна гэж бодож байтал нөгөө хуучин нам, нөгөө дарга нар маань  ардчилагчдыг «үсгүй» ялаад буцаад гараад ирсэн. Ардчилсан хүчнийхэн хэдийгээр «боож үхэхдээ шахсан» боловч нэгэнт ард түмний сонголт учраас баахан шаралхсан үг хаяж байгаад сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөд өөрсдөө явж «лаазаа өшиглөцгөөсөн»-дөө. Үүнээс хойш Монголын улстөрийн хүчнүүд ард түмнийхээ сонголтын дагуу төрийн эрх мэдлийг тайван замаар ялсан нэгэндээ шилжүүлсээр өнөөдрийг хүрчээ. Улстөрийн намууд төрийн эрх мэдлийг авч өгөлцөж сурсан юм. Ийнхүү улстөрийн хүчирхийллээс зайтай байлгадаг хүн төрөлхтний агуу ололтыг Монгол Улсдаа нутагшуулсаар иржээ.

Харин сүүлийн үед, байгалийн баялаг маань үнэд орсноос хойш ардчилсан чөлөөт сонгуулийг устгаж төрийн эрх мэдлийг хүчээр булааж авах муу ёрын дуудлага хүнгэнээд байх боллоо. Их хэмжээний нөөцтэй нь нэгэнт тогтоогдсон баялаг ордууд маань үндсэндээ төрийн мэдэлд байгаа. Тэгэхээр энэ баялаг болон түүнийг дагалдах үлэмж том бизнессийг хяналтандаа авъя гэвэл төрийн эрх мэдлийг олж авах хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Чухамхүү ийм л шалтгаанаар төрийн эрх мэдэлд хүрэх гэсэн шунал зарим улстөрчдийн ухаан мэдээг алдуулж төрийн эрх мэдлийг хүчээр булааж авах «хувьсгал» хийхийг уриалдаг болжээ. Ингэж цуурагчдын эгнээнд цэргийн хүчээр төрийн эргэлт хийх төлөвлөгөөг чалчиж явдаг, залуу каддафичуудын монгол хувилбар болох «Халагдсан офицеруудын холбоо» нэртэй байгууллага ч байна. Би тэдэнтэй хэдэн жилийн өмнө уулзаж байсан юм.

Энэ мэт эрүүл бус санаа тээсэн хүмүүсийн зорилго хэрэгжиж эхэлбэл Монгол Улсадулстөрийн хүчирхийлэл эхлэх нь гарцаагүй. Байгалийн их нөөцтэй Монгол Улс улстөрийн хүчирхийлэлд нэрвэгдвэл баруун, өмнөд, хойд гэсэн дор хаяж гурван хэсэгт хуваагдан задарч болзошгүй. Магадгүй 10 жилийн дараа Ливи, Монгол зэрэг Улсууд нэг нь нефт, нөгөө нь нүүрсний их нөөцөөсөө болоод улстөрийн хүчирхийлэлд нэрвэгдэн улмаар тарж бутран устсан юм гэсэн түүх бичигдэхийг үгүй гэх газаргүй. Тэгвэл бидний хувьд маш гунигтай түүх болно. Яагаад гэвэл Монгол Улс Ливийг бодвол улстөрийн хүчирхийлэлгүйгээр асуудлыг шийдэх бололцоо олгосон хүн төрөлхтний хамгийн аугаа ололтыг олж аваад байгаа билээ. Түүнийгээ, ямар ч улстөрийн цунамиг тэсэх зэргийн «чулуу» болгож чадаагүйгээс учирсан хэрэг байх бөлгөө. Хураан байгуулсан төр улсыг нь үгүй хийсэн бидний үеийнхнийг Чингис хаан маань мөн ч их хараах бий дээ.