Наадам дуусч амралт эхлээд ч тэр үү, эсвэл их улс төр  эхлэхийн өмнөх нам гүм ч юм уу, ойрын хэд хоног улс төрөөр аядуу­хан бай­на. Харин ам­раад тарчихсан улс­төрчдийг хөдөлгөөнд оруулж бай­гаа ганц зүйл нь гадны гийчдийн айлч­лал. Энэ сарын 27-30-ны өдөр Энэтхэгийн Ерөн­хий­лөгч хатагтай Пра­тиб­ха Девисингх Патил Монгол Улсад төрийн айлч­лал хийхээр хүрэл­цэн ирэх гэж байна. Бүгд Найрамдах Энэтхэг Ул­сын төрийн тэргүүн, Энэт­хэгийн нэгдүгээр ир­гэн, Зэвсэгт хүчний дээд командлагч тэрбээр ма­най улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдор­жийн урил­гаар ирж байгаа юм.

Одоогоос яг нэг жи­лийн өмнө тус улсын пар­ла­ментын доод танхим болох Лок Сабхагийн дар­га хатагтай Мейра Кумар Монголд айлчилж, хариу айлчлалыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнгөр­сөн арван­хоёрдугаар сард хийж байв. Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд Ерөнхийлөгчийн албыг авсныхаа дараа хамгийн анхны айлчла­лаа Энэтхэгээс эхэлж байсныг хүмүүс санаж байгаа байх. Энэ нь 2009 оны наймдугаар сар байв. Ерөөсөө жил да­раа­лан, жилд бүр хоёр ч удаа өндөр дээд албан тушаалын хүмүүс харил­цан нэгэндээ найр тавьж айлчилна гэдэг энгийн хэрэг биш. Энэ бол Энэт­хэг Монголыг, Монгол Энэт­хэгийг "ноцтой"-гоор сонирхож байгаагийн том батал­гаа юм. Энэт­хэг бол сүүлийн үед дэл­хийн бүхий л улс орнуу­дын сонирхлыг татаж байгаа гүрэн.

Дэлхийд маш хур­дац­тай хөг­жиж байгаа орнуу­дын нэг, сүүлийн арваад жилийн хугацаанд эдийн засаг нь дахин дахинаар өргөжсөн. 1985 оноос хойш 431 сая иргэнээ ядуурлаас салгаж, 2030 он гэхэд дундаж амьд­ралтай иргэдийн тоо нь 580 саяд хүрнэ гэсэн тоо­цоотой. Дэлхийд техно­логийн аутсор­сингоороо эхний 15-т багтдаг ком­паниудын долоо нь тэнд байна гэхээр нэг ойлголт төрж байгаа байх.

Мөн харилцаа холбооны салбарт хамгийн хурдацтай хөгж­лийг харуулсан, автомашины үйлд­вэрлэлийн хурдаараа дэлхийд хоёрдугаарт гэсэн үзүүлэлттэй, худалдан авалтын чад­ва­раараа дэлхийд 13-т байгаа, энэ нь 2030 онд тавдугаарт очно гэгдэж байгаа ийм орон яаж ч анхаар­лын төвөөс гадна байх вэ дээ.

Түүх, соёл заншил уламжла­лаа­раа бол тэртэй тэргүй дэлхийн сонирхлын төвд байсаар ирсэн. Харин сүүлийн үед эдийн засгийн бодит өсөлт, аж үйлдвэрлэлийн хөгжил нь энэ орныг бүс нутагтаа төдийгүй дэлхийд анхаарлын төвд оруулаад байгаа юм. Дэлхийд газар нутгийнхаа хэмжээгээр до­лоод, хүн амынхаа тоогоор Хята­дын дараа хоёрду­гаарт ордог Энэтхэг сүүлийн үед зөв бодлого зөв менежментээр хөгжиж байгаа учир 1.2 тэрбум иргэнийх нь хүчирхэг байдлыг нь харж үзэхээс аргагүй болоод бай­гаа. Эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд аравт ороод ирчихсэн шүү дээ.

Монголчуудын хувьд хамгийн том гурав дахь хөрш маань яах аргагүй Энэтхэг мөн. Нэг бүс нутагт байр­ладаг эрт­ний түүхэн харил­цаатай, шашин соёлын нөлөө хамаарал их, эдийн засгийн хувьд хүчирхэгжсэн бас дээрээс нь Ази тивд Монголд хөтөлгөө морь мэт ханьсах ардчилсан орон Энэтхэг учраас томоохон гурав дахь хөр­шид зүй ёсоор тооцогдоно гэж мэргэжилтнүүд үздэг юм билээ. Монголчуудад Энэтхэгийг сонир­хох үндэслэл байна. Дор хаяж дэлхийд моодонд орж байгаа улс гэдгээр нь. Харин энэтхэгчүүдэд Монголын юу нь сонин байгаа билээ. Ер нь аливаа улс орны харилцаа гэдэг хүний харилцаа­тай адил. Хэн хэндээ ашигтай, таатай харилцаа байх ёстой.

Энэтхэг гангийн үйлдвэрлэл, уран, нүүрсийг ихээр сонирхдог. Үүнийгээ ч манай талд байнга илэрхийлсээр ирсэн байдаг. Ер нь ган, уран, нүүрс бол тулгын гурван чулуу шиг байж гэмээнэ их хөгж­лийн үүд хаалга нээгддэг гэдэг билээ. Энэтхэг улс цөмийн эрчим хүчийг хөгжүүлсэн, бас ч гэж олон реактортой. Гэхдээ түүхий эд болох шар нунтаг хомс. Тиймээс бидэнтэй хамтран ажиллах санал тавьдаг. Энэ удаад ч эрхэм Ерөн­хийлөгч үүнийг хөндөх байх. Бас энэтхэгчүүд Монголын коксжих нүүрсэнд ихээхэн анхаардаг. Тэд ийм өндөр агууламжтай нүүрсээ гадагшаа битгий гаргаач ээ, эндээ үйлдвэрээ барь. Ажлын байрнаас эхлээд нэмүү өртгийн ашиг ч бий. Үүн дээр чинь туслахад бэлэн гэдэг юм билээ. Тэгэхийн тулд төрийн өмчит дэлхийд нэртэй том том компаниа оруулахад бэлэн байгаа сурагтай. Бас Энэтхэгийг дэлхийд таниулсан гангийн үйлд­вэр­лэлээ­рээ хамтрах саналыг тавиад ч удаж байгаа. Гангийн үйлдвэрлэл гэж барагтай аавын хүү бариад хийчихдэг бизнес биш гэдэг. Гэхдээ гангийн үйлдвэрлэл бол улс оронд тусгаар тогтнолын батал­гаа, нэр хүнд болж байдаг. Гангийн үйлдвэртэй орон болж гэмээнэ сав л хийвэл дээрэлхэх гээд байдаг хөршүүдтэй улсад зүрхэн тарни нь гэсэн үг. Энэтхэгүүд гангийн үйлд­вэ­рийн тухайд нэлээд нааштай саналуудыг тавьж байсан гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Гэвч Монголд нефть, цемент гээд үндэс­ний аюулгүй байдлын баталгаа болсон үйлдвэрүүд баригддаггүй шиг ган­гийн үйлдвэрийн санал Д.Зоригт сайдын ширээн дээрээс буцсан байх. Энэтхэгүүд Таван толгой дээр америкчуудтай адил, япон­чуудтай адил горьдлого тээж бай­сан нь нууц биш. Гэхдээ одоо бодвол байдлыг ойлгосон биз. Тийм хэдий ч Монгол шиг орны хувьд дэлхийд нэр нөлөөтэй гурав­дагч хөршүүдтэйгээ ойр байж, хамтран ажиллах эх сууриа тавьж байх нь шатахуу­наараа боодог, хилээ хаадаг чанга хөршүүдтэй Монголын хувьд байн­га бодож байх асуудал. Хаданд хавчуулагд­сан халиуны зулзага шиг тэр олон эрх ашгуудыг тэнцүү­лэн байж бодлого шигтгэж, Таван толгойн асуудлаа шийдэх гэж бай­гаа бид­ний монголчуудын хувьд Энэтхэг бол сонирхол татах кан­дидатын нэг мөн.

Энэтхэгүүд бол манайхаас төмөр, ган, уран, нүүрс дээр хамт­ран ажиллахын тулд Хятадаар дамжуулаад 1500 км газар төмөр зам татах боломж бий тухай дур­даж байсан гэдэг. Эс бол Номхон далайгаар тойруулаад зөөвөрлөх боломж бийг ч хэлдэг хүмүүс. Гэхдээ Хятад бол ганцхан улстай хилийн маргаантай байдаг нь Энэтхэг.  Тиймээс манай хоёрыг тэгж эрхлүүлэх нь юу л бол. Энэтхэг, Хятадуудын хувьд Түвдийн өндөр­лөгийн асуудал удаж байгаа үл ойлголцлын сэдэв. Нөгөө талаас Хятадтай хамгийн урт зайнд буюу 4677 км хил залгадаг Монгол орон энэтхэгүүдийн анхаарлыг татаж байх талтай.

Энэтхэг манайх хоёр сүүлийн үед шууд нислэгийн талаар ярилцах болсон нь энэ айлчлалын үеэр яригдаж таарах болов уу. Мэдээж, шууд нислэг хоёр улсын харилцаанд шууд үр нөлөөгөө өгдөг. Дорнын шашин соёлын ойр байдалдаа дулдуйдан шууд нислэгийг бий болгоход эргэл мөргөлөөр тийш зорчигчид дуртай байх биз. Нөгөө талаас Ойрхи Дорнод, Африкийн орныг зори­хоор явахдаа наана нь дэвэн дэлхийг тэнэдэг бидний зовлон шууд алга болох сайн талтай. Тэгэхээр энэтхэгүүдэд гэхээсээ манайд ашигтай шууд нислэгийг удахгүй болох айлчла­лаар хөндөх нь чухал. Мөн Доголон Төмөр хааны ач хүү Бабур хааны байгуулсан Их Мого­лын улсаас гаралтай энэтхэгүүд Чингэсийн удам монголчуудтай батлан хамгаалах салбарт сүү­лийн үед нэлээд ойртон ажиллаж байгаа. Тэр сэдэв ч яригдаж таарах биз ээ. Энэтхэг улс сүүлийн жилүү­дэд АНУ хийгээд Европын холбоо­той эдийн засаг, цэрэг стратегийн салбарт тун ойртон түншилж бай­гаа. Цөмийн зэвсгийг энхийн зорил­гоор ашиглах гэрээ нь анхаарал татдаг. Цөмийн зэвсгийн тухайд зургаа дахь де факто улс гэдгээрээ ялгар­даг. Энэтхэгт 1.3 сая цэрэг армид алба хааж байгаа. Манай улаан­баатарчууд тэр чигээрээ гээд бод л доо. Цэргийн албан хаагчдын тоогоороо тэдний өмнө гишгэх улс дэлхийд хоёрхон л байгаа. 

Энэтхэг бол манайхны хувьд яах аргагүй анхаарал хийгээд эрх ашиг татсан гурав дахь хөрш маань билээ. Улс төрд 27 настай­гаасаа эхлэн 40 жил зүтгэсэн Энэтхэгийн анхны эмэгтэй Ерөн­хий­лөгчөөр тодорсон Пратибха Девисингх Патил гуай ч нэгийг тунгааж ирж буй биз ээ.