“Амьдрахын эрх” гэж асар хүчтэй сонсогддог, харгалзаж үзэхээс аргагүй учир шалтгаан байх. Үр хүүхдээ айлд орхиод харьд одсон эцэг, эхчүүд “амьдрахын эрх” хэмээх энэ асар том халхавчны цаанаас шагалзсаар олон оныг үдэв. Тэр хооронд эмээ, өвөө дээрээ ч юм уу, авга нагацуудын, зарим нь бүр хөлсний асран хамгаалагчийн гэрт тавигдсан хүүхдүүд том болсоор л. Ийм хүүхдүүдийг нийтэд нь “тавиул” гэж өхөөрдөн нэрлэх болжээ. Тэр бүү хэл, ийм хүн амын бүлэг бий болоод, үе тэнгийнхнийхээ, цаашлаад нийгмийн амьдралд ямар нэгэн байдлаар нөлөөлж эхэлснийг үгүйсгэх аргагүй. Улаанбаатар дээд сургуулийн Гэр бүл судлалын тэнхмийн эрхлэгч, доктор Б.Оюун-Эрдэнэ “Ийм бодитой нөлөөлөл бүхий учраас нийгмийн үзэгдэл гэж үзэн, судалж шинжлэх шаардлагатай юм байна” гэж хүлээн зөвшөөрсөн юм. Тэгвэл, тэд нийгэмд чухам ямар нөлөө үзүүлээд байна вэ?

Бийлэгийн буруутгал

Статистикийн хорооноос саяхан ноднингийн Хүн ам, орон сууцны тооллогын дүнг гаргаснаас үзвэл гадаадад зургаан сараас дээш хугацаагаар байгаа хүн амын тоо 107 140. Бүгдийнх нь ард ар гэр, амьдрал ахуй, үр хүүхэд бий. Тэдэндээ зориулан янз бүрийн замаар гуйвуулдаг мөнгөний хэмжээ жил тутам 4.5-5.4 сая ам.доллар хүрдгийг НХХЯ, НҮБ-ын Хүн амын сан, ШУА болон Улаанбаатар дээд сургууль хамтран өнгөрсөн жил хийсэн “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” судалгаанд дурджээ. Энэ их мөнгөний чамгүй хэсэг нь “тавиул” гэж бидний нэрлээд байгаа хүүхдүүдэд ирдэг. Тийм ч учраас тэд бийлэг. Эргэн тойрны хүмүүс, хамаатан садан, багш нар, найз нөхөд нь тэднийг долларын ногоон дэвсгэрт болгож харах явдал түгээмэл байдаг гэнэ. Энэ нэхэл дагал нөгөө л харьд байгаа аав, ээжид нь хүрэх агаад тэд нь “тавигдаж зовсон” үрсдээ харам үгүй. Бийлэг болохоороо тавиулууд тоглоом наргиа, наадам цэнгээнээс буцахгүй. Үеийнхээ хүүхдүүдийг уруу татсан хэрэгт ихэнхдээ тэд л буруудаж, зэмлэл шийтгэл хүлээнэ. Үргэлжийн буруутгалд өөрсдөө ч дасан зохицаад, “буруутай этгээд” болон хувирах явдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн гэх мэдээлэл google-ээр дүүрэн.

Цар хэмжээний багцаалал

Монголын анхны “цахим сургууль” болсон нийслэлийн 84 дүгээр сургуулийн захирал С.Марта хэрэгжүүлсэн хөтөлбөрийнхөө шалтгаан, хүчин зүйлсийн талаар Хөдөлмөр сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Олон учир шалтгаан тоочсоны дунд нэгэн тоо хэлсэн нь сонирхол татлаа. “Өнгөрсөн жилийн судалгаагаар манай сурагчдын 50 орчим хувь нь аав, ээж нь гадаадад ажиллаж амьдардаг, ямар нэгэн байдлаар хамаатныдаа амьдардаг “тавиул” хүүхдүүд гэсэн дүн гарсан. Иймд тэдний эцэг, эх нь дэлхийн аль ч улс орноос хүүхдийнхээ сурлага, сургалтын хөтөлбөр, программ, сургуулийн удирдлага, багшийн ур чадварын талаарх мэдээлэл зэрэг хүүхдийнхээ сурч байгаа сургуулийн тухай хүссэн мэдээллээ цахим хуудаснаас авах боломжийг бид бүрдүүлсэн” гэж тэр ярьжээ. Энэ сургууль 11 жилийн сургалттай, анги тутамдаа 5-6 бүлэгтэй, нийслэлийн томоохон сургуулиудын нэг. Бүлэг бүрт нь дунджаар 20 хүүхэд сурдаг гэж тооцвол сургууль доод тал нь 1100 сурагчтай гэсэн үг. Эдний хагас буюу С.Марта захирлын хэлснээр 50 хувь нь 550 болно. Ганцхан сургуулиар жишээлж гаргасан энэ тоо ЕБС бүрээр үржигдэхгүй юмаа гэхэд гадаадад ажиллаж, сурч, амьдарч байгаа хүн бүхний тооноос хамаарах нь дамжиггүй.

Үнэт зүйлийн томъёолол

Мал хувьчлал өрнөж, зах зээлийн харилцаанд улорноороо шилжсэнтэй зэрэгцээд төв, суурин руу чиглэсэн нүүдлийн хөлд хөдөөгийн бэлчээр талхлагдсан. Малчидмал ахуйгаа нэг бол зарж мөнгө болгох буюу ихэнх нь хамаатан садан, нутгийн танилынхаа сүрэгт тавьж орхиод хот бараадацгаасан. Ингэж тавиул малын “эрин үе” эхэлсэн юм. Тавигдаж хоцорсон мал сүрэг хариуцаж үлдсэн хүмүүсийнхээ хандлагаас шалтгаалаад ердөө хэдхэн жилийн дотор үрэгдэж, хорогдож дууссан гэлцдэг. Хэдий ойрын хамаатан садандаа орхисон байлаа ч тавиул юм үргэлж л хүнийх байдаг. Хүний юманд хүйтэн хандах явдал зөвхөн монголчууд бидний гэм биш. Харин гадаад руу чиглэсэн нүүдлийн буурин дээр хоцорсон тавиул хүүхдүүдийг ямар тавилан хүлээж байгаа юм бол? Дээр өгүүлсэн “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” судалгаанд хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь буюу 41.4 хувь нь материаллаг хэрэгцээ буюу гачигдалгүй амьдрах, ая тух бүхий орон гэртэй байх, хөрөнгө мөнгөтэй явахыг гэр бүлийн үнэт зүйл хэмээн нэрлэсэн байх юм. Харин хүүхдүүдэд энэ асуултыг тавьбал тэд чухам юу гэж хариулах нь тун сонин. Судлаачийн өгүүлж буйгаар, хүүхдийн хамгийн анхдагч хэрэгцээ нь хайр байдаг аж. Хайрлуулах, халамжлуулах эрх хүүхэд болгонд бий. Энэ нь дутагдсан хүүхэд өөр зүйлээр орлуулахыг эрмэлздэг байна. Тийм ч учраас тавиулууд эрт бэлгийн харьцаанд орох магадлал өндөртэйг судлаач онцолсон юм. Гэтэл материаллаг хэрэгцээгээ нэгдүгээрт тавьсан эцэг, эх нь харин сар тутам гуйвуулах ногоон дэвсгэртээр хайр халамжаа орлуулахыг хичээгээд байх шиг.

Үр дүнгүй хуримтлал

Эрэгтэй, 33 настай Б түүвэр судалгаанд хамрагдажкейс ярилцлага өгөхдөө, “Нөгөө талд хүүхэд асуудал ихтэй гэж яриад байгаа. Үгэнд орохоо болилоо, чамайгсанаад уурлаад байна, хичээлээ хийхгүй байна гэх зэрэг юм байнга л сонсогдох болоод байгаа. Бас намайг эндмөнгө үйлдвэрлэдэг гэж бодоод байх шиг байна. Бөөн л юм захисан улс...” хэмээн зовлонгоо тоочжээ. БНСУ-д 13 жил ажиллаад ирсэн 44 настай, эмэгтэй С чухамдаа хүүхдийнхээ л төлөө, түүний ирээдүйн хүмүүжил, боловсролд зориулж мөнгө хуримтлуулахаар анх харь орныг зорьсон гэх. Явахад нь охин 8-хан настай байжээ. Охиноо л бодож, түүнийхээ төлөө зүтгэж байгаа гэсэн бодлоороо хүч орж ажилладаг байсан гэнэ. Гэвч хүрээд иртэл 20 гарсан охин нь эцэггүй хүүхэд тэвэрчихсэн, дунд сургуулиа арай ядан дүүргэсэн, гадуур тэнэмтгий, хэдэр цочмог ааштай, тамхи их татсанаас болж уушгиндаа согогтой, ер нь л эрүүл саруул бус нэгэн болоод хүлээж байж. Бусдын дор оруулчихгүйг хичээж мөнгө илгээдэг байсан ч өөрөөр нь, хайраар нь дутаж суугааг тэр хүрч ирсэн хойноо л анзаарчээ. Охиныгоо маш өндөр боловсрол мэдлэгтэй хүн болгохын тулд үнэтэй сургуульд сургана даа гэж бодож явсан нь талаар болов. Яагаад гэвэл охин нь сургуульд сурах чадваргүй болсон байж.

Аав, ээжийн тухай төсөөлөл

“Өглөг төгөлдөр” аав, ээжийгээ тэд хэрхэн харж, тэдний тухай яаж сэтгэх болсныг тааж тааварлахад түвэгтэй. Утасны цаанаас дуугардаг, комьпютерийн тэртээгээс чааталдаг тэднийгээ огт хараагүй, зүс танихгүй тавиулууд ч цөөнгүй бий. Хүрээд ирэхэд нь нисэх буудалд угтлаа гэхэд түрүүлээд олж харж чадахгүй тэдэнд эцэг, эхийн тухай үзэл бодол хүртэл энгийн хүүхдүүдийнхээс шал өөр болчихдог аж. Нэгэн танилыг маань 5-тай охин нь “Япон ээж ээ” гэж дуудах. Японд тийм ч их удаагүй тэр охиныхоо жааханд хоёрхон жил явсан юм. Ирэхэд нь бишүүрхэн тойрч гүйж, ойртож ядаж байсан охиндоо тэр “япон ээж” харагдаад, тэр чигээрээ үлдчихжээ. Дахиад л судлаачаас эшилье. Доктор Б.Оюун-Эрдэнийн өгүүлснээр, тавиул хүүхдүүдэд ноцтой гэж хэлэхүйц гурван хохирол учирч байгаа гэнэ. Эхнийх нь, мэдээж эрх нь зөрчигдөж байгаа явдал. Хоёрдахь нь, хүүхдийн хэвийн хөгжилд саад учирч байгаа, гуравт, тэдний сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэнэ. Аав, ээжийн эзгүйд хэдийгээр садан төрлийн ч гэлээ айлд байгаа хүүхэд эргэн тойрныхоо хүмүүстэй хэвийн харилцаж чаддаггүй, ямар нэгэн хэмжээний бүрэгшил, айдас, ганцаардалд байхын зэрэгцээ үргэлжийн эцэг, эхээ санасан санагалзалд байна. “Аав, ээж нь хол байгаа юм, хөөрхий” гэж өрөвдөж, өөрийнхөө хүүхдээс илүү сайнаар хандах монгол хүмүүсийн хандлага харин ч тэдэнд буруугаар нөлөөлдгийг мэргэжилтнүүд байнга л ярьдаг. Хүний, өөрийнгүй адил хандаж байна гээд зодож занчаад эхэлбэл бас л асуудал үүснэ. Гэхдээ л тавиул хүүхдэд “тэгш эрх” хамгийн их хэрэгтэй байдаг аж.

Эцэст нурших илүү үглэл

“Гэр бүл бол тогтолцоо”, “нийгмийн бүрдүүлэгч чухал нэгж бол гэр бүл”, “гэр бүлийн сайн сайхны төлөө”... Уриа лоозон, хоосон яриа, хэрэгтэй хэрэггүй томъёоллуудын дор монгол бүлийн бүтэц өдөр хоногоор өөрчлөгдсөөр. “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” судалгаанд гэр бүлүүдийн хэв маягийг дан, нийлмэл, өрөөсгөл, ганц бие гэж ангилсан байхад Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын “Үндсэн үр дүн” баримт бичигт ганц бие, ам бүлээрээ байгаа, нийлмэл, холимог гэж ангилжээ. Гадаадад ажиллаж байгаа хүмүүс, тэдний ар гэрийнхнийг судлаач “хил дамнасан гэр бүл” хэмээн нэрлэн ярьж байсныг хэлэх хэрэгтэй. Мэргэжилтнүүд хүртэл олон янзаар нэрлэж байгаа эдгээр хэв маяг бүрийн цаана харилцаа, амьжиргааны, хүүхдүүдийн амьдрах орчин нөхцлийн түг түмэн загвар оршиж байгаа. Амьдралын бүх учрал явдлууд гэр бүлд, айл өрхөд өрнөдөг гэх ерөнхий ойлголттой харгалдуулж хараад, тэр бүхний дотор хүүхдүүд үргэлж байгааг анхаарч үзвэл бидний хөндөөд байгаа сэдэв хэр өргөн хүрээтэй болохыг анзаарч магад. “Олон улсын хөдөлмөр эрхлэлтийн шилжилт хөдөлгөөн” гэж социологичдын модчилон томъёолсон үзэгдэл монгол гэр бүл, тэр дундаа хүүхдүүдийн амьдралд цоо шинэ бэрхшээл бий болгоод байгааг мэдэхийн дээдээр мэдээд байгаа маань өнөөдөр даанч хангалтгүй байна.