Энэ жил лав Улаан­баатар хот хавьцаа бороо хур тэгширсэн өнтэй зун болж түүнээ дагаад улсын наадам үзэгчдэд эерэг сэтгэгдлийг хоногшуул­лаа.

Ярих юмгүй сайхан наадам гэцгээж байна. Санамсаргүй энэ үгийн ард талд нээрэн “ярих юмгүй” наадам болдог болчих вий дээ гэсэн болгоомжлол бий.

Одоо наадмын дараа ярьж байгаа гол сэдэв бол Үндэсний баяр наадмын дүрэм, хуулийг эргэж ха­рахгүй бол хоцрогд­чих­жээ л гэцгээж байх шив.

Олон мянган жилээр уламжлагдан ирсэн мон­голчуудын энэ өвөрмөц баяр (наадам)-ыг эрс өөрч­­лөх нь утгагүй. Ха­рин төгөлдөр болгох тал дээр л хүмүүс санал бод­лоо уралдуулж байгаа хэрэг.

Энэ жилийн төдийгүй ер нь сүүлийн үеийн наад­мууд хэрхэн болж өнгөрсөн гэхээр улам яв­цуу хүрээнд болоод бай­гаа юм. Аливаа наадам бол зоосны хоёр тал шиг үзэгчид, уралдагчид хоёр нь үргэлж хамт байх тө­дийгүй тэнцвэртэй байж гэмээнэ сая баярласан болдог. Гэтэл манай бөх­чүүд, уяачид, түүний эргэн тойрон дахь хүрээнийхэн наадмын энэ өдрүүдэд бүр хүнээ байж, одоо юу ч гэмээр юм бэ дээ. Нэг л их онгирсон, пээдийсэн, нуугдсан, зугтаасан гажиг юмнууд болцгоодог. Сур­чид, шагайчид нь арай гайгүй. Үзэгчид их ша­ваад ирвэл мөн л зан нь эвдрэхэд тун ойрхон.

Тэгэхээр үзэгчдийн сэтгэлийг татах, янз бү­рийн насныхны сонирх­лыг аль болох жигд татах тийм л наадмыг олон хүн хүсдэг юм байна. Ялан­гуяа манай залуу үе наа­дам гэхээс дургүй нь хүр­дэг болчихсон нь түгшүүр шүү. Залуус тө­дийгүй дунд үеийнхэн саяын өнгөрдөг наадмын энэ олон өдрийн амрал­тыг залхаалт мэтээр өнгө­рүүлж байх юм.

Тэдний хувьд үндэсний бөхийн барилдаан гэхэд л өглөөний арван цагаас шө­нийн нэг цаг хүртэл үргэл­жилсэн нэгэн хэвийн уйтгар­тай ноололдоонууд, хурдан морины уралдаан нь хүлээж хүлээж арван секунд ч хү­рэхгүй хугацаанд огт танихгүй нэг морь гялсхийн давхиад өнгөрөх төдий үзэгдлүүдийн төлөө өчнөөн хоногоор аж­лаа хойш тавин байж тухлах нь дэндүү утгагүй аж. Хамгийн гол нь үзэгчид морь бөхөө танихгүй, тэд өөрсдийгөө таниулахыг ч хүсдэггүй уч­раас энэ зай жил ирэх тусам улам алсраад байгаа. Жил жилийн наадмаар хэвлэл мэдээллийнхэн гомдол гар­гадаг нь дэмий үг биш. Тэд л бидэнд тэднийг үзүүлж бай­гаа юм шүү дээ. Гэтэл аль үзчихмээр сонирхчихмоор юм болгон дээр наадмын комисс, эрхтэн дархтан, за тэгээд хүчний байгууллагын­хан гэсэн цөөн хэдэн нөхөд бүчиж аваад хаачихдаг. Ар­дын наадмыг ардчилалгүй болгодог хүнд суртал, гох дэгээг бичээд баршгүй.

Одоо энэ бөхчүүдийг жаа­хан алсаас эсвэл олон жилийн дараа эргээд дурсах хэрэг гарвал  өнөөдрийн сэт­гэлийн хөөрлөөс их өөр дүр зураг харагдана. Ид ба­рил­даж байгаа мянган бөхийн талаас илүү нь “ноёны бөх” данстай, давхар баяны ха­рьяат хаягтай, улсын цолны төлөөгөөс илүү цэрэг цаг­даагийн хурандаа хошууч болох гэж барилдсан болж таарна. Тэр нь дүүрч гэхэд дараа яригдах олигтой домог байхгүй. Хэвлэл мэдээллээс нуугдаж, ярилцлага өгөхгүй, өгсөн ч дандаа худлаа, бөө­рөнхий юм ярьдаг, сайндаа л тэр энэ компанидаа баярла­лаа гэх реклам хэт цацдагаас болж “ярих юмгүй наадам” бий болгоод байна. Оронд нь юу яригдаж байна гэхээр үнэн худал нь мэдэгдэхгүй элдэв цуу, найрааны ханш зэрэг аль булай явдал нь домог болж үлдэх юм уу хаашаа юм. Энэ нь өөрөө наадмыг хөгжлийн оргилд нь хүргээд эргээд мөхлийн эхлэлийг тавьж буй мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй бууна.

Наадам нь ганцхан тэр өдрийн явдлаар зогсохгүй хойтон жил хүртэл яригддаг, зарим нь олон жилийн турш дурссаар байх тийм драмлаг, амьдралыг улам олон талт баялаг болгодог түүхэн үйл явдлын нэг билээ. Үндэсний бөх дэх эртний уламжлалт домог гэхээр аварга арслан­гуудын өргөж тээж байсан тэмээ, буур, хад чулуу, араа­тан гээд үлгэр шиг юмнууд хөвөрнө. Чухам түүнийг ярьж дурсч бөхөө хайрлаж, дур сонирхолтой болцгоодог. Түү­­ний дараа үеийнхэн боло­хоор орчин цагийн бөхийн төрлийн олимп, дэлхийн шилд­­гүүд болцгоон өөрийн гэсэн домгийг бүтээсэн. Үзэг­чид ийм домгийг л одооны залуу­саас хүлээгээд байгаа юм. Тэгж байж л сая бөх гэж хүлээн зөвшөөрөх гэнэ. Энэ нь төлбөрөө төлөөд авчихаж болдоггүй хамгийн хэцүү бос­го аж. Гоо бүсгүйн тэмцээнд оролцогч охид дараа нь бай­галь орчин, энэрэлийн үйл хэрэгт оролцон нийтийн хай­рыг татаж байхад манай бөх­чүүд дараа нь яадаг билээ. Аль болох бусдын дургүйг хүргэх гэж буй мэт эдийн шуналд автан, эрх мэдэл, албан тушаал булаалдан төрөл арилждаг. Зарим нэг нь аягүй амархан “бөх” болчи­хож байгаа нь бөхийн нэр төрд төдийгүй өөртөө ч гай тарьж байгаа хэрэг. Бөхийн найраа гээчийг сонсож бай­хад арай л эхлээд цолоо аваад дараа нь бөх болох л дутаад байна. Сум, аймгийн хувьд бараг тэгдэг юм шиг байна билээ. 2000-аад оны үеийн Монгол бөхийн ийм орчин дундаас түмэн жилдээ яригдах ямар гээчийн домог үлдэх бол. Энэ бол анхаар­вал зохих сэдэв мөн.

Наадмыг үзэгчдийн тусын тулд шинэчлэх санаа энэ жилийн баярын дараа арга­гүйн эрхэнд ярих хэрэг гар­лаа. Сая ч ёстой баллаж өглөө. Тэр мянган бөхийн барилдаан гэхэд л өөр юу ч үзүүлэх, морь цоллох ч зав гаргасангүй. За тэгээд замын түгжрэл, бөхийн дүрмийн цоор­хой, түүнийг шүүж бай­гаа царай, адгасан бухимд­сан мянга мянган нүүр хуви­рал, хэт баян хоосны ялгаа, танихгүй мэдэхгүй, ойлгомж­гүй юмс үзэгдлээр дүүрэн  зүгээр л бөөгнөрсөн хэт цуг­ларалтуудыг наадлаа гэхэд хаашаа.

Энэ зун 4000 бөх барил­дуулна гэж байна. Эндээс нэлээн туршлага сурах болов уу. Цаашид наадмыг хийхдээ сум, аймаг, улс гэсэн гурван шат дараалалтай явуулбал арай цэгцтэй болмоор юм шиг. Наадамд оролцож бай­гаа нөхдүүдийн хаягийг сон­сож байхад  Улаанбаатарын морь, бөх, сур гэж байдаггүй. Тэгэхээр эхний шатанд су­маасаа шалгардаг болцгооё. Хурдан морины бага сунгаа эхлэх үеэр сумын наадам болж, аймагт хурд хүчээ со­рих эхний визээ авна. Хөдөө­ний ихэнх сумд наадмаараа зөвхөн өөрсдийнхөө харьяат морь бөхөө уралдуулдаг бол­сон байна билээ. Хот хүрээ­нээс нутгийн хүүхдүүд нь ирж оролцож болно. Тэднийгээ бүгд таних тул асуудалгүй. Морины хувьд бүр амархан. Газрын мухраас жирийн мал­чин  “портер”-оор  адуу ачиж ирээд уралдчих юм. Тэгээд долдугаар сарын нэгэн хоё­рон хавьцаа бүх аймгууд зэ­рэг наадмаа эхэлж, эндээс Улаанбаатар зорих  цөөн шилдэг баг босч ирнэ. Нэг аймгаас тус бүр хэдэн морь бөх ирэх, эсвэл аймгуудын хүн ам, спортын онцлогоос хамаарч өөр өөр квот тогтоох зэрэг өөрчлөлт гарах байх. Ингэж хоёронтоо шигшиж  шалгаруулахаар улсын наа­дам чанаржиж, үзэгчид үзэх багцаатай, төдийгүй өөр хоо­рондоо мөрий бооцоо тавих боломж ч гарна. Долдугаар са­рын 11, 12-ны энэ өдрүү­дэд Төв цэнгэлдэх болон бусад үзвэрийн газруудад өөр олон сонирхолтой хөтөл­бөрүүд зохиох цаг гаргах гэж ийм зохицуулалт хийж бай­гаа хэрэг. Өөр бас нэг санал байдаг. Бөхийн нэгээс гурвын давааг ойролцоох Зуунмод, Дархан, Өндөрхаан, Арвай­хээр гэсэн хар зам холбогдсон сууринд дөрөв хуваан хий­гээд маргааш нь ч юм уу Улаанбаатарт үргэлжлүүлэх тухай. Мөн хурдны морьдыг нас, насаар нь тараан эдгээр газарт уралдуулах санал нь арай төвөгтэй. Нэг уяач зур­гаан нас уячихсан бол яах вэ? Ер нь морины уралдааныг гурван насанд цомхотгоод оронд нь эрлийз адуу гэсэн төрөл оруулчихаж болмоор юм гэдгийг сая харлаа. Одоо хүмүүсийн амьдрал их бо­ломжтой болчихсон, дундаж амьдралтай иргэд жилдээ нэг наадмаар нутгаадаа барил­дахгүй байсан ч зорих шалт­гаан гарна. Яваандаа төвлө­рөл ч арай багасах юм билүү. Улсын наадмын үзвэрийн ихэнх хувь нь зөвхөн бөх биш болж оронд нь үндэсний онцлог бүхий өөр наадмууд түрэн орж ирвэл хойч үеийн­хэндээ Монголыг тал бүрээс нь таниулах, гадаадын жуулч­ны үзэх юмны тоо нэмэгдэх юм даа.

Тэр цаг аваад байгаа бө­хийн дүрмийн хувьд барьц сонгохдоо шодолтоос бус идэвхээр, идэвх адил гэж үзвэл жин багатайд нь барьц олгох, давуу барьцаар дав­сан бөх дараагийн даваанд барьц сонгох эрхгүйгээр барилдах зэрэг өөрчлөлт бөхийг хурдлуулахад нөлөө­лөх байх. Яг тэр барьц сонгох агшинг хэрхэн хурдан гүйцэт­гэх нь бас проблем болоод байгаа. Улсын наадмын да­ваа нь хэвээрээ мөртлөө ба­рилдах бөхийн тоо нь цомхон болбол талбайд наймаас илүүгүй хос барилдах бо­ломж гарна. Тэр хэрээр теле­визийн олон камер ажил­луулж дэлгэцээр газар дээр нь олон талаас үзүүлж мар­гааныг шийдчихэж болно. Найраа хийдэг нь үнэн бол бөхчүүдээс хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг, АТГ-аар шал­гуулдаг эрх зүй боловсруу­лаад үзэх хэрэгтэй. Зарим нэг нөхөр ч сэжигтэй шүү.

Маш их бэлтгэл хийсэн, маш их ивээн тэтгүүлсэн гэ­хээс өөр намтаргүй, “ярих юмгүй сайхан” наадам үргэл­жилсээр.