Ерөнхий сайд ардчилсан Мон­голд чөлөөт хэвлэлдээ шүүмж­лүүлж байх нь жам юмаа. Гэхдээ буурь суурьтай мэдээллийн хэрэг­сэл бол зөвхөн зүхэхээ урдаа бариад байдаггүй. Айсандаа, авли­га авсандаа биш. Аль болох бодит үнэнийг эрэлхийлэх замд дандаа муу явдал тааралдана гэж юу байхав.

Сая Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мал аж ахуйд чиглэсэн, малыг эрүүлжүүлэх "Та­ван Эрдэнэ" хөтөлбөр санаачилж байгаагаа зарлалаа.

Хотод өсч төрсөн хүүхэд гэхэд хөдөөний депутатуудын санаагүйг санасан нь гайхалтай. Түүний  сайн бизнесмен зан чанар нь төрд бас их  хэрэг болох юм. Мал гэхээр л мэдэмхийрцгээгээд байдаг боло­хоос яг малын эмчээр нь дамжуу­лаад энэ салбарыг босгох тухайд санаа оноо явдаг л байсан байх. Мал, махны асуудалд маруухан байх магадлалтай ч энэний ард олон хүний амьдрал, эрх ашиг байгааг олж харсан байна. "Таван-Эрдэнэ" нь ажил болж таарна. Энэ ажил бүтэмжтэй болбол манай мах экспортод саадгүй гарна. "Эмээлт" дэх нэхийний, "Хүчит Шонхор"-ын махны ченжүүдийн тааллаар үл барагдах энэ баялаг үнэ цэнэгүй урсахаа болино.

Нэгэнт мал анхаарлын төвд ороод ирэхлээр мал, малчин тойр­сон өчнөөн асуудал босч ирнэ дээ. Зарим томоохон кампанит ажлыг сэтгэлийн хөөрлөөр хийчихсэн мэт байдаг. Өмнөх Ерөнхий сайд С.Бая­рын "Атрын-III аян" үнэндээ тийм чухал юм биш байсан. Хята­дад "Соёлын хувьсгал"-ын жилүү­дэд айл бүр ган үйлдвэрлэцгээе гэж хөөрцөглөөд баларсан гэдэг. Тэрэн шиг гуравхан сая хүний идэх гури­лын төлөө дэндүү олон тариа­ланч­дыг хөөрөгдсөн юм. Одоо түрүүчээсээ буудай илүүдэж авах газар олдохоо байлаа. Их л өлсгө­лөн нүүрлэсэн оронд юу юм гэхээс хүнсний хэрэгцээнээс улам шахаг­даж байгаа энэ буудайн гурилыг бага газарт хэдхэн компани хий­чихдэг болоод удаж байна. Хүмүү­сийг нэг насаар нь газартай хаддаг явдал Хятадын хөдөөгийн бөглүү тосгонд л үлдсэн. Одоо Монгол Улсын гурилын хэрэгцээг Төв, Сэлэнгийн хоёр гуравхан том ком­пани өлхөн хангадаг бөгөөд бусад будаа нь Зүүнхараагийн спиртийн үйлдвэрт ачигддаг.

Ихэнх айл хуучин шиг өдөр турш боорцог хар цайнд хөшиглөж идээд орой гурилтай шөлөө уугаад хонодгоо больчихсон байгаа биз дээ. Энэ  жил тариа хааяагүй сайн ургаад тэгж цамаархаж бай­гаа юм биш. Цаашид гурил, элсэн чихэр, давс гурав бага байвал сайн л биз.

Махны хувьд өөр. Монгол хүн чоно хоёр махнаас мөд гарахгүй нь тодорхой. Нэг хэсэг цагаан хоол гэж жаал ярьсан боловч дэлхий нийтээр эргээд махандаа орж байна. Орохдоо харин ориг мах хайдаг болж. Тэр нь бараг ганцхан Монголд байх боломжтой. Чухам энэн дээр л Сү.Батболд уурхайгаас илүү унага, тугалын тураг мах ашигтай гэдгийг хэлээд байна.

Малыг төхөөрөхөөс бусад нөх­цөлд алахгүй, эрүүл байлгах өөр эрхзүй байдгийг бид ерөөс тоо­доггүй. Хүн төрөлхтөн байгаль амьтны өмнө үүрэг хүлээдэг. С.Бат­болд нарын сурч боловсорсон орчинд, гадаадад хэн нэгэн гэртээ ганц муур тэжээх болоход ямар их шалгуур шаардлага тавьдгийг анзаарсан байх. Гэтэл манай мал­чид мянга түмэн амьтны амь насыг хариуцчихаад хотоор нь зуданд, шүлхийнд хиаруулж хаячихаад гавьяа байгуулсан юм шиг тусламж нэхдэг. Хойд нас гэж байдаг бол тамд унах нүглийг хүйтэн дотортой муу малчин үйлдсээр байна. Тэд­нийг амьтны амь олноор нь зүй бусаар бүрэлгэсний төлөө эрүү­гийн гэмт хэрэгт татах нь шударга ёсонд нийцнэ. Амьтныг маллаж чадахгүй байж олноор нь эзэмшиж тарчлаан зовоох, өвчлүүлэхийн эсрэг газар сайгүй тэмцэл өрнүүл­дэг юм билээ. Орчин үеийн энэ стандартад тэнцэх боловсрол, ухамсартай малчин хичнээн байдаг вэ?  Бэлчээр дээрх амьдрал  элэг эмтрэм үйл явдлаар дүүрэн. Сохор доголон, эргүү, шүлхий, хамуу хачгандаа баригдсан өнчин ца­гаан ботго идшинд ачигдсан ээжий­гээ санан гадсаа тойрон өдөржин уйлна. Амьдаараа өтөж үхэж бай­гаа мал аврал эрэн эзэн өөдөө царайчлахад хээвнэг өшиглөж үзчихээд яваад өгч байгаа юм даа. Ийм муусайн дуракууд манай мал аж ахуйг хариуцан хөдөө хоцор­сон. Тэднийг нэг бол бүгдийг нь хөөж авчрах эсвэл малаа малласан шиг малла гэсэн хатуу үүрэг тулгах хэрэгтэй байна. Цаашлаад байгаль орчинг хамгийн их бузарлаж байна. Уул уурхай биш даац нь хэтэрсэн малын хөлөөр нутаг орон доройт­сон гэхэд хилсдэхгүй. Аль өвс устай газарт шавц­гаан талыг там болгож дахиж сэргээ­хийн аргагүй шивтэр намга болгож буйн буруу­тан мал биш, хүн өөрөө. Мянган зээр, зуун хонины даацтай тэндээ эрх дураараа үс нь сорлоод явдаг байгаль эхийн зохицолдоог ашиг­гүй нүүдлийн мал аж ахуй түйвээж орхисон.

Их олон газарт өчүүхэн цас ороход ер нь цас орохгүй байсан ч өвөл мал хаана бэлчиж өдрийн өлөө залгах нь эргэлзээтэй байна. Мөн өвс ногоо ургасан цагаар ургамлын сорыг идсэнээр "ориг" мах бий болох онол байх болов уу. Тэгвэл бэлчээр нь лууль шарилж, хогийн ургамлаар дүүрсэн, цар­цаа хорхой үржсэн орчинд саалийн үнээ гялгар цаас идээд зогсож байна. Тийм малын мах эрүүл байх үндэслэл бий гэж үү.

Вакцин, туулга, угаалга хийх замаар малын эмч нарыг малд нь ойртуулах ажил гаргаж өглөө. Энэ алхам цааш үргэлжлэх нь тодор­хой. Төрөөс одоо л бодит байдлаар малдаа анхаарал тавьж эхлэх нь. Магадгүй зарим хүмүүс мал дээрээ буцаж очих байх. Мал аж ахуй арилжааны эргэлтэд ороод эхэл­бэл эзгүйрсэн хөдөө ажил хэрэгч эзэнтэй болж, боловсролтой ма­лын эмч нар бодлого барих болно.

Засгийн газар Хөдөө аж ахуйн яамаараа дамжуулан малчдыг зохицуулах гэхээр бүрэн тусгаар тогтносон нүүдэлчид үгэнд ордог­гүй. Төрийн мэдлийн ишиг ч байхгүй ХХААХҮЯ  төлийн мэдээ нэгтгэхээс өөр үүрэггүй явсаар ирсэн. Одоо тэгвэл энэ салбараас эрүүл малтай болох, эрүүл малаас эрүүл мах, арьс, эрүүл малчин, эрүүл Монгол хүн нэхэх эрхтэй  боллоо. Манайх­ны өвчлөөд байгаа өвчний багагүй хувь нь малын гаралтай бүтээгдэ­хүүнээс халддаг нь ийм алхам хийхэд хүргэсэн юм. Хаа сайгүй орчин нь химижиж, хөгжлийн сүү­дэр туссан өнөө цагт бактер үржих­гүй тийм онгон тансаг газар Мон­голд бараг байхгүй. Хөдөө гялгар уут хийсч, шатахуун ханхалж, хү­мүү­с­ийн хаясан хогноос хорт ялз­маг ханхалж байна. Үүний үр дүнд байсгээд л халдварт боом, шүлхий, тахал дэгдэн тэр нь мэдээллийн хэрэг­слээр дуулиан татдаг. Муу үгний модон улаа гадаад худал­даанд нөлөөлж балиар малчдын гар дээрээс ирэх ямар ч батал­гаагүй  махыг хилээрээ оруулахаа больчихлоо.

Уг нь манай хамгийн том экс­порт байх бүрэн боломжийг малын өвчний тухай мэдээллүүд ийнхүү хаасан. Гадаад зах зээлд тариа будаа, электрон бараа зэргээр өрсөлдөх гэхээр тэр чигийн орон зай нүх сүв их л хэцүү олдох байх.  Харин малын байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн гээд реклам­даад зүтгэвэл арай үнэмшилтэй сонсог­доно. Монгол махны амтанд орчихсон Орос, Япон, Солонгосууд бүр Арабын орнууд ч байна. Гэтэл өвчтэй малаар уул талыг дүүргээд түүнээсээ өөрсдөө өвч­лөөд юун экспорт импорт манатай.

Нэн тэргүүнд байсгээд тусаад байдаг шүлхий, галзуу, боом зэрэг сэжгийн өвчний голомтыг нь уст­гахын тулд Засгийн газар хөрөнгө, уриалга, хөдөлгөөн, аян, юу л байна бүхнийг тийш нь хандуу­лахаар болчихлоо. Олонх энэ арга хэмжээг дэмжээсэй билээ. Малын бараа хараагүй хотын хүүхэд гудманд хөдөөнөөс ирж зарж бай­гаа сүүг авах гэж очоод амсаад шууд бруцеллёз гэдэг өвчин тус­чихсан байна лээ.

С.Батболдын Засгийн газар энэ ажлын ард амжилттай гарвал Мон­голын ард түмэнд том буян болно.