Сэтгүүлч бидэнд таньдаг таньдаггүй олон хүнээс захидал ирдэг. Хоёр хоногийн өмнө авто замын инженер олон жил хийсэн нөхрөөс минь захидал ирлээ. Захидлыг ямар ч засваргүйгээр уншигч тандаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид уламжилъя.

“Сайн байна уу, Дашка. Сайхан намаржиж байна уу. Би уулзаж ярилцахын оронд, өөрийнхөө болон бусдынхаа санаа бодлыг үгээр илэрхийлсэн нь дээр гэж бодлоо. Чи мэднэ, би хүнд амаар юм ойлгуулахдаа тааруу золиг л доо.

 Өчигдөр над дээр манай хэдэн ахмад инженерүүд ирцгээлээ. Зорилго нь гэвэл, сонгууль дөхөөд мөнгө олохоос өөр юм бодохоо байсан эрхмүүд,авто замын мөнгөнөөс арван хувийг нь шууд авахаар дээрэм хийж эхэлж байгааг яаж олон түмэндээ, Ерөнхийлөгчийн чихэнд хүргэх вэ, болбол Ерөнхийлөгчөөр УИХ-ын намрын чуулганы нээлт дээр энэ тухай хэлүүлэх юмсан. Үүнийг “Өдрийн сонин”, “Нийслэл таймс” сонин, сэтгүүлч чамд дуулгах юмсан гэж ирцгээжээ.  Ямар ч байсан үнэн юмыг хааяа ч гэсэн түс тас хэлчихдэг хүнд үнэнийг дуулгах нь зүйтэй гэж намайг шахав. Бас чи бид хоёрыг найз гэдгийг зарим нь мэдэх болохоор итгэсэн хэрэг. Тийм учраас энэ байдлын тухай арай дэлгэрэнгүй тайлбарлах гэж оролдъё.

 Өнгөрч байгаа онд манай Авто замын салбар бараг юу ч хийсэнгүй. “Авсан авгай жирэмсэн, гарсан хүүхэд хожгор” гэдэг шиг барьсан зам бүхэн нь ямар нэгэн гажигтай боллоо. Их бүтээн байгуулалт ч билүү, сүржин нэртэй ажлыг хүлээсээр байгаад замчид энэ жил юу ч хийлгүй даржин өнгөрөөлөө. Аймгуудын төвийг нийслэлтэй хар замаар холбох нь явж явж сонгуулийн мөнгө босгох  болж хувирлаа. Манай замын салбарын бараг захирал бүр л “Би чамд зам авч өгнө, нам Их хуралд өрсөлдөх хүнд өгнө гээд байх юм. Одоо яах вэ, ёстой хэцүү байна даа гээд л зовлон нөхдүүд зовлон тоочно. Тэр ч байтугай яаман дээр удирдагч  хоёр намын зам хуваарилах, хуваах нэртэй /сонгуулийн мөнгө босгох/ ажлын  хэсгүүд бий болсон байх юм. Харин АН-ын ажлын хэсэг нь тэгс гээд больсон байна лээ. Х.Баттулга сайд нэрээ бодоо биз, эрх биш ичээ байлгүй. Харин МАН-ын аппарат ч жинхэнэ ажиллаж байгаа гэсэн.

 Саяхан Монголын Авто замчдын холбооноос нэг км замын жишиг дундаж үнийг 580 сая гэж зарласан. Тэгэхээр үүний 58 саяыг нь  нөгөө эрхэмд өгөх нь л дээ. Ингээд байвал зам яаж ч чанартай болох вэ дээ. Чанаргүй зам барьж байгаагийн нэг шалтгаан нь энэ ч юм. Мөн ч олон жил хуссандаа. Уг нь энэ  дөрвөн жилд нийт 5700 км зам барих ёстой байсан юм.

100 км зам авч өгсөн нөхөр 5.8 тэрбум төгрөг авах боллоо. Бүүр цагаандаа гарчээ. Энэ мөнгөөр нөгөө жижигссэн тойргийн бүх хүмүүсийг худалдаж авах нь л дээ. Үүнд сэтгүүлч чи, зам барьдаг инженер би бас орж байгаа шүү дээ. Би ч өгсөн мөнгийг нь аваад санал өгөхгүй, ямар нэг замаар эргээд замдаа хандивлана.

Дашкаа, нэг иймэрхүү л юм энэ манай замын салбарт болж байна даа. Тийм учраас замчин бид хуваарилж байгаа замын урьдчилгаанаас /энэ нь 20- 30 хувь байдаг юм/ сонгууль өнгөртөл татгалзах нь зүйтэй гэж ярилцацгаав.  Тэр нь сонгууль өнгөртөл зам хийхээ больё гэсэн аргаа ядсан үг. Барилгын материал үнэд орсон, дээр нь арван хувийг нь айлгаж байгаад урьдчлаад аваад явчихна. Зам муу хийсэн муу нэрийг замчин бид хүлээгээд өнгөрсөөр олон жил боллоо. Тэртэй тэргүй Засгийн газрын мөрийн хөтөлбөр манай замын салбарт биелэх нь өнгөрсөн. Нэг жил тэссэн юм чинь  зургаан сар тэсэх байлгүй. Арван хувийг нь заавал өгөх ёстой тийм хувь заяатай юм бол тэр шинэ Их хуралд нь өгцгөөе гэлээ.

Анх удаа бид улс орныхоо төлөө, хоногийн хоолноосоо, татгалзахаар шийдэцгээв. Зам гэдэг  чинь ямар их үнээр босдгийг чи мэдэхгүй л дээ. Гэхдээ одоо яая гэхэв.. Ер нь бусад салбарын хөрөнгө оруулалтыг ч гэсэн ингэж уриалмаар байна. Үүнийг л түмэн олонд хүргэж туслаач гэж гуйя. Одоо бидэнд итгэж байгаа  ганц зам бол ардчилсан  Ерөнхийлөгчийн чихнээс нь хонх уяж дуулгах,  Ерөнхийлөгчийг одоо нээгдэх чуулган дээр хэлэх үгэндээ 330 тэрбум 600 сая төгрөгийг төсвөөс хулгай хийж сонгуульд оролцохоо зогсоо гэж тэр төсвийг батлах гээд гэмгүй царайлаад сууж байгаа эрхэмүүдийг улайтал нь авахуулах   юмсан. Энэ захидлыг бичсэн миний нэрийг битгий гаргаарай. Би хоолгүй болно. Хэрвээ худлаа юм бичсэн гэж дахиад чамайг шүүх цагдаадаа тулах юм бол бид хамгаална.

Туслаач Дашка, замын чулуу түүсэн хүн их буян хураадаг юм шүү.
Чамайг хүндэтгэсэн , Хорин жил замын хар долоож яваа муу нөхөр Надиа чинь.
2011 оны 9 дүгээр сар 28