Наран үүрд нөхөрлөх Нарүхито хаантанд баярлалаа
-Монголын бахархал, нөхөрлөлийг бөхлөн тунхагласан долоо хоног түүхэнд алтан үсгээр бичигдэх болно-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар манай сайхан эх оронд зургаан хоног айлчлаад өнөөдөр буцаж байна.
Энэ бол Япон Улсын зүгээс Монгол Улсад үзүүлж буй маш том хүндэтгэл юм. Учир нь гадаад ертөнц Монголыг хүндэтгэх нь Монгол Улсын аюулгүй байдал юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаад бодлогодоо “очих нь чухал бус, ирүүлэх нь чухал” гэсэн зарчим баримталж “Дэлхийг Монголд авчирч байж өөрсдийгөө таниулах юм байна” гэж үзэж буй. Тэрбээр гадаад бодлогодоо гурван том зарчмын өөрчлөлт хийсэн. Нэгдүгээрт, айлчлалыг хоёр талын урсгалтай болгох өөрөөр хэлбэл, зөвхөн айлчлан очдог бус урьж ирүүлдэг болгох. Ингэснээр бид өөрсдийн давуу тал, сорилт бэрхшээл бүх зүйлийг зөв таниулдаг болох, монгол хүн юугаараа ондоошдог, яагаад Монгол Улс энэ хоёр том гүрний дунд хүчтэйгээр оршин тогтнож чадаад байгааг тэд ирж харах нь илүү өөр сэтгэгдлийг төрүүлэх учиртай юм. Тэд монгол хүний, монгол хүүхдийн, монгол эрчүүдийн, монгол бүсгүйчүүдийн нүүр царай, нүдний харцыг, гал цогийг хараг гэж хэлдэг. Хоёрдугаарт, монголчууд гуйлга гуйх, зээл тусламжийн бодлогоос татгалзаж, зөвхөн харилцан ашигтай хамтран ажиллах зарчмаар харилцаж чаддаг болсон.
Японы эзэн хаан бол олон мянган жилийн түүхтэй, самуурайн соёлтой улсын хамгийн дээд билэгдэл. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Японы эзэн хааныг хаан ширээнд залрах ёслолд оролцсон. Уг нь Төрийн тэргүүнийг урьсан байтал тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга яагаад ч юм бэ оролцоогүй, Ерөнхий сайдаа явуулсан нь сонин тохиолдол. Ингээд У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувиар Японы эзэн хаан Нарүхитогийн хаан ширээ залгамжлах ёслолд улсаа төлөөлж явсан. Хожим нь У.Хүрэлсүх өөрөө Ерөнхийлөгч болчихоод Төрийн айлчлал хийсэн. Энэ удаад Ерөнхийлөгчийн хувиар Эзэн хаан Нарүхитог урилаа.
Айлчлалын үеэр Японы эзэн хааны ёслолын алба, Монгол Улсын Гадаад харилцааны яамны харилцан тохирсон протокол, чанд хатуу ёс жаягаас гадуур хүн ёсны элгэмсэг үйлдлүүд олонтаа гарсан нь түүхэнд анх удаа гэж тэмдэглэгдэхүйц нандин сайхан түүхийг үлдээлээ гэж хэлж болно.
Эзэн хааныг инээлгэж угтсан хүү Наруто гэж огт хэлээгүй, Майкл Жексоныг дуурайсан юм аа
Гадаад харилцааны сайдын дээлний тухайд зочин орон Японы үндэсний өнгийг хүндэтгэж өнгийг нь сонгосон байх. Хатан хааны хувцасны өнгө бол сакура цэцгийн ягаан өнгийг билэгдсэн нь лавтай. Товчхондоо албан ажилдаа анхаарна уу гэхээс, үдэшлэгт явах гэж байгаа дотно найз бүсгүйчүүд биш, ямар өнгийн хувцастай ирэхийг урьдчилан мэдэх боломжгүй байлгүй дээ.
Мэдээж монголчуудын хувьд дотооддоо шүүмж уралдуулах, эргэлзэн тээнэгэлзэх зүйл олон нийтийн сүлжээнд харагдаж байсан. Тухайлбал, Гадаад харилцааны сайдын дээлийн өнгө, Эрхэмсэг хатан хааныхтай ижил байсан, “Шинэ Монгол” сургууль дээр Эзэн хаан Нарүхитог угтаж инээлгэсэн хүү хүүхэлдэйн киноны баатар Наруттотой андуураад хэлчихсэн мэтээр тайлбарласан нь бодит байдалд нийцэхгүйг залруулах учиртай болов уу. Өөрөөр хэлбэл, Эзэн хааныг инээлгэсэн хүү Наруто гэж огт яриагүй юм билээ. Бүжиглэх дуртай гэдгээ хэлээд Майкл Жексоныг дуурайж малгайндаа гараа хүргэж бүжиглэж үзүүлэх үед инээсэн юм билээ л дээ. Гоё л агшин.
Мөн Эзэн хаан Нарүхито Гандантэгчинлэн хийдэд зочлох үеэрээ “Цам” сонирхож 26 метр өндөрх шүтээнийг сонирхон, арван настай Гунгаагармаа гэдэг ламхайгаас баглаа цэцэг гардан авахдаа “Чи том болохоороо Японд ирээрэй” гэсэн нь Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд хэрхэн сурч боловсорч, юу бодож явдгийг ихэд сонирхон, хожмын өдрүүдэд хоёр орны харилцаа үргэлжлэхийг билэгдэж хэлсэн болов уу гэж бодогдсон.
Эзэн хаан монгол наадмыг хүндэтгэж хатуу ёс дэгээс хальж элгэмсэг хүн төвт харилцааг үзүүлсэнд баярлалаа
Наадам. Монгол наадмыг монголчууд хүртэл гэртээ телевизээр үзэх, Төв цэнгэлдэхэд үзэх хоёр ямар өөр юм бэ гэж шагшицгаадаг. Японы Цог жавхлант Эзэн хаан Төв цэнгэлдэхэд төрийн наадмыг үзэн сонирхож, Хүй долоон худагт хурдан соёолонгийн уралдаан үзэж, сурын харваанд цэцээ сорьж, Монголын ард түмний хамгийн том хүндэтгэл болсон “Эрийн гурван наадам”-ыг сонирхон оролцож, хамтдаа наадлаа.
Энүүхэн зуурт ч монголчууд шагайн харваач залуу Эрхэм дээд хатны гарт хүрчихэв үү, дүрэм журам зөрчив үү яав гээд гайхсан, шүүмжилсэн мэдээлэл солилцож харагдсан. Угтаа гар хүрсэн ч, хүрээгүй ч Манай талаас ямарваа дүрэм журмыг нь зөрчөөгүй. Харин эзэн хааны зүгээс хүн гэдэг талаасаа, хүнлэг байх үүднээсээ хатуу дэг жаяг гэхгүйгээр өөрийн хүсэлтээр шагай харваачаар заалгасан гэх нь бодит байдалд нийцэх байх. Мэдээж урьд хожид байгаагүй элгэмсэг хандлага гаргаж, сэтгэлийн хөдөлгөөндөө хөтлөгдөн ёс жаягийн зарим элементийг зөрчих асуудал гарсан байж магадгүй. Гэхдээ яг хатуу чанд ёс бүрийг гүйцэлдүүлж дагасан бол ийм сайхан айлчлал түүхэн дэх бүх зүйл арай өөр байх байсан болов уу.
Жишээ нь, Эзэн хааны ёслолын албаны ёс жаягаар бол Эзэн хаан, Эрхэм дээд хатан хоёр явж байгаа газраас таван метрийн цаана хайс босгох, тэр хайснаасаа дахиад таван метрийн зайд аюулгүйн бүс үүсгэдэг. Аюулгүйн бүсийн гадуур хашлага бариад зөвхөн шалгагдсан хүмүүсийг зогсоох дүрэм журамтай юм билээ.
Үүнийг хэрхэн зохицуулсан бэ гэхээр айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд Японы талын дипломат ёслолын багийг хүлээн авч уулзан, нэг бус удаа ярилцаж тохиролцсон гэдэг. Чингэхдээ, Монголын талын дипломат ёслолын газар болон Төрийн ёслолын газрын албан хаагчдаа төлөөлөн энэ жилийн наадмын үеэр дипломат албаны дээд цол бөгөөд Оны бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд цол хүртсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Монголын талаа тэргүүлж уулзсан байдаг. Энэ цол нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль болон Дипломат албаны тухай хуулийн дагуу хүртээдэг, дипломат албаныхны хувьд гадаад харилцааны салбартаа бол генерал цол юм. Тэрбээр Эзэн хааны ёслолын албаныхантай олон удаа уулзахдаа “Монгол наадам бол төрт ёсны хүндэтгэлийн хамгийн дээд агуулгатай баяр ёслол. Төр, ард түмний хооронд хамгийн хүндэтгэлтэй бөгөөд ойр дотноор баярлан цэнгэдэг, жилдээ ганцхан болдог наадмын үеэр ийм хязгаарлалт тавих нь хэцүү байна. Та бүхэн өөрсдийнхөөрөө хийж болох боловч манай ард иргэдийн сэтгэл санаанд сонин тусах байх гэдгийг ойлгуулсан юм билээ. Ингээд Японы эзэн хааны ёслолын алба наадмын онцлогийг, Монголын ард түмнийг хүндэтгэн энгийн сайхан хэлбэрээр зохион байгуулж Монгол наадамд оролцож, манай ард иргэдтэй хамтдаа нээлттэй сайхан оролцлоо.
Эрхэм дээд хатан Масахи Монголын ард түмний бэлэглэсэн цагаан уул цэцгээр гоёсон байлаа
Японы ард иргэд ч гэсэн дэг жаягийн алдаа хайх бус монголчууд Эзэн хаан, хатныг нь чин сэтгэлээсээ хайр хүндэтгэлтэй хүлээн авсанд, энэ сайхан айлчлал, аяллынхаа үеэр эзэн хаан, хатан хоёр биенээ хайрлаж халамжилж буй халуун дулаан уур амьсгалыг Монгол нутгаас үзсэндээ хүртэл баярлан догдолж байна. Тэр ч байтугай Японы хөдөө нутагт угаалгын газар ажилладаг монгол ажилчныг хүртэл дарга нь дуудаад, “Танай Монгол Улс манай Эзэн хаанд ямар гоё хүндэтгэл үзүүлдэг юм бэ” гээд ёсолж байна гэнэ. Тэгэхээр Монгол Улсын Төрийн тэргүүний урилгыг хүндэтгэн айлчилсан Эзэн хааны нутагт монголчуудыг хэдийнэ хүндэтгэж эхэлсний нэг л жишээ энэ.
Энэ айлчлалын үеэр Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж, хүн төвтэй энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл бүрэн бөгөөд амжилттай хэрэгжиж буйг харууллаа. Тэр тусмаа бодит утгаараа хүн төвтэй харилцаа гэж юу болохыг энэхүү айлчлал бүрэн тод харуулж, ард иргэд хоорондын харилцан хүндлэл, ойлголцол улам нэмэгдэж байна. Үүгээрээ Монгол, Японы харилцааны түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэх айлчлал боллоо.
Сониноос та бүхэн Эрхэм дээд хатны энгэрт гялалзах цагаан уул цэцэг хэлбэртэй бороошийг харсан уу? Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд, Монгол Улс, Японы Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан тус улсад хийсэн Төрийн айлчлалынхаа үеэр монголын үнэт чулуугаар, монгол урчуудын гараар Хатан хаанд зориулан цагаан уул цэцгийн мөнхийн билэгдэн хийлгэснийг бэлэглэсэн байдаг. Монгол наадмын нээлтэд Эрхэм дээд хатан Масахи оролцохдоо сакура цэцгийн билэгдэлтэй ч юм уу, өөр ямар нэгэн гоё бороош зүүж болох байсан ч Монголын ард түмний Төрийн тэргүүнээрээ дамжуулж бэлэглэсэн, үндэсний хүндэтгэл шингэсэн цагаан уул цэцэгтэй энэ сайхан бороошийг хүндэтгэлтэйгээр энгэрээ зүүж гоёсон нь гайхалтай мэдрэмж байлаа.
Японы Эзэн хааныг айлчилсны дараа Индонезид хөрөнгө оруулалт эрс нэмэгджээ, тэрбээр бахархал, үнэ цэнийг бүтээдэг
Айлчлалын үр дүн юу байв гэдгийг ярилтгүй. Зочин маань Эзэн хаан учраас сайд нараа авчирч гэрээ хэлцэл хийдэггүй, бизнесийнхнийг дагуулж арилжаа наймаа ярьдаггүй. Харин Эзэн хааныг аливаа улс оронд айлчилсны дараа тухайн улсад хөрөнгө оруулагчид маш итгэлтэй болдог бөгөөд ялангуяа бизнесийн орчинд хэдэн арван жил сурталчилгаа, уриалга шаардлагагүйгээр хүндлэл үүсдэг юм байна. Үүнийг Индонезид айлчлаад буцсаны дараа хөрөнгө оруулалт маш их нэмэгдсэн гэх мэдээлэл нотолно. Манай улсад ч ийм үр дүн ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Хамгийн гол нь Японы Эзэн хаан манай улсад хийж буй айлчлалынхаа философийг “Монголын бахархлыг ойлгох айлчлал” гэж тодорхойлсон байгаа юм. Маш сонин байгаа биз? Монгол үндэсний өв соёл, уламжлал яаж ийнхүү олон мянган жилээр хадгалагдаж чадав? Монголчууд яагаад хүчтэй, үргэлж нүдэндээ гал цогтой дүрэлзэж байдаг вэ? Энэ бүхнийг цогцоор харахын тулд наадмаар бүтэн долоо хоног Монгол оронд саатан айлчиллаа. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өглөөнөөс шөнө хүртэл эзэн хааны айлчлалын бүх үйл явдлыг дэлгэрэнгүй сэтгэгдэлтэй нь нийтэлж, түгээж байлаа. Энэ бол хэмжиж баршгүй хөрөнгө оруулалт билээ. Үүнийг л Монгол Улсын Төрийн тэргүүн хүсэн хүлээж гадаад бодлогынхоо төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж дэлхий даяар эх орныхоо хамгийн гоо сайхан, бахархалт үнэ цэнийг үзүүлж чадлаа. Тун удахгүй энэхүү айлчлал үр шимээ өгч гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт эрс нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Энэ бүхнийх нь төлөө, Монголын бахархал, Монголын нөхөрлөлийг бөхлөн тунхагласанд, Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нарт баярлалаа гэж уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.
/2025.07.13/