Дэлхийн улс орнуудад хөг­жил­тэй байх, баян байх, хүн амаар олон байх гээд олон шалгуур  үзүүлэлт  бий. Үүнээс  хамгийн жин дардаг, бас үнэн мөн, гэрэл гэгээ­ний хэмжүүр бол  хэвлэл  нь эрх чөлөөтэй эсэхийн үзүүлэлт билээ. Тийм ч учраас хэвлэлийн эрх чө­лөөний индекс улс орнуудын өөрс­дийгөө товойлгох, бас бүдгэрүүлэх бодит үндэслэл болдог. Гадаад ертөнцөд нэр төрөө хэрхэн ойл­гуу­лах эл хэмжүүрт сэтгүүлчдийн амь насанд халдах, хүлээлгэж буй ял шийтгэл, тэдний ажил үүргээ гүй­цэтгэх боломж, хэвлэн нийтлэх эрх чөлөө зэрэг олон үзүүлэлтүүд хамаардаг. Эдүгээ  пакистан, мех­сик, гондурасчууд энэ салбарт аймшигтай нь дэлхийн хар хаяг болж байна. Учир нь 2010 онд ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан 87 сэтгүүлчийн 43 хувь нь дээрх орнуудад нас барсан билээ. Ажил албаа залгуулж яваад амь насаа алдсан аль ч мэргэж­лийнх­нээс илүүгээр сэтгүүлчдийн хө­дөлмөрийг үнэлэх үнэлэмж нэгэнт дэлхий дахинд тогтсон. Яагаад гэвэл шударга ёс, бодит мэдээл­лийн төлөө зүтгэдэг тэдний хөдөл­мөр нь хүн төрөлхтний язгуур эрх ашгийн төлөө байдаг учраас. Сэт­гүүлийн ажлыг ч уурхайчны дараа ордог хүнд хөдөлмөр хэмээн он­цолдог. Тэдний үйлс хүн гээч амьт­ны суурь эрх ашгийг хамгаалах мөнхүү чанартай холбоотой уч­раас хөдөлмөрийн аюулгүй байд­лыг хангаагүйгээс нас барсан жирийн нэгэн ажилчны үхлээс сэтгүүлчийн үхлийг өөрөөр авч үзэх үнэлэмж нэгэнт жишигжжээ. Энэ нь сэтгүүлчийн хөдөлмөрийг эрхлэх үедээ алдаа гаргасан то­хиолдолд ч хамрагддаг нөхцөл. Учир нь тэд бусдаас үлэмж эрх мэдлийг төвлөрүүлсэн, бусад ол­ныг төлөөлөн хөрөнгө зарцуулах эрх мэдэлтэй хүмүүсийг хянах нүд болж байдаг учраас тэгэхээс ч өөр аргагүй.

Сэтгүүл зүйд хэрхэн хандахаас улс орны үнэлэмжийн сайн муу шууд нөлөөлж байгаа талаар дээр дурдсан. Зах хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг анх гаргаж байх үед эрх чөлөөний орон гэдэг АНУ дээгүүр цохидог байснаа үн­дэсний аюулгүй байдлынхаа төлөө терроризмын эсрэг дайныг шүүм­жилсэн сэтгүүлчдийг сэжиглэх тухай заалт оруулснаар тэртээ дор шидэгдэж байсан талаар тухайн үед хэвлэл мэдээллээр бичигдэж  байлаа. Үнэндээ ч 2001 оны айм­шигт алан хядлагын хохирогч болсон америкчууд үндэсний аюул­гүй байдлынхаа төлөө тийм хандлагатай байх нь хэр шүү дээ гэж бодогдмоор. Гэвч түүгээрээ сэтгүүлчдийн хөдөлмөрт хориг тавих гэж оролдож байгаа гэсэн нөгөө өнцгөөрөө л буруутчихаж байгаа хэрэг шүү дээ. Сэтгүүлчийн хөдөлмөрт тэгж эмзэг, тэгж нандин ханддаг жишиг олон улсад байна.

Хэвлэлийн эрх чөлөөний ин­дексээрээ тэргүүнд нь эрэм­бэ­лэг­дэж байсан Дани улс 2006 онд 19 рүү бичигдэж байсан түүхийг хү­мүүс санаж л байгаа байх. Моха­медийн шог зургийг Данийн нэгэн хэвлэлд гаргасан нь лалын ша­шинтнуудын уур хилэнг багагүй хүргээд авсан. Магад тэр шог зургийн хор нөлөө нь тайван амга­лан улсад террор халдлага гара­хад хүргэх байсан ч юм билүү. Уг зургийг зурсан шог зураачдад заналхийлсэн хэрэг гарсан, бас тэдний аюулгүй байдлын төлөө цагдаагийн хамгаалалтад авсан төдийгөөр хэвлэлийн эрх чөлөө­ний индексээрээ 19 рүү уначихаж байв даа.

Тэгэхээр сэтгүүлчийн хөдөл­мөрийг яах аргагүй өөр үнэлэмжээр авч үзэхээс аргагүй. Монголд энэ тухай ярихаар хүмүүс алдаатай хэрэг хийсэн хэн боловч шүүхийн өмнө эрх тэгш байх ёстойг үндэслэл болгодог. Маргашгүй боловч нөгөө талд яах аргагүй өөр өнцөг, үнэ­лэмжээр авч үзэх ёстой хөдөлмөр гэдгийг дэлхий дахинд нэгэнт хү­лээн зөвшөөрснийг баримтаар бодитой харж байна. Угаасаа сэт­гүүлчид нийгмийг эрүүлжүүлж, болохгүйг илчилдэг тусгай даал­гавартай хүмүүс. Өөрөөр хэлбэл ардчилал гэдэг модыг өтөнд ба­риулчихгүйн тулд цэвэрлэгээ хийж байдаг тоншуулууд.

Энэ навчийг идэж байсан өтийг тэрийг нь идлээ гээд тоншчихсоны төлөө тоншуу­лын хурц хошууг огтлоод авч бо­лохгүй биз дээ. Түүн шигээр сэт­гүүлчийн ажлын онцлогийг яах аргагүй харгалзан үзэх шаардлага байгаа юм.

Тийм ч учраас олон улсын хэм хэмжээнд сэтгүүлчийн хөдөлмөр­тэй холбоотой алдаа мадаг улмаар түүнээс учирсан хор хөнөөл бай­лаа гэхэд эрүүгийн хэрэгт тоо­цол­гүй бусад хууль заалтын дагуу ял шийдээд явдаг. 

Харин Монгол бол Эрүүгийн хуулиндаа сэтгүүлчдээ яллах зүйл заалт оруулсан орон. Эрүүгийн хуулийн зургадугаар хэсгийн 110.1-ийн доромжлох, 111 дүгээр зүйлийн 1-3-т зааснаар гүтгэсэн бол нэгээс гурван сар баривчлах, гурваас зургаан сар баривчлах, хоёроос таван жил хүртэл хуга­цаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Хэрэв сэтгүүлч алдаатай ажиллаж, бусдын нэр хүнд, алдар хүндэд халдсан бол буруугаа хүлээх ёстой. Алдаатай ажиллагааг нь зөвтгөх ямар ч шалтгаан байхгүй. Гэхдээ сэтгүүл­чийн хөдөлмөр эрхэлж байгаад алдсаныхаа төлөө эрүүгийн гэмт хэрэгтэн болох учиргүй. Олон улс оронд сэтгүүлч ажлаа хийх явцдаа алдаа гаргасныхаа төлөө эрүүгийн гэмт хэрэгтэн болж, эрүүгийн хуу­лиар шийтгүүлэх ёсгүй гэдгийг зааж өгдөг. Тэгэхгүй бол эрүүгийн гэмт хэрэгтэн болгоно шүү гэсэн занал­хийлэл, шүүхээр ял оноолгоно шүү гэсэн дарамт нь сэтгүүлчийн ажилд дөнгө болно. Манайд ч үүнийг Эрүүгийн бус Иргэний хэргээр шийдэх бүрэн боломжтой.

Гэтэл манайх сэтгүүлчдэдээ хамгийн халгаатай улс орон гэдгээ баталж, сэтгүүлчдэдээ эрүүгийн хуулиар ял төлөвлөж байна. Уг нь манай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн нэгдүгээр хэсэг, нийтлэг үндэслэл дотор “...Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гээд заачихсан байдаг л даа. Их яривал энэ заалттай сэтгүүлчийн хөдөлмөр шууд уялдчихаж байгаа. Гэвч уг хуулийн дараагийн зүйл заалтуудад өнөөх баривчилна, хорино гэсэн ялууд нь ороод ирдэг л дээ.

Судлаач Ш.Сүхбаатарын сүү­лийн арван жилийн хугацаанд хийсэн судалгаанд дурдагдсанаар 2004-2009 онд нэр төр, алдар хүндэд халдсан иргэний 206 хэр­гийн 86 хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл сэтгүүлчидтэй холбоотой байсан аж. Харин 2006-2010 оны хоорондох дөрвөн жилийн хуга­цаанд дээрх гомдлоор 102 эрүү­гийн хэрэг үүсгэсэн байгаа юм. Хэдийгээр шүүхээс тэдэнд ял оноо­сон хувь нь бага ч эрүүгийн хэргээр сэтгүүлч шалгагддаг, буруутдаг гэсэн агуулга нь өөрөө гунигтай билээ. Гунигтай ч биш байж бо­ломгүй асуудал.

Тэгэхээр нэгэнт сэтгүүлчийн хөдөлмөр өөр үнэлэмжээр цэг­нэгдэх ёстой учраас бид Эрүүгийн тухай хуулинд оруулж өгсөн энэ заалтаа авч хаях цаг болжээ. Угаа­саа энэ заалтыг оруулсан ал­даа­гаа засах цаг болсон гэхэд болно. Хууль санаачлагчдад ийм болом­жууд бий. АНУ-ын Конгресс гэхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх  болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боогдуулсан ямар нэгэн хууль тогтоомжийг батлах ёсгүй гэсэн заалтыг тэртээ 1791 онд оруулж өгсөн цагаасаа хойш ер өөрчилсөнгүй. Мэдээж ийм заалт­гүй гээд үүнийг зохицуулах дүрэм журам байхгүй, сэтгүүлчид хүс­сэнээ гүтгээд доромжлоод явна гэсэн үг биш.

Хууль санаачлах эрхтэй улстөрчдөд хандан сэтгүүлчид бид Эрүүгийн хуулин дахь сэтгүүлчийн хөдөлмөрийн эсрэг заалтаа авч хаяхыг хүсч байна. Энэ нь сэтгүүлч­дийг дэмжиж тэтгэж байгаа хэрэг биш, тэднийг буруугаас авч үлдэх гэсэн арга саам ч бус харин хэв­лэлийн эрх чөлөөтэй ардчилсан улс байгаа гэдгээ нотолж, шударга бусын эсрэг, эрх мэдэлтний зүй бус авирлалын эсрэг зогсч байгаа гэдгээ харуулах л боломж юм. 

Хууль санаачлах эрхтэй улстөрч­дөө, сэтгүүлчдийн хөдөл­мөрийн эсрэг Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр заалтыг авч хаях санаачилгыг гаргахыг та бүхэндээ уриалж байна. Тэгвэл хэвлэлийн эрх чөлөөний төлөө таны хийсэн том гавьяа тэр болно. Бас сэт­гүүлчид бид ч таны хийж байгаа ажлуудыг олон түмэнд хүргэх аж­лыг онцгойлон хийх болно. Сэтгүүлчдийн төлөө, хэвлэлийн эрх чөлөөний төлөө хийсэн тухайн түшээгийн гавьяаг бодлогоор хөхиүлэн ажиллахаа үндэсний өдөр тутмын сонин “Өдрийн сонин” албан ёсоор өөрийн хуудсаар дамжуулан зарлаж байна. Бас сэтгүүлчид ажлаа зоригтой, хэний ч дарамт шахалтад оролгүй шу­даргаар явуулах боломжийг нээж өгсөн түшээдийг бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслийн үзэгт нэгт нөхөд маань буухиалан дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Ингэснээр Монголд шударга ёсыг цэцэглүүлж, хүчтэний өмнө хүчгүй нь бөхийн зогсох тэгш бус харилцааг алга болгосон гэрэлт үе хэмээн хойчийн түүхэнд тэмдэг­лэг­дэн үлдэх биз ээ.