(Мэндэлснийх нь 105 жилийн ойд)

Зусардлын нийгмийг коммунизм хэмээмүй гэж нэгэн лут антикоммунист хэлсэн байдаг. Үнэндээ ч нэг нь зусардуулж, нөгөө нь зусардаж байж нийгэм нь гагнагддаг, тогтвортой оршдог жам ёсны хуулиар манай өмнөх нийгэм үнэхээр тогтвортой бат  бэх байсан билээ. Өмнөх гэдгээр СССР тэргүүтэй нийт социалист хамтын нөхөрлөлийн орнуудыг нэрлэсэн хэрэг. Далан насныхаа босгон дээр цус харваж үхдэгийн даваан дээр амилсан энэ зохиолын баатрыг Снежкин найруулж,  Сергей Шакуров, Артур Ваха, Мария Шукшина нар гол дүрд нь тоглосон 4 ангит кинонд (2005 он) жинхэнэ бодитойгоор харуулсан байдаг. Тэр киногоор бол амьдаараа үхэж зөнөсөн коммунист өвгөн чухамдаа эргэн тойрны зусардал, гавьяа шагналынхаа хүчээр хэдэн жилийг амьд мэнд туулсан болж таарч байна. Чухамдаа баатар цол, одон медаль зүүж өгөхгүй л бол үхчих гээд зовоож байсан мэтээр оросын кинонд баримт дэлгэжээ.     

72 насных нь ойгоор Зөвлөлт Холбоот Улсын Баатар цол гурав дахиа олгох зусардлын шалтаг хайн 1978 онд “Леонид Ильич Брежнев: Товч намтар” хэмээх номыг Москвад  хэдэн арван саяар, манайд 15 000 хувиар хэвлэж тараасны нэг хувь миний өмнө дэлгээтэй байна. Зөвлөлтийн ард түмэн коммунизм байгуулах замдаа Ленийн нам, түүний Төв Хороо, ЗХУКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Ильич Брежнев  тэргүүтэй Улс төрийн Товчооны удирдлагаар үлэмжийн амжилт олсон юм гэх өгүүлбэрээр эхэлсэн тэр ном тэр чигтээ нялуун зусардлаар  дүүрсэн ба өнөөгийн нийгмийн өнцгөөс үзэхэд эрүүл ухааны хязгаарыг аль хэдийнэ давж одоод, галзуугийн байдалд хүртэл магтан дуулсан байх юм. Л.И.Брежнев бол зөвлөлтийн ард  түмэн Аугаа их Октябрийн социалист хувьсгалын ололт амжилтыг бэхжүүлж, манай оронд социализм байгуулахын төлөө амь бие хайргүй тэмцэж байсан үед өсөж хатуужсан улс төрийн тийм удирдагчийн нэг мөн хэмээн өмнөх үг нь эхэлжээ. Магтуулагчийг цааш нь ажилчин анги, зөвлөлтийн бүх ард түмний төлөөлөгч, ленинч маягийн удирдагч мөн гээд намаас томилогдон очсон газар бүрдээ, хаана ч гэсэн өөрийн өвөрмөц эрч хүч, зорилго, эрмэлзлээр намынхаа аугаа их үйл хэргийн төлөө тэмцэж ирсэн, тэмцсээр ч байна. Таван тивийн коммунистууд, үй олон сая хүн ардад Брежневийн нэр ленинч маягийн зарчимч, тууштай интернационалч чанарын үлгэр жишээ, энх тайван, нийгмийн дэвшлийн төлөө амь бие хайргүй тэмцэхийн үлгэр дууриал, Брежневийн цуцахыг үл мэдэх үр бүтээлтэй, олон талт үйл ажиллагаа гэхчлэнгийн магтаал номын өмнөтгөлд дүүрчээ.

Л.И.Брежнев нь төрөхөөсөө л, удмаараа хосгүй нэгэн байсан бололтой. Ерөнхийдөө түүний баялаг намтарыг үзвэл бодгаль хүн байв уу, эсвэл жинхэнэ ган болд, цемент байв уу гэж эргэлзэхээр. Коммунист номенклатурын өгсдөг бүх шатаар тэрээр өгсчээ. 29-тэйдээ дээд сургууль дүүргэж байсныг бодвол нөгөө авьяас  билэг нь хаачив гэмээр. 30-тай цэрэгт татагдсаныг бодвол бас л но байх шиг. Тэрээр энүүхэн хойно Читад Өвөр Байгалийн цэргийн тойрогт танкийн суманд улс төрийн орлогч болж тэр жилдээ Халхын голд манай эх орныг хамгаалахаар ирж байсан хэмээн чив чимээгүй  явснаа 1974 онд Монголд айлчлахдаа гэнэт зарласан бас нэг үлгэр бий. 31-тэйдээ Днепродзержинск хотын дэд дарга, 32-тойдоо мужийн намын хорооны хэлтсийн эрхлэгч, 33-тайдаа мужийн намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга, 34-тэйдөө батлан хамгаалах эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1941 дайн эхэлмэгц фронтод явж, шууд хурандаа болсон ба фронтын улс төрийн газрын орлогч дарга, алдарт 18 дугаар армийн (1976 онд түүнд маршал цол олгохын тулд гэнэт алдаршуулсан) улс төрийн хэлтсийн дарга, 1944 онд хошууч генерал, дайны дараа Карпатын цэргийн тойргийн улс төрийн газрын дарга, 40-тэйдээ Запорож мужийн намын хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга, 41-тэйдээ Днепропетровск мужийн намын хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга, 44-тэйдээ Молдавын коммунист намын Төв Хорооны  1 дүгээр нарийн бичгийн дарга, 46-тайдаа ЗХУКН-ын XIX их хурлаар суга дэвшиж, Төв Хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн Товчооны орлогч гишүүн, тэгснээ 47-тойд нь түүнийг гэнэт буулгаж, Зөвлөлтийн армийн Улс төрийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Тэнгисийн цэргийн флотын Улс төрийн газрын дарга, тэгснээ Москвагаас цөлж 48-тайд нь Казахстаны коммунист намын ТХ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга, нэг жил ажиллааад 1 дүгээр нарийн бичгийн дарга гэхчлэн дан нэг нэг жилээр томилогдоод явсан байх юм. Сталин түүнийг суга дэвшүүлээд дараа нь хөөж буулгасан бололтой 50-тайдаа ЗХУКН-ы ХХ их хурлаар дахин дэвшиж 1952 оныхоо хуучин ажилд очсон ба бас нэг жилийн дараа Улс төрийн Товчооны гишүүн болж, 54-тэйдөө СССР-ийн Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн даргаар гэнэт дэвшиж, 4 жил ажиллахдаа ЗХУКН-ын Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргыг жил хэртэй хавсарч, 58-тайдаа ЗХУКН-ын Төв Хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга, 60-тайдаа Ерөнхий нарийн бичгийн дарга, 70-тайдаа  маршал, 71-тэйдээ СССР-ийн  Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн даргаар хоёр дахиа сонгогдон хавсарч яваад 76-тайдаа хорвоог орхисон гэхчлэн энэ их ленинчийн лут намтар цементлэгдэж байна.
Ленинчийн хувийн намтар “Хөдөлмөрчдийн дунд нэр хүндтэй, хэзээнээс аваад хөдөлмөрт үлэмж зүтгэлтэй, цагаа үр ашигтай ашиглаж чаддагаараа онцлог” гэж эхэлдэг ба аль 1935  онд “Түүний нэр-большевик” гэсэн гарчгаар заводын сонинд магтуулахдаа: “Энэ хүний оргилсон их эрч хүч, хөдөлмөрлөх их чадвар хаанаас гардгийг бид гайхнам” хэмээн бичүүлж байв.  1940 онд тэрээр улс ардын аж  ахуйн маш чухал салбарыг (цэрэг-зэвсгийн) хөгжүүлэх хэрэгт бүх эрч хүч, эрдэм мэдлэг, авьяас чадвараа зориулсан гэснээс үзвэл зэвсэглэлийн нөгөө олон сая лут инженерүүд хаа байсан хэрэг вэ гэж асуумаар. “Бага газар” хэмээн хожим алдаршуулсан  нэгэн тулалдаанаас өөр оролцоо байхгүй, цэргийн онцгой гавьяагүй, намын батлах гардуулах, ухуулах хуудас бичих, яриа таниулга хийх үүрэг бүхий энэ комиссар 1970-аад онд дайны алдар гавьяагаараа Г.К.Жуковоос хол давж гарсан ба  Чехословакийг чөлөөлөгч гэгдэж, тэр улсын хойш баатар болж манджээ.  

Дайны дараахнаас Л.И.Брежневийн улс төрийн удирдагчийн авьяас билэг, хүнийг таньж, боловсон хүчнийг зөв хуваарилах, үйлдвэрлэлийн нарийн түвэгтэй асуудлыг мэргэшил мэдлэгтэй шийдвэрлэх чадвар нь тодорч, маш их нэр хүндийг олов гэж нөгөөх магтаалд нь байна. Төмөрлөгийн инженер, тэгсэн мөртлөө намын дарга гэдгээрээ Зөвлөлт даяар гайхагдаж байсан гэнэ. Дутагдлыг олж харахдаа нэвт шувт тэрээр эв зүйгий нь олж, тун эрс шийдвэртэй засан залруулж байв. Хамгийн хүнд хэцүү нөхцөлд ажлынхаа амжилтад итгэх итгэлийг Л.И.Брежнев төрүүлдэг байв хэмээн сэргээн босгох үйлсийг хошуучлагчийг магтжээ. “Хөдөлмөрчдийн дунд байнга орж”, “Брежневийн удирдлагын дор”, “цуцалтгүй анхаарал тавьж”, “Леонид Ильичийн анхаарлын төвд байнга байж”, “Брежневийн цаглашгүй их үйл ажиллагаа” гэх үгс магтаалд нь энгүй олноор байна. Энэ ленинч 1950-1952 онд Молдавт ажиллахдаа “түмэн гамшгийн замд орсон” тэр жижиг улсыг ёстой нэг диваажин болготол хөгжүүлсэн бололтой магтаал араас нь залгаж, түүнийг ажилласан үе бол шинэ тулгар Зөвлөлт Молдавын хөгжлийн нэг гайхамшигт үе шат, нийгэм-эдийн засгийн чухал чухал өөрчлөлтийн үе гэнэ. БНУ-ын коммунист намын Төв Хорооны байшингийн цонх шөнө дөл болтол гэрэлтэж, тэнд нөгөө лут ленинч маань нойргүй хонодог байсан аж.

1954 онд тэрээр Казахстанд очоод тэр улсыг талх тариа бялхсан орон болгон хувиргаж, атар атаржсан асар их уудам талбайг эзэмшсэн явдал манай социалист эх орны хөдөлмөрийн түүх шастирт яруу сайхан хуудас болсон, орос хэлэнд, Зөвлөлтийн бүх ард түмнүүдийн хэлэнд “атрынхан” гэдэг шинэ үг баттай оров, Леонид Ильич бүх ард түмний энэ үйл хэрэгт бүхий л зүрх сэтгэлээ үнэхээр зориулсан гэх өгүүлбэр 6 нүүр дүүрэн бичигджээ. Атрыг эзэмшихэд тэрээр большевикч ёсоор  шургуу, тодорхой зорилготой, түргэн шуурхай, цаг үеийн байдлыг нарийн нягт үнэлэж, СССР-ийн өнцөг булан бүрээс хуран цугласан тэр их хүний хүчин чармайлтыг зохицуулан нэгтгэж чадахаар ажилласан ба Казахстаны атар газрыг СССР-ийн үр тарианы чухал сан хөмрөг болгосон явдал нь түүхэнд гайхмашигтай сайхан үйл явдал болж, түүнд Л.И.Брежнев гарамгай хувь нэмэр оруулав, Брежневийн Казахстанд ажилласан үе бол тус БНУ-ын хөгжилд гарсан эрс эргэлтийн үе байлаа гэсэн энэ үнэлэлт хасагийн ард түмэнд нэгийг бодогдуулж түүний хөшөөг Астанад сүндэрлүүлээсэй гэж ерөөхөөр.

ЗХУКН-ын ХХ их хурлаар Москвад дэвшиж ирсэн Л.И.Брежнев сансрын уудмыг эзэмших лут төлөвлөгөөг хариуцаж байжээ. Сансрын ба пуужинт техникийн гарамгай зүтгэлтэн Брежневийн намтар цаашаа өрнөж байна. Сансраас гадна хүнд аж үйлдвэр, их барилга, зэвсэгт хүчний техник шинэчлэл гэгчлэн хамгийн хүнд хариуцлагатай ажлууд түүн дээр овоорч байсан бололтой. Сансарт хиймэл дагуул хөөргөсөн, эхлээд нохой дараа нь хүн хөөргөсөн зэрэг нь чухам л Брежневийн их зүтгэлээр бүтсэн мэт санаа нэвт харагдахаар  “Зөвлөлтийн сансрын үйлс бүтээлийг үүсгэн байгуулалцсан юм”  гэсэн өгүүлбэр байна. Нөгөө сансрын техникийн лут лут зохион бүтээгч, сансрын баатрууд хаана байв аа.

Ингээд дараагийн үе шат – 1960 онд төрийн тэргүүн болсноос эхлэн “Л.И.Брежнев бүх амьдрал, үйл ажиллагаагаа зөвлөлтийн ард түмний эрх ашиг, энх тайван, нийгмийн дэвшлийн үйлсэд зориулжээ” гэсэн дүгнэлт залгажээ.  ЗХУКН-ыг толгойлох  болсноос хойшхи үеийн ерөөл магтаалын хагасыг Төв Хороонд нь хамаатуулж коммунизм байгуулах их үйлсийг гол сэдвээ болгож, магтаал цааш хөвөрчээ. Түүний хэлсэн үг, илтгэлийн эшлэлүүд хуудас хуудас дүүрсэн нь магтаал нь өөр хэлбэрээр явж байгаа хэрэг. Хэлсэн үг нь ард түмний яруу алдрын сүлд дуулал болж цууриатсан, манай нам, ард түмний туулж өнгөрүүлсэн замын шийдвэрлэгч дүнг томъёолсон, СССР-т хүн төрөлхтөн урьд хожид үзэж мэдээгүй тийм шинэ нийгэм байгуулсан, энэ нийгэм бол хямрал байдаггүй, эдийн засаг нь ямагт өсч өөдөлж яваа боловсронгуй социалист харилцаатай, жинхэнэ эрх чөлөөт нийгэм мөн гэсэн энэ лут үгсийг одоо цагт Оросын ба СССР-ээс салсан ард түмнүүдэд тавьж амыг нь асуумаар, яг л галзуугийн больницын хэллэг мэт чихнээ буухаар үгс гэлтэй.

1977 онд түүнийг Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн даргаар хавсран ажиллуулахаар Төв Хорооны бүгд хурал шийдвэрлэж, тэр томилгоо бүх ард түмний дэмжлэг хүлээж баярын цахилгаанд Кремль дарагдаж байсан тухай мөрүүд бол коммунист зусардлынх нь оргил үеийнх нэг хэсэг. Тэрээр энэ томилолтыг хүлээн аваад “Намын хүсэл зориг, зөвлөлтийн ард түмний хүсэл зориг, социалист эх орны эрх ашиг бол миний хувьд ямагт эрхэм дээд хууль байсан бөгөөд би энэ хуульд өөрийн бүх амьдралыг зориулж ирсэн, одоо ч зориулж байна” гэж коммунист ёсоор андгайлжээ. Намын ба коммунизмын том онолч Брежневийн эшлэлүүд цаашаа хөвөрч, СССР-т коммунизм байгуулах диалектик, социалист ардчиллын тухай олон хуудас онолын төгсгөлд “Марксист-ленинист онолыг хөгжүүлэх, мөн коммунизын адбиш эрмэлзэл, даян дэлхийд бат бэх энх тайван  тогтоохын төлөө дэлхий дахины түүхэн тэмцлийн болон хөгжингүй социализмын чухал асуудлыг шинжлэх ухааны ёсоор боловсруулахад гарамгай нэмэр хандив оруулсан учир” гээд СССР-ийн ШУА-ийн  дээд шагнал Карл Марксын нэрэмжит Алтан медалийг 1977 онд түүнд хүртээжээ.

Чухамхүү “Хүйтэн дайны” хүнд бэрх үед намын удирдагч, улс төрийн зүтгэлтний хувьд Л.И.Брежневийн авьяас билэг нь улам өргөн бөгөөд бүрэн дүүрэн тодорсон юм гэж эхэлсэн номын дараагийн бүлэгт олон улсын харилцаанд энэ суут хүний оруулсан хувь нэмрийг магтан дуулахдаа “Леонид Ильич өөрөө хэлбэршгүй, тууштай интернационалч хүн болохоороо” гэх тодотгосон байх юм. Түүнийг нам толгойлох болсон цагаас намын гадаад бодлогын үйл ажиллагаа үлэмж их өргөжсөн бололтой мөрүүд байна. Ерөөсөө орчин үеийн нам, төрийн гадаад бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхэд тэрээр гарамгай гавьяа байгуулсан гэж дүгнэсэн нь цаана нь нөгөө Төв Хороо, Засгийн газар, ГХЯ нь байсан юм уу гэж эргэлзэх байдалд ч хүргэхээр.   Брежневийг хүртэл СССР-т чинь гадаад харилцаа, гадаад бодлого гэж огт байгаагүй хэрэг үү гэж эргэж ноцмоор зусардлын үгс дүүрэн байх бөгөөд коммунист нийгэм нь зусардан долигонохдоо цаад логикоо алдаж үнэхээр инээдмийн байдалд хүрдэгийн нотолгоо энэ болов уу гэлтэй.                    
    
Лениний үзэл санааг Л.И.Брежнев хөгжүүлсэн хэмээх дараагийн магтаалаас эхлэн түүнийг Лениний үйл хэргийг шууд үргэлжлүүлэгч гэх дүгнэлт гарч ирдэг. Адаглаад   “Владимир Ильич”, “Леонид Ильич” гэх нэрийн овог нь хүртэл тохироод түүний тахин шүтлэгийг цааш шат ахиулсан ба магтаал шагналын оргил нь Зөвлөлт Холбоот Улсын 4 удаагийн баатар (зөвхөн Жуков л ийм шагналтай), Социалист хөдөлмөрийн баатар, Улс түмний хооронд энх тайвныг бэхжүүлэхийн төлөө Лениний шагнал, Энх тайвны хөдөлгөөний дээд шагнал – Ф.Жолио-Кюрийн нэрэмжит “Энх тайвны алтан медаль”, НҮБ-ын энх тайвны алтан медаль, ах дүү социалист ба хөгжиж буй зарим  орны улсын ба хөдөлмөрийн баатар цол 20 орчим гэхчлэн энэ ленинчийн цээжин бие тэр чигтээ  энх тайванч, коммунист үйл хэргийн бэлгэдэл.

Монголчуудад хамгийн гэгээтэй үлдсэн энэ орос эрхмийн ленинчийг үнэлээд Монголын төр БНМАУ-ын Баатар цол, Хөдөлмөрийн баатар цол, БНМАУ-ын Хүндэт иргэн өргөмжлөл, Сүхбаатарын одонгоор 4 удаа шагнасныг дашрамд дурдъя  (Непко хэвлэлийн газраас 2007 онд хэвлэсэн “Бид ингэхэд хэн юм бэ?” номоос эшлэв – baabar.mn)