Улс орноо хөгжүүлэхэд хөрөнгө хэрэгтэй. Тэр нь дотроосоо хүрэлцэхгүй бол гадаадаас татдаг. Ялангуяа буурай хөгжилтэй орнууд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын төлөө өрсөлддөг. Гадаадын хөрөнгө оруулалтыг дагаад технологийн болон удирдлагын мэдлэг, туршлага орж ирдэг.

Гэхдээ хөрөнгө оруулалт гэдэг нь хүний хөрөнгийг аваад өөрийн хөрөнгөө өгч буй учир тун ухаалаг хандах хэрэгтэй асуудал мөн. Ямар үнээр, юу авч байгаагаа долоо хэмжиж нэг огтлох зайлшгүй шаардлагатай. Хамаг хөрөнгөө, түүний дотор тусгаар тогтнолоо тавиад туучихгүйн тулд гадаадын хөрөнгийг зөвхөн зайлшгүй хэрэгцээтэй салбартаа татаж, хүмүүсээ сургаж, гадаад зах зээлийн мэдлэгтэй болгоод улмаар өөрсдөө хийж бүтээн, олон улсын зах зээл дээр гарах нь гадаадаас хөрөнгө татахын гол зорилго. Энэ зорилгыг хэрэгжүүлэх нь алсын хараа, тууштай бодлого, нарийн ухаан шаардсан томоохон урлаг юм.

Хятадууд 100 гаруй жилийн өмнө үүнийг ойлгосон бөгөөд Шандунийг Германы, Хонконгийг Английн, Макаог Португалийн хөрөнгөөр хөгжүүлэн, эдийн засгийн томоохон тоглогч болгуулчихаад ээлж дараалан буцаагаад авчихсан. Баварийн немцүүд Циндао нэртэй загасчдын тосгоныг 100 жилийн өмнөөс Герман архитектуртай гоёмсог хот болгож, эх газрын гүнд орших Жинань хотод төмөрлөгийн үйлдвэр байгуулан, анхны төмөр зам тавиулж, үйлдвэржүүлэлт, бүтээн байгуулалтын стандартыг өөрсдөөр нь оруулуулсан юм. Баварийнхаа алдарт шар айрагны үйлдвэрийг байгуулсан нь эдүгээ дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчийн нэг "Циндао" брэнд болжээ.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжих үеэсээ л гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль эрх зүйн таатай, тогтвортой нөхцөл бүрдүүлэн, урамшуулж ирсний дүнд эдүгээ дэлхийн 100 гаруй орноос 6.0 тэрбум ам.долларын хөрөнгө татжээ. (ГХОГХА-гийн мэдээ) Гэвч энэ хөрөнгийн гуравны хоёр нь уул уурхайн салбарт, үлдсэний хагас нь л худалдаа, нийтийн хоолны салбарт байгаа нь нэг онцлог. Энэ бол гадаадын хөрөнгө Монголд уул уурхайн салбарт ашиг олохын төлөө орж ирсэн гэсэн үг.

Уул уурхайн салбар хамгийн олон ажлын байр бий болгодог салбар биш. Энэ салбар онцгой хөгжсөн Австралид ажиллах хүчний хоёр хувь нь тухайн салбарт ажилладаг. Монголд ч гэсэн ажлын байрны асуудлыг ганц уул уурхай шийдэхгүй тул бид эдийн засгийн бусад салбаруудыг ашигт малтмалаасаа олж буй орлогодоо тулгуурлан хөгжүүлэх шаардлагатай. Дотоодын зах зээл бага учир гадаад зах зээл дээр өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахын тулд бидэнд ахиад л гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй.

Гадаадын хөрөнгө оруулалтыг шууд болон портфолио гэж хоёр ангилдаг бөгөөд өнөөгийн байдлаар манай улсад зөвхөн шууд хөрөнгө оруулалт голлож, хөрөнгийн зах зээлээр дамжин компаниудын хувьцаа, өрийн бичгийг гадаадаас худалдан авах портфолио хөрөнгө оруулалт дөнгөж эхлэлийн шатандаа байна.

Сүүлийн 20 жилийн туршлагаа эргэн харж гадаадын шууд хөрөнгө оруулалтын үр өгөөж, бодит байдалд дүгнэлт хийж, шаардлагатай зарим арга хэмжээг даруйхан авахгүй бол иргэдийн дотор гадаадын хөрөнгө оруулалтад дургүйцэх, хөгжлийн өгөөж тэгш биш байгаагийн гол буруутан нь гадаадын хөрөнгө оруулагчид мэт ойлгох хандлага бий болж байна.

Асуудлын гол нь гадаадын хөрөнгө оруулагчдадаа биш, дотоодын хууль дүрэм тогтвортой биш, ойлгомжгүй, түүнийгээ хэрэгжүүлэн мөрдүүлж чаддаггүй, улс, орон нутгийн бүх төвшний төр засгийн удирдлагын чадвар, ухамсар тааруухан байгаатай холбоотой.

Бизнесийн хууль журам тодорхой, тогтвортой байдаг бол аль нэг компанийн хөрөнгө оруулалтыг онцгойлон үзэх, хөрөнгө оруулалтын болон тогтвортой байдлын гэрээ тусгайлан хийх шаардлагагүй байдаг. Сүүлийн үед олширч байгаа энэ маягийн гэрээг хийх тусам хуулийн өөрчлөлт үйлчилдэггүй тусгай орчинтой, монополь эрхтэй компаниуд бий болж байгааг зогсоох цаг болжээ. Энэ хэлбэр нь тусгай эрх олгодог төр захиргааны ажилтнууд улстөрчдөд л ашигтай болохоос нийт иргэдийн ашиг сонирхолд огт нийцэхгүй байна.

Төрийн үндсэн үүрэг бол иргэдийн аюулгүй байдлын хангах байтал гадаад, дотоодын компаниуд иргэдийн эрүүл мэндэд хор нөлөөтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж, ажиллагчдаа эрүүл мэндийн хортой нөхцөлд ажиллуулж байвал үйл ажиллагааг нь тэр даруй таслан зогсоож, мэдрэхүйц торгууль ногдуулах ёстой. Ийм маягийн үйл ажиллагаа явуулсан гадаадын хөрөнгө оруулалт Монголд хэрэггүй. Тийм хөрөнгө оруулагч манайд оршин суух шаардлагагүй.

Төр энэ үүрэгт ажлаа хийж чадахгүй байгаа учир ганц хоёр компаниуд, тэдний хахуулиар тэжээгдсэн монгол түшмэдээс болоод гадаадын хөрөнгө оруулалтын нэр хүнд унасаар байна.

Орд газар ашигласныхаа дараа байгаль орчныг нь сэргээх хөрөнгийг нь олборлолт эхэлсэн өдрөөс нь тусгайлан хуримтлуулж, (үйл ажиллагааны зардлын тодорхой хувиар) олборлолт дууссаны дараа байгаль орчныг сэргээсэн бол буцаан олгож, үгүй бол тэр сангийн мөнгөөр өөр компаниудаар хийлгэх шаардлагатай байна. Олборлолт дуусах үеэр нөгөө компани санаатай санаагүй дампуурсан байлаа гэхэд орон нутгийнхан, нийт монголчууд хохирох ёсгүй. Ер нь уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг ухаалаг удирдахгүй бол байгалийн баялгийн өгөөж хүн бүрт тэнцүү хуваарилагдаж чадахгүй болж, улмаар нийгмийн хагарал гарах суурь бүрдэнэ. Ухаалаг удирдаж, хууль, дүрэм журмынхаа хүрээнд ажиллахгүй бол олон улсын харилцаанд ч сөрөг нөлөө үзүүлдэг.

Цаашид бид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгцээтэй салбартаа татан оруулж, ухаалаг удирдаж чадвал үсрэнгүй хөгжлийн суурийг тавих боломжтой. Эс чадвал эхлээд гадаадынхан буруудаж, тэднийг үзэн ядагчид хөөж явуулна, дараа нь хоорондоо яс үндэс, аймаг сумаараа ялгаран байлдах л үлдэнэ дээ.