Монголын иргэн та бол гэмт хэрэгтэн. Хэрэв биш юм бол гэмт хэрэг хийгээгүй гэдгээ нотол, нотолж чадах хүртэл таныг Монгол Улсын төр засаг гэмт хэрэг хийсэн, эсвэл яг хийх гэж байгаа гэж сэжиглэдэг. Ажилд авах, ямар нэг баримт бичиг авах, сунгуулах бүртээ та гэмт хэрэгтэн биш, элдэв гэмт хэрэг хийгээгүй гэдгээ үргэлж батлах шаардлага гардаг бөгөөд тэр нотлох бичгийг мянган төгрөг Цагдаагийн ерөнхий газраас төлж авна. Асуудал мөнгөндөө биш, агуулгадаа бай гаа юм. Тэгээд ч тэрхүү бичиг гурван сарын хугацаанд л хүчин төгөлдөр үйлчилнэ. Танд өөрийн орны төр засаг чинь итгэхгүй болохоор гадаадын орны засгийн газрыг төлөөлж суугаа Элчин сайдын яамдууд бүр итгэхгүй, бас нөгөөх бичгийг шаардана. Өнгөрсөн долоо хоногт Солонгост явж ажиллахаар өргөдл өө гаргасан таван мянган иргэн хонон өнжин дугаарлаж гэмт хэрэгтэн биш гэсэн нотолгоо бичгээ арай гэж авлаа. Тэр дугаарын номер авах нь таван мянган төгрөг болж бас л бизнес болж амжив.

Ардчилсан орны иргэн ийнхүү гурван сар тутам өөрийгөө гэмт хэрэгтэн биш гэж батлахаар Цагдаа гийн газарт очиж байх ёсгүй. Төр засаг өөрсдийн ир гэд дотроо хэн нь гэмт хэрэгтэн, хэн нь гэмт хэрэгтэн биш гэдгийг ялгаж мэддэг байх ёстой бөгөөд цөөн гэмт хэрэгтэн, холбогдох этгээдээс болоод орон даяар иргэн бүрээ толгой дараалан хардах ёсгүй. Энэ бол зөвхөн фашизм, коммунизмын харгис дэглэмийн дор л өрнөх үйл ажиллагаа бөгөөд тийм дэглэмтэй оронд хүн бүр нэг нь нөгөөгөө тагнан туршиж, арми, цагдаагийн газар, дотоод хэргийн яам нь тус тусдаа тагнуулын албатай бөгөөд харилцан бие биеэ хянан тагнаж байдаг. Бид саяхан тийм улс байсан учраас төрийн байгууллагууд хуучин аргаасаа татгалзаж чадахгүй байна. Уг нь бол иргэн та өөрийн иргэний үнэмлэхээ үзүүлэхэд л хангалттай байх учиртай. Үнэхээр шаардлагатай газруу дад тухайн хүнийг гэмт хэрэг хийн ял шийтгэл эдэлж явсан эсэхийг мэдээллийн сангаас харж болох техникийн боломж өнгөрсөн зуунд бий болсон.

Тэгээд ч манай улс иргэдийн бүх мэдээллээ саяхан бүрэн шинэчилж тоон хэлбэрт хөрвүүлсэн шүү дээ. Гэмт хэрэгтэн биш гэдгийг тодорхойлсон дээрх бичгээс гадна төрийн бусад байгууллагын олгодог иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ болон гэр бүлийн баталгаа гэх мэт бусад баримт бичгээ төрийн өөр нэг байгууллага нь итгэдэггүй бөгөөд үргэлж л нотариатаар батлуулахыг шаардаж байгаа нь хүнд суртлыг нэмэгдүүлж баахан цаг, цаас гарзадсан хоосон агуулгатай “сармагчны хөдөлмөр” болж байна. Энэ бол төрөөс иргэддээ үзүүлж байгаа дарамт шахалтын нэг хэлбэр юм. Угаасаа нотариат гэдэг нь тухайн цагт аль нэг үйл явдал боллоо гэдгийг л гэрчлэн тэмдэглэж байгаа гэрчийн баримт болохоос хорвоогийн бүх баримт бичиг үнэн зөв эсэхийг баталдаг газар биш. Тийм чадвартай байгууллага хаана ч байхгүй. Нотариатын конторууд дүрдээ бүр итгээд бизнесийн гэрээний мөнгөн дүнгийн 2-3 хувийг хүртэл авч байсныг саяхан 300.000 төгрөгөөс хэтрэхгүй болгосон сурагтай. Үнэ цэнэ бүтээхэд ямар ч хувь нэмэр оруулахгүй мөртлөө тодорхой хувийг нь хэн ч авах ёсгүй. Энэ маягийн хураамж, төлбөр бол зөвхөн хүнд суртал гүн шингэсэн системийн гаднах илэрхийлэл бөгөөд Монголын төрийн байгууллагуудад өдрөөс өдөрт бэхэжсээр байна.

Жишээ нь, аль нэг компани хэвийн үйл ажиллагаатай, татварын болон бусад өр төлбөргүй гэдэг тодор хойлолтыг хол богдох төрийн байгууллагууд тодорхой хураамж аваад зохих байгууллагад хаяглан ганцхан хувь гаргаж өгдөг бөгөөд өөр байгууллага шаардвал ахиад л төлбөрөө төлж нэг хувь гаргуулж байгаа нь албан тушаалтан шат дамжлага бүрийн ар өврийн хаалгыг бий болгож байна. Үүнтэй төсөөтэй хэчнээн их баримт бичиг, тодорхойлолт, баталгаа гаргуулах гэж хотын гудамжийг хэчнээн олон машин дүүргэн, бөглөж байгаа билээ. Хайран цаг, хайран бензин. Төр өөрийн институтицүүддээ итгэхгүй байгаа бол түүнийг хариуцсан удирдлагуудыг нь солиод бүх газар бүх төвшиндөө хэн ч итгэж болохоор төрийн үйлчилгээг явуулдаг болгох шаардлагатай байна, төр засаг тэгж ажиллахыг иргэд ч шаардаж байна. Ер нь төрийн бараг бүх үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх бөгөөд ямар нэг лавлагаа, баталгаа нотолгоо авах бүх ажил бусад оронд интернэтээр хийдэг болоод удаж байна. Хүнтэй уулзахгүйгээр төрийн үйлчилгээг авах тусам хүнд сур тал, хээл хахууль багасдаг болохыг бусад орны жишээ харуулж байна. Японд гэхэд л хүн бүр өөрийн кодоор орж өөрийнх нь оршин суугаа хаяг, ам бүлийн тодорхойлолт, өмч хөрөнгийнхөө гэрчилгээ, бусад мэдээллийг орон нутгийн засаг захиргааны хамгийн ойрхон нэгж дотор байрлах “өөрийн мэдээллээ авах” автомат машинаар хэвлүүлэн гаргаж авдаг.

Тэр хэвлэж байгаа тусгай цаасыг хуулбарлах аргагүй бөгөөд тухайн цаасан дээр байгаа мэдээлэл гурван сарын дотор хүчин төгөлдөр байдаг. Энэхүү үйлчилгээ тодорхой төлбөртэй боловч заавал нэг газар очих шаардлагагүй учир иргэдийнхээ цаг завыг хэмнэдэг. Мэдээллийн энэ сүлжээгээр тухайн хүнд бусад орон визээ (ETA буюу Electronic Travelling Authorisation) хүртэл олгодог болчихжээ. Монголд ч гэсэн төсөөтэй системийг хийж болох бөгөөд харин хувь хүний мэдээллийг алдахгүй байх талд анхаарах шаардлагатай. Ямар ч гэсэн бид төрийн үйлчилгээг төрд биш олон нийтэд үйлчлэх ёстой нийтийнх болгох цаг нэгэнт иржээ. Монголын иргэн бүр гэмт хэрэгтэн биш шүү дээ. Та, би, бид бүгдээрээ ардчилсан орны чөлөөт иргэд. Бид төр засгаас бидний амьдралыг хүндрүүлэхгүй байхыг шаардаж байна. Амьдрал тэртэй тэргүй амаргүй байна шүү дээ.