Улс орны, компанийн, хувь хүний ч хувьд бусдаас авах зээлийн хэмжээ тодорхой хязгаартай байх ёстой. Зээл хязгааргүй бол зээлийн агуулга үгүй болж, санхүүгийн салбар дампуурна. Тодорхой улс орны хууль тогтоогч байгууллагууд нь Засгийн газрынхаа жилийн төсвийг баталдаг боловч төсвийн орлогоос гадна зээлээр эх үүсвэр нэмж татах дээд хэмжээг буюу өрийн таазыг Засгийн газартаа хуульчлан тогтоож өгдөг. Тод жишээ нь Дани болон АНУ. Аль ч орны өр зээл нь тухайн эдийн засгийн хэмжээтэй буюу өрөө төлөх чадвартай нь холбоотой байх ёстой. Гадаадаас болон дотоодоосоо авч болох зээлийн дээд хэмжээг тодорхой зааж өгөхгүй бол Засгийн газар нь төсвөө олон жилээр алдагдалтай гаргаж, үргэлж өр тавьсаар хэзээ нэгэн цагт өрөө төлж чадахгүйд хүрч, улмаар зардлаа ч дааж чадахгүй дампуурдаг.

Тийм орнуудад эдийн засгийн хэвийн ажиллагаа гацаж, нийтийн тээвэр зогсон, сургууль эмнэлгүүд юуны өмнө хаалгаа барихад хүрнэ гэсэн үг. Өнгөрсөн долоо хоногт Грек улс тийм дампуурлын ирмэгт дахин ирсэн бөгөөд Европын Холбооны гишүүн орнууд хоёр дахь удаагаа нэмж зээл (энэ удаа 120 тэрбум евро) өгч, Засгийн газар нь төсвийн зардлаа огцом бууруулах үүрэг хүлээлээ. Грекийн иргэд цалин орлого нь илт хасагдаж байгаа тул бослого жагсаал хийж төр засгийнхаа авч буй яаралтай арга хэмжээг эсэргүүцэж байна. Энэ орны өр нь дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ 60 хувиар илүү буюу тухайн улс бүтэн жил бүтээж байгаа бүтээгдэхүүний 160 хувьтай тэнцэж байна. Ер нь Европын холбооны гишүүн орны Засгийн газрын зээлийн нийт хэмжээ ДНБ-ий 60 хувиас, тухайн жилийн төсвийн алдагдал 3 хувиас хэтрэхгүй байх ёстой. Грект төсвийн алдагдал нь 16 хувьд хүрсэн бөгөөд түүнийг Португал, Испани дагаж эхэллээ.

Яг адилхан байдалд АНУ-ын Засгийн газар орж, дэлхийн хамгийн үнэмлэхүй том эдийн засаг гацаанд ороход хүрээд байна. Энэ улс дэлхийн II дайнаас хойш Засгийн газрын өрөө үргэлж нэмж ирсэн бөгөөд эдүгээ тогтоосон таазандаа тулсан учир Засгийн газар нь хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрч зарим мужийн засаг захиргаа ажиллагсдадаа цалингүй чөлөө олгож хаалгаа барьжээ. АНУ-ын Засгийн газрын өрийн тааз нь ДНБтэйгээ тэнцэхээр тогтоогдсон бөгөөд ирэх наймдугаар сарын 2-нд энэ түвшинд хүрнэ. АНУ-ын Засгийн газарт нэмж зээл авах эрх Конгресс өгөхгүй бол дампуурах болно. Дампуурна гэдэг нь Засгийн газар төлөх ёстой өрөө төлж чадахгүй, түүний дотор урт болон богино хугацааны бондын төлбөрөө цагт нь хийж чадахгүй болж, улмаар засаг захиргааны олон газруудаа хааж эхэлнэ гэсэн үг.

Хөрөнгө оруулагчид их хэмжээгээр хохирвол АНУ-ын Засгийн газарт итгэхээ больж өөр улс орон руу хөрөнгө оруулалт шилжинэ. Ерөнхийлөгч Б.Обама Конгрессийг 1.4 триллион доллар буюу өрийн таазыг 10 хувиар хэтрүүлсэн зээлийг авахыг зөвш өөрөхийг хүсч байгаа ч Бүгд найрамдах намын төлөөлөгчид Засгийн газрыг зардлаа танах, татварыг багасгах, улмаар ирэх арван жилд өрөө 4 тэрбумаар бууруулсан байхыг шаардаж байна. Обама боломжтой бүх зардлыг багасгаж, түүний дотор тэтгэвэрт гарах насыг хоёр жилээр сунгаж 67 болгож байгаа нь өөрийн Ардчилсан намын гишүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна. Дэлхийн хамгийн том орны Засгийн газрын өр таазандаа тулж, цаашид яах нь тодорхой биш байгаа энэ өдрүүдэд санхүүгийн зах зээл дээр АНУ-ын Засгийн газрын бондын үнэ унаж, бусад үнэт цаасны ханшид нөлөөлж, үнэ цэнээ хэзээ ч алддаггүй гэж тооцогддог алтны үнэ огцом өссөөр түүхэн дээд амжилт тогтоож орхив. Нэг унци алтны үнэ 1600 доллар болж, нэг еврогоор 1.6 доллар сольж эхлээд байна.

Өндөр хөгжилтэй, засаглалын институтууд нь баттай тогтсон орнуудад болж байгаа эдгээр үйл явдал манайх шиг залуухан ардчиллын оронд улсын төсвийн удирдлагатай холбоотой тодорхой асуудлуудад эртнээс анхаарахыг сануулж байна. Юуны өмнө улам бүр томрон данхайж байгаа төрийн зардал төсөв, нэгдсэн тооцоо дансгүй шахам атлаа улам бүр өсөж байгаа гадаад, дотоодын өр зээлийг эргэж харах шаардлага гарч байна. Эдүгээ монголчууд уул уурхайн баялагаа олборлон гадаадад гаргаж улам бүр их орлоготой болж байгаа ч түүнээс ч хурднаар төр засгийн ажиллагсад олширч, төрийн эдийн засаг дахь оролцоо хэзээ ч байгаагүй томорч, төрийн зардал төсөв эрчимтэй өсөв. Засгийн газар уул уурхайгаар халуурч “Гол ланд өвчин” нэгэнт туссан бөгөөд төсөв, зар дал нь жилээс жилд томорсоор төсвийн алдагдал ДНБ-ийн 10-аас дээш хувьд хүрлээ. Монголын иргэн бүрийн амьдрал хувь хүний хүчин зүтгэл гэхээсээ төр засгаас хамаарах боллоо. Ялангуяа бэлэн мөнгийг хүн бүрт сар болгон олгож байгаа нь ЖДҮ-үүдэд, хөдөө малчнаар ажиллах сонирхлыг алга болгож байна.

Монгол Улсын гадаад болон дотоодын өр улам бүр өсөж байна. Гадаад өр Оросын том өрийг дарснаас хойш эрчимтэй өсөж ирлээ. 2010 онд “Сүүлийн 10 жилд гадаадаас зээлсэн өрийн хэмжээ ДНБ-ийн хагастай тэнцэж байна” гэж Сангийн яамнаас мэдээлсэн ч бүх өрийн тухай нэгдсэн мэдээлэл байхгүй гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхааруулж байсан. Энэ тухай тогтмол мэдээлдэг эх сурвалж үгүйлэгдэж байна. Гадаад өр жилээс жилд өсч, ялангуяа одоогийн Засгийн газрын үед хамгийн их бонд гаргаж, хамгийн их өр тавьж эхэллээ. Хөнгөлөлттэй зээл нэрээр гадаад өр улам их болж байна. Засгийн газар хөрсөн доорх баялагаараа давхар барьцаалан асар их өрийн бичиг (бонд) гаргадаг боллоо. Хөгжлийн банкинд зориулсан бонд, ноос ноолуулын үйлдвэрийг хөгжүүлэх бонд, их бүтээн байгууллалтын бонд гэх мэт олон их наяд төгрөгийн үнэт цаас гаргаж борлуулж эхлээд байна. Монголын Засгийн газар ер нь хэдий хэмжээний зээл гадаадаас авч болох юм бэ?

Эсвэл ямар ч хязгаарлалт хийхгүй авах юм уу? Жишээ нь, АНУ-ын нийт өрийн 8 хувь нь Хятад улсад төлөх өр. Хятадтай Америкийн Засгийн газар үгээ бодож харилцахгүй бол хамгийн том зээлдэгчээ хамаагүй дарамталж болохоо байсан. Монгол Улсын Ерөнхий сайдын сүүлчийн айлчалын үеэр манай улсад 600 сая юанийн хөнгөлөлттэй зээл өгөх санал Хятадын тал тавьсан бөгөөд түүнийг авах авахгүй эсэхийг хэн шийдэх вэ? Энэ бүх асуултад хариулахын тулд АНУын Конгресс Засгийн газрын тавьж болох өрийн дээд хэмжээг яагаад зааж өгснийг, өнөөдөр Капитолын толгойд болж байгаа маргаан яагаад Засгийн газрыг бага байлгахад чухал нөлөө үзүүлж чадаж байгааг сайн харж ойлгох шаардлагатай байна. Аливаа асуудлыг гарсан хойно нь биш, гарахаас нь өмнө харж, урьдчилан сэргийлэх нь хамаагүй хямд бөгөөд хор нөлөө нь бага тусдагийг Оростой шийдсэн зээлийн түүх сануулж байна.