НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газраас 2005 онд нэгэн судалгаа хийжээ. Монгол Улсад сонгуулийн хувь тэнцүүлэх буюу пропорциональ тогтолцооны ямар хувилбар тохиромжтой болохыг тооцож гаргасан уг судалгаагаараа тэд, нэр дэвшигчид тулгуурласан 5.0 хувийн босготой систем таарах юм байна гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Гэхдээ мэдээж олонхийн буюу можаритор системтэй холих хэрэгтэй гээгүй.

Тоглоомын нэр дэвшигчид


Яг одоо хэлэлцэж байгаа УИХ-ын сонгуулийн хуулийн төсөлд суудлын тооны харьцангуй цөөн хэсгийг хувь тэнцүүлэх зарчмаар бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл суудал хуваарилалтад пропорционалийн нөлөөлөл бага байна. Нийт гишүүдийн 2/3 нь хуучин системээрээ буюу мажоритар зарчмаар сонгогддог байхаар тогтолцоо үндсэндээ хуучнаараа үлдэж байгаагаас ялгаа байхгүй. Өнгөрсөн сард УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтран хийсэн “Сонгуулийн үеийн зөрчилдөөн-Олон улсын туршлага,  сургамж” хэлэлцүүлэгт тус газрын Ази Номхон далайн бүсийн төвийн сонгуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Саймон Алексис Финли сонгуулиас үүдэлтэй үймээн, сөргөлдөөний тухай бас нэгэн судалгаа танилцуулсан. Түүндээ  “можаритор давамгайлсан сонгуулийн тогтолцоотой оронд сонгуулийн дараа хүчирхийлэл гарах магадлал илүү өндөр” гэж дүгнэсэн байв. Тэгэхээр хойтонгийн сонгуулийн маргааш “7сарын 1” шиг үйл явдал болохгүй гэх итгэл үнэмшил бий болоогүй байна. 2008 оны сонгуулийн дараа тэр үеийн Ерөнхийлөгч, намуудын дарга нар уулзаж, сонгуулийн хуулийг өөрчилье, тогтолцоогоо шинэчилье, уг үндсээр нь засварлая гэсэн тохиролцоонд хүрч байлаа. Гэвч тэр тохиролцооны хүч суларсаар 28 суудал дээр торж үлдээд байгаа.

Энэ 28 суудлыг намуудын авсан саналын харьцаагаар хуваарилахдаа яах вэ гэдэг дээр УИХ дахиад л гацлаа. Намууд парламентын суудлын тоогоор 76 хүн нэр дэвшүүлж, тэднийгээ зарлаад зогсохгүй саналын хуудсан дээр жагсааж бичнэ. Гэхдээ тэдний зарим нь тойрог тойрогтоо, зарим нь үндэсний хэмжээнд өрсөлдөнө. Сонгогчийн саналыг авах, тооцох зарчим нь ч өөр өөр. Можаритор системдээ олонхийн санал авч чадаагүй нэр дэвшигчээ хувь тэнцүүлэх хэсэг рүү оруулах, эсэх дээр эхэндээ нэлээд маргасан. МАН-ын бүлгийнхэн 48-аас унасан хүмүүсийг 28 руу шилжүүлэхгүй, унасан бөхийг туг тойруулахгүй гэхчлэн зүйрлэж, зүтгэж байснаа тойргийн сонгогчдийнхоо 25 хувиас дээш сонгогчийн санал авсан хүмүүсийг шилжүүлж болох юм гэж үзээд байна. Харин ардчилсан нам ерөөсөө л “шилжүүлнэ” гэж байсан. Энэ тохиолдолд хэдийгээр намууд 76 хүн нэр дэвшүүллээ ч тэдний зарим нь сонгууль огт оролцохгүй байх “хоосон зай” үүсч байна. Зарим нь нэг сонгуульд хоёронтаа зүтгэнэ гэсэн үг. Энд сонгогчдын саналаас огтхон ч шалтгаалахгүй, намууд үзэмжээрээ шийддэг байх зохиомол механизм бий болж таарна. 76 хүн сонгож гаргадаг байсан ард түмний эрх мэдэл тэр хэрээр хумигдаж, улс төрийн намын эрх мэдэл тэлнэ.

МАНАН-гийн систем


Олон сонгогчтой тойрогт ялагдсан нэр дэвшигч цөөн сонгогчтой тойргоос нэгээр гарч ирсэн хүнээс ч олон саналтай байх тохиолдол бий. Можаритор системийн улиг болсон энэ сул талаас зайлсхийх, аль болох санал гээхгүй байх, нийт сонгогчдын төлөөллийг парламентад бүрэн багтаах шаардлага уул нь сонгуулийн шинэчлэлийн үндэслэл болсон юм л даа. Гэвч хангалттай шинэчлэл болохгүй байгаагийн илрэл нь өнөөх л сонгогчдын тоотой холбоотой маргаан. Тойргуудыг хүн амын нягтаршилтай нь уяж шинээр зураглах санал АН-ын бүлгийнхэн гаргасан боловч мөн л унасан.

УИХ дахь бүлгүүд зөвшилцлийнхөө явцад ийн шинэчлэлийг улам бүр “хуучруулж” байгаагаас манай улсын улстөрийн систем хоёр намынх болж төлөвшсөн нь харагдаж байна. Нэгэнт пропорциональ давамгайлахгүй тул энэ систем задрахгүй. Гурав дахь, дөрөв дэх намууд гарч ирж чадахгүй. Олон намын системтэй болохгүй. Эрх мэдэл өнөө л янзаараа нэг намд, нэг гарт хэт төвлөрдөг тэр хэвээрээ л байх болно. Ялсан намын дарга засгийн газраа толгойлж, парламент дахь олонхиороо дамжуулан хууль тогтоох засаглалыг хянаад сууж байдаг түүгээрээ л байх болно. Хоёрхон зонхилогч намтай байгаа энэ улстөрийн нөхцөл дотор тэдгээр намуудын төлөвшил асар эрүүл саруул, зөв байх ёстой. Бусад улс орнуудын туршлагаас харахад хоёр намын систем улс төрийн тавцангаас гуравдагч хүчнийг шахаад, зонхилох намуудын тэмцлийг асар ширүүн, зарим талаар харгис хэрцгий болгосон байдаг. Гэтэл манай МАН, АН хоёр МАНАН болтлоо сүлбэлдэж, холилдсоныг зөв төлөвшил гэж үзэхэд түвэгтэй.

Улс төрийн хоёр туйлт систем нь эдийн засаг, бизнес секторт ч ч хүчтэй нөлөө үзүүлж байна. Бизнес эрхлэгчид улстөрийн дарамт шахалтаас бизнесээ аврахын тулд аль нэг намыг илт дэмжих, эсвэл хоёуланд нь нууц дэмжлэг үзүүлэх зэргээр ажиллахаас өөр аргагүй байдалд оруулдаг. Ялсан намын ивээлд байдаг бизнес дэлгэрч, нөгөө тал нь унтрах явдал бишгүй бий. Арга буюу зарим бизнесмэнүүд улс төрд орж, нам байгуулж, эвсэл иргэний хөдөлгөөн санаачлахад хүрч буйг бид бэлхнээ мэднэ.

Босгоны цаана


Пропорциональ дахь намуудын босгыг АН-ынхан 3-4, МАН-ынхан 5-6 хувь байхаар ярилцаж байна. Дэлхий дахинд энэ босго үндсэндээ 3-5 хувьтай байдаг. Зарим судлаачдын өгүүлснээр 5 хувь харьцангүй өндөрт тооцогддог байна. Хэт өндөр босго нийгэмд урьдчилан харахын аргагүй үр дагавар дагуулдгийг судлаачид Туркийн парламентаар жишээлдэг юм билээ. Дэлхийн I дайны дараа Түрэгийн эзэнт гүрэн нуран унаж, Бүгд найрамдах засгийг бэхжүүлэх үүднээс шашин төрийг тусгаарлах бодлого явуулсан байна. Энэ бодлогынхоо үүднээс Лалын экстремист намыг парламентаас шахаж гаргах зорилгоор 10 хувийн босго тогтоожээ. Гэтэл энэ босго үндэсний цөөнх болох курдуудын намыг унагаж орхиж. Нэгэнд хууль ёсны аргаар ашиг сонирхлоо хамгаалах боломжгүй болсон курдууд тэмцлийн өөр аргыг сонгосон байна. Өнөөдөр Курдын чөлөөлөх нам олон улсын террорист байгууллагын бүртгэлд бий.

Нөгөөтэйгүүр хэт өндөр босго бас л хоёр намын системийг дэмждэг. Жижиг намууд улс төрийн тавцанд гарч ирж чадахгүй. Хэрвээ УИХ-ын сонгуулийн хуулийн шинэчлэлд энэ босгыг өндөр тогтоовол холимог дахь пропорциональ бүхэлдээ утгаа алдана. Хууль яг л 2008 оны сонгууль явуулсан тэр хэвээрээ гарч байгаагаас ялгаагүй болно. АН-ын бүлгийн анх баримталж байсан пропорциональ давамгайлна гэсэн байр суурь өнөөгийнхтэй нь харьцуулахад илүү шинэчлэлийн эрмэлзэлтэй байсан. Гэвч тэр эрмэлзлээсээ ухарсан нь тэдний хувьд сонгууль болоогүй байхад ялагдсантай л адил хэрэг болж байна. Уул нь шинэчилбэл шинэчилсэн шиг шинэчилсэн бол зүгээр байсан юм.