Эх орныхоо хишигт оочирлосоон. Хадгаламж банкны заал пиг хүн. Пиг хүн байсаар байтал тэнд:
-Та хаачих гээд байна?
-Хаачидгийн, юм л харж байна! гэсэн ёозгүй ярианаас өөр зодоон байтугай дөмөгхөн хэрүүл ч гарсангүй. Энэ бол миний ард зогсож байсан эмэгтэй хийгээд түүний хажуугаар өнгөрөөд оочрын урд руу зүглэх эмгэжээр эгч хоёрын хооронд болсон яриа. Эмгэжээр эгч хэлсэндээ хүрч үнэхээр юмаа харчаад л эргээд оочрын ард нийлсэн.

Оочир маань удаан ч гэсэн урагшилсаар л байлаа. Би ч тэвчээр заан зогссоор байв. Тэгсэн яах аргагүй нэг шинэ хүн ирээд миний урдуур орох гэдэг юм.
–Гү та байлуу гүйвлүү? гэж асуухад урд талын ах:
 -Аа манай эхнэр байгаамаа гэж авчийнэ.
-Түгүүл гэр бүл гэсэн баталгаа хаа байна?

Тэд нэг гэр бүл мөн эсэх нь энэ оочиртой хамаатай үгүй нь хамаагүйгээр манай албархаг иргэд ингэж шаардаж чадна.  Гэр бүл биш байх юм бол хайр найргүй хөөж гаргана. Мөн байх юм бол яахав жоохон зогсоовол зогсооно.

Эгч хүү нөхрийхөө урд орж арын бид хэд тэрийг нь хүлцсэнээр заал дүнгэр дангар гэсэн хэвийн байдалдаа орлоо. Би заалны доторхыг нэгд нэгэнгүй харж дууссан тул баахан уйдах маяг орсгээд байж байтал гэнэт  нэг согтуу хүнд гарыг бас нэг хүнд гар нь түшээд ороод ирлээ.  Орж ирэхээр барахгүй яг миний оочирлож байсан цонх руу шууд чиглэв. Гэртээ удаан хариагүймүү хаашаа ен, нэлээд навсгар агаад хиртэй. Хүүхнүүд хамар амаа дараад сүйд. “Бөөс 12 метр үсэрдэг гэсийшд” гэсэн шивнээ ард сонсдоно. Энэ үгийг сонссон зарим нь тэдэн рүү нэг, өөрийнхөө гутал руу нэг харах нь хоорондох зайгаа багцаалж байгаагийнх.

-Согтуу хүн урдуур дайрдын бол цөмөөрөө адилхан архи уугаад дайры доо.
Эхний шаардагч тэдний оочир дайрахыг нь, ерөөс орж ирэхийг нь тэвчээгүй ч гэсэн тэнэмэлээр нь биш согтуугаар нь шалтагласан нь шаардлагынхаа арьсыг “хүнлэг” болгов. Гэтэл нөгөө талаас:
-Наадуулдаа гялс мөнгий нь өгүүлчхээ.

За энэ бүүр ч баларсан сайхан сэтгэл байсан ч “наадуулаа хурдан гаргаадхаач” гэсэн агуулга нь ил байсан тул хүнлэгээрээ эхнийхийгээ арай гүйцэхгүй юм, гэхдээ энэ ямар хамаа байхав. Бүх хүн үүнийг дэмжив. Би ч бас дэмжив. 

Гэхдээ тээ, толгойн орой дээр цор ганцаараа ташаа тулж зогсох хүсэлтэй монгол эрс дээд давхарт нь хүн амьдрахаас бусад нийтийн харилцааны асуудлуудыг хэзээ сурч дуусна даа гэсэн бодол эндээс эхлээд сарних юм шиг байна лээ шүү. Зам дээр гэхэд л зай тавиад өгөх жолооч нар олон болоод зогсохгүй бүр хүмүүс юм бүхэнд, бүр  автуусанд хүртэл оочирлож сурч байна гээч. Хотын хүнд тун ч дөхөж явна даа.

Ингэж байтал хамгаалагч туранхай хүү ирж тэдгээр навсайдамбуудыг хаалганы зүг түлхлээ. “За даа энэ 2 ч дүүрчээ. Хэр зэрэг балбуулдым бол” гээд харж байтал юун балбах, олигтойхон түлхээд ч өгдгүй шүү. Тэр хоёр, нэгдэж бушуухан шиг мөнгөө аваад нохойгоо долоо харагдтал уух гэснийх, хоёрдож  дулаан газар ч орж ирснийх, гуравдаж хамгаалагч ч эелдэг байсных уу явах нэг л дургүй, тэрүүхэндээ амандаа бувтнаад эргэцээд байна. Тэгсэн ч гэсэн хамгаалагч тэднийг мөн л түлхэж унагасангүй харин ярилцав.

-Аль хороо ен?
Тэд нэг юм хэлэх шиг болоод сарвайсан бичиг баримтыг нь  авч харсан хамгаалагч залуу бараг хашгирсан нь:
-Явж тэр Баянзүрхээсээ очиж аваачээ!
Хүмүүс  инээлдэв. Тэнэмэлүүд анх орж ирсэн шигээ бүгдийн үзэн ядалтыг биш бараг өхөөрдлийг хүргэх шахлаа. “Хаха сайхан гарууд, энэ чинь Сонгино-хайрхан шдээ”. Энэ удаа хамгаалагч тэднийг итгэлтэйеэ түлхэж, хүмүүс ч уухайлан дэмжсээр тэнэмэлүүд төдхөн хаалганы цаана гарваа.

Ёхххх гэж. Тэд оочирын урдуур ороогүй хэрнээ хурдан “гарч өглөө”. Ямар азаар баянзүрхийх байваа! Би хүн учир хүнийхээ натураар бусад хүмүүстэй адил дотроо ингэж дуу алдав.

Эргээд л бүх юм түрүүнийхээрээ. Оочир минутанд арван санжийн хурдаар урагшилна.  Ингэсээр байтал арай гэж нэг хүрэх газраа хүрч тээллэр хүүхнээс мөнгөө тоолж авлаа даа. Бодсоноос бага байхад нь би асуув:
-Эндээс ямар ямар татвар суутгал хасагддаг билээ?
 -Татварсаад байх юу байдын. 350 төгрөг л хасагддагшд.
Өө энэ чинь харин юу вэ! Хүүхэн яагаад загналтын элемент агуулсан хариулт хэлээд байнаа?

Муу зан сурчих юм гээч. Яагаад гэвэл гэртээ авгайгаа урлуулж байж л хэрүүл хийдгүйм бол гадуур хэрэлдээд өгчих хүн ч олдхоо байсан цаг ирсэн байна лээ.  Хотын бүх л газар, аль ч банк, утасны кампаанууд, баар маар хаана ч дагтан инээд алдсан улсууд байх. Заримдаа ч бүр энэ хүн зүгээр байгаа даа гэж бодмоор. Эсвэл намайг шоолоод явуулаад ч байнуу гэж эргэлзмээр.  Учир нь урьд нь ийм юм нүдний гэм байлаа. Энгийн иргэн хаа ч явсан загнуулдаг байв. Бас саявтархан олон залуус цугларсан нэг газар очсон. Пиав уусан, хэд гурваараа зогсож буу халсан. Жив жирийн залуус. Такс даах хүн олдохоор нь баярлаад ирсэн нь ч байгаа. Олуулаа л юм чинь шүргэлцнэ, мөргөлднө, хөл дээрээ гишгэлцнэ, нойлд оочирлоно. Харин энд тэндгүй л уучлаарай, баярлалаа....

Магадгүй тээллэр хүүхэнд өнөөдөр том асуудлууд гарсан байхоо. Өглөө сэрүүлэг байхгүй ажлаасаа хоцроод. Тэгсэн чинь нөхөр нь жорлондоо суучаад гарч өгдгүй. Тэгээд унд уух гэж байгаад контакт линзээ халуун цайндаа унагаад. Дараа нь машин нь хөлдчөөд асдгүй, арай гэж ассан чинь жоохон яваад мотор нь цохиод. Такси барьсан чинь жолооч нь үнсэх гэж дайраад, зугтаагаад явжээсэн чинь хальтирч унаад. Чүү чамай ажил дээрээ ирсэн чинь суудал дээр нь конооп байгаад, үдийн цайнд орох гэж яваад түрийвчээ суйлуулаад... хүнд юу ч тохиолдож болы шдээ. Би түүнийг ойлгох ёстой.  Аягүй бол би өөрөө муухай харсан л даа.

Монголын амьдрал өрнүүн байна. Монголчууд завгүй байна.  
Ядуус байнаа. Хар мянга байна. Хаана ч байгаа. Бүүкнхэмийн ордны хашаанаас хэд алхахад л өдрийн хоолтойгоо залгах гээд хог ухаж байгаа нөхрийг харна. Дотор нь Саркози гуай тансаглаж суугаа Елисэйн ордны ердөө эсрэг талын ханыг налаад гуйлгачин алгаа тосож сууна. Янхан байх дуртай хүн байдгийн адил ядуу байхдаа жаргалтай байдаг нь ч байна. Яах ч аргагүй  ядуу нь ч байна. Гэхдээ их тэрэг хөдөлжээ. Их тэргээ дагаад хотлоороо урагшилдаг билээ.

Монголчууд тайван болж. Харанхуйд хаачхаа мэдэхгүй нүдэлдэж барилцаж байсан хүмүүс тэртээд гэрэл хараад итгэлтэй еэ урагшилж эхэлсэн мэт санагдаж байна.  Одоохондоо ёлтойх л төдий санагдаж байгаа. Гэвч яван явсаар дүрэлзэн асах их галын дэргэд очих итгэл дүүрэн байна.