Европын аварга шалгаруулах тэмцээн Украин, Польш улсуудад эхлэхэд дөрвөн сарын хугацаа үлджээ. Тиймээс оролцох 16 багийн тухай өөрийн анализаа эртнээс хүргэхээр бэлдлээ. Долоо хоног бүр нэг багийг танилцуулах болно. Мэдээлэл гэхээсээ илүү анализ давамгайлах учраас хөлбөмбөг анхлан сонирхогчдод уйтгартай байж магадгүй. Эхний шигшээ багаараа Европын аваргад хамгийн олон түрүүлсэн Германаар эхлэхээр шийдлээ.


Германы шигшээ

Хөлбөмбөгийн бүхий л цаг үед тогтмол амжилттай байсан шигшээ бол Герман. Ямар ч муу бүрэлдэхүүнтэй байсан тэд хасагдах шатанд шалгарч, медаль авдаг.
   
Хөлбөмбөгийн “школ” улс бүрт өөр өөрийн онцлогтой. Герман арга барил бол нягт хатуу чанга, үүрэг даалгаврын хатуу хуваарьтай. Үндэстний онцлог нь хөлбөмбөгт орсон байж магадгүй учраас Герман гэхээр өндөр зохион байгуулалт санаанд ордог. Германы тоглолтонд “гоёл чимэглэл” байдаггүй нь нэмэлт техникдээ төдийлөн анхаарал хандуулдаггүй харин үндсэн техниктээ голчлон анхаарал тавьдагтай холбоотой. Тиймээс энгийн техникийн алдаа буюу зөрөх, хальт өшиглөх, байрлалын жижиг алдаа, отон тоглолтын шахалтын байрлал гэсэн зүйлс тоглолтын явцад гаргадаггүй нь тэдний үндсэн техникээ сайн эзэмшсэний гавьяа. Ердөө л бөмбөг тогтоох, дамжуулах, залах, цохих, мөргөх гэсэн үндсэн техникийг тэд багаас нь уйгагүй бэлддэг. Хууралт заадаг боловч тэр нь үндсэн техниктээ багтах залалт, туултын хэлбэрт ордог. Ерээд оны сүүл, 2000 оны эхээр тэдний хөлбөмбөг бага зэрэг унасан. Хөлбөмбөгт нэмэлт техникийн томоохон дэвшил гарсантай холбоотой жигүүрийн тоглогчдын үүрэг дэндүү чухал болов. Гоцлон тоглолт сайтай тоглогчид энэ үед ид эрчээ авав. Харамсалтай нь Герман энэ тал дээр дэндүү бага анхаарал хандуулсан учраас тэдний хөлбөмбөг бага зэрэг унасныг харж, бага насны хүүхдүүдэд үндсэн техникийг сайн эзэмшүүлсний дараа нэмэлт техникийн бэлтгэлийг илүү ихээр заах болсон. Үйлдэл нь ойлгомжтой, довтолгооны төгсгөлийг дуустал нэг хэвийн үйлдэл хийдэг жигүүрийн тоглогчид нь томоохон тэмцээнд гологдох болов. Сайн тактик, багийн тоглолт, үндсэн техникийнхээ хүчээр тоглох болсон Герман жигүүрүүд хувийн уян хатан тоглолт, багийн тактикаас хувийн ганцаарчилсан тоглолт руу өөрийн дураар шилжих арга барил дэндүү тааруухан байв. Яагаад гэвэл Германд тактикаас гадуур сэтгэдэг, сэтгэсэн ч тэрийгээ үйлдэл болгодог тоглогч дэндүү хомс байлаа. Нэг хэвийн, тактикт дэндүү баригдсан, шууд утгаараа уйтгартай тоглолт Германы хэв маяг байв. Хүн хуурахгүй бол хөлбөмбөгт гологдохыг Германчууд ойлгож нэмэлт техникээ илүү ашигладаг, жижиг биетэй тоглогчдыг бэлдэх болов. Тэдний бас нэг давуу тал бол хүүхэд насанд сайн анхаарвал суурь сайтай тоглогч гарч ирдэг уламжлалаараа хүүхдүүдийн багт хандах анхаарлаа улам гүнзгийрүүлсэн юм. Энэ бол 90-ээд оны эхэн үе. Мэдээж улс бүхэн хүүхдийн багтаа анхаарал илүү тавьдаг боловч шалтгаан чухал. Нэг үр дүнд хүрэх олон аргаас Германых илүү дэвшилттэй.

Германы шинэ арга барил 2006 оны Юргэн Клинсманнаас эхтэй. Шинэ өнгө төрхтэй, илүү сонирхолтой тоглолт буюу хууралт, нэмэлт техникийн чадвар өндөртэй Герман тоглогчид гарч ирэв. Жигүүрийн хамгаалалтанд хөшүүн, удаан арга барил Баббэл, Фрингс (жигүүрийн хамгаалалтанд тоглож байсан), Фридрих нараар дуусгавар болж Лам тэргүүтэй илүү хувийн санаачлага өндөртэй тоглогчид байр суурийг нь эзлэх болжээ. Жигүүрийн довтолгооны бүст хувийн чадвараа дээд зэргээр ашигладаг тоглогчид хүч түрэн гарч ирсэн. Хамгаалалт, довтолгоо аль ч тал дээр жигүүрийн байрлал нэгийн эсрэг нэг тоглох нөхцлийг тогтмол үүсгэдэг учраас гоцлон тоглолт сайн хийдэг тоглогчид эсрэг багийн хамгаалалтыг эвдэх, нураах гол давуу тал болсон. Одооны Ливэрпүүлд ийм байдал харагддаг. Тэд том багуудтай сайн тоглодог мөртлөө, тааруухан багуудаас оноо авах гэж үйлээ үздэг нь эсрэг багийн хамгаалалтыг эвдэх тоглогч хомс байгаагаар тайлбарлаж болно. Манчэстэрийн багууд, Чэлси, Арсэнал энэ тал дээр илүү байдаг нь гоцлон тоглолт, тактикаас гадуур тоглох чадвартай тоглогчид олон байдагтай холбоотой. Мэсси, Роналдо, Нани, Валэнсиа, Старриж нар нэгээс хоёр хүн хуураад гараад ирэхэд эсрэг багийн хамгаалалтын байрлал бутрахаас өөр аргагүй байдалд ордог. Тэгэхээр Германы шигшээ сул талаа, хөлбөмбөгийн хөгжлийн дараагийн үеийг эрт олж харсан учраас шинэ чадварлаг залуусыг олноор үйлдвэрлэх болжээ. Дунга хэдхэн жилийн өмнө Англичуудад хандаж хэлж байсан даа: Хүн хуурахгүйгээр хөлбөмбөг тоглодоггүй юм” гэж. Тактик, үндсэн техникт илүү суурилсан төв болон баруун Европын хөлбөмбөгийн арга барилд бүхэлд нь хандсан үг байсан юм. Харин Германчууд үүнийг аль эрт олж хараад хэрэгжүүлчихсэн байв. Хөлбөмбөгийн хоёр баг тоглодог ялагч нь үргэлж Немцүүд байдагтай адил хөлбөмбөгийн бүхий л хөгжилд тэд манлайлагч байсан, одоо ч нэг манлайлынхан гэрч бид болж байна.

Нэг сул тал ажиглагдаж буй. Хөлбөмбөгийн суурь техниктээ анхаарал хандуулдаг арга барил нь клуб, лигийн хэмжээнд бас харагддаг. Тэдний тоглолтонд “гоёл чимэглэл” байдаггүйтэй адил Бүндэс Лиг нь өрсөлдөөн дүүрэн болдог ч зугаа цэнгэлийн тал дээр ажиллагаа дутмаг. Дэлхийд хамгийн их хүн үздэг лигтэй, тоглолт бүр битүү үзэгчтэй боловч Европын дөрөв дэх том лигийн статустай байгаа нь нэгийг үгүйлнэ. Нэмэлт юм нэмэлт байдаг ч анхаарахгүй бол болдоггүй. Тэд үндсэн хөлбөмбөгөөс гадуурх нэмэлт болох үзэгч, ивээн тэтгэгч байгууллага татах тал дээр ажиллагаа муу байгаа нь Англи, Испани, Италиас доогуур төвшинд байх нөхцөл болжээ. Англиас илүү залуус тогтмол бэлддэг, Италиас харьцангуй олон үзэгчтэй, Испаниас хэд дахин баян. Харин гадныханыг татах, илүү сонирхолтой байх тал дээр тэднийг гүйцэхгүй байна. Үзэгчид үргэлж сюрприз барьдаг, олон арга барилтай тоглогчид байдгаас улбаалж Английн Лигийг илүү сонирхдог байж болох юм.

Оршил дэндүү урт болсон учир уншигчдаасаа уучлалт гуйж, гол асуудалдаа орьё. Энэ жилийн Европын аваргыг гарааны биш бүх 23 тоглогчоор дүгнэвэл тэд хамгийн хүчирхэг байх бололтой. Иоахим Лөв 4-5-1 гэсэн хувилбарыг сонгох нь гарцаагүй.

Магадлалтай гараа:


                                                            Нойер
Боатэнг                  Мэртэзакэр                      Бадштүбэр                   Лам

                                 Хэдира                         Швайнштайгэр

Мюллэр                                                                                      Подолски
                                                  Өзил

                                                  Гомэс    


Гарааны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж болох тоглогчид бол Тони Кроос, Марио Гөтцэ, Матс Хүммэлс. Үнэндээ Швайнштайгэртэй хамт Хэдира, Кроос нарын хэн гарахыг таахад бэрх. Эсвэл Байерний хоёр хагас Швайни, Кроос нарыг Лөв сонгож болох юм. Урьдчилсан тоглолт, нөхөрсөг тоглолтуудыг харахад Сами, Швайнигийн хослол гарах магадлал илүү байгаа ч, ирээдүйд болох зүйлийг өнгөрснөөс өөрөөр хийхийг үгүйсгэхгүй. Эсвэл улирлын төгсгөлийн форм хэн нь гарахыг шийдэж магадгүй. Надад ч гэсэн Байерн Мюнхэний бүх стандартыг цохидог Кроосыг суулгана гэдэг харамсалтай байна. Кроос тоглосон нөхцөлд хамгаалалт эрс муудах нь сэлгээнээс тоглох гол шалтгаан. Гөтцэгийн хувьд сайхан сонголт. Гэвч Өзил суух нөхцөл бараг байхгүй. Тиймээс түүнд төвд биш, зүүнд тоглох сонголт үлдэж байна. Өзил, Гөтцэг хамт Украйн дээр тоглуулж туршихад Кроос ч бас жигүүрт гарсан. Гөтцэ шигшээдээ зүүнд Полдигийн оронд тоглодог бол, Өзилийн оронд Түркийн эсрэг тоглож байсан. Подолски хуучин Көлндээ очоод шидийг үзүүлж байгаа, мөн шигшээдээ сайн тоглодог сэтгэхүй нь гараанд гаргаж болох юм. Түүнчлэн Матс Хүммэлс, Бадштүбэрийг сэлгээнд суулгаж болох талтай.

Германы сүүлийн тоглолтуудад нэхэлтийг тогтмол хийж, хийхдээ Барсэлонагийн хийж буй бүтэн талбайн нэгийн эсрэг нэг хамгаалалт, нэгийн эсрэг хоёр шахалт, бөмбөггүй тоглогчийн урд болон дотор талд нь зогсож хамгаалж байгаа нь харагдаж байна. Ийм нэхэлтийг багаараа сэтгэж сайн хийхгүй бол эрсдэл өндөртэй байдаг нь Украины эсрэг харагдаж гурван гоол алдахад хүргэсэн. Эхний хоёр гоол дээрх шалтгаанаас болсон. Бүр талбайн төвөөс 20 метрийн араас ганцаараа гарсан (хоёр дахь гоол) гэхээр зоригтой нэхэлтийг хийж байгаагийн тодхон жишээ. Мөн арын нэг чөлөөт хамгаалагчтай тактикыг үе үе, бүр олон дахин хийж байгаа нь харагдсан. Хэрвээ Бразилчууд олон тоогоор хожоод эхлэвэл шоудаж эхлэдэг бол Германчууд яс, өмнөх шигээ тоглодог гэж. Тиймээ тэдний том давуу тал. Дараагийн тоглолтонд хийж болох тактикуудаа үргэлж туршиж, тухайн үр дүнгээс үл хамаарч тоглолт хийдэг нь, үр дүн чухал биш шалтгааныг илүүд үздэг “немц” арга.



Германы сэлгээ гараанаасаа тийм ч хол хоцрохгүй. Бусад улсуудад сэлгээ орж ирэхэд сэлгээний тоглогч гэсэн байр суурьнаас ханддаг бол Герман бүхий л цаг үедээ сэлгээ нь гарааны тоглогч шиг тоглодог номтой. Мэдээж бүгд үндсэн техникийн алдаа гаргадаггүй нь алдаа гаргах нөхцөлд хүргэдэггүй бол зохион байгуулалт, тактикын өндөр чадвар нь сэтгэлзүй унадаггүй, сандралд хүргэдэггүй байж магадгүй юм.

Хаалгач:  Рэнэ Адлэр, Тим Визэ, Рон-Робэрт Цилэр

Хамгаалагч: Матс Хүммэлс (төв), Марсэл Шмэлцэр (зүүн), Бэнэдикт Хөвэдэс (төв, баруун), Кристиан Трэш (төв, хамгаалах чиглэлийн хагас), Дэннис Аого (зүүн, баруун), Арнэ Фридрих (баруун, төв)

Хагас хамгаалагч: Марио Гөтцэ (зүүн, төвийн довтолгооны), Тони Кроос (зүүн, баруун төвийн хамгаалах, довтлох), Симон Ролфэс (төвийн хамгаалах), Андрэ Шүррлэ (жигүүр, хоёр дахь довтлогч), Льюис Холтби (төв), Кэвин Гросскройц (зүүн, баруун), Илкай Гүндоган (төв), Ларс Бэндэр (төв, төвийн хамгаалах), Свэн Бэндэр (төв, төвийн хамгаалах), Сэбастиан Рүди (төв, төвийн хамгаалах), Марко Марин (зүүн, баруун)

Довтлогч: Марко Ройс, Мирослав Клозэ, Какау

Сэлгээний тоглогчдоос Хүммэлс, Кроос, Гөтцэ нараас гадна Шүррлэ, Гросскройц, Ройс, Клозэ, Ролфэс нарыг дахин тодотгож болох юм. Иоахим Лөвийн залуучуудаа зоригтой сонгож тоглуулдаг нь Германы хуучин арга барилаас өөрчлөгдсөн бас нэг зүйл болжээ. Хэдира, Мюллэр нар хамгаалалтанд сайн тусалдаг, эргээд сөрөг довтолгоог Өзилөөр дамжуулж сайн дэмждэг нь Дэлхийн аваргаас хойшхи тоглолтуудад харагдаж байна. Үндсэн, нэмэлт техникийн гайхалтай хослол, тактикын хатуу хуваарь, хатуу хуваарийг уян хатан болгож чадах ур чадвар Өзил, Мюллэр, Гөтцэ, Кроос, Шүррлэ нараас гарна. Лам ч арын бүсээс үүнийг үзүүлж чадна. Дээр нь гоолын машин цолыг албан ёсоор хүртсэн Марио Гомэсийн төгсгөл.

Баллак Дэлхийн аваргын өмнө гэмтээгүй бол Мюллэр шигшээд багтаж Алтанбөмбөг авахгүй байсан. Иймэрхүү нууц залуу “хөзрүүд” харьцангуй их байна. Одоогийн өнцөгөөс харахад 2020 он хүртэл Герман ямар ч тэмцээний сүүлийн шатанд Испаниас илүү үлдэж магадгүй. Тэдний ирээдүйгээс бусад багууд хэдийнээ айгаад эхэлжээ.