Францын зохиолч Мишэл дэ Монтэний “Сонгомол эсээнүүд” гэж номыг анх уншаад ойлголгүй тэнэг, утгагүйг нь гайхаж, орчуулсан Г.Аюурзаныг ийм ном орчуулж л байдаг гэж толгой сэгсэрч байсан үе надад бий. Дараа нь нойл орох гээд унших юм ойрхон байдаггүй гарт таарсан номоо авч, за энийг нэг хараадхий гэж Монтэний номыг эхлүүлчихээд салж чадахгүй уншиж, дуусчихаад ахиад эхнээс нь эхлүүлж байнга авч явдаг ганц ном минь болж билээ. Оросын их зохиолч Лев Толстой хүртэл эхнэрээсээ салж шөнө дунд гарахдаа зөвхөн энэ номыг авч явж байсан гээд “Сонгомол эсээнүүд”-тэй холбоотой олон гайхалтай жишээг сонсож байсан. Тэгээд энэ номыг уншаарай гэж таньдаг хүмүүстэй хэлтэл: Юу гардаг юм гэхэд нь хариулж чадахгүй, утгыг нь тайлбарлаж өгөх гэсэн боловч нэг болж өгдөггүй сүүлдээ нөгөө хүндээ ямар утгагүй ном бэ гэтэл нь сэтгэгдэл үлдээдэг боллоо. Зарим нь миний яриаг ойлгохоосоо илүү хурдан дуусаасай гэсэн шиг яриа тасладаг тохиолдол олон байв. Нэлээд хугацааны дараа Африк руу Дэлхийн аваргын сурвалжлаганд явж байхад Айн Рэндийн “Эх сурвалж” гэж номыг “Шар айраг” хамтлагийн Ганхүү ах онгоцонд уншиж байхыг харав. Жижигхэн цүнх ардаа үүрчихсэн том зузаан ном барьчихсан, зав л гарвал нөгөө номоо уншаад байхаар нь хол газар явж байж, амардаггүйн байхдаа гэж бодож, гайхдаг байв (их л ид шидтэй ном шиг санагдсан). Сонирхоод өмнөх үгийг нь унштал философич Батчулуун гуайн өмнөх үг надад гүн сэтгэгдэл үлдээж билээ. Ирээд Эх сурвалж”-ыг уншаад шууд л нэг юм толгойд орж ирсэн. Яг л Монтэний эсээ шиг хүнд ярьвал ахиад эвгүй байдалд орох ном байна даа гэж өөрийн эрхгүй бодов. Ярьж, тайлбарлаж үзлээ, сурталчилгаа хийгээд амжилт олдоггүй ном байв. Жюл Вэрн, Александр Дюма, Жэк Лондон гээд уншиж үзсэн номоо хүнд ярихад урамтай сонсож, ярихад ч үйл явдал нь дэс дарааллан орж ирдэг байв. Удалгүй Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв”-ийг уншсанаар гурван ном миний хувьд бусад номноос өөр нөхцөл байдлыг үүсгэсэн юм. Зөвхөн уншсан хүн нь ямар гайхамшигтай мэдэж болдог, бусдаар дамжуулж мэдэж болдоггүй тийм номнууд. Энэ гурван номыг Монтэний нэг жишээгээр илэрхийлж болно байх.

“Эртний нэг зураачын сонирхолтой жишээ бий. Нүгэл хилэнц, гай зовлонд нэрвэгдсэн Ифигэниа хэмээх эмэгтэйг дүүжлүүрийн тавцанд гаргаж ирэх үеийг зураач өөрийн нарийн уран чадвараараа маш сайхан дүрслэн гаргажээ. Зураач хүмүүсийн уйлж, шаналаж, үзэн ядаж, өрөвдөж байгааг өөрийн авьяасаар чадамгай гаргаж ирсэн бөгөөд харин түүний аавыг нүүрээ дарснаар үзүүлсэн гэдэг. Учир нь ийм их уй гунигыг илэрхийлэх боломжгүй гэсэн санаа юм”.

Дээрх эцгийн үйлдэл зургаар илэрхийлж болдоггүй зүйл. Тэр их уй гунигт автаж байгаа хүний хажууд нь байсан хүмүүс л харж болох тийм нөхцөл байдал юм. Яг л дээрх ярьж болдоггүй гурван ном шиг зургаар илэрхийлж болохгүй зүйл. Түүнчлэн тэр эцгийн яаж охиныхоо араас харуусаж байгааг харсан хүн, тухайн үйл явдлыг хараагүй нэгэндээ яг ингэж харуусаж байнлээ гэж хэл яриагаар илэрхийлж боломгүй үйлдэл.  Гал яаж гарч байгааг ярьж чадаж байвал тийм сайн шатаагүй хэрэг, харин яаж шатаж байгааг ярьж чадахгүй очоод үз гэвэл тэр жинхэнэ шатаж байгаа хэрэг.

 “Эх сурвалж”-ыг уншсан хүмүүсийн сэтгэгдэлийг харж байхад зарим нь магтаж, зарим нь гол дүрээ үгүйсгэж (сайн гол дүрдээ дургуй байдаг тохиолдол байдаг билүү), зарим нь ойлгоогүй дүр үзүүлж, зарим нь тэнэг утгагүйг нь гайхаж, зарим нь ерөөсөө ойлгоогүй байдаг (эсвэл ойлгох түвшин хүрээгүй). Бусад уншсан ном зохиолоо ярихад хүн бүр адилхан ойлголттой болж, маргаан гардаг зүйлүүд нь жижигхэн үйл явдлын тухай л байдаг бол “Эх сурвалж”-ыг уншсан хүн болгонтой ярина гэвэл утгагүй. Шал өөр ном ярьж байгаа юм шиг байдал ч үүсэх тохиолдол бий. Тэгээд ч энэ номны гол санаа дээрх жишээ шиг илэрхийлж боломгүй мундаг хувь хүний тухай гардаг. Бүр амьдрал дээр байж болох төгс хүний дүр.  Хүн бол төрөлхийн амиа бодсон (шууд толгойд буудаг тэр амиа бодох биш), эгоист байдгийг магтан дуулдаг. Батчулуун гуайн хэлдэгээр үүн шиг эгоизмийг логиктой сайн гаргасан зохиол үгүй. Дээрх гурван номыг зөвхөн би уншсан учраас мэднэ, миний ойр дотныхон уншаагүй учраас би яаж ч ярьж өгөөд ойлгохгүй. Энэ өөрөө хүн бол төрөлхийн “ганцаараа” гэдгийг хангалттай батална. Дэлхийд гарсан тэр л том нээлтүүд ганц л хүнээс гарч байсан. Тэгэхээр хүний энэ чанарыг ойлгодог, ойлгосон хүмүүсээс үгээр, зургаар, үйл хөдлөлөөр бусдад илэрхийлэмгүй, зөвхөн өөрөө мэдэрч болох тийм сайхан бүтээлүүд гарч байжээ. Шэкспирийн ямар мундаг хүн байсыг тухайн үед хэн ч олж хараагүй байдаг. Гэрийнхэн нь ч мэдээгүй. Бэтховэн ч тэр, Бах ч тэр ядуу тарчиг амьдарсаар нас барсан. Олон жилийн дараа тэдний ямар агуу хүмүүс байсныг олж харсан. Тэдний бүтээлийг уншиж, сонсож байж л ямар агууг мэдэж болно. Тэднийг ойлгоход чадвар хэрэг болдог ч байж магад.

Бүр жижигхэн жишээ авахад: Миний нэг танил ангидаа ганц онц сурлагатан байлаа.. Ангидаа ганцаараа тасарчихсан учраас бусад нь үзэн ядна. Тэрний хэмжээнд сэтгэхгүй учраас ойлгохгүй. Түүний хувьд ангийхан хүүхдүүдийн ярьж байгаа сэдэв дэндүү энгийн санагдана. Хэлж өгөөд тайлбарлахаар зарим нь, ойлгох хэмжээний мэдлэг дутах тохиолдол олон хүүхдэд байв. Хичээл ч биш хичээлээс гадна олон юман дээр ийм байдал гарч ирсэн учраас сүүлдээ ойлгохгүй нь олон болж манай хүн ганцаардана. Эцэст нь түүнийг эсэргүү, дандаа тэнэг юм ярьдаг гэж гоочилж ангиасаа гаргаж байв. Николай Копэрник Дэлхий нарыг тойрдог гэдгийг ганцаараа мэдэж байсан ч эцэст нь алуулсан. Түүний батласныг ойлгох чадвар байсангүй. Ийм хүмүүс нүдэндээ харагдсан зүйлдээ итгэдэг болохоос бодож, тунгаалгүй үйл явдал өнгөрсний дараа ойлгодогтой холбоотой. Гол нь тэр сайн оюутны мэддэгийг хичээл дээр багш нар батлавч, хичээлээс бус зүйл дээр хэн ч батлахгүй учраас ойлгох хүн гардаггүй байсан. Ярьж, харуулж болдоггүй зөвхөн өөрөө мэдэрдэг, мэдэх боломжтой тэр зүйлийг ганцаараа мэддэг байлаа. Аугаа хүнийг аугаа хүн л таньдаг. Учир нь аугаа хүнийг танихын тулд аугаа үйлдлийг хардаг байх ёстой гэдэг үнэн. Миний тэр танил ангидаа үргэлж уйтгарлаж, өөртэй нь энэ тэнцүү өрсөлдөх, өөрийг нь ойлгох хүн гарахгүй байгаад байнга гуниж явдаг байв. Үүнд Айн Рэндийн тодорхойлолт тохирно: Аугаа хүмүүс үзэн яддаг гэж үү? Үгүй дээ тэд гунигладаг юм” гэж. Шэкспир, Бэтховэн гэх мэт тэр аугаа хүмүүс ямар их ганцаардаж, гуниж байсныг бодъё. Тэдний ямар мундаг юм хийж байгааг хэн ч мэдэхгүй, ойлгохгүй. Ярьж байгаа, тайлбарлаж байгааг нь ч ойлгохгүй. Олон жилийн дараах илүү боловсролтой хойч үе нь ойлгосон. Дэндүү том, жижиг хоёр жишээ ч үүссэн нөхцөл байдал нь адилхан.

Өөр хэдэн жишээн дээр тайлбарлах гээд үзье.
 Хөлбөмбөгийг тайлбарлана гэвэл утгагүй. Зүгээр л сайхан кайф авдаг. Ингэж тайлбарлавал илүү ононо. Тэгэхээс дэмждэг багаа үзээд суух гоё, тэр тамирчны тоглолтыг үзэх урамтай, хөлбөмбөг бол агуу спорт, хүн төрөлхтний бий болгосон хамгийн их үзэгчтэй спорт, хэзээ ч нэг юм давтагддаггүй, сайн, муу багийн ялгаа багатай гээд тоочоод байвал дуусахгүй. Өчигдөр тоглолт үзээгүй хүнд ярьж өгвөл мөн л утгагүй. Рүүни тэрний дамжуулалтаар ингэж гоолдлоо гэвэл тийм ч гоё байхгүй. Өөрөө л үзэх хэрэгтэй болдог.

 Сонгодог хөгжим хамгийн сайхан нь гэх яриаг олон сонссон мөртлөө, яг юугаараа гоё юм бэ гэдгийг ойлгодоггүй. Анх сонсоод ч ойлгохгүй, утгагүйг нь гайхаж явлаа. Харин сонсох тусам хөгжмийн гайхамшигийг мэдэрч төгөлдөр хуур, хийл гээд тэр олон хөгжмийн ялгаа, дуугаралт зохицолыг олж сонсоно. Харин дэлхийд хит болж байгаа Битлзийн Yesterday-г сонсоод бүгд сайхныг нь мэддэг бол сонгодог хөгжим өөр. Тэрнээс ч илүү мэдрэмж төрж, бүх биеэр халуу дүүгэж, бие зарсхийнэ. Сонгодог хөгжим сонсох гэж театрт очихдоо хувцсаа бэлдэж, үзэхдээ ямар нэг дуу чимээ гаргалгүй соёлтойгоор үзэх шаардлагатай болдог нь хөгжмөө мэдэрдэгтэй холбоотой. Тэр дэлхийн нэг номер гэж хэлж болдоггүй бүгд л өөр өөрийн гэсэн арга барилтай хүнд хүрэх өнцөг нь өөр. Бэтховэн, Моцарт хоёрыг харьцуулж болдоггүй, хоюулаа агуу. Тэр нь илүү гэсэн хүн сонгодог хөгжим ойлгодоггүй болж таарна. Тухайн хүний хувьд л илүү болохоос тэр нь илүү гэж баталдаг шалгуураас ч илүү зүйл. Хөлбөмбөгт Марадона, Пэлэ хоёрыг харьцуулж болдоггүй. Харин бусад спортод Жордан, Фэлпс, Болт гээд зурайгаад л гараад ирнэ.

Бүр энгийн буюу хувь хүн бүр зөвхөн өөрөө мэдэрдэг жишээ авъя. Сэкс хийж үзээгүй хүнд сэксийг ийм тийм гэж тайлбарлаж чадахгүй. Гоё гэж мэдэх боловч яг яагаад гоё байдаг, ямар мэдрэмж төрдөг талаар хэзээ ч ойлгохгүй. Тэгэхээр хүн өөрөө хийж үзэхээс өөр боломж байхгүй. Байгалаас хүн бүрт үгээр илэрхийлэмгүй энэ сайхан мэдрэмжийг өгсөн боловч өөр зүйл дээр үгээр илэрхийлж болдоггүй олон зүйл байдгийг хүмүүс мэдэхгүй өнгөрдөг.  Би тэрийг л ойлгуулах гээд байгаа юм.

Хайр сэтгэлийг үгээр илэрхийлж болдоггүй. Би чамд хайртай гэж хичнээн хэлээд ч  ойлгуулахгүй. Цаг хугацаа үйлдлээр нь харуулдаг. Үнэхээр хайртай бол үгээр илэрхийлэхэд хэцүү. Сайн найрдаг, сайхан үг хэлдэг хүмүүс ихэнхдээ худлаа байдаг тохиолдол энэ. Үгээр илэрсэн учраас хайр биш болж таарна. Эцэст нь чи намайг юу гэж хэлж авч суулаа гэж дуусна. Сайхан амьдарна жаргаана гэсэн чинь хаа байна гэнэ. Би чамд хайртай кинон дээр Дэлгэр хайраа илэрхийлж чадахгүй байсаар хаягддаг нь тэр их хайрыг Үрлээд яаж ойлгуулахаа мэдэхгүй байгаад оршиж байсан юм. Үгээр илрэх “хайр” биш байсан. Харин Баяр шиг үгээр тоглосон хайр, эцэст нь яаж дуусдагийг бүгд мэднэ. Үрлээ Дэлгэрийн тэр хайрыг олж харалгүй өөрөө бодож, тунгааж, мэдэрч биш үйл явдлаар асуудлын төгсгөлийг олж харж, сүүлд ойлгодог. Үгээр илэрхийлж чадахгүй байгаа тэр л хайр, жинхэнэ хайр. Хүн өөрөө жаргах гэж хайрладаг болохоос хүнийг жаргаах гэж хайрладаггүй. Хүн өөрт нь сайхан байдаг учраас нөгөө хүнээ хайрладаг. Өөрөө жаргал мэдэрхээ больсон үед нөгөө хүнээ хайрлах нь бас үгүй болно. Тэр хүн жаргалтай, өөрөө жаргалгүй байвал тэр хайр биш, боолчлолтой илүү төстэй зүйл болох байх. Чамгүйгээр амьдарч чадахгүй, чи бол би  гэж хэлэх нь нөгөө хүнээ хүссэн хүсээгүй “энэ надад хайртай, надгүйгээр яаж ч чадахгүй юм чинь, би яасан ч яадаг юм” гэдэг сэдлийг өөрийн эрхгүй бий болгодог. Гэтэл хүний бие, организм үйлдэл дээр энэ хэзээ ч биелэх боломжгүй бөгөөд зүгээр л чамгүйгээр амьдарч чадахгүй гэдэг үгийг шүтэж, байнга сонсож амьдарсны гор биз.

Би ердөө нэг зүйлийг тодруулах гэж энэ их зүйлийг бичлээ: Хүнийг хүн гэдгийг мэдрүүлдэг тийм зүйл байдаг. Тэр нь хүний мэдэрч болох хамгийн дээдийн сайхан зүйл учраас мэдэрсэн, мэддэг хүн нь өөрөө тийм чадвартай болох сэдэл, дараа нь үйлдэл бий болдог.  Гэтэл сэкс хийж мэдэрсэн мөртлөө тэрийгээ өөр бусад юмнаас олж харж чадаагүй байдаг. Хүн бүрт бурхан боломж олгосон ч юм билүү хэн мэдлээ. Сэкс хийх гээд улайраад байдаг нь яг л хөлбөмбөг, сонгодог хөгжим, дээрх номууд шиг тийм сайхан салмааргүй зүйл учраас л тэр. Та бол дэлхийд дээр давтагдашгүй ганц хүн гэдгээ мэдэх хэрэгтэй. Та хэнтэй ч адил биш. Давтагдашгүй, харьцуулашгүй зүйлийг та өөрөөрөө дамжуулж мэдрэхээс хэн нэгэн танд мэдрүүлээд өгөхгүй.