Тэр хөршүүдийнхээ хувьд хэн бэ?

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дөхөж байна. Хэн ялах нь тодорхой. Неолибералчид дарангуйлагч хэв шинжийн удирдагч В.Путин айдас хүйдэс ба луйвар булхай, худал хуурмагаар далайлган ялна гэж байна. Харин Оросууд хэзээнийхээрээ “зүрх сэтгэлээрээ” саналаа өгнө. Оросын дотоод нөхцөл байдал, хүн ардынх нь менталитетыг ойлгодоггүй хүмүүст, Оросуудыг хомосоветникуудын хоёрдугаар үе гэж нэрлэдэг ялангуяа баруунханд бол яг ингэж харагдаж байгаа.

Гэвч байдал огт өөр байна. Хэрэв Оросууд хуучнаа санагалздаг болжгэм коммунист намаа, Г.Зюгановаа сонгох бус уу? Эсбөгөөс хуучин ЗХУ-ыг дахин сэргээх популист урианд автах байх. Гэвч В.Путин бол огт өөр Оросыг бий болгосон хүн. Оросод Америкийн ардчилал зохихгүй гэж тэр хэллээ. Харин манай шижир ардчилагчид Путиныг Америк нүдээр харах гээд байна. Гэтэл Монгол бол Америк биш, тэр тусмаа Оростой өрсөлдөгч биш, сөргөлдөж бүр болохгүй.

В.Путин сонгуулиа эхлэхдээ л “Би Оросод хүчирхэгжлийг амлаж байна” гэсэн уриа дэвшүүлсэн. Чухам энэ үг нь түүнийг сонгуулахгүйн тулд барууныхан хүчин чармайлт гаргахад хүргэсэн бөгөөд тэртэй тэргүй Оросыг сэргэн босож буйд барууныхан тийм ч таатай байгаагүйгээс үзэл суртлын интервенцид орчихоод байсан юм. Урианых нь нөлөө Монголд шатахууны үнийн өсөлт болж ирсэн.

В.Путин Оросын эрх ашгийг л нэгдүгээрт тавьдаг удирдагчийн хувьд дотооддоо болон хөршүүддээ хатуу чанга ханддагаараа алдартай. Чухамхүү тэр л Чеченийг үнсэн товрого болгоод, буцаан сэргээж байна. Эрх чөлөө өгөхгүй, харин тэр хөгжлөө ав. Дэлхийн газар нутгийн зургааны нэгийг эзэлж байсан Орос гүрэн XX зуунд хоёр ч задарсан, гурав дахиа задарвал ахиж өндийхгүй. Октябрийн хувьсгалын дараа Финлянд, Польшийг, харин Ардчилсан өөрчлөлтийн дараа 15 БНУ-аа алдсан. Гурав дахь задрал Оросын дотоодын задрал болон хувирахаас нь өмнө тэр зогсоов.  

ОХУ-ыг босоо тэнхлэгээр хуваасан 7 губерни болгон хуваах явцдаа Буриадын хоёр автономит тойргийг “устгаж” (Усть-орд, Агын) Эрхүү, Чита мужид нэгтгэв. Үндэсний автономт улсуудын эрх мэдлийг богино хугацаанд хумьж авчээ.

Хөрш Гүрж, Украиныг төдийгүй коммунизмын үед хараат байлгаж асан Дорнод Европыг байгалийн хийгээр боож эрх ашгаа тулгаж байна. Хараат улсуудаас нь байгалийн хий хэрэглэдэггүй Монгол шатахуунаар боогдож, улстөрийн тогтворгүй байдал үе үе сэдэрдэг болжээ. Украйнд Оросыг баримтлагчид засаглаж, Белоруссийн А.Лукашенког ивээж, харин Украйнд өнгөт хувьсгалчдыг намнана. Бараг л Украйн, Белорусийн асуудал бол Орос үндэсний дотоодын асуудал гэж ойлгом хүчтэй нөлөөллийг тэр хадгалж чадаж байна. Киргизэд хувьсгалын эсрэг хувьсгал ялав. 

Өмнөд Осетид Гүржийг цохдож, пуужингийн довтолгооноос хамгаалах системийн талаарх хүйтэн дайны үеийн зөрчилдөөнийг дахин сэргээж, Сирид Арабын хувьсгалыг гацааж орхиод Ерөнхийлөгчийн сонгуульд явж оржээ. Иран БРИКС-ийн санхүүгийн дэмжлэгт тэсэж байна. В.Путин ЗХУ-ыг байгуулахгүй ч хонгоноос нь зууж магадгүй нохдыг холхон таягдахыг эрмэлзэж байна. Өнөөдөр ОХУ ЗХУ-ын үетэй харьцуулшгүй сул дорой мэт харагдаж байгаа авч цэрэг, зэвсэглэлийн чадвараар Хятадыг ч дагуулахгүй супер гүрэн хэвээрээ байгаа билээ. Илэрхий дайнч болоод байгаа АНУ-ыг сөрөх чадвар зөвхөн Оросод л бий.

В.Путины Оросын онцлогтой либерализм

Оросын барууны хүчнийхэн хүч сул, нэр хүнд муутай байна. Учир нь тэд улсаа сүйтгээд хаячихсан юм. ЗХУ задарч, Б.Ельцин өтөлж ядраад, эрч хүч шавхагдаж, өвчинд ороогдоод байсан тэр цаг үед В.Путин Ленинградаас пуужингийн хурдаар Кремльд орж ирсэн билээ. 1998 оны санхүүгийн хямралын үед ОХУ-ын Төв банк валютын нөөцөө бүрмөсөн шавхчихсан улс орон нь үндсэндээ дампуурчихаад байлаа.

ЗХУ задарсны дараа ОХУ үндсэндээ түүхий эд экспортлогч улс болж үлдсэн юм. Гол экспортын бүтээгдэхүүн байгалийн хий, нефть, өнгөт металлын үйлдвэрүүдийг нь хэдхэн олигарх хуваан авсан байлаа. Өвчинд ороогдсон Б.Ельциныг хулгайн мөнгө, өөрийн өмчийн хэвлэл, телевизүүд, барууны улстөрийн технологичдын хүчээр дахин Ерөнхийлөгч болгоод үлдсэн бүхнийг нь шавхах гэж байхад тэр Догшин Иваны ордонд хөл тавьсан юм. Хэрэв ингээгүй бол Орос орныг хуваагаад зарчихаас сийхгүй хэдхэн олигарх улс орныг хэрэг дээрээ мэдэж байв. Улсын мэдлийн нэртэй сүүлийн стратегийн компани “Газпром”-ийг Ерөнхий сайд В.Черномырдин мэдэж байв.

Улсаасаа баян олигархууд барууны санхүүгийн хэвлэлүүдийн жагсаалтаар дэлхийн толгой баячууд болон тодорч байв. Хоосон улсын Ерөнхий сайд байснаас “Газпром”-ын захирал илүү нэр хүндтэй, баян байв. Орон нутагт үндсэндээ мафиуд ноёрхлоо тогтоож байв. Санхүүгийн сүлжээний луйвар иргэдийн сүүлчийн хадгаламжийг, ирээдүйг хулгайлжээ. Тэр ч бүү хэл салан тусгаарлахыг санаархагч Чеченийн удирдагчийг Кремльд хэлэлцээрт уриад Ичкерийн БНУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэж нэрлэж байв. Хоёр задралын дараа дэлхийн хуурай газрын 10 хувийг эзэгнэсэн Ази-Европын их гүрэн сүйрч байгаа мэт санагдаж байв.

Эхлээд тэр олигархуудаас “хулгайлж авсныг нь худалдаж авсан” билээ. XIX зуунд Бисмарк “Герман хүнийг хэн ч биш болгож, Германыг аугаа үндэстэн болгосон” шиг тэр олигархуудаа хэн ч биш болгоод Оросыг буцаан босгосон. Тэрээр “эцэг” Б.Ельциныг өргөмжилсөн “толгой олигархуудыг” дуудаж уулзаад “Та нар хулгайлж авсныг би худалдаж авна, гэхдээ өнөөгийн зах зээлийн үнээр, иймд та нар хохирохгүй, одоо энэ гэрээнд гарын үсэг зурцгаа”. Хамгийн түрүүд О.Дерипаска босов, тэр ширээ тойрч ирээд В.Путины үзгээр гарын үсэг зурах гэтэл тэрээр үзгээ булааж аваад “Өөрийнхөө үзгээр зур” гэж байж билээ. О.Дерипаска буцаж өөрийн үзгийг авчраад гарын үсгээ зурсан. Харин худалдаагүй нь М.Ходорковкий болсон. Дараа нь “Газпром”-ыг нефтийн “Роснефть” зэрэг “улсын мэдэлд буцаж ирсэн” компаниудтай нэгтгэх замаар зохиомлоор томруулж, хувьцааны эзэмшлээ 37,8-51 хувь болгон өсгөжээ. Энэ өөрчлөлтийн дараа гадаадын компаниуд 49 хувь буюу АНУ-ын “Шелл” хувьцааны 27,5%, Японы “Мицуй” 12.5%, Мицубиши 10,0 хувьтай үлджээ. Үүнд саад хийсэн М.Ходорковский Сибирийн гүнд цөлөгдөж, харин гардан хийсэн Д.Медведев Ерөнхийлөгч болов.



Барууныхан эдийн засгийн либералчлалыг гацаасан В.Путиныг бараг л “Зюгановаас долоон дор зүүнтэн” хэмээн шүүмжилж эхэлснээр барахгүй, Г.Зюгановыг санхүүжүүлж эхэлсэн байдаг. Хэрэв В.Путин гарч ирээгүй бол Оросын сүүлийн аварга компанийг баруунхан худалдаж авахад бэлтгэж байсан юм. Үүний дараа ОХУ Дорнод Европын орнууд, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудыг дотоодын үнээр авдаг байсан байгалийн хий, нефтийн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр авахыг шахаж санасандаа хүрчээ. Ингэснээр улсынхаа валютын нөөцийг асар ихээр нэмэгдүүлж чадав. Орос улс ахар богино хугацаанд валютын нөөцөөрөө Хятад, Японы дараа орсон бөгөөд хэдийгээр валютынх нь нөөцийн хэмжээ Хятадынхаас хоёр дахин бага авч нөөц бүрдүүлэх чадамжаараа Хятадаас хамаагүй илүү гэгдэх болсон билээ. Учир нь дэлхийн зах зээлд гол экспортын бүтээгдэхүүн нефть, байгалийн хийн үнэ өсөж байсан, зарим талаараа Оросууд өөрсдөө “өсгөж” байсан юм. 2007-2012 оны хооронд ОХУ-аас Балканы орнуудад экспортолдог байгалийн хийн бартерын үнэ мянган куб.метр тутамд 91-245 ам.доллар болж өсчээ.  

2008 оны хямралаар ОХУ гүнзгий хямраагүй, валютын нөөцийнхөө гуравны нэгээр хямралыг давсан. В.Путины засаглалын жилүүдэд буцаж тэнхэрсэн юм. Ийм бодит байдлын дараа В.Путин дахин сонгогдохгүй гэж хэн ч хэлж чадахгүй, түүний өмнөх хар дарсан зүүд мэт тэр сүйрэлд Оросууд баруунтнуудаа буруутгадгийг тооцвол В.Путин гарцаагүй ялна.

Монгол дахь либерализм

Ажиглавал энэ бүхэн Монголд яг адилхан давтагдсан байна. Монголд ХЗХ хэмээх санхүүгийн том луйвар иргэдийн 60 тэрбумын хадгаламжийг залгиж орхисон билээ. 2008 оны хямралын үеэр хоёр ч банк үүдээ барьж, нэг банк худалдагдсан юм.

Монгол Улс зэсийн хүдэр экспортлогч ганц үйлдвэр “Эрдэнэт” дээр л тэсч үлдсэн билээ. “Эрдэнэт” бол үлгэрлэвээс манай “Газпром” юм. Ш.Отгонбилэг агсан Оросуудын хаяад явсан үйлдвэрийг Монголчууд бие даан аваад явж чадахыг нотлов. Азаар “Эрдэнэтийг” хувьчилчихаагүй юм. Ингэх гадаад шалтгаан байсан нь хувьцааны ихэнхийг ОХУ эзэмшиж байсан ба хувь эзэмшил нь тодорхой бус байсан, тэд ч өөрийн хувийг алдахыг хүсээгүй билээ. М.Касъянов “их өрийн хоёр хувьтай тэнцэх” хахуулиар өрийг тэглэсний дараа л Монгол Улс албан ёсоор хувьцааны 51 хувийг эзэмшдэг болсон. Оросын Засгийн газрын толгойд “Хоёр хувийн Миша” байсан нь аз болсон, хэрэв тийм биш бол бид В.Путины бахинд хавчуулагдаад “Оюу толгой”, “Таван толгой”-г тавиад туучих байсан юм. Гэхдээ зарчмын хувьд улстөрийн шалтгаанаар их өрийг төлөхгүй байж болох хувилбарыг байнга санаж явах ёстой. Гэхдээ л Монгол амжсан юм шүү.

Монголын үйлдвэрүүд хувьчлалын дараа бүрмөсөн сүйрсэн билээ. Үүний дараа Монголд төрсөн олигархууд, төрөөс төрсөн тэрбумтнууд худалдах юмгүй болоод ирэхээрээ газар нутгаа, газар доорх баялгаа худалдаж эхэлсэн юм. Үйлдвэрлэл сүйрснээс Монгол импортлогч улс болж гадаад худалдааны алдагдлаа хүчрэхээ больж байв.

Өнөөгийн Оросоос өөр нь манай хамгийн том төслүүдийн хяналтын багц барууныхны гарт ороод байгаа ба үүнийгээ манай эрх баригчид засах ямар ч сонирхолгүй байна. Манай Миша нар хэдэн хувийнх бол? Оросын олигархууд компаниа дэлхийн зах зээлд гаргаад хяналтын багцаа өөртөө үлдээснээ улсдаа худалдсанаас “үгүйрсэн” юм. Үйлдвэрийг авах нэг өөр, үйлдвэртэй хамт зах зээл ирдэг, тэр зах зээлээс урт хугацааны ашиг олдог байх нь бизнесмэний гол баялаг. Гэтэл Оросын олигархууд нэг л их бэлэн мөнгөтэй хүмүүс болж хувирсан бөгөөд “жинхнээсээ бизнес эрхлэх” ёстой болсон юм. Сохор зоосыг боловч сэгсэрч байж ашиг унагах ёстой. Зарим нь мөнгөөрөө хөл бөмбөгийн баг худалдан авч байхад олонх нь харш, үл хөдлөх хөрөнгө авсан билээ. Октябрийн хувьсгалын дараа асар их алт, үнэт эрдэнэсээ авч зугатсан Оросын язгууртнуудын үр удам яг ийм шалтгаанаар дэлхийн баячуул болж чадаагүй тэр түүх давтагдаж байна. Харин Монголд ийм алхам хийвэл, төрөөс төрсөн тэрбумтнууд яах бол?

Эцсийн дүнгээр бол В.Путин эрх ашгаа хангаж чадаж байна, харин Монголын эрх ашиг хаана байна? В.Путин “Америкийн ардчилалыг хуулбарлах нь Оросод зохихгүй учраас бид Оросын онцлогтой ардчиллыг бий болгоно” гэж ноднин мэдэгдсэн билээ. Харин Монголын онцлогтой ардчилал хаа байна?

В.Путин ба Монгол

ОХУ-ын Ерөнхийлөгчөөр Их Оросын үндэсний үзэлтэн сонгогдох нь гарцаагүй боллоо. Ард талд Оросын онцлогтой либериализм, өмнө этгээдэд сэргэн мандаж буй Хятадын онцлогтой коммунист гүрэн байна. Дунд нь Ардчилсан Монгол.

Монголын ардчилал нь сөрөг ардчилал хэмээх ухагдахуунд хамрагдах агаад баялгийн хуваарилалт тэгш бус, улстөрийн хувьд тогтворгүй, санхүүгийн систем нь найдвар муутай, авилга хээл хахуульд автсан сул дорой засаглалтай. Эдийн засгийн хувьд БНХАУ-аас улам бүр хамааралтай болж байгаа ба санхүүгийн систем нь бүхэлдээ дэлхийн банкстерүүдийн мэдэлд оржээ. Холланд өвчний шинж тэмдэг улам хүчтэй илэрч байна.

БНХАУ-ын ирээдүйн удирдагч Си Жинпиний айлчлалын дараа В.Путин илэрхий идэвхтэй дайчин сурталчилгаа хийж богино хугацаанд нэр хүндээ өсгөв. Энэ нь магадгүй БНХАУ АНУ-ыг бус ОХУ-ыг илүү дотно түнш гэж тооцсоных байж болзошгүй юм. Одоо Монгол Улс хоёр хөршийн эрх ашгийн хүчтэй шахаанд орж магадгүй болов.

В.Путин ба Таван толгой

Владимир Путины гол өрсөлдөгч гэгдэж буй Михаил Прохоров “Норник”-тэйгээ байхдаа “БазЭл”-ийн О.Дерипаска, “Ренова”-ийн Вексельберг, “Северсталь”-ийн Мордашев нартай хамтарсан консорциум байгуулж манай “Таван толгой”-д саналаа ирүүлж байсан юм. Хожим дэлхийн эдийн засгийн хямралын үеэр энэ консорциум задарсан бөгөөд О.Дерипаска М.Прохоровоос “Норник”-ийг худалдан авч, В.Путин улсын валютын нөөцөөс зээлийн баталгаа өгч аварсан түүхтэй юм. Үүний дараа М.Прохоров “ОНЕКСИМ” банк байгуулсан түүхтэй. Энэ удаагийн сонгуулийн явцыг харвал нэг бол В.Путин шууд ялна. Ийм ойр харилцаатайн хувьд М.Прохоров нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путины сөрөг хүчний оноог хуваагч, шимэгчээр оролцож байгаа бололтой. Олигархийг дарангуйлагч В.Путин, олигархи М.Прохоровын өрсөлдөөн бусад нэр дэвшигчийн сонирхолтой талыг баллурдан дарж, бүх анхаарлыг өөртөө татсанаар сөрөг хүчнийхэн илэрхий ялагдаж эхэллээ. Сөрөг хүчин хэрэв хоёрдугаар шатанд М.Прохоровыг дэмжвэл түүнийг идэвхгүйжүүлэх магадлал өндөр байна. Ийм нөхцөлд яалт ч үгүй В.Путин ялна. Өрнөдийнхний дэмжлэгтэй барууны хүчнийхэн яаж ч чадахгүй ч улстөрийн технологийн хувьд гайхалтай амжилт үзүүлсээр байна.

Энэ бүхэн юуг илтгэнэ вэ? Юуны өмнө В.Путин ялбал дорнод чиглэлийн төмөр замын ажил идэвхжих, Таван толгой дахь сонирхлоо өсгөх  магадлалтай байна. Таван толгойн ордын 40 хувийг Хятадуудад өгнө гэсэн манай мэдэгдэл, Ерөнхий сайд Сү.Батболд БНХАУ-д айлчлахдаа үүнийг Вэн Зябаод батлан хэлсний  дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев утсаар ярьж, “За что, кусочка” гэж асуусан байх юм. Нөгөө Т-72 танкууд яах юм, С-125 “Печора” пуужингийн систем яах юм, МиГ-29-үүд яах юм? Гэтэл Хятад ОХУ-аас С-400 пуужингийн цогцолбор, бас Су 34 авах сонирхолтойгоо илэрхийлчихээд байна. Иран ганц С-300 авах гээд юу боллоо? Үүний төлөө хэрчим оноож байгаа юм уу?

Сү.Батболдын хуваалтаар ОХУ-д 18 хувийн хэрчим оногдож байгаа юм л даа. Саяхан манай Ерөнхий сайдын айлчлалын үеэр ОХУ-д Монголын өрийн асуудлаар хэлэлцүүлэг явагдаж, сануулахын зэрэгцээ сөрөг хүчнийхэн В.Путиныг Ерөнхийлөгч байхдаа Монголын өрийн асуудлаар алдаа гаргасан гэж шүүмжлэхийг оролдсон ч өөрсдөө М.Касъяановаасаа болоод контр мэхэнд орчихжээ. Ямар боловч Оросууд Монголын хуучин консорциум, түүний тэргүүн Сү.Батболдод таатай ханддаггүйгээ олонтаа харуулж байгаагийн сүүлчийнх энэ.

Ялсан В.Путин яах бол? Тэр гарцаагүй Оросынхоо л эрх ашгийг бодно. Манай Засгийн газрын назгай байдал, шийдэмгий бусаас болж “Таван толгойг” хуваах шийдэлд нь өөрчлөлт гарах нь бололтой. Уг нь ОХУ, БНХАУ-ын “Шинхуа энержи”, АНУ-ын “Пибоди” гуравт тус бүр 30 хувь оноох бололцоо байсан ч хувьцааны 20 хувийг иргэдэд тараах популист шийдвэр нь энэ бололцоог хааж байна. Дээр нь үндэсний хөрөнгө оруулагчид юу ч үгүй хоцрох төлөвтэй боллоо. Уул уурхай хөгжил авчирдаг юм бол тэр нь дотоодын компаниудын эзэмшлээр л ирмээр санагдах юм. Нөгөө талаас “Пибоди-Шинхуа” консорциум болон хүчээ нэгтгэж, Монголын улстөрчидийг өнөөх банкстеруудын төлөөлөгч асан Аршад Сайд билүү нэг нөхөр лоббидож бөөн будлиан болчихоод байна.

Манай дотоод улстөрийг ажвал “Таван толгойн” IPO-г санаатай хойшлуулж байж болзошгүй мэт санагдах боллоо. 7 дугаар сарын 1-ны хэрэг явдлыг сунжруулж байгаа ба өнөөгийн сонгуулийн ойлгомжгүй хуулиар бол 2012 оны 7 дугаар сарын 1-нд бас нэг юм болж магадгүй байна. Ийм нөхцөлд иргэдээ дахин буудчихаад, засаглах эрхээ хангахад гадаадынхан, ялангуяа барууныхны дэмжлэгийг авахын тулд Таван толгойн хувийг найр тавих бодол манай эрх баригчдад байж болзошгүй гэж хардаж байна. Тэгвэл Оросууд “хоёр зүсмийг” хүсэхгүй гэх баталгаа байна уу?

Эдийн засгийн ашиг сонирхол талаас нь харвал ОХУ манайхныг хөдөлж ядах зуур БНХАУ-д экспортлох нүүрснийхээ хэмжээг ахар богино хугацаанд асар ихээр нэмжээ. Австралийг Хятадад бутниргэх Монголын мөрөөдөл нурж байгаа юм биш биз? Энэ талаар “www.ganaa.mn“ сайтаас тодорхой үзэж болно. Судлаач Д.Ганхуяг энэ талаар маш их баримт цуглуулж, нарийвчлан судалж, олон аналитик өгүүлэл өөрийн сайтдаа тавьчихаад байна. Бас нэг тооцох хүчин зүйл нь дорнод чиглэлийн төмөр замыг дангаар нь тавибал Монголын нүүрсний экспорт Оросын нүүрсний экспортын сонирхлоос болж боогдох юм биш биз? Ийм нөхцөлд өмнөд чиглэлд нарийн төмөр зам зэрэгцүүлж тавихгүй бол бид хойд талаасаа төмөр урхинд орохгүй гэх баталгаа байна уу? Ингэлээ гээд Хятадууд умардын хоёр хөршөө цохилдуулж байгаад нүүрсээ шорооноос хямд авах гэж оролдохгүй юу? Тэр тусмаа “Шинхуа” томоохон багцтай тохиолдолд?

Бод, бод. Та нар өөрсдийгөө төр гэдэг биз дээ. Оросууд эргэн ирж байна. Ялангуяа Монголчуудыг бодвол Оросууд Оросын төлөө зүтгэдэг хүнээ сонгох нь байна. Харин манай “Хол ланд” удирдагчид улсаа хаяад зугтах уу? Нөгөө “Гөлгөө яалаа?” гэдэг шиг “Гүрж яалаа?” Эхлээд Пушкин, дараа нь Путин, аан. Энэ талаар нэлээд эрт сануулж, овоохон үндсэрхэг үзлээр бичиж байсан өгүүллийг маань Оросууд сонирхсон юм байлгүй орчуулж нийтлэснийг нь товчилж “bааbар.mn” дэх блогтоо тавьлаа. Монгол эхийг “Улстөрийн сонин”-ы архиваас олж үзнэ үү!

                                2012 оны 3 дугаар сар 1