Ертөнцийн гайхамшгуудыг таниулан мэдрүүлэх аялал маань энэ удаа “Ертөнцийн 7 шинэ гайхамшгийн нэг” рүү хөтөлж байна. “Ертөнцийн 7 гайхамшиг” гэх энэ нэр томъёо бидний толгойг их эргүүлдэг. Уншаад судлаад байхнээ “7” + “7”+ дахиад “7”, ер нь хэд ч болж байгаа юм, толгой эргүүлмээр юм зөндөө гарч ирэх тул яг нэр заасан 7 барилга байгууламж түүхнээ байсан эсэх, одоо хэд нь мөн, биш, ер нь хэн заавал “7” гэсэн тоог оноосон, ямар шалгуураар гэхчлэн асуудал руу  хандаж хэдэн тайлбар хэлэх нь зөв байх. Учир нь эдүгээ манай монголчууд даян дэлхийгээр их явдаг болж, нөгөө “7”-гийн зах зухаас үзчихээд, төдийг нь үзчихлээ, төд нь дутуу байна гэх хүн олон л тааралддаг. Тэд нь мөн цэгцтэй ойлголттой болоогүй яваа.

Анх дэлхийд энэ ойлголтыг эртний грекийн түүхч  Геродот гаргаж ирсэн байдаг юм билээ. Манай эриний өмнөх V зуунд Самос арал дээрхи гурван байгууламжийг (нүхэн хонгил, далан, сүм) “Ертөнцийн гайхамшиг” хэмээн тэр түүхч нэрлэжээ. Хожим манай эриний өмнөх III зуунд гайхамшгийн жагсаалт Александр хааны босгосон маякаар (өмнө нь би тайлбарласан) тэлж, дараа нь Вавилоны цайз, Александрын номын сан, Кир хааны ордон гээд нэмэгдээд байж. Гэхдээ энэ бүхнийг яруу найрагт дүрсэлснээс нь үүдэн нэмж оруулдаг байж. Сүүлдээ “7” битгий хэл олон гайхамшгийн нэрс тодорсон тул яг “7” дээр барихаар “Эртний дэлхийн” гэсэн тодотголтойгоор Эллиний яруу найраг туульсад бичигдээд алдаршчихсан “7”-г нь нэрт найрагч, түүхч, философич, цэргийн жанжид, их хаадын олонхийн тааллаар шалгаруулсан юмсанжээ. Гэм нь энэ “7”-гоос эдүгээ  Египетийн Пирамид нь бүрэн бүтнээрээ өвлөгдөн үлджээ. Ингээд байгаа “ганц”, байхгүй  “6”-г нөхөхөөр “Ертөнцийн 7 шинэ гайхамшиг” гэдгийг шалгаруулан 2007.07.07-нд зарлажээ. Дан “7” гэсэн тоо давхацсан өдөр. New Open World Corporation гэдэг ашгийн бус олон улсын байгууллагын төслийг швейцарийн иргэн Бернар Вебер гэдэг хүн санаачилж, даян дэлхийн нийт хүн ардад хандаж уриалга гарган, уйгагүй эрэл хайгуул хийж, холбоо харилцааны бүх сувгаар саналыг нь авч байж уран барилгын ур хийцээр нь дараахи “7”-г, үүнд:
  1. Хятадын их цагаан хэрэм;
  2. Энэтхэгийн Таж-Махал бунхан;
  3. Бразилийн Рио-де-Жанейро дахь Христосын гараа алдалсан хөшөө;
  4. Италийн нийслэл дэх Колизей анфитеатр;
  5. Иорданы Петра хот;
  6. Перу дэх эртний инкүүдийн Мачу-Пикчу хот;
  7. Мексикийн Пирамид бүхий Чичен-Ица хотыг “Ертөнцийн 7 шинэ гайхамшиг” хэмээн зарлажээ.

Бор хүрэн, бор шаргал, ягаан хүрэн алин боловч өнгийг нь шууд нэрлэх аргагүй, дасаагүй нүдэнд бол ихээхэн сондгой харагдах ийм нэгэн эртний хотын туурь нөгөө “7 шинэ гайхамшиг” гэх жагсаалтын 5 дугаарт бичигджээ. Энд би гэрэл зургийн урлагийн мэдрэмжээр авсан олон арван зургийн шинэ сан дотроосоо шилж шилж тавьж байгаа нь энэ. Нарны гэрэл эгц өөдөөс ойж байгаа үед ингэж татаж авна гэдэг бас ч үгүй хөдөлмөр шаарддаг юм билээ. Агуй дотроос авсан зураг. Элгэн улаан хадан дээр ухаж сийлж бүтээсэн эль-Хазне (Казна) хэмээх ордны барилгын нүүрэн хэсэг харагдаж байна. Хүний гараар бүтсэн гэхэд нэг л итгэмгүй, ерөөсөө л үлгэрийн ертөнц рүү орж явчихлаа.


Тийшээ очихын тулд морин тэрэг, хөтөч нижгээдийг хөлсөллөө. Цагтай завтайсан бол явган таваргамаарсан. Ийм хадан цавчаал, хясааны ёроолын нарийхан зөрөг замаар цогиулж гарлаа. Замаа огт засаагүй, түүхнээ байснаар нь үлдээсэн бололтой, морин тэрэгний донсолгоон тэсэхийн аргагүй, бид тэссээр л цогиулаад байх нь тэр.


Хадан цохионууд оройгоороо бараг нийлсэн, нарны гэрэл хэзээ ч тусахааргүй юм. Хавцлын ёроолоор дэвэн дэлхийн түмэн хэлтэн үндэстэн шашинтан энд холхиж явна. Замын түгжрэл гэдэг шиг хавцлын ёроолын түгжрэл заримдаа залхмаар байлаа.


Хавцлын ёроолоор явган хүн, морин тэрэг, морьтон, тэмээтэн, илжигтэн л явах ба машин, мотоцикль, дугуйгаар зорчилтгүй. Зөвшөөрөх ч үгүй. Тэмээ унасан ийм залуус аялагчдаасаа дутахгүй олон, хэд гурван цаасаар тэмээ унуулж мөнгө олдог, жуулчлал түшсэн жижиг наймаачид.


Явганаар бол лав цаг явах газрыг морин тэргээр хагас цаг туулах шиг боллоо. Бид хавцал дундуур морин тэргээр донсолгосоор том талбайн чөлөөнд гараад иртэл 42 метрийн өндөртэй эль-Хазне хэмээх ордны нөгөө нүүр харагдах юм билээ. Ордныг бүхэлд нь багтаахын тулд би баруун өмнөх товцог руу гарч байж энэ зургийг авлаа.


Уран сайхны аргаар авсан зураг. Агуй дотроос бид гурвыг манай хөтөч залуу миний зааж зөвлөснөөр ингэж татсан юм. Өнгө үзэмж, дүрслэл сайн гарсан гэж би үзэж байна. Элгэн улаан хадан дээр ухаж сийлж бүтээсэн ордны барилгын нүүрэн хэсэг тэр цаана харагдаж байна.


Набатейн хаант улсын нийслэлийн гол талбай энд байсан байх гэж таалаа.  Иорданы Вади Рам (Арабын хөндий гэж буулгана, зарим хэвлэлд Вади Муса буюу Мусагийн хөндий) гэх газарт, далайн түвшнээс 900 метрийн өндөрт, эргэн тойрны газрын гадаргаас 660 метрийн өндөрт Сик хэмээх уулсын хавцалд байгуулсан хадан ордон. Хүний толгойд бол өнөөдөр төсөөлөгдөмгүй.


Улаан тэнгисийг Дамасктай, Персийн буланг хойшоо Газын зурвас – Газар дундын тэнгистэй холбосон худалдааны гол судас энэ хавцлаар дайрч байсан гэхэд үнэмшимгүй. Тэмээн жин хөсгөөр тээвэр хийж байсан гээд бодвол бас ч үнэмшил төрөхөөр. Саудын Арабын элсэн цөлийг туулаад дараа нь сэрүүцэж алжаал тайлахаар энд жинчид тухалж байсан хэмээн ном сударт өгүүлжээ.


“Пе́тра” – Petra (грекээр хад асга гэсэн утгатай, арабаар орчуулалгүй Al-Batrā гэнэ) бол эртний Идүмеи улсын, хожим Набатейн хаант улсын нийслэл байсан хот гэнэ. Набатей гэдэг нь манай эриний өмнөх  III зуунд энд нутаглаад манай эриний 106 онд эндээс явсан (мөхсөн) семит омгийн нэг төрөл үндэстэн аж. Семитүүд нь одоогийн Иордан, Израиль, Сири, Саудын Арабын нутгаар нүүдэллэн аж төрж асан, араб жүүд нарын өвөг дээдэс бололтой юм.


Эль-Хазне ордны өмнөх харуулын цэрэг. Тэртээ Набатейн хаант улсын цэрэг иймэрхүү байсан юм болов уу. Сэлэм бамбай агсаж, дуулга өмссөн ийм эрс хэд хэдээрээ тааралдаж байдаг шүү. Аялагчдын нүдийг баясгаж зураг хөрөг дуртайя  татуулах эдгээр цэрэг эрс мөнгө цаас нэхэхгүй.


Петра хотын цагдаа нар. Морин цагдаа гэчихвэл дасаагүй чихэнд ямар бол? Бид морин цэрэг гээд яриад сурчихсан тул би ийм шинэ үг зохиож байна. Жилдээ хагас сая жуулчин Петраг зорьдог гэх тоо бий. Олон хэлийн тэр их хүн ардын аюулгүй байдлыг ийм морин цагдаагийн хүчээр хангаж байдаг аж.


Эль-Хазне ордны өмнө үндэсний хувцас өмсгөл бүхий ийм хүндэт харуул хэд хэдээрээ бий. Энэ бол орчин цагийн иордан цэрэг. Үүнийг нөгөө сэлэм бамбай агсаж, дуулга өмссөн эрстэй зэрэгцүүлээд харвал нэн сонин содон мэдрэмж төрөхөөр.


Эль-Хазне ордныг дахинтаа тольдлоо. Иордан улсын нэрийн хуудас, хамгийн том баялаг (орлогын нэг гол эх үүсвэр), үндэсний  бахархал нь энэ ордон ажээ. Ийшээ очиж нүд баясгах гэж бид гурав нийслэл  Амман хотоос 262 километр замыг 2 цаг хагас туулсан юм.


Петрагийн хавцал бүхэлдээ харагдаж байна. Энэ бол үлэмж өргөн хавцал нь. Дээшээ дунджаар 60 метр, түүнээс ч өндөр 100 метр, тэнгэр баганадах мэт. Эгц элгэн хад асга хавцлын хоёр талаар үргэлжилнэ. Эндхийн Сик уулсын хөндийгөөр явгаар бол бүтэн өдөржин яваад барагдах газар биш. Нэг өдөр байтугай бүтэн 7 хоног аялаад нүдний баясгалан тайлагдах болов уу?


Эль-Хазне ордны өмнөх талбай хүрээд цаашаа морин тэрэг явахыг хориглосон тул бид гурав явган таваргалаа. Миний хүүгийн зогсож байгаа талбайд жижигрүүлсэн  Эль-Хазне тааралдлаа. Ийм өндөр хадан ханыг хэргээр тэгшилж эгцэлснийг бодохул хүний хөдөлмөр маш их орсон мэт. Эгц ханан дээр элдэв нүх гаргах гээд дутуу орхисон бололтой.


Нөгөө элгэн эгц улаан хадны ёроол нүх, тэр дор ганц илжиг уятай байна. Ойр хавьд эл хуль. Энэ мөч бол уран сайхны сэтгэмж талаас нь авсан зураг. Юу гэж ч дүрсэлж болно. Тэр хадан ханыг нүхлээд гаргасан тасалгаа (байгалийн агуй огтоос биш, дөрвөлжилж засч бэлтгэсэн нүх учраас тасалгаа л гэе дээ) бол хүн сууж байсан оромж биш, арай томхон нь бунхан, бусад нь бурхан болоочоо нутаглуулдаг буяны газар юм гэнэ.


Нөгөө ганц илжигний эзэд энэ байна. Бедуин буюу цөлийн нүүдэлчид. Морин хууртай төстэй, хөг ая нь хуучир шиг энэ хөгжмөөрөө энэ бедуин өвгөн лут тоглож жуулчдыг баясгаж мөнгө олж байх юм.


Хавцлын ёроолоор явган алхсаар ийм нэгэн талбайн чөлөөнд гараад иртэл эртний түүхт хотын туурь угтлаа. Жуулчид, морь, тэмээ, илжиг тоймгүй олон. Энэ бол Петра хотын яг төв нь байсан юм болов уу, эргэн тойрноо ажихад.


Бэлэг дурсгалын дэлгүүр мухлаг, цайны газар хааяагүй. Энэ их ярайсан бэлэг дурсгал бүгд л Петраг дүрсэлсэн. Гэм нь ихэнхийг нь Хятадад үйлдвэрлэжээ. Петрагийн үеийнх гээд мөнгөн, зэсэн эдлэл чимэг зүүлт байгаа харагдсан,  тэр юу л бол.  


Уулыг нүхэлж гаргасан ийм олон нүхэн агуй. Бурхан болоочоо нутаглуулдаг байсан буяны газар маш олон байна. Ер нь бид явж явж баахан шарилын газар л ирсэн болж таарлаа. Эртний Египетийн түүх дурсгал гэж Египетийн төв музейд  хатаасан зандалшуулсан шарил л голлож байдагсан, энд бас тийм болж таарлаа. Шарил нь ил алга, гэвч нүх болгон хүн тавьдаг газар байсан гэв.


Энэ бол уран сайхны сэтгэмжээр авсан зураг. Тээр дээр хадан цохион дээр илжиг илжигний эзэн хоёр. Яагаад ч тэр дээр гарчихсан юм бүү мэд. Илжгээ амрааж байгаа юм уу, эсвэл өөрөө алжаал тайлж байгаа юм уу, бүү мэд. Энэ хар халуунд халуун чулуу дороос нь хайраад алмаар юм.  


Сайн сурвалжлаад байвал  энд сүм, орон сууц, буяны газар, олон шат гишгүүр, арк зөндөө байх аж. Эртний Набатейн хаант улсын нийслэлийн төв талбай энд байсан болов уу. Миний хүү явган таваргасаар ядраад хадан дээр явган сууж байна. Цаана нь нөгөө элгэн улаан хад, хадан цохио, холхисон олон хүн харагдана.


Эль-Хазне ордноос гадна ийм нэг ховор нандин түүхэн дурсгал байгалийн жамаар нар салхи, бороонд элэгдсэн юм болов уу гэхээс бараг бүрэн бүтнээрээ тэнд байж байх юм. Ромын эзэнт гүрэн энд эзэгнэж байхдаа ийм амфитеатрыг бий болгожээ. Нэг ээлжид 4000 үзэгч сууж болох ийм дугуй театр нөгөө төв талбай байсны хажууханд байна.


Бид буцаад Эль-Хазне ордон руугаа алхлаа. Тэнд морин тэрэг, хөтөч маань хүлээж байгаа. Энэ их хадан уулс дунд амфитеатр, Византын сүм, хаадын бунхан, Ромын сүрлэг багана, набатейчүүдийн гол сүм – Казр аль-Бинт байна. Хавцлын оройгоор бурхан тэнгэрийг онголон тахьдаг ариун дагшин газар олон бий гэсэн.


Ер нь Петрагийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын зориулалтаар аялуулж сонирхуулдаг 800 гаруй объект бий гэсэн юм ярина лээ.  Хэрэв тэр 800-г үзэж сонирхоно гэвэл лав 7 хоног, Петрагийн зочид буудалд байрлаад өдөр бүр шахуу наашаа ирж, нэвтрэх тоолондоо 50 иордан динар (75 ам.доллар) төлөх шаардлагатай. Тийм тийз нэг өдөр, шөнөдөө (хоногтоо) хүчинтэй.


Хавцлын оройгоор буй бурхан тэнгэрийг онголон тахьдаг ариун дагшин газруудын нэг нь энэ байна. Байгалиасаа ингэж дөрвөлжилж нүх гарч тогтоно гэж огт байхгүй. Тэр эрт дээр үед техник технологи гэж огт байхгүй нөхцөлд хүний гараар ийм лут агуйг бүтээжээ.


Хавцлын аманд хөө хуяг агссан харуулын цэргүүд биднийг үдэж өглөө. Түрүүн Эль-Хазне ордны гадна тааралдсан цэргүүдээс ялимгүй өөр юм.


Давхиж яваа энэ алдуул адууг би морин тэрэгтэй цогиж явахдаа татаж авсан юм. Унаж явсан эзэн нь их л жигшээсэн бололтой, булгиж хаяад эргээд давхисан юм байна. Манайхны уячид мөнгө хайрлахгүй цохиж аваад байдаг араб адуу гэдэг маань энэ л дээ.


Морин тэрэгчинтэйгээ салах ёс хийлээ. Бүтэн хоёр цаг хавцлаар хамт цогиулсан юм чинь гарыг нь цайлгалаа. Ер нь тэр их бартаатай чулуун зам, давчуу хавцал, тэр их олон хөлийн хүн ард, дээр нь цөлийн халуун шатаад, энд бол хүнээсээ илүү хамгийн зовсон амьтан нь тэрэгний морьд, үс ноос нь халцарч унасан тэмээ л байх шиг санагдлаа.


“Ертөнцийн 7 шинэ гайхамшгийн нэг” – Петра баяртай! Энэ бол Амман ордог уулын замын уулзвар дээрээс Петра хотыг бүхэлд нь оруулж татаж авсан зураг. Тээр цаана тэнгэрийн дор хөхрөн харагдах уулсын дунд нөгөө Эль-Хазне ордон, нөгөө амфитеатр, нөгөө Византын сүм, хаадын бунхан, Ромын сүрлэг багана, набатейчүүдийн гол сүм нь байгаа.