Дотоод генийн бүтцэд нь огт өөр биологийн төрөл зүйлийн генүүд, тухайлбал, тухайн ургамалд гербицид, аливаа өвчлөл, бактерийн үржлийг зогсоох, хадгалалтанд тэсвэртэй өөр төрлийн ген шилжүүлэн суулгасан ургамал, түүгээр үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг бүхэлд нь генийн өөрчлөлттэй амьд биет (ГӨАБ) буюу трансгентэй хүнс гэж нэрлэдэг. 

Англиар GMO (Genetically modified organism), эсвэл GEO (Genetically engineered organism) оросоор ГМО (Генетически модифицированный организм), монголчилбол генийн өөрчлөлттэй организм буюу хувиргасан амьд организм агуулсан хүнсний ногоо, жимс, түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэсэн шинэ нэршил өнгөрсөн зууны эцсээс бий болсон юм.

Чухамхүү энэ үеэс биотехнологи хэмээх шинжлэх ухаан үйлдвэрлэлийн цоо шинэ салбар үүсч улмаар генетикийн болон биохимийн аргуудыг ашиглан генүүдийн байгаль дээр байдаггүй шинэ нэгдлүүдийг тодорхой зорилгоор гарган авахтай холбоотой молекулын биологийн шинжлэх ухааны нэг чиглэл болох генийн инженерчлэл хөгжиж эхэлжээ. Эдүгээ ургамлын генийн инженерчлэлийн “Metabolic enfineering“ буюу хүний биеийн бодисын солилцооны инженерчлэл (метаболик) гэж нэрлэх болсон хөгжлийн шинэ үе шат нэгэнт эхэлж хүнс, анагаах ухаан, химийн үйлдвэрлэл болон бусад салбарт эрчимтэй хөгжиж байна. Энэ нь ургамлын чанарыг сайжруулах, онцгой чанарын тосны хүчил, үл орлох аминхүчлийн агууламжтай сайн чанарын уураг, хувиргасан полисахарид, идэж болох шинэ төрлийн вакцин, хортон болон хорхой шавьжийн хөгжилтийг сааруулж улмаар хөрс ургамал, орчныг бохирдуулахгүй шинэ полимер гарган авахад голчлон чиглэгдэж байна.



Хамгийн анхны генийн өөрчлөлттэй хүнсний ургамлуудыг АНУ-ын “Монсанто” корпораци гаргаж авчээ. Энэ корпораци 1988 онд анхны трансген арвайг 1988 онд суулгаж улмаар 1993 оноос генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнүүд худалдаанд гарч эхэлжээ. Үүнээс 1-2 жилийн дараа зах зээлд биотехнологийн фирмүүд генийн өөрчлөлттэй улаан лооль, эрдэнэ шиш, төмс, тамхи, шар буурцаг, рапс, хурган гуа, улаан лууван зэрэг олон төрлийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг нийлүүлэх болжээ.

Тухайлбал, АНУ-д трансген төмсөнд колорадын цох хорхойг алж устгадаг аалзнаас генийг нь авч суулгасан бол хүйтэнд тэсвэртэй улаан лоолийг гаргаж авахдаа генийн бүтцэд нь Хойд Америкийн далайн хальпий /камбала/ загасны генийг суулгаж, ган гачигт тэсвэртэй гэх улаан буудайн сортыг гаргаж авахын тулд түүнд хилэнцэт хорхойн генийг ашигласан байна. Түүнчлэн сүүлийн үед АНУ-д генийн инженерчлийн аргаар гарган авсан төмсний шинэ сорт нь шаралтын явцад тос бага шингээдэг чанараараа чипс хэмээх шарсан төмс үйлдвэрлэгчдийн анхаарлыг өргөн татах болсон бол Швейцарт хортон, шавьжид өртөхгүй ургадаг эрдэнэшишийн шинэ шинэ сортуудыг гарган авснаар энэ төрлийн ургамлын тариалалтыг ихээхэн нэмэгдүүлж чаджээ. Шинэ зууны эх гэхэд дэлхий дээр нийтдээ 46 сая гаруй гектар (Зарим эх үүсвэрт 60 сая гектар) талбайд генийн өөрчлөлттэй хүнсний ургамлуудыг тариалах болж генийн инженерчлэлийн аргаар гарган авсан ургамал, ногоо жимсний  нэр төрөл тавиас хол давжээ.

Өнөө үед генийн өөрчлөлттэй организм буюу хувиргасан амьд организм агуулсан хүнсний ургамалд ихэвчлэн улаан лооль, эрдэнэ шиш, төмс, рапс, хурган гуа, улаан лууван, алим, усан үзэм, байцаа, чэс, өргөст хэмх, улаан буудай, шар буурцаг, цагаан будаа, хөх тариа, лавс буюу хөвөнлөг ургамал, тамхи багтаж байна.

Дашрамд тэмдэглэхэд дээрх ургамлын ихэнх төрлийг манай оронд тариалдаггүйгээс бид импортоор авч хэрэгцээгээ хангадаг.

Хүнсний зах зээлийн төлөөх ширүүн өрсөлдөөн, биотехнологийн хөгжлөөс болж АНУ зэрэг өндөр хөгжилтэй орны ХАА өндөр технологи (High technology)  болтлоо хөгжиж генийн өөрчлөлттэй хүнсийг их хэмжээгээр үйлдвэрлэн экспортлох болов. Хэдэн зуун компани энэ чиглэлийн аж ахуйг эрхлэх болж нийт капиталын хэмжээ нь жилээс жилд байнга өссөөр байна. Эдүгээ дэлхийн биотехнологийн үйлдвэрлэлийн 80 хувь АНУ-д, 10 хувь Европт, үлдэх 10 хувь нь Япон болон бусад оронд ногдож байна. Трансген ургамлыг хамгийн их тариалдаг орнуудын жагсаалтыг АНУ, Канад, Франц, Хятад, ӨАБНУ, Аргентин улс тэргүүлж байгаа бөгөөд трансген ургамлын экспортын 90 хувийг эрдэнэшиш, шар буурцаг эзэлдэг. Энэ нь биотехнологи, генийн инженерчлэл дэлхийн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн чухал салбар болж хөгжиж буйг гэрчилж байна.

Сүүлийн үед генийн инженерчлэлийн аргыг малын мах, сүүний гарцыг нэмэгдүүлэх, махыг шүүслэг зөөлөн болгох, мах, өөхний харьцааг тэнцвэржүүлэх, үнээний сүүний тослогийн хэмжээг нэмэгдүүлэх, сүүлийн үед далай тэнгисийн уснаас цэнгэг уст гол руу их хэмжээгээр нүүдэллэх болсон согос буюу salmon загасыг шинэ нөхцөлд нутагшуулах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр өргөн ашиглах болов. Ерээд онд өсөлтийн дааврын генийг давхарлуулж суулгаснаар бараг бярууны хиртэй том хонь гаргаж авсан, зөвхөн 22,5 хэмд амьдарч температурын яльгүй зөрөө гарахад үхчихдэг өөхгүй гахай гаргаж авсан талаар нийтлэлч Баабар нэгэнтээ бичсэн байсан.

Генийн өөрчлөлттэй ургамал, хүнсний үйлдвэрлэл, хэрэглээ хүн төрөлхтний өнөөгийн болон ирээдүй хойчийн амьдралд эерэг, сөрөг ямар үр дагавар авчрах асуудал бүрэн судлагдаагүй бөгөөд энэ талаар эрдэмтэд, судлаачдын дунд халуун маргаан өрнөсөөр байна. Эрдэмтдийн судалгаагаар манай гарагийн хүн ам 2050 онд 9 тэрбумаас хол давах бөгөөд энэ нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дор хаяж 2-3 дахин нэмэгдүүлэхийг шаардаж байна. Үүнийг харьцангуй богино хугацаанд асар их  ургац өгдөг, хямд төсөр үнэтэй, чанар, илчлэгийн хувьд уламжлалт аргаар гарган авдаг ургамлаас дутахааргүй трансген ургамал тариалж түүгээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүйгээр шийдвэрлэх боломжгүй гэж зарим эрдэмтэн судлаачид тайлбарлаж байгаа бөгөөд генийн инженерчлэлийн аргаар ургацын хэмжээг 40-50% нэмэгдүүлж чаддагийг практик нэгэнт нотлоод байна Иймд трансген ургамал тариалах дараах чиглэлийг хөгжүүлэх нь зохистой гэж үзэж байна. Үүнд:

  • Арвин их ургац өгдөг хөдөө аж ахуйн ургамлын шинэ сортыг бий болгох
  • Нэг жилийн дотор хэд хэдэн удаа ургацаа өгдөг ургамлын сортыг бий болгох
  • Ургамалын хэвийн өсөлт хөгжилтийг сааруулах буюу устгадаг чанартай шинэ сортыг бий болгох
  • Амьтны гаралтай уургийг синтезжүүлэх үйлчилгээ бүхий ургамлын сортыг бий болгох
  • Цаг агаарын тааламжгүй нөхцөлд ч (ган гачиг, хахир хүйтэн улирал) чанар байдлаа алдахгүй ургац өгдөг ургамлын сортыг бий болгох зэрэг болно.

Нөгөө талаар трансген ургамал, генийн өөрчлөлттэй хүнс нь харьцангуй хямд өртөгтэй, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд их хэмжээгээр нийлүүлэх замаар дэлхийд нүүрлээд байгаа өлсгөлөн, гуйланчлалыг багасгахад чиглэгдэж байгааг эрдэмтэн судлаачид, энэ чиглэлийн бизнес эрхлэгчид нотлохыг хичээж байна. Одоо манай гараг дээр 750 сая гаруй хүн өлсгөлөнд байнга нэрвэгдэж байгаа тухай статистик мэдээ бий.

Харин генийн өөрчлөлттэй ургамал, хүнсийг хэрэглэхийн сөрөг үр дагаврын талаар зарим эрдэмтэн, судлаачид ихээхэн болгоомжтой хандаж байна. Өнгөрсөн зууны 70-аад оны эхээр анхлан ДНХ-ийн (деоксирибонуклейн хүчил буюу англиар DNA-deoxyribonucleic acid) хэсгийг салгаж, нийлүүлж эхэлсэн туршилтын үеэр Ватсон тэргүүтэй 15 генетикч ДНХ-ийн кодыг тайлахдаа генээр хамаагүй оролдох нь хожим төсөөлөөгүй аюулд өртөж болохыг сануулж байсныг энд тэмдэглэх хэрэгтэй.

Хүний идсэн хоол хүнс хоол боловсруулах замд орсноор ферментүүдийн үйлчлэлд орж эцэст нь аминхүчлүүд ба генүүд болж задардаг. Аминхүчлүүд нь хүний бие организмд хүч чадал өгдөг бол генүүд нь бие организмыг нөхөн бүтээхэд оролцдог. Энэ үйл явц нь ходоод шулуун гэдэсний хананд эдгээр генүүд шимэгдэж орохоос эхэлнэ. Тэгвэл бие организмд урьд өмнө хэзээ ч байгаагүй генүүдийг хүний ходоод боловсруулж чадахгүйгээс  дотор гаж хөгжил буюу мутаци эхэлдэг. Генийн өөрчлөлттэй хүнсийг байнга хэрэглэснээс болж аюултай харшлууд шинээр үүсэх, хүнсний хүнд хордлогууд, өмөн үүгийн нэг гол шалтгаан болоод зогсохгүй хүний үр хөврөлийн болон бие эрхтний гаж хөгжил буюу дээр өгүүлсэн мутаци үүсэх шалтгаан, эрсдлийг нэмэгдүүлж байгаа, түүнчлэн хүний организмыг антибиотикуудад мэдрэмжгүй болох явдлыг ихэсгэж байгаа талаар олон эрдэмтэн судлаачид анхааруулж байна.

Өргөн уудам нутаг дэвсгэр, эх газрын эрс тэс уур амьсгалтай, экологийн хувьд харьцангуй цэвэр, цөөн хүн амтай манай орны хувьд генийн өөрчлөлттэй ургамал, хүнсийг дотооддоо тариалж үйлдвэрлэх явдал хараахан байхгүй ч хүнсний хэрэгцээнийхээ 70 хувийг импортоор хангадаг, хүнсний хангамжийн хувьд бусад орон, түүний дотор нэг улсаас хараат байдалд нэгэнт ороод байгаа өнөөгийн нөхцөлд анхаарах, сэрэмжлэх зүйл их байгааг тэмдэглэхгүй өнгөрч болохгүй. Ялангуяа сэрүүн бүсэд ургадаггүй зарим жимс, ногооны зүйлийг хөрш БНХАУ-аас, бүр нарийвчилбал Эрээний зах зээлээс хэн дуртай аж ахуйн нэгж, хувь хүн хэмжээ хязгааргүйгээр оруулж ирж байгаа нь хэр зөв эсэхийг төр, засаг анхаарч шийдвэртэй арга хэмжээ авах цаг нэгэнт болжээ. Гял цал болсон хальстай, гадна тал нь өнгөлөг, хэлбэр дүрс сайтай, хэмжээ том алим, лийр, зүрж, хар чавга, гадил, усан үзэм, марокко буюу давжаа бэрсүүт зүрж  гэхчилэн халуун дулаан орны  жимс, жимсгэнэ Эрээнд бүү хэл Бээжинд ч ургадаггүйг хэн бүхэн мэднэ. Ийм болохоор бидний идэж буй импортын ногоо жимс  анх ургасан халуун дулаан газраасаа хичнээн хүний гар, зоорь, агуулах, тээврийн хэрэгсэл, хайрцаг савыг дамжин Монгол нутагт орж ирэхдээ өнгө зүсээ алддаггүйн учир юунд вэ?  Бодох л асуудал.

Дээхэн үед хоёр улсын гадаад худалдааны гэрээгээр БНХАУ-аас импортолж байсан алим, лийр, бэрсүүт зүрж (мандарин)-ийн үнэр амт, савлалтыг манай ахмад, дунд үеийнхэн сайн санаж байгаа. Гэтэл өнөөдөр бидний идэж байгаа жимсийг үүнтэй харьцуулаад үзээрэй. Улсын хяналттай оруулж ирдэг байсан болон одоо хэн дуртай нь оруулж ирж байгаа дээрх жимсний амт, үнэр, чанар байдал тэнгэр газар шиг зөрүүтэй. “Дэвшил трейд”, “Эх газар” зэрэг хүлэмжийн аж ахуй эрхэлдэг үндэсний компаниудын тариалсан улаан лооль, өргөст хэмхийг импортынхтой бас харьцуулаад үзээрэй. Бас л ялгаатай. Үүнээс л энгийн болон генийн өөрчлөлттэй хүнсний ялгааг хялбар мэдэж болох биш үү. Монголдоо шинэ, нарийн ногоо, жимс жимсгэнэ тариалдаг аж ахуйн нэгжүүдийг олноор байгуулахад төр, засгаас дэмжлэг туслалцаа үзүүлбэл одоогоор нийт ногооныхоо ургацын хоёрхон хувийг хүлэмжийн аж ахуйгаас нийлүүлж байгаа манай ХАА-д чанарын ихээхэн ахиц гарч импортыг орлуулж чадна.

Төр, засгаас гадаад, дотоод худалдааны талаар баримтлах нэгдсэн бодлого, зохицуулалт алдагдсан сүүлийн он жилүүдэд монголчууд бид хожим хойноо уршиг тарих хэдий хэмжээний хүнсийг импортоор авч хэрэглэсэн бол оо? Супермаркетын тавиур дээр ярайтал өрсөн  тансаг барааны дотор хуванцартай будаа, хөршүүдээс маань орж ирсэн хортой самар, хуурамч дарс, өндөг, хүний үсээр “баяжуулсан” шар буурцгийн сүмс байх вий. Генийн өөрчлөлттэй хүнсийг ялгаж таних хаяг, шошгын талаар бид хэр мэдлэгтэй билээ? Энэ бүхнийг бид бодолцож ухаалаг хэрэглээг хэвшүүлэхэд анхаарах цаг нэгэнт болсон байна.

Хүний хоол хүнсний хэрэглээний онцлог, сурсан дадал, заншил олон янз. Өдөр тутмын хоол ундаа зохицуулан хэрэглэдэг хүмүүс байхад өлссөн хүн юу олдсоноо л иднэ. Шохоорхол, амтны сонирхолдоо хөтлөгдсөн хүн амттай, өнгөтэй болгонд нүдээ өгөхөө буцахгүй. Өвдөхгүйн тулд өөртөө тохирох хоол, хооллолтын дэглэмийг баримталдаг ухаалаг, нямбай хүмүүс ч бий. Анхнаасаа буруу хооллож үүнээс үүдэн өвчин эмгэгт баригдсан үедээ эмчилгээ, сувиллын хоол хэрэглэж сурах гэж “шар махтайгаа” хатаж буй хүмүүс ч цөөнгүй.

Гагцхүү өргөн уудам нутаг, харьцангуй цэвэр байгаль экологийн нөхцөлд билчээрийн монгол малын мах, сүү, онгон байгалийн зэрлэг ургамал, жимсгэнийг хоол хүнснийхээ үндсэн хэрэглээ болгон олон зууны турш ахуй амьдралаа зохицуулан хэрэглэж орчин цагийн хөгжлийн явцад баяжуулан хөгжүүлж ирсэн цөөн тооны монголчууд бид генийн өөрчлөлттэй ургамал, хүнс хэрэглэхдээ арай тулаагүй гэж би боддог. Ийм бодолтой хүмүүс олон гэдэгт ч бат итгэдэг. Бидэнд нутаг газар багадаагүй ээ.

Иймд импортоор эмх замбараа, хяналт шалгалтгүй шахам оруулж ирж байгаа элдэв ургамал, хүнсийг байнга хэрэглэхээс  аль болох  сэрэмжлэгтүн!


Танай гэрийн номын санд

2012 онд хэвлэгдсэн Ж.Октябрь. “Монголчуудын хүнс хоол”, мөн “Түгээмэл хоолны нууц жорууд”, “Таны гал тогооны ном” зэрэг номыг Интерном дэлгүүрээс худалдаж авна уу. Эдгээр номоос монголчуудын уламжлалт болон орчин үеийн хоол хэрэглээний онцлог, уламжлалт хүнсний тайлбар толь, монгол үндэстний хоол зуушны жор, технологи болон дэлхийд түгээмэл тархсан гамбургер, пицца, плов, барбекю, шорлог, бусад улс үндэстний бууз, хуушуур, банш зэрэг хоолны олон арван шинэ жор, бэлтгэх аргыг  уншиж мэдэх болно.