Гадныхан дэд бүтэцгүй манай орныг “Чингисийн Монгол” гэх нь ёжлоод байна уу гэлтэй болгоомжлол төрүүлдэг. Ёжлосон ч яахав. Бид өөрсдийнхөө сүржин мунхаг зангаар утаат Улаанбаатараа ичихгүй Азийн цагаан дагина гэдэг юм чинь. Бидний чаддаг юм юу билээ? Архи үйлдвэрлэж дөнгөнө. Өндөр төлбөртэй хулхи сургуулиуд, ломбард, баар, янхны бизнес, салаавчтай жагсаал, дуугүй суулт, нойтон хуурай өлсгөлөн. Хууль зохиох, батлах уйтгартай тул хөгжилтэйгөөр нь огцруулж ирлээ энэ хорин таван жилд. Бухимдал бол өдөр болгон хүн бүрээс салаагүй байх. Бухимдлаа олон хэлбэрээр тайлах гэснийг дээр дурдсан. Харин завгүй ажлаар бухимдлаа тайлъя гэж оролдоогүй санагдана.  

Монголчууд-бид амьдрах ямар ч аргагүй үгүйрчихсэн гэж үү? Ядуурсан гэр бүл, хүмүүс байгаа. Гэхдээ цөөхөн. Тэднийгээ тэжээжих татвар төлөгчдийн мөнгө бидэнд хангалттай бий. Яагаад дээр доргүй ингэж ихээр бухимддаг болчихов оо? Толгойгоо сэгийлгээд жаахан цэлгэр тойргоор алсыг хар. Бачимдсан цээжээ уужруулаад ялимгүй өөдрөгөөр билэгшээгээд үз дээ.   

Эх оронд минь амьдрах нөхцөл байна уу? Дүүрэн байна! Гуравхан сая хүн амд заяасан лусын хишиг замбараагүй их. Ашигт малтмалаа үнэ хүрвэл панзлаад, хямдарвал болиод, жаран сая малынхаа ашиг шимийг тариа ногоотойгоо хольж идээд түхийтэл аж төрөх боломж хүн бүрийн өмнө цэлийж байна. Цахилгаан дулаанаар хэдэн зуун жилдээ хомсдохгүй нүүрсний нөөц хөл дор минь хэвтэнэ. Газрын тос, коксжих нүүрс, зэс, занар, давхрагын хий, ховор элемент, төрөл бүрийн хүдрээ экспортлоод үндэсний үйлдвэр, дэд бүтцээ чадал боломжоороо зугуухан ахиулж л байя. Юундаа хэрэлдэнэ вэ? Яаж ч хэрэлдээд 76 сайдтай, 3 сая тэрбумтантай болохгүй. Адгаж сандрах тусам дэвшил удааширдаг. Уужуу ухаан хөгжил түргэсгэнэ. Эцэст нь хэлэхэд монголчууд ямартай ч харангадаж өлсөж турж үхэхгүй. Тийм заяанд төрсөн хувьтай улс юм гэнэ лээ. Бүү гаслалд. Болно. Бүтнэ. ДЦС-ууд босно. Хотууд утаагүй болно. Шатахуунаа дотоодынхоо нефтээр бүрэн хангах цаг удахгүй ирнэ. Юуны өмнө төмөр замаа тавьчихвал бөглөрөөд байсан олз урсаад орж ирнэ. Урсаад орж ирсэн хөрөнгөөр аж үйлдвэрийн цогцолбороо байгуулаад эрдэс баялгаа боловсруулаад үнэ хүргэе.             

Ядуурлаа, өлслөө гэж хорь гаруй жил бачимдлаа. Одоо цэглэе. Төр Засаг тэжээхгүй номтой юм шиг байна. Энэ нь ардчилал, зах зээлийн мөн чанар юм гэнэ. Дор дороо л амь амиа бодохоос. Өөр зам алга. 25 жил чадлаараа бухимдлаа. Нөгөө адвиш сайхан коммунизм нь эргэн ирж манийг үнэгүй хоолоор тэжээх эгүрт өнгөрөв янзтай. Одоо гаслахаа болиод эр хүн шиг эрвэлзэж, эмээлтэй морь шиг дэрвэлзье. Дан ганц байгалийн баялаг, малаас гаралтай түүхий эдээрээ бус оюун ухаанаараа брэнд бүтээж баяжъя. Монголчууд элбэг чадна. Бачимдуу араншин балаг тарих нь элбэг, даамай ухаан даацтай үр дүнд хүргэнэ.   

Ардчилал зах зээл гэгч энэ хахир хатуу нийгмийг монгол хүн эдүгээ өөрөө бие дааж туулахаас ондоон зам алга. Өөртөө л итгэхээс ондоон авралгүйтэй эвлэрье. Ажилтай болгож өгөөч, ядуурлаас гаргаж хайрла гэж ганцхан өөрөөсөө л гуйцгаая. Нам засагт зальдуулахгүй сэргэлэн золбоотой амьдаръя гэж гагцхүү өөртөө л мөргөе. Баяжих зорилгодоо цаг ямагт сөгдье. Мөнгөө хураа. Хятад хүнийг хар. Соёлын хувьсгалын хөлд өлбөрч байсан хятадууд мөнгөө хураагаад баяжжээ. Бид адилхан дорнын хүмүүс. Тэднээс бид юугаараа дутах билээ. Бульдахгүй хэмнэе. Жаргал зовлон хоёрын чухам аль нь заяах вэ гэдэг чухамхүү өөрөөс шалтгаалах аж. Гаднын хөрөнгө оруулагчид цөм инээсэн дайсан гэдгийг яс махандаа тултал ухааръя. Инээсэн дайсантай хэрхэн яаж харилцах вэ? “Итгэлийг итгэлээр өгч авалцъя” гэсэн зарчмаар харилцъя.  

Цайлган сэтгэхүйгээс угшилтай гэнэн хоосон итгэлцэл хүн төрөлхтөнөөс аль эрт хаягджээ. Дэлхийн хүйтэн дээвэр дээр цөөхүүлээ амьдардаг монголчуудын цайлган зан, өндөр хөгжилтэй орны ямагт инээмсэглэж явдаг дэгжин цэвэрхэн соёлтой иргэдийн сэтгэлийн гүнд байдаггүй юм байна. Зах зээл, даяаршлын зуунд инээсэн дайснуудын дунд бид хүссэн ч эс хүссэн ч орчихлоо. Элэнц хулинцын бүдүүлэг харанхуй монголчуудын гэнэн цайлган сэтгэл өдгөө огт үнэгүй болсон агаад монгол цагаан сэтгэл том гай дагуулна гэдгийг алхам тутамдаа мартаж болохгүй. Ардчилал зах зээлд амьдрал аяндаа амар сайхандаа жаргана гэж байдаггүйг ойлгоо биз. Өөрөө өөрийнхөө төлөө зүтгэе. Төр засаг хууль, эрх зүйн таатай орчноор “хөгжимдөөд” өгөг.

Анхаар, ард чинь, урд чинь, баруун гарт чинь, зүүн гарт чинь, өөдгүй боловсон хүн. Чи өөрөө бие биеэ татаж унагадаг монголчуудын нэг. Яаж өөдгүй боловсон хүний занганд унадаггүй сэргэлэн монголчууд болох вэ? Өөдгүй боловсон хүмүүст чадуулдаггүй иргэд болохын төлөө шамдах цаг иржээ. Сүү шиг цагаан сэтгэл хэлмэгдлийн хоол байдгийг эцэг эх минь туулсан. Бурхан минь, монгол нь монголоо гэх сэтгэл бидэнд хайрла!
                                                                                                                   2014-12-06