Гарчгаас уншигч Та бүү эмзэглэ! Тэртээ 70 жилээс өмнө монголчууд бид огт гадаад хэлгүй улс байсан гэсэн санаа огт биш юм шүү! Дээд сургуулиар системтэй зааж эхэлсний 70 жил гэсэн утгыг би илэрхийлэх гэж байна.

Хувьсгалаас өмнө, дараахан нь ч, бараг 1940-өөд он хүртэл төвд хэл Монголд түгээмэл гадаад хэл байсан гэдэгтэй маргах хүн нэгээхэн ч байхгүй.  Манж, төвд, хятад хэлийг хослуулан сурсан бичгийн түшмэд Богд хаант Монгол Улсад олноороо байсан ба тэд бол үндэсний сэхээтний төлөөлөгчид байлаа. Тэд л Судар бичгийн хүрээлэнгийн анхны шавыг тавьж, эрдмийн их ажлыг эхлүүлсэн. “Баруунтан”-ы үед Ардын засгаас хэргээр Герман, Франц руу оюутан илгээж суралцуулж байсан нь их л холыг харсан, хоёр хөршөөс давж шинэ хөрш эрэлхийлсэн холч бодлогын илрэл байж дээ гэж боддог юм. 


Харин дэлхийн II дайны үед, 1942 онд, тэр их түгшүүртэй цаг үед МУИС байгуулагдахад гарчигт өгүүлсэн гадаад хэл заах, заалгах их үйлс хамт эхэлсэн юм. Дээд сургуулиар системтэй зааж эхэлсний 70 дахь намар гэж би үүнийг хэлээд байгаа юм. СССР-ээс өдий төдий мэргэжилтэн багш, сургагч багш Монголд ирж эрдмийн их өргөөний үүдийг нээхэд л анхлан орос хэлний багш гэдэг нандин мэргэжил, мэргэжилтнийг төр засаг маань бэлтгэж эхэлжээ.


Намрын шар нар ээсэн, тогтуун дулаахан саяхны нэг өдөр (9-р сарын 22-ны үдэд)  МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургууль (миний оюутан байх үеийнхээр бол Хэлбичгийн факультетын Гадаад хэлний тэнхим–энэ нэрээрээ их ч удсан даа) гадаад хэл Монголд дээд сургуулиар зааж эхэлсний 70 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэлээ.


МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийн захирал доктор Д.Бадмаанямбуу  энэ баяртаа намайг урилаа.  Би бол 1979 оны хятад судлалын ангийн төгсөгч юм. Энэ сургууль, сургалт 70 жилийн түүхтэй гэж үзвэл би 37 жилийнх нь хавар төгсөж байжээ. Түүнээс хойш харвасан сум шиг л 33 хавар, зун, намар өнгөрчихөж.  


МУИС-ийн  гадаад харилцаа эрхэлсэн проректор, Гадаад хэл, соёлын сургуулийн захирал үг хэллээ. МУИС-ийн гадаад хэлний сургалтын түүхийг үе шатчилан дэлгэцээр үзүүллээ. 1942 онд орос хэл, 1956 онд англи хэл, 1957 онд хятад хэл, 1963 онд франц хэл, 1968 онд герман хэл, 1975 онд япон хэл гээд гадаад хэлний сургалт шатлан өргөжжээ. Хамгийн сүүлд араб, перс хэлний анги нээгджээ.  Нийт 15 гадаад хэлний сургалт явуулж байгаа өөр их, дээд сургууль Монголд хараахан байхгүй.


МУИС-ийн гадаад хэлний сургалтын түүхийг бичигсдийг таниулъя. Зураг дээрхи гурван эрхмийн хоёроор нь хичээл заалгаж явсандаа би бахархана. Харин эхний эрхмийг МУИС-ийн багш байсан юм гэж хэн ч санаагүй байх. Түүх түүхээрээ байдаг хойно сэргэж байна. Нөгөө эсэргүү нэр зүүгээд ГЯЯ-ны сайдаасаа хусагдаж байсан С.Аварзэд гуай МУИС-ийн франц хэлний анги байгуулагдахад анхны багшаар нь ажиллаж байсан түүх сэргэж байна. Тэр улаан торгон дээлтэй харагдаж байгаа нь Чой.Лувсанжав багш. Тэр баринтагтай олон судар дотор суугаа нь Я.Шаарийбуу багш маань. Баргын цэргийн хорооны захирагчаар Халхын голын дайнд нөгөө талаас оролцсон, Манж-Го улсын армийн хурандаа байсан гээд ярьвал урт түүх дэлгэж болно.


Миний хувьд эрдмийн их өргөөний хаалгыг анх 1974 онд татсан хүн дээ. Манай ангийг хоёр хуваагаад нэг хэсэг нь манж, нөгөө хэсэг нь түвд хэл үзлээ. Дунд сургуулийн орос хэлнээс “хэлний хилийн дээс” бид алхаж байгаа нь тэр. Би манж хэлний бүлэгт, манж хэлийг бидэнд Я.Шаарийбуу, Ц.Шархүү нар зааж байлаа.


Ер нь манай багш нар гэж хосгүй улс байлаа. Академич Ш.Лувсанвандан, Ц.Дамдинсүрэн,  Б.Ринчен нарын лекцэнд сууж, эрдэм шинжилгээний хурал дээр мэтгэлцэхийг нь сонсож явсан хувьтай оюутны нэг нь би байна. Ш.Лувсанванданг С.Мөөмөө, Б.Ринченг  Чой.Лувсанжав нар залгамжилж, цаадууль нь ч гарынх нь шавь юм гэнэ лээ гэж ярьцагаадаг байв.


Энэ сургууль, энэ дугуй танхим бол надад тун эрхэм нандин санагддаг юм. Өөрөө дотор нь суугаад лекц сонсож суусан би 17 жилийн дараа энэ танхимд олон улсын харилцааны түүхийн анхны лекцийг уншиж байсан ба МУИС-ийн ОУХДС гэж байх үед би 1993-1998 он, 2001-2005 онд энд багшилж, олон зуун шавьтай болсон профессор хүн дээ. Миний олон шавь нар маань ч тэр баярт уригдан ирсэн байлаа. Тэдний нэг нь болох С.Энх-Амгалан МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургууль төгсөгчдийн холбоог тэргүүлж байна. Тэрээр үг хэлснийхээ дараа багшийгаа индэрт урилаа.


Шавь нар маань багштайгаа уулзаж хүндэтгэл үзүүлэн цэцгийн баглаа  барилаа. Энд Хэл бичгийн факультетынхаа эрдэмтэн багш нарыг нэрлэхгүй орхиж болохгүй. "Хэлний шинжлэлийн удиртгал" хэмээх эхний чанга, хүнд хичээлийг зааж их сургуулийн оюутны амтыг мэдрүүлсэн анхны багш маань бол проф. Ц.Сүхбаатар багш байлаа. Эрдэм номын ноён оргил нь хэмээн бодож шүтэж үлгэр авч явсан С.Мөөмөө багш, хятад хэлний ангид зам мөрийг минь гаргаж, гарыг минь ганзгадад хүргэсэн Чой.Лувсанжав, Э.Чимэдцэрэн, Ц.Базаррагчаа, Ч.Төмөр, Д.Лхамсүрэн, Ч.Таамаа багш нартаа мялаалгын үгсээ урсгахад харамгүй. Энэчлэн надад эрдмийн их аяны амтыг амсуулсан Ж.Дагвадорж, С.Дулам, Д.Жамбаажамц, Ж.Баянсан, ангийн багш Ч.Батсүрэн, декан Б.Рагчаа, сурганы Б.Бор, монгол манж бичгийг дөрлүүлж гоё бичигтэн болгосон Чойжоо багш, Х.Далхжав, Я.Шаарийбуу, Ц.Шархүү багш нараа дурсан санахгүй байхын аргагүй ээ.  


Монголд гадаад хэл их, дээд сургуулиар зааж эхэлсний 70 жилийн ойн баярын тэр өдөр – 9-р сарын 22-нд нэгэн ховор чухал уулзалт миний хувьд тохиолоо. Тэнд уулзана гэж төлөвлөж төсөөлж очоогүй байтал болоод өнгөрсөн учраас би ховор чухал гэж онцолж байна. Энэ  буурал бол 32 настайдаа англи хэлний ангид элсэн ороод 37-той төгсгөсөн. Төгсөөд МАХН-ын Төв Хороо, ГЯЯ-нд ажиллахдаа миний сууж ажиллаж байсан Египет улсад эрхт улсаа төлөөлөн Элчин сайдаар ажилласан Т.Дүгрээ гэх эрхэм дээ.  Яруу алдрын замыг туулсан хүн гэж Дүгрээ гуайг хэлмээр. Бод доо 32 настайдаа англи хэлний цагаан толгой заалгаж, тэгээд зүтгэсээр Элчин сайд гэх оргилд хүрсэн байгаа юм. Тэрээр Монгол Улсаас АБНЕУ-д суусан 7 дахь, би бол 11 дэх Элчин сайд юм.


Тэр гавьяатын тэмдэг энгэртээ гялалзуулсан эрхмийг бол манай тамирчид андахгүй.  Уг нь хятад хэл судлалын мэргэжилтэй нөхөр. Хэлээрээ ч ажилласан, гэхдээ ихэнхи хугацааг Олимпийн хороонд өнгөрүүлжээ. Лондонгийн олимпод манай баг тамирчид амжилттай оролцоод ирсэний дараахан Ж.Отгонцагаан маань гавьяатаар энгэрээ мялаасан даа. Амьд цэцгийн баглаа барьсан хоёр эрхэм бол 1979 оны төгсөгчид. Манай англи хэлний ангийг төгсгөөд эдүгээг хүртэл төрөлхи их сургуульдаа багшилж яваа Намжил маань.


Франц, англи, хятад, солонгос хэлний  үе үеийн төгсөгчид.  Олны танил эрхмүүд дотор нь байна. Бас уншигч Таны, Таны үр хүүхдийн, ахан дүүсийн танилууд байж магад.


Намрын шар нар ээсэн, тогтуун дулаахан тэр нэг өдрийн баяр өндөрлөлөө. Эцэст нь тэмдэглэхэд, МУИС бол миний хоёр дахь гэр минь байж, миний залуу халуун насны ааг омог чухам тэр хамт олон дотор буцалж, хожим хувь төөргөөрөө би тэр их сургуульдаа багшлах тавилан ногдсон маань ч  огтын санамсаргүй учрал гэж би боддоггүй ээ. Гадаадад томилолт өвөрлөн явахдаа МУИС-ийнхаа гадаад харилцаанд дэм болохуйц олон алхмыг би санаачилдаг нь ч энэ учралын үйл лай юм уу даа хэмээн төгсгөмү!