Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд болох Баабар, Баярхүү нар “Манай зууны хөрөг” хэмээх хамтын бүтээлээ 1997 онд уншигчиддаа толилуулсан. Түүнээс хойш олон жил өнгөрч, шинэ зуун гарч, уг номд бичигдсэн улс төрийн зүтгэтнүүдийн үүх түүхийг баяжуулах үйл явдал дэлхийд чамгүй ихээр өрнөжээ. Олон улсын харилцааны агуулга, дүр төрх ч эрчтэй өөрчлөгдөж шинэчлэгдлээ.  Шинэ зууны хөргийг бичилцэж буй улс төрчид ч олноороо төрөн гарч ирлээ. Иймд хоёр зохиогч маань хамтын бүтээлээ нэмж баяжуулан “Ертөнцийн шинэхэн түүхийг бүтээгчид” хэмээх шинэ бүтээлээ туурьвиж дуусч байна. Шинэ номд орж буй хоёр зүтгэлтнийг уншигчиддаа урьдчилан танилцуулъя baabar.mn     
 

НҮБ-ыг 1997–2006 онд Кофи Аннан гэх хар арьст Ерөнхий нарийн бичгийн дарга удирдсан билээ. Тэрээр дэлхийн хамтын нийгэмлэгийг толгойлсон Африк тивийн хоёр дахь төлөөлөл, харин хар арьстнуудын анхны төлөөлөл байсан ба өмнөх Ерөнхий нарийн бичгийн дарга нараасаа ялгаатай нь анх удаа НҮБ-ын дотроос, бүр аппаратаас нь сонгогдсон нь тэрхүү К.Аннан байлаа. Анхны, Аннаны өмнөх гурав, залгамжлагч өнөөгийнх нь гээд бүгд улс орондоо Гадаад хэргийн сайдын алба хашиж байгаад сонгогдсонтой нь  харьцуулж хэлж байгаа хэрэг. Тэрээр мөн Ерөнхий нарийн бичгийн дарга нар дотроосоо анх удаа Нобелийн энх тайвны шагнал (2001 онд) хүртсэн гавьяатнаар тодорч байна.

Кофи Аннан бол бүр 1962 оноос НҮБ-тай хувь заяагаа холбосон, баялаг намтартай нэгэн. 1962-1974, 1976-1987 онуудад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын системийн бусад байгууллагад ажиллаж, 1987-1990 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүний нөөцийн туслах, аюулгүй байдал эрхлэх зохицуулагч байв. Ерөнхий нарийн бичгийн даргын хөтөлбөр, төсвийн төлөвлөлт хариуцсан туслах, хянан шалгагчаар  1990-1992  онд ажиллахдаа “Хүйтэн дайны” төгсгөл үеийн хэлж таашгүй олон улсын цоо шинэ харилцааг бичилцэх хувь төөрөгтөн болж тодорсон юм. 1990 онд Ирак Кувейт руу халдан довтлоход Иракийн нутгаас олон улсын байгууллагын ажилтнууд, гадаадын иргэдийг эсэн мэнд дүрвүүлэх ажлыг Аннан хариуцан гардаж ажиллав. Хүмүүнлэгийн тусламжийн мөнгөн сан бүрдүүлэхийн тулд газрын тос худалдаалах асуудлаар Иракийн Засгийн газартай Аннан хэлэлцээ хийж, 1993-1996 онд энхийг сахиулах асуудлаар Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, тусгай төлөөлөгч байхдаа хуучин Югославт хямрал мөргөлдөөнийг зогсоох асуудлаар уйгагүй ажиллаж байв.

Чухам Балканы хойгт, Боснид түүний гаргасан дипломатын чармайлт нь 1996 оны 12 дугаар сард олон улсын энэ хамтын нийгэмлэгийн тэргүүнээр сонгогдох гол шалтгаан болж өгсөн юм. Олон улсын харилцааны хэд хэдэн хямралыг зохицуул, НҮБ-ыг шинэчлэн өөрчилж, үр өгөөжийг нь, зохицуулалтыг нь дээшлүүл хэмээн түүнийг сонгосон, тэр хэрээрээ ч ажлаа чиглүүлсэн байдаг юм. 2000 оны намар Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан “Мянганы саммит” (дээд хэмжээний уулзалт) нь чухам Аннаны санаачилга байсан юм. Тэрхүү чуулга уулзалт дээр түүний тавьж хэлэлцүүлсэн “Бид, улс түмэн: XXI зуун дахь НҮБ-ын үүрэг роль” хэмээх илтгэлийн үзэл санаа нь тус чуулга уулзалтаас батлан гаргасан Тунхаглалын үндэс болсон юм. Хүний эрхийг хамгаалахын төлөөх чармайлт, олон улсын терроризмын эсрэг, ДОХ-ын халдвар тархалтын эсрэг тэмцэлд түүний оруулсан хувь нэмрийг үнэлж Нобелийн Энх тайвны хороо 2001 онд Аннаныг болон НҮБ-ыг Энх тайвны шагналаараа шагнасан нь санамсаргүй хэрэг байгаагүй.

2001 оны намар, 9 дүгээр сарын 11-нд АНУ-д үйлдсэн террорист халдлагын дараа тэрээр НҮБ-ыг терроризмын эсрэг глобал эвслийн төв хэмээн зарласан. Харин терроризмын эсрэг нэрээр Иракт зэвсэгт халдлага хийх замаар улс төрийн дэглэмийг нь түлхэн унагахыг Аннан сайшаагаагүй. Зэвсэглэн халдахын оронд Иракт НҮБ-ын мандат бүхий зэвсгийн шалгагчдыг илгээж ажиллуулая хэмээн зүтгэсэн. Хүчээр бус эвээр асуудлыг шийдъе гэдэгтээ Аннан хүрч чадсан боловч 2003 оны хавар АНУ, түүний холбоотнууд Иракт цөмрөн орохоос аргагүй болсон. Тэглээ гэдгийг ч Аннан өөрөө ширүүхэн шүүмжилсэн. Дараа жил нь Аннаны нэр төрд харшлахаар хэрэг Иракаас гэнэт дэгдсэн. НҮБ-аас Иракт хэрэгжүүлж байсан газрын тосыг хүнсээр солих хөтөлбөрөөс Аннаны хүү Кожо гэгч ихээхэн хэмжээний мөнгө завшсан хэрэг мандуулжээ. 1996-2003 онд НҮБ-аас Иракт хэрэгжүүлсэн эл хөтөлбөр шүүмжлэлийн бай болж, Аннаны нэр хүнд ч базаахгүй байдалд орсон. 
 
2005 оны намар Нью-Йоркт НҮБ-ын нэгэн жарны (60 жил) ойд зориулсан бүх дэлхийн саммит болж түүн дээр Аннан лут илтгэл тавьж хэлэлцүүлэв. Хүний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг ханган бэхжүүлэхэд энэ илтгэлийг гол үзэл санаа чиглэгджээ. НҮБ-ыг цаашид хөгжүүлэн бэхжүүлэх талаар дэлхийн улс орнуудын удирдагчид нэгдсэн байр сууриа илэрхийлж чадсан нь Аннаны дипломатын чармайлтын үр дүн байлаа. Тиймдээ ч  тэрээр 2006 оны хавар гэхэд НҮБ-ын захиргааны тогтолцоог шинэчлэх реформын төслөө бэлэн болгож чадсан ба тэр реформыг нь халааг нь авсан дараагийн Ерөнхий нарийн бичгийн дарга нь хэрэгжүүлж эхэлжээ.

*    *    *

НҮБ-ын одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний үйл ажиллагааг үнэлж дүгнэхэд эрт байж мэднэ. Учир нь хоёр дахь удаагаа сонгогдоод удаагүй байна. Хоёр дахь томилолтын 5 жилд нь ямар ч сорилт шалгалт түүнд гараад ирээ билээ, өмнөх 5 жил нь ялалт амжилтаар тэгтлээ бялхаад байсан бил үү, шууд хариулахад тун түвэгтэй. Гэхдээ л энэ хүн шинэ XXI зууны эхэн үеийн түүхийг яалт ч үгүй бичилцэж байна. 

Тэрээр 2007 оноос энэ үүрэг ажлыг гүйцэтгэж буй НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд өмнө нь энэ тушаалд  Трюгве Ли (Норвегийн иргэн, 1946-1952 онд ажилласан), Даг Хаммаршөльд (Швед, 1953-1961 онд), У Тан (Мьянмар буюу тэр үеийн Бирм, 1961-1971 онд), Курт Вальдхайм (Австри, 1972-1981 онд), Хавьер Перес де Куэльяр (Перу, 1982-1991 онд), Бутрос Бутрос–Гали (Египет, 1992-1996 онд), Кофи Аннан (Гана, 1997-2006 онд) тус тус ажиллажээ. Эдгээрийн дөрөв нь хөгжиж буй “Өмнөд” ертөнцийг, гурав нь хөгжингүй “Умард” ертөнцийг төлөөлж байсан. Харин одоо өндөр хөгжилтэй, шинээр аж үйлдвэржсэн улсын төлөөлөгчийг дэлхийн хамтын нийгэмлэг дахин дэвшүүлэн гаргаж ирчихээд байна.  Дахин гэдэг нь Курт Вальдхаймаас хойш анх удаа гэсэн санаа.

“Хүйтэн дайн”, хоёр туйлт ертөнцийн зөрчил тэмцэл, “Хүйтэн дайны” төгсгөл ба дэлхийн коммунист эвслийн задрал, олон улсын харилцааны шилжилтийн зааг үе гэхчлэн социализм, капитализмын аль руу нь ч туйлширч үл болох тийм цаг үеийг хүн төрөлхтөн туулахад (1980-аад оноос XXI зууныг гартал) гурав дахь ертөнцийн төлөөлөл (Перу, Египет, Гана) зайлшгүй чухал байсан бол энэ зарчим шаардлага Бан Ги Мүний өнгөн дээр шал өмнөө болж иржээ. Эдүгээ XXI зуунд дэлхийн дийлэнх хэсэг нь хөгжлийн жам ёсоор зах зээлийн эдийн засаг, ардчиллын замд орж, улс орон хоорондын харилцан хамаарал гүнзгийрч, бүс нутаг, салбар бүс нутгийн хэмжээнд улс төр, эдийн засгийн интеграц өрнөж,  даяаршлын үйл явц хөгжлийн нийтлэг хандлагыг тодорхойлж, хүмүүнлэгийн харилцаа өргөжин тэлэх шинэ бололцоо, цоо шинэ орчин, гарцыг нөхцөлдүүллээ. Ийм нөхцөлд заавал хөгжиж буй буурай орны төлөөлөгч дэлхийн хамтын нийгэмлэгийг толгойлж байх шаардлага зайлшгүй биш болжээ.

Эдийн засаг-технологийн хувьд үсрэнгүй яваа, ардчиллын үнэт зүйлсийг дээдэлсэн БНСУ-ын төлөөлөгч чухам дээрхи шаардлагаар НҮБ-ыг удирдах боллоо гэж дүгнэхэд болохгүй гэх газаргүй. Энэ томилгоо агуулга, бэлгэдэл аль аль талаасаа зүй ёсны сонголт байсныг нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Тэр дундаа арван хэдэн жил африкийнхан НҮБ-ыг удирдахад энэ тив ядуурал, шашин-угсаатны цэвэрлэгээ, мөргөлдөөний голомтоосоо салж чадаагүйгээс гадна Африк руу НҮБ-аас чиглүүлсэн тусламж, урсгасан зардал, илгээсэн энхийг сахиулагчид, зуучлал тэр бүр бүтэлтэй байгаагүй. Гэхдэээ Бан Ги Мүн сонгогдсоноор дэлхий нийтийн анхаарлыг Арфикаас холдуулах зорилго огтоос тавиагүй.

Мэдээж анх 2007 онд бол эрчимтэй төлөвшин буй Зүүн Азийн хамтын нийгэмлэг рүү ач холбогдол өгөх, цаашлаад өндөр технологи  бүхий аж үйлдвэржсэн хөгжингүй АНУ, Европ, Япон,  Зүүн Азийн “бар” улсуудын бодлогыг НҮБ-ын үйл ажиллагаатай хослуулах найдлага тавьсан байж болох талтай. Эрчим хүч, нефть, байгалийн баялгийн гол  түүхий эд нийлүүлэгч Африк–Ойрхи Дорнодыг бодвол тийм нөөцийг өндөр технологи бүхий бүтээгдэхүүн болгож хувиргадаг тийм бүс нутгийн төлөөлөгчөөр Бан Ги Мүн гарч ирсэн хэрэг.  

Бан Ги Мүн бол  Солонгосын хойгийн төлөөлөл гэдгээрээ өмнөх Ерөнхий нарийн бичгийн дарга нараасаа давсан өөр нэг үүрэг хүлээсэн юм.  Бүс нутгийн хямралын голомтуудаас үлэмж анхаарал татаж ирсэн Солонгосын хойг руу илүү анхаарал хандуулна гэж үзэж буй хэрэг. БНАСАУ-ыг тойрсон гэнэтийн элдэв үйл явдлуудыг авч үзвээс Бан Ги Мүнийг сонгон ажиллуулж байгаа нь онцгой ач холбогдолтой юм шиг. Учир нь түүний эх орон хоёр хуваагдсан, өмнөд  умард хоёр талаасаа сөргөлдсөн, Пхеньян дахь үл ойлгогдох, ирээдүй нь бүрхэг Кимийнхний дэглэмийг олон улсын хамтын нийгэмлэгт татан оруулах, олон улсын харилцааг бодитой, эрүүлээр хардаг болгоход Бан Ги Мүний үүрэг их.

Хойд Солонгосын тоталитари дэглэмийн төгсгөлийг нааштайгаар эргүүлэхэд Өмнөд Солонгосын төлөөлөл – НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг ролийг баруунд хэт дөвийлгөж үзсэн нь нууц биш.  Өлсгөлөнгөөр мянга мянган хүнээ алдсан, нурж унасан эдийн засагтай Хойд Солонгосын дэглэмийг торгоох сонирхол мэдээж хөрш Орос, Хятадад байгаа. Гэвч Өмнөд Солонгостой түүнээсээ хавьгүй өргөн харилцаатай, хөрөнгө оруулалт, худалдаа, бизнесийн асар их сонирхлоор нөхцөлдсөний хувьд тэд нь Бан Ги Мүнд хэт хатуурхахгүй юм. Тэгснээрээ олон улсын харилцаанд муйхраар зүтгэгч Хойд Солонгосыг баланслуулж болох талтай. Хятадын хувьд Бан Ги Мүн онцгой анхаарлынх нь төвд байнга байж ирсэн. Зөвхөн АНУ-тай хэлэлцээ хийж, үл довтлох хоёр талын гэрээ байгуулна гэсэн Хойд Солонгосын байр суурийг Хятад анхнаас нь үл дэмжиж ирсэн ба цөмийн зэвсэгтэй бүс нутгийн гүрний хувьд тоглолтын гадна ажиглагчаар үлдэх хүсэл Хятадад байхгүй. Чухам энэ байр суурь нь Бан Ги Мүний дипломат чармайлттай хослон Хойд Солонгосын талаархи Хятадын чиг шугамыг аядуу прагматик болгож болно. “Наймын бүлэг” (“G-8”) хэмээх клуб рүү аажмаар болгоомжтой ойртох Хятадын сонирхол явсаар  “G-9” болж хувирбал модернизац хийхийг үл сонирхогч Пхеньяны дэглэмийг тэр клубынхээ хүрээнд хуйвалдаанаар шийдвэрлэх магадлал бас байж болно. Хэрэв Хойд Солонгосын дэглэм нурвал “Хүйтэн дайны” хамгийн сүүлчийн цайз болохынхоо хувьд  энэ нь глобал хэмжээний ач холбогдолтой үйл явдал болно. Солонгосын хойгийн төлөөлөл болох Бан Ги Мүн гэдгээр нуршуу тайлбар хийж байгааг уншигч болгооно биз ээ. 

Бан Ги Мүний өнгөн дээр НҮБ нь чухам урьд өмнө үзэгдээгүй элдэв сорилт шалгалтыг туулж, даван гарахаар ажиллаж байх шиг. НҮБ-ын улс төрийн үйл ажиллагааг эдийн засагжуулах, өндөр технологи түгээх, банкны даяаршил, эдийн засгийн өсөлтийг хангах дэд бүтэц, глобал сүлжээ НҮБ-ын дэргэд байгуулах зорилт хэрэгжих бололцоо тэр бүр гарсангүй. Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжих хугацааг наашлуулах талаар ихээхэн чармайлт гаргаж байгаа ч санасан үр дүн мөдгүй байна. Энхийг дэмжин сахиулах чиглэлээр НҮБ-ын үйл ажиллагааг шинэчлэх, уг байгууллагад реформ хийх, бүтцийг нь боловсронгуй болгох талаар ч ам тунхаг давамгайлсаар иржээ. Дарфурын мөргөлдөөнийг зөөлрүүлж, Өмнөд Суданыг тусгаар тогтнуулж, Суданы Ерөнхийлөгчийг цэргийн гэмт хэрэгтэн хэмээн зарлуулснаар өөрөөр Африкт дорвитой дэвшил гарсангүй. Гэхдээ НҮБ нь олон улсын харилцааны тогтворжуулагч, зохицуулагчийн баталгаа байх үүргээ олон газар алдлаа. Косово, Абхаз, Өмнөд Осет дээр НҮБ дорвитой ажил хийж хүчрээгүй. Орос–Гүржийн дайнд НҮБ огт ажиллаагүй, ажиллах цаг хугацаа бололцоо ч гараагүй. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, хүчирхэг нэг гүрэн хөрш жижиг орноо хэсэглэн хувааж, олон улсын хамтын нийгэмлэгийн хүсээгүй төлөвлөөгүй хуваагдлыг бий болгочихоод байгаа. 

2011 оны эхнээс өрнөөд өнөөг хүрсэн, хойшид олон жилээр сунжрах “Арабын хавар” гэх хувьсгалт үйл явц Бан Ги Мүний хувьд, НҮБ-ын хувьд үнэхээр шинэ содон, адармаатай сорилтыг тулгалаа. Ливид цус урсгаж байхад НҮБ-ын оролцоо гэж байсангүй, Сири дээр ч мөн тийм байна. Ирак, Афганистанд анхнаасаа НҮБ оролцоогүй, Ираны цөмийн хөтөлбөрт НҮБ-ын оролцоо хяналт гэж алга. 

НҮБ ба Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, НҮБ ба Дэлхийн худалдааны байгууллага, НҮБ ба ОУВС,  Дэлхийн Банк, валют-санхүүгийн бусад институциуд гэхчлэн НҮБ-тай жинхэнэ түншлэх алхам хэрэгжүүлэх ёстой олон улсын байгууллага, хөдөлгөөн, форумууд гар нийлж хоршиж ажилтал их зай байна. Тийм холын зайг ойртуулах эрэлхийлэл цөхрөлтгүй хийж ирсэн ч үйл ажиллагааны орон зай нь улам бүр тэлж, арга ажиллагаа нь улам бүр нарийсчээ. Дэлхийн санхүүгийн хямрал, Еврогийн хямралыг ОУВС,  Дэлхийн Банк НҮБ-тай хамтран зохицуулж шийдэж чадахгүй байна. Даяаршлыг түргэсгэх, өндөр технологи түгээх хөгжүүлэх, хүлэмжийн хийг багасгах, озоны давхаргыг хамгаалах (Киотогийн протокол) гэхчлэн дэлхий нийтийн чанартай асуудал  “Арабын хавар”, Афганистаны хямрал, Африкийн элдэв мөргөлдөөнөөс болж арагш тавигдлаа.

Гэхдээ бүх асуудал бараан байгаа юм биш. Сэргээгдэх эрчим хүчний олон улсын  байгууллага байгуулж чадсан, энхийг сахиулах чиглэлээр Африкт эрчимтэй ажиллаж байгаа, терроризмын эсрэг олон улсын зохицуулалтын механизмыг төлөвшүүлж байна.  Өлсгөлөнд нэрвэгдсэн дэлхийн 74 оронд 108 сая хүн НҮБ-ын зардлаар тэжээгдэж, дэлхийн нийт хүүхдийн 40 хувь нь НҮБ-ын оролцоотой вакцинжуулагдаж, дайн мөргөлдөөний хөлд талхигдсан 34 сая дүрвэгчийг НҮБ хооллож, орох оронтой болгож, 4 тивд мөргөлдөөний 17 голомтод НҮБ-ын 116 мянган энхийг сахиулагчид ажиллаж, хямрал гамшигт нэрвэгдэгсдэд 7 тэрбум ам.долларын хүмүүнлэгийн тусламж НҮБ-аас үзүүлж гэх мэт жагсаавал гэгээтэй алхам олныг нэрлэж, бас тэр бүхнийг  Бан Ги Мүний нэртэй холбож болно.

Бан Ги Мүн хувь хүний талаасаа, солонгос хүн гэдгээрээ Монгол-Солонгосын хооронд харилцаа солилцоо ийм их хөгжсөн цаг үед монголчуудад илүү ойр дөт юм. Тэрээр 2006 онд анх Гадаад хэрэг, худалдааны сайд байхдаа Ерөнхийлөгчөө дагалдан манай оронд айлчилсан, хожим НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болоод тусдаа айлчилсан. Хоёр орны өнөөгийн харилцаа, монгол-солонгос ард түмний өнө эртнээс өнөөг хүртлэх хэлхээ холбоог ойлгодог мэдэрдэг хүний хувьд НҮБ-ын үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нараас чухам  Бан Ги Мүн л монголчуудад илүү танил болов уу.
-о0о-