Дээхнэ дээлэн дээр “бажийнх” өмсчихсөн нөхөр их хачин харагддаг байж билээ. Одоогийн мотоцикль унаад уурга чирчихсэн хар­важ яваагийн дэргэд басчиг танагтай ажгуу. Тав гурван малаараа амьдарч буй айлуу­дад адуугаа адгуулах  гэдэг чухал ажил байна аа. Дор бүрнээ нэг нь нэг хоёр нь хоёр азарга адуутай. Айл болгоны адуу ихэвчлэн тус тусдаа сүрэглэн явна. Хөдөөд бусад малаас хамаг амьжир­гаагаа олдог бол энэ хэдэн ширний араас хөөцөлдөхөд хамаг цагаа зориулна. Яагаад гэхээр өдөр болгон адуугаа эзэн алддаг. Зун намрын айрагны улиралд орой болгон гүүгээ унагатай нь хамт сул тавина. Шөнийн турш урт хөлийн мал хаа ч хүрсэн байж болзошгүй. Бүр өөр аймаг сумын нутаг, жаа­хан оройтвол модлоод улам л цаашаа явна. Газар тариа­лантай нутагт бол тариа бу­даанд нь ороод бригадын төв дээр хашигдчихсан байх жишээтэй. Адууныхаа араас өглөө бүр таван цаг гэхэд л мордоно доо. Тэгээд замд тааралдсан шувуунаас бу­сад­тай уулзаж “Манай нөгөө хэдийг харав уу” гэж харил­цан бие биенээсээ сурагла­саар өдрийг барна.

Сонирхолтой нь эрэлчин өөрөө энэ ажилдаа тийм ч дургүй биш. Бараг битгий хурдан олдоосой гэж дотроо боддог байх. Урилгагүй зочин тээр дороос “яав”-аа пижиг­нүүлсээр хүрч ирнэ. Айлд лаглайтлаа тухлан сууж гэрийн эзний дотоод ажлыг алдуулан эхлээд адуугаа сурж байснаа хальтран дэм­бээ хуруу гаргах улмаар хо­нож өнжих юм болоод явчих­на. Энэ мэтчилэн нэгний­хээ­рээ хонон өнжин тэнэж ар гэрийн баг идээ ажлаас бул­тац­гаадаг. Эзэнгүй адуу до­лоо­гоос дээш хоноод эхлэ­хээр хөдөөгөөр дүүрэн пиг сүлжилдэж буй малын хул­гайч нарын хараанд өртөж сувай сударган, хурдан хур­цаасаа эхлээд махлуулж чен­жийн гараар орон замарна. Адууны мөнхийн дагуул хээрийн боохой унаганы ма­ханд нугасгүй дуртай. Хавар боос гүү өвөлжөөнөөс алс хол уулын энгэрт голдуу унага­ладаг ба эзэн нь хааяа нэг эргэж очдог. Тэр хооронд хамаг унагаа чононд өгчих бол түгээмэл. Чоно, хулгай хоёрт морьдоо өгөөгүй нэг ч малчин байхгүй гэдэгт мө­рийц­сөн ч алдахгүй. Хурдан сайхан хүлэг унаагаа гол харлатал алдаад тэрнийгээ олохгүй, олсон ч хохирсноо­роо дуусна. Одоо малчин өөрөө аргагүйн эрхэнд “Б” хувилбарыг сонгох зам л  үлдлээ. Эрэлд явах замд өөрийн өмч тааралдаагүй ч өрөөлийн эзэнгүй сүрэг биш­гүй л нэг. Тэндээс заримыг нь “олж” яагаад болохгүй гэж. Гол нь цэвэрхэн л хийх хэрэг­тэй. Сүүлийн үед нээрэн малаа хайгаад яваа, илүү дутуу юм өлөлзөөд байгаа эсэхийг ялгахад бэрх болсон гэж ярьцгаадаг. Анзаардаггүй л болохоос анхаарал татсан  ноцтой сэдэв бол яах аргагүй орчин цагийн адуучин аавын хүү болоод байгаа юм. Тэд яагаад тал талаасаа сүргээ нийлүүлээд урьдынх шиг “Их адуу” үүсгэн хариулахаа боль­чихов. Морь аргамжих, чөдөрлөх, тэжээх тэр бүү хэл унахаа ч байсан. Морио мо­то­циклиор сольсноос хойш хэдэн ярдаг гүүнээс бусад нь бүгд эмнэг зэрлэг мустангар болчихлоо. Адуу улам адгуус­лаг төрх рүү буцаж, Хустай дахь хэдэн тахинаас дор хүн, гэр орноос зугтааж байна. Арга ч үгүй юм даа. Малчны гадаа хамар хатгах бэлчээр байхгүй юм чинь яаж тогтохов.

Зуны сайхан дэлгэр цаг ирмэгц нохой, гахай өдрийг хонон өнжин хүлээж морьдоо барьж уях гэдэг лай эхэлнэ дээ. Том жижиг наадмууд бэлтэй чадалтай хэдэн баячуу­дын дунд болдог ч даган баясагчдын тоо огт  буурахгүй. Зунжингаа хүүхэд мал хоёрыг шар махтай нь хатааж, бас хамаг ажлаа алдан алдан цэнгэж жаргац­гаана. Жилийн дөрвөн ули­рал, хагас бүтэн сайнд ч амрахгүйгээр хэдэн малын­хаа араас явдаг малчин эр хүн уг нь хүүхэд шуухад цуг­ларсан цагаар малаасаа түр хөндийрчихвөл зүгээрсэн. Бие хаагаа үзүүлж рашаан усанд ч болохноо явж, үгүй ядаж хот орон орж юм үзэж яваад ирмээрсэн. Тэгдэггүй­гээс болоод нэг л өдөр эдгэхийн аргагүй өвчин тусах, цагаасаа эрт өтлөх, тэр бүү хэл хотынхон шиг мэдрэлийн ядаргаанд орж байна. Зуны турш морь уяж байгаа нэртэй сэтээ сэвээгүй архидацгаан портер дээр хэдэн хэрзгэр адуугаа ачин галзуу солиотой юм шиг давхицгаана. Баячууд морь уях бооцоотой тоглоом­ноо­соо больчихвол хурдан морины уралдаан, өндөр үнэтэй адуу энэ тэр шууд дампуурах байх. Мөд тэгэхгүй байх л даа. Морины урал­даан байтугай спортын төрөлд билет зарж төлбөрөө төлдөг үзэгч байхгүй манай нөхцөлд ивээн тэтгэгч байгаа тулдаа л уралдаад байгаа юм. Ийм хөөсөн эдийн засаг эрт орой нэгэн цагт дампуурчих гээд байдаг тал бий. Төрийн сүлдэндээ залсан, дэлхийн талыг туулсан гэх мэтээр “самсаа шархируулах” мон­гол адуундаа хэн ч “хир бур­таг өчүүхэн ч...” хүргэх дургүй. Тэгэх юм бол хятад хужаа­гаараа дуудуулаад зогсвол гайгүй өнгөрч буй хэрэг. 

Одоогоос хорин жилийн өмнө нэгдэл тарснаас хойш нийгмийн томоохон салбар тэр чигээрээ ажилгүй, хамт олонгүй болж оронд нь хэдэн малтай хоцорсон. Малчид улс ардын аж ахуй, аливаа албан байгууллагад ажил хийж цалин авахаа больс­ноор залхуу назгай амьдрал эхэлж тэр нь даамжран сүүл­дээ гэр орныхоо ажилд ч санаачилгагүй нэгэн болж хувирсан нь ажиглагддаг. Тэгээд ганц зугаа уйдаагаа гаргадаг хэрэгсэл нь адуу. Энэ нь морьтой монгол болж төрсний их хувь заяа юм уу эсвэл хувь заяаны тохуурхал ч юм уу. Бид уулын мухарт хонь хариулж байгаа нэгнийг яаж ингэж ганцаараа амь­дарч тэсч байна аа гэх атлаа адууны дэргэд явааг нь болохоор магтах үгээ олж ядна. Худалдаж авсан морь алдагдаад тэр нь хаа нэгтээ гүйж яваа тухай дуу зохиож өгч. Ийм морийг замаас нь хунивал хулгайн өм харих тухай зөвлөгөө өнөөдөр хит болчихсон байх жишээтэй.  

Овооны наадам дээр морь нь айрагдсан уяач шууд хүн танихаа болиод  ёрын аашилцгаах нь бүр тийм нийт­лэг хэв загвар болсон. Өөрөө гүйгээд ирчихсэн аятай амьс­гаадаад л том хусуур дамнал­дуулан “Холдоцгоо муусайн п...нуудаа” хэмээн цамнаж гарна даа.

Өвлийн бэлтгэл намрын ажил гэсэн чинь хамаг мөн­гөөрөө хэдэн шуудай овьёос ачаад ирж байгаа юм. Өвөл морио тэжээж уралдуулах юм гэнэ. Цаана нь хэдэн хүүхэд нь хөл нүцгэн, гэр нь дулаалга байхгүй, гаднаа аргалаас өөр түлэх түлшгүй. Үүнд санаа зовж байгаа юм алга. Наа­дамд эхний хорьд ордоггүй ч аймаар үнэтэй ганц үрээ түүнд бий. Тэрнийгээ байс­гээд л алдчихна. Тэр тоолонд ташаандаа дурангаа зүүж аваад гарч өгнө дөө. Далимд нь хүүхэн шуухан эргүүлж явдаг уу яадаг. Гэртээ тогтоно оо нэг байхгүй. Ийм дампуу амьдрал хавтгайрлаа. Адууч­ны авгай яаж тэсдэг юм бол.

Эрээнээс ирдэг эрээн цоо­хор дотуур өмдийг гадуураа өмсөж, хятад үсэгтэй чөө­чигнөсөн мотоцикль унасан, томоо хар нарны шилтэй монгол адуучин өдөн курткээ дэрвүүлэн харвацгаах нь со­нин хачин биш болжээ.