. . . 1994 он Арафатад үргэлжлэн ялалт авчирлаа. Израильтай хэлэлцээр байгуулсныхаа төлөө Нобелийн энх тайвны шагнал хүртжээ. 1996 онд бүх нийтийн сонгуулиар эзлэгдсэн нутаг дахь Палестины автономит Засаг захиргааны Ерөнхийлөгчөөр сонгогдов. Ийнхүү Арафат Палестины нийт ард түмний төлөө эцэж цуцахыг үл мэдэн урагшилж яваад 2004 онд өвчний учир тэнгэрт халилаа.

Палестины Ерөнхийлөгч Я.Арафат хорвоог орхисноос үүдэн тэдний тэмцлийг 40 жил удирдсан удирдагчийн ваакумыг (орон зай) нөхөх асуудал нэг хэсэгтээ анхаарлын төвд байлаа. “Арафат нас барсан нь Ойрхи Дорнод дахь түүхэн эргэлтийн үе” хэмээн Изриалийн Ерөнхий сайд А.Шарон мэдэгдсэнээс үүдэн Израилийн тал урьдын хатуу чанга байр сууриа сулруулахгүй  гэж үзэхээр байв.

Харин түүний үүрдийн хүсэл–үндэсний төр улсаа эмхлэн байгуулах явдал ганцхан түүнээс шалтгаалаагүй гэдэг нь тун тодорхой үлдсэн юм. Палестины нийт улс төрийн хүчнүүд хамтдаа хариуцлага хүлээх түүхэн үйлтэй гэдэг нь өнөөг хүртэл нотлогдсоор байна.
    


Арафатын үнэнч туслагч Махмуд Аббас эдүгээ багшийнхаа үүрдийн хүслийг гүйцэлдүүлэх үйлийг амслаа. ПЧБ гэж ёс төдий нэрээ үлдээгээд үндсэндээ тарж алга боллоо. Хэвлэлд “ПЧБ” гэх нэр огт дурдагдахаа болилоо. Оронд нь гарч ирсэн ФАТХ намаа Аббас толгойллоо. Энд Аббасын улс төрийн хөрөг гэхээр зүйл бичигдэхгүй, харин Арафатын залгамжлагчдын өвөр хоорондын тэмцлийн түүхээр Аббасыг тодруулах болно.

1935 онд төрсөн, Дамаскийн их сургууль дүүргэсэн хуульч Аббас 1950–1960-аад онд Арафаттай нөхөрлөж түүний баруун гар нь болжээ. ПЧБ-ын цөм болдог ФАТХ намыг хамтран  байгуулж, түүний Төв Хороонд сонгогдож, зарим мэдээллээр цэргийн, террорист халдлагыг зохион байгуулалцаж явжээ. Энэ тэмцэгч 1982 онд Москвад докторын зэрэг хамгаалангаа палестин–зөвлалтийн тусгай албадын үйл ажиллагааг зохицуулж байв. Саддамын Ирактай сүжрэх Арафатын бодлого түүнийг эзнээс нь холдуулж, Израилийн зүүний намуудтай хэлхээ холбоо тогтоолгоход хүргэсэн гэх мэдээлэл буй. Үнэн байж болно. Аббас нь 1980-аад оны сүүлчээс ПЧБ-ын аядуу либераль жигүүрийг толгойлж, Израильтай байгуулахаар зэхэж асан энх тайвны хэлэлцээрийг боловсруулахад оролцжээ.

Арафаттай санал зөрөлдсөнөөсөө болж Палестины автономийн удирдлагын бүрэлдэхүүнд эхэндээ сонгогдоогүй. 1995 оноос Арафатын командад эргэж орж ирэн 1996 оны сонгуулийн төв комиссыг толгойлж, Палестины автономит Засаг захиргааны Ерөнхийлөгчөөр Арафатаа ялуулж чадсан. Мөн ондоо Арафатын шууд орлогч болж, автономит Засаг захиргаагаа төлөөлөн Израильтай хэлэлцээ хийв. 2003 хавар Палестины автономит Засаг захиргааны Ерөнхий сайд болж, хэдэн сар засаг толгойлоод Арафаттай дахин зөрөлдсөний улмаас намар нь огцорсон. 2004 оны 11 дүгээр сард Арафат нас барсны дараа ПЧБ-ын Гүйцэтгэх хорооны дарга болж, 2005 оны эхээр явагдсан сонгуулиар Палестины хоёр дахь Ерөнхийлөгч болж, эдүгээ хүртэл тэр албан тушаалдаа байна.

Тэрээр Израильтай эвийн хэлэлцээг үргэлжлүүлсэн боловч амиа золиослогч террористуудын халдлагыг зогсоож хүчрээгүй, харин ПЧБ-аа хоёр талцуулж, ХАМАС (“Интифада”–палестинчуудын бослогыг үргэлжлүүлэгч) гэгч аюултай дотоодын дайсныг 2006 оноос гаргаж ирчихээд түүндээ түүртээд өнөөг хүрсэн гэхэд хилсдэхгүй. 2006 оны явагдсан парламентын сонгуулиар ХАМАС ялж,  ФАТХ ялагдлаа. “Интифада” гэдэг нь исламист, жихадист эсэргүүцлийн хөдөлгөөн болж хувираад, Газын зурваст олонхи болж, Ерөнхий сайдаа дотроосоо тодруулж, 2007 оноос Засгийн газраа Газад шилжүүлж аваачлаа. Палестин хэрэг дээрээ хоёр хуваагдлаа. ФАТХ ба  ХАМАС-ын зэвсэгт отрядууд хоорондоо байлдаж эхэллээ.



Ингээд ФАТХ-ын төлөөлөл Ерөнхийлөгч,  ХАМАС-ын төлөөлөл Ерөнхий сайд хэдэн жилийн турш дотоодын зөрчилдөө үхэх сэхэхээ үзэлцлээ. Иргэний дайны аюул бодитой нүүрлэсэн үед исламист тэмцэгч Исмаил Ханиягийн толгойлсон эвслийн хэврэг Засгийн газрыг Аббас огцрууллаа. Хариуд нь Аббасын идэвхтэй оролцож явсан нөгөө энхийн хэлэлцээг ХАМАС-ын лидер Халед Машаль нулимаж хаях нь тэр. Юун Израильтай хэлэлцээ хийх манатай, Палестинд хоёр Ерөнхий сайд бүхий хоёр Засгийн газар (Салам Файяд ба Исмаил Хания), нэгийг нь илт дэмжсэн нэг Ерөнхийлөгчийн хооронд эцэс төгсгөлгүй тэмцэл эхэллээ.

ХАМАС-тай хэл амаа ололцох гэсэн Аббасын төлөвлөгөө шувтан бүтэлгүйтлээ. ХАМАС-т буулт хийхийн тулд Израилиас дэвшүүлсэн энх тайвны саналуудыг бүгдийг няцаалаа. 2008 онд өөрийн хяналтад байгаа нутагтаа сонгууль явуулж Палестины автономит Засаг захиргааны Ерөнхийлөгчөөр дахинтаа сонгогдсон ч ХАМАС-аас дэмжлэг авч чадсангүй. Тэрээр Газын зурваст төрийн тэргүүн биш аж. 2009 онд ФАТХ намын лидерээр дахин сонгогдоод 2010 онд Палестины нийт нутагт Ерөнхийлөгчийн, парламентын сонгууль зэрэг явуулахаар зарласан боловч энэ шийдвэрийг нь ХАМАС дахин нулимав.

Ийнхүү тэд 2011 он хүртэл өвөр хоорондоо үзэлцээд, 2011 оноос Үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулах тохиролцоонд арай ядан хүрлээ.

Аль 1993 онд Ицхак Рабин, Шимон Пэрэс, Ясир Арафат нарын тохиролцож, тэр гуравт Нобелийн Энх тайвны шагнал авчирсан эвийн хэлэлцээрийг цуцлахаас нааш ХАМАС буулт хийхгүй гэнэ. Хэлэлцээрийг цуцалтал жүүдүүдийн аж төрдөг хот суурин, тосгод руу террорист халдлагаа бүх аргаар үргэлжлүүлэх ажээ . . .