Энэ бол миний авсан нутаг, Монголын өгсөн орон
Хэрэв Д.Нацагдорж найрагч өнөөдөр байгаа бол “Улаанбаатар, Эрдэнэт, Дарханы өндөр сайхан хот балгадууд, Увсаас Дорнод хүртэлх аймаг сум багийг холбосон дардан зам дагуух газрууд, Энэ бол миний авсан нутаг, Монголын төрөөс зүгээр өгсөн ороон...” гэхчилэн алдарт найраглалдаа системийн засвар оруулах нь.
Социалист системийн үед “Монгол бол миний нутаг” гэж зүгээр л ярьдаг бичдэг байсан болохоос Монгол Улс надад нутгаасаа “Миний хүү май ав ав” хэмээн хувь хүртээлгүй өнөөдрийг хүргэсэн юм. Гэхдээ “айлын хашааны газар” гэдэг проблем бүх л үед байсан. 2000 оноос Энхбаярын Засгийн газрын үед анх газар өмчлүүлэх хууль яригдаж тэр нь Энэбишийн парламент дээр таг дарагдан гурван жилийн дараа 2003 онд уг хууль батлагдаж байсан санагдана. Тухайн үеийн Байгаль орчны сайд У.Барсболдоор ахлуулсан ажлын хэсэг “Ард түмэн амины газартай болчихвол зүгээр байх тухай” санаа боловсруулсныг өдгөө Энхбаярын хийсэн ганц сайн үйлс нь энэ гэх болждээ.
Газрыг эзэмших, өмчлөх хоёр хэлбэр нь өдөр шөнө шиг ялгаатай аж. Тэр жил хотод орон сууц, хөдөөд үхэр мал нэг өдөр зүв зүгээр миний амины өмч болоод ороод ирж билээ. Ёстой итгэж ядмаар. Түүн лугаа эзэмшиж байсан болон огт эзэмшээ ч үгүй томоо талбайг танайд гэлгүй танайд байгаа хүн тус бүрт, өөрт тань бүрмөсөн өгөх гэж байна. Эзэмших биш өмчлөх гэсэн статустай болчихоор ямар ч муу газар барж идэхээргүй баялаг болон хувирдаг аж. Хэдийгээр газар өмчлөх тухай хууль одоо байгаа ч тэр дагуу аминдаа газартай болоход маш хэцүү бөгөөд ойлгомжгүй юмсаар дүүрэн. Дээр нь бөөн хүнд суртал, авилгал луйварт орооцолдоно. Тиймдээ л Улаанбаатарт гэхэд өнгөрсөн хугацаанд 1,2 сая хүний ердөө зуу хүрэхгүй мянга нь газраа өмчилж авсан байдаг. Одоо энэ хуулийг шинэчлэн найруулж илүү боловсронгүй, хялбар болгож өгөхөөр хэсэг УИХ-ын гишүүд зүтгүүлж байна. Хууль санаачлагчид төсөл загвараа гаргаад саяхан сонин хэвлэлээр нийтэд мэдээллээ. Түүнийг анхааралтай уншиж байхад эрх мэдэлтэн болон баячуудад ашиггүй харин нийт ард түмэнд бол дахиж үл олдох бөөн завшааныг тусгажээ. Тийм болохоор уг хууль батлагдахгүй, батлагдсан ч цаг хожиж удаж мэдэх юм шүү. Одоо энэ чухлаас чухал баримт бичгийг нийт иргэд сайтар уншиж аль болохоор хурдлуулах хөдөлгөөн өрнүүлмээр юм билээ. Өнгөрсөн хаврын сонгуулийн маргааш “Яармаг”-ийн дэнж дээр маш олон хүн газар авах гээд бөөн юм болоогүй юу. Газар гэдэг ард түмэнд үнэтэй өгсөн ч чухал асуудал гэдэг нь эндээс харагдсан байх. Хэрэв хууль даруй батлагдвал надад ямар хамаатай вэ?
Ганц бие хүн байлаа гэхэд түүнд хотод уртаашаа 20 метр, өргөөшөө 35 метр ам дөрвөлжин нутаг үүрд мөнх оногдоно. Гэтэл танайх ам бүл арвуулаа байгаад тэгээд газар нь олдвол бүр 100 метр урт газартай болоод авах нь байна шүү дээ. Хотын 0,07 га гээд байгаа чинь 20Х35 м харьцаа юм. Тэнд бид их л томдоо 10 метр урт өргөнтэй байшин барина биз. Тэгээд үлдсэн 90Х60 метр талбай дээрээ хөлбөмбөг тоглосон ч болохоор. Энийг Япон, Европынхон сонсвол яасан их атаархах бол. Уг газрыг бид хэн нэгнээс худалдаж авч байгаа юм биш. Цаанаас зүгээр өгч байгаа юм. Дараа нь жил сар тутам элдэв төлбөр татвар өгөхгүй. Хашаан дотор маань байгаа чулуу шороо, өвс ургамал хүртэл минийх гэж бодохоор сайхан шүү. Энэ дашрамд сонирхуулахад хотын нийт хүнд, орон сууцанд амьдардагуудыг оролцуулаад бүгдэд нь өгчихөөр газар байгаа л байхгүй юу. Байхгүй бол “Б”, “В” бүр “Г” хувилбар ч бий. Тэр тухай уг хуулийн 7.1-ийн 1,2,3,4-т тодорхой заасныг олж уншаарай. Юун төлөө 1,5 сая хав дөр км уудам нутгийг эзэгнэнхэн төрлөө дөө. Халхын хавтгайд юу л байна газар байна. Харин Монголоос өөр оронд бол мөрөөдлийн гарз юм даа.
Олуулаа эсвэл ах дүү нартайгаа нийлж ярилцаад хотод нэгнийхээ нэр дээрх байшин хашааны багашаархан нормт газраа авч юм босгоод үлдсэнийг нь аймаг сумын төв дээрээс авч болно. Хот нийслэлийг холбосон хар замын дагуу газар олгоно. Сумын төв бусад суурин дээр иргэн бүрт бүр хагас га газар авч болно. Хагас га чинь 50Х100 м. Зургаан ам бүлийн нэр дээр сумын төвөөс газар авахаар бол 200 метр урт, 150 метр өргөн цэлийсэн эдлэн ороод ирнэ. Хөдөө тийшээ авах тусмаа өгөх газрын хэмжээ нь томроод байгаа юм. Тэгэхээр танд аль нь ч ашигтай. Энэ дээр сайн бодно биз. Цаана нь зуслан, өвөлжөө, хаваржаа, намаржаа гээд билчээрийн талбай гэдэг статусаас өөр зориулалтын газрууд байдаг. Тэр бас л сонирхолтой газар. Засаг захиргааны нэгжүүд түүн дэхь хурлын төлөөлөгч нар хуралдаад “За эдгээр газруудыг нийтийн эзэмшлээс гаргаж иргэн хүнд өгөхөөр боллоо” гэж зарлах юм байна л даа. Тэрнээс өмнө угаасаа нийтэд сертификат гэдэг үнэт цаас бүхий баримт тараагдчихсан байна. Нөгөөдөхөө барьж очоод газрын корпораци гэдэг албан тушаалтан дээр бүртгүүлээд оочероо авна. “Яармаг”-т газар олгож эхэллээ гэж шуугихад яаран гүйх шаардлаггүй. Харин оочерийн өмнө байгаа этгээдийг дуудаж “Хурдхан газраа сонго, арын чинь улс хүлээгээд байна” гэх юм уудаа. Нэг өдөр зэрэг бүртгүүлчихсэн байдаг. Авчихмаар гоё газар байдаг. Хүн нь олдоод газар нь хүрэлцэхээ байвал асуудлыг сугалаагаар шийднэ. Тэгээд хоосон хоцорсон нь өөрийгөө “Азгүй тахиа” гэж болохгүй. Дараагийн газар олголтын эхний ээлжинд бичигдэнэ. Эхний газар олголт хотын бүр баруун хязгаар “Галзуу харын худаг” хавьд өгч байснаа хоёр дугаар ээлжинд хотын төвд газар сулрах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Зөвхөн нэг л удаа үнэгүй газар олгох учир түрүүлж газар авчихаад тэрнээсээ буцах солих асуудал байхгүй бандан тас. Цаашид газраар дагнах газрын наймаачин болмоор байвал давуу эрхээр зохих үнээр нь худалдаж авах, мөнгөөр зодож авах аргууд нээлттэй. Газрын дуудлага худалдааг хэлж байна. Дуудлага худалдаа хийх, давуу эрхийн хууль батлагдчих вий гэж газрын авилгаар амьдардаг эрх мэдэлтнүүд тун их түгшиж байгаа. Барилгын компаниуд нийслэл дүүрэгтэй тэрүүхэнд нь “ярилцаад” хүссэн газраа суллуулчихдаг хэвээрээ байгаа. Мөн түүнчлэн гэр хорооллын газрыг нэг өрөө байраар сольж авсанаа аймаар том харж үзсэн гэж ухуулдаг. Одоо энэ бүхэн уг хууль гарчихвал домог болон үлдэнэ. Өрхийн тэргүүнүүд тэгсэн бол одоо “Би ямар тэнэг наймаа хийж вэ” гэж амаа барих байх. УИХ-ын гишүүн Лу Болд тэргүүтэй нөхдүүдийн санаачилсан энэ хуулийг цөмөөрөө сайн дэмжиж хурдан баталгаажуулаад авчихвал дараа нь хэзээ ч газартай болсон яахав. Хаашдаа өгөх л юм чинь. Яг одоо турж үхчих гээд байгаа биш л бол өөрт оногдох хотод ч бай хөдөө ч бай уг газраа тэр жилийн өмч хувьчлал шиг яаран зарж орон сууцнаас өгөөд яах юм. Энэ сэдэв бол зөвхөн Монгол хүнд л хамаатай гэдгийг хэлүүлт юун. Таны хятад хүргэн, орос бэр хичнээн сайн хүн байлаа гээд алга дарам ч газар олдохгүй. Аа бас жил болгон л өгөөд байх юм биш. Яг өнөөдөр ажиллаж амьдарч буй хөгшин залуу бид хэд л энэ их хишгийг гурван цаг үеийн монголчуудаасаа анхны бөгөөд эцсийн удаа хүртэх хувь заяатай байждээ. Энэ бол миний өмчилж авсан газар. Монголын өгсөн орон нутаг минь юм.
Зочин
Уншигчаас
зочин
Bek
Зочин
Sainaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
bat