Өнгөрсөн баасан гаригт Хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нар хэвлэлийн бага хурал хийв. Тэд олон тивээр явж 1.5 тэрбум долларын бондоо борлуулж, ДНБ-ийхээ 17 хувьтай тэнцэх мөнгийг анхны эрлээрээ олоод иржээ. Энэ бол санхүүгийн далайд саяхан гарсан Монголын хөлөг онгоцны анхны аялал. Их далайн эхний давалгаа.

Хөгжиж буй болон хямралд орсон орнуудаас илт хямдхан, дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ (ДНБ) харьцуулахад АНУ шиг хэмжээний бондыг анх удаа гаргасан тухай хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр төр засгийг уралдан магтав. Харин АНУ-ын бондын хүү гурав, дөрөв дахин хямдхан байгаа, шалтгаан нь юу болох, бондын зээлийг ашиглах сахилга батыг бараг ярьсангүй. Энэ зөрүү нь Монголын эрсдэлийн төлбөр бөгөөд Монгол Улс яагаад тийм эрсдэлтэйг бас ярих ёстойг харуулж байна.

Чингис бондын мөн чанар

Уг нь бондыг зориулалтаар нь нэрлэдэг ч манай хэлбэр нь агуулгаасаа түрүүлэх болсон Засгийн газар маань бэлгэ тэмдэг болгон Чингис гэж нэрлэв. Нэмж гаргах 3.5 тэрбум долларын бондоо ч энэ нэрэнд хамруулах байх. Нэр нь томдсон, агуулгаа илэрхийлж чадаагүй түүхэн том өрийн мөн чанар нь юу бэ?

Энэ бол төрийн зээл. Монгол Улсын Засгийн газар гадаадын дөрвөн том банкаар дамжуулан (underwritiing) тав болон арван жилийн дараа буцаан өгөх, хагас жил тутам хүүг нь (coupon) төлөх нөхцөлтэй тусгаар улсын төр гаргадаг өрийн бичиг (soveriegn bond). Чингис бондын таван жилийн хугацаатай хагас тэрбумын купон нь жилийн 4.125, арван жилийн, нэг тэрбум долларынх нь 5.125 хувь.

100 гаруй хөрөнгийн сан худалдан авах захиалга ирүүлсний гол шалтгаан нь дэлхий даяар хямрал нүүрлэж тэд илүүдэл мөнгөө ашигтай газар байрлуулах эрэлт хэрэгцээ их байгаатай холбоотой. Хамгийн бага, эрсдэлгүй гэж үздэг АНУ-ын төрийн арван жилийн бондын хүү нь дөнгөж 1.62 хувь байхад илүү эрсдэлтэй ч Монголынх гурав дахин ашигтай. Тэгээд ч Монгол Улс урт хугацаанд улам үнэд орох ашигт малтмалын арвин их батлагдсан нөөц, ашиглаад эхэлж буй дэлхийн хэмжээний том ордуудтай.

Бондоо авсан өдрөөс эхлээд эзэмшигчид нь гуравдагч этгээдэд хэдийг ч, хэзээ ч борлуулах эрхтэй. Ганцхан купоны төлбөрөө авахын тулд хэнд борлуулснаа бүртгүүлдэг учир тус бондыг бүртгэлтэй (registered) гэж ангилдаг. АНУ-ын төрийн бондын гуравны нэгийг Хятад улс худалдаад авчихсан учир мөнгөний ханшаа чангал гээд АНУ зээлдүүлэгчээ хэт шахаж чаддаггүй юм. Яагаад гэвэл Хятад улс бондыг нь их хэмжээгээр зараад эхэлбэл хүү нь хямдарч зах зээлийн суурь үнэлгээ болдог төрийн бондын үнийг хэт унагааж, зэрэглэлийг нь бууруулчихбал гадаадын үнэт цаасны (портфолио) хөрөнгө оруулалтыг үргээж эдийн засгийг өтгөрүүлж орхино. Зээлээ төлөөгүйгээс үүдэлтэй олон дайн хүн төрөлхтний түүхэнд гарч байсан. Оросын большевикууд Хаант Оросын өрийг хүлээн зөвш өөрөхгүй гэдгээ зарласны дараа зээлдүүлэгч орнууд нэгдэн Орос руу дайрч байлдсан нь нэг жишээ. Орчин үед тийм дайн болохгүй, гэхдээ худалдаа, үйлчилгээний маш хүнд нөхцөл тавьдаг.

Мөнгөтэй боллоо, одоо яах вэ?

Уг нь энэ асуултад мөнгө зээлэхээсээ өмнө хариулсан байх учиртай. Зээлийн зориулалтыг төсөл бүрээр нь шийдээд хуульчлах ёстой. Зөвхөн тэгж л хариуцах эзэнтэй болгосны дараа энэ их мөнгийг зөв эргэлтэд оруулж, тухайн хөрөнгийг ашиглаж бүтээсэн үнэт зүйл нь зээлээ, хүүтэй нь төлсөн зардлаас олон дахин их болгодог.

Монголын төр тэгж чаддаггүйгээ энэ оны эхээр Хөгжлийн банкны бонд гаргах үед бэлхнээ харуулсан. Засаг солигдсон ч олон сайд нар хэвээрээ байгаа. Өдөр бүр 100 сая орчим төгрөг хий төлж байсны хариуцлагыг хэн ч хүлээгээгүй. Хувийх нь биш, нийтийнх юм чинь. Гэтэл Чингис бондын хувьд хоног тутам буюу арванхоёрдугаар сарын 6-наас эхлээд 196.000 ам.доллар, өнөөгийн ханшаар 275 сая төгрөг нэмж төлнө. Таван жилийн дараа 500 сая долларын үндсэн өрөө төлнө. Тэгээд тэрбумын хүүнд хоногт 140.000 ам.доллар төлж дахин таван жил болсны дараа үндсэн өрөө төлнө. Энэхүү 1.5 тэрбум долларыг бид нийт 605 сая долларын хүүтэй хамт буцаан барагдуулна.

Энэ их мөнгийг зориулалтын бусаар зарцуулбал бүтээн байгуулалт биш, өр төлбөр болж хойч үедээ шилжүүлж буй гэмт үйлдэл болно.

Гэтэл энэ Засгийн газар “шинэ бүтээн байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам, хатуу хучилттай зам барих, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулна” гэсэн ерөнхий жагсаалттай л сууж байгаа нь хариуцлагагүй хэрэг. Зээл орж ирсэн өдөр аль төслийг нь төр засаг барих, юуг нь хувийн хэвшлээр бариулах тухай нарийвчилсан, хянаж баталгаажуулсан тооцооны дагуу хариуцах байгууллагад нь шилжүүлж байх учиртай. Хэрэв 1.5 тэрбумыг ингэж чадахгүй бол үлдсэн 3.5 тэрбумын бонд гаргахыг хойшлуулах, зогсоох хүртэлх шаардлагыг иргэд тавих эрхтэй.

Дэд бүтэц байгуулснаар, бүтээгдэхүүний өөрийн өртгийг багасгах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгд үүлэхэд бодитой хувь нэмэр болно. Шинээр бүтээн байгуулах дэд бүтцийг ашиглаад хувийн хэвшлийн бий болгох үнэт зүйлийн ашиг нь нэмэгдэж, улмаар хуримтлал бий болж, эргүүлэн хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засаг өснө.

Мөн гадаадаас өндөр үнэтэй авч буй эрчим хүч, шатахууныг дотооддоо үйлдвэрлэж чадвал эдийн засагт хэмнэлттэй болж, бэлэн мөнгөний урсгал эрс сайжирна

Банкуудын орон сууцны зээлийг худалдан авах, энэ зээлийг үргэлжлүүлэн тэлэх, гурваас илүү хүү нэмэхгүйгээр буюу жилийн долоон хувьтайгаар хэрэглэгчдэд олгох, барилгын компаниудын хооронд шударга, чөлөөт өрсөлдөөнийг нэмэгд үүлэх, газар болон дэд бүтцийн харилцаанд нийтийн засаглалыг сайжруулах замаар олон мянган айлыг маш богино хугацаанд орон сууцанд оруулбал Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмж эрс нэмэгдэнэ.

Төлөх хариуцлагыг хэн хүлээх бэ?

Энэ их өрийг буцааж төлөх цаг ирэхээр зээл авсан, зарцуулсан хүм үүс төрийн эрхэнд байхгүй, дараачийн хүмүүс нь хариуцах болно. Төлбөрийг дараа дараагийн Засгийн газар хариуцаж байгаа гэдэг нь бидний үр хүүхэд хариуцна гэсэн үг.

Грек, Испани гэхэд л хариуцлагын тогтолцоогүй явсаар эдүгээ бараг дампуурч байна. Төрийн бондын зарцуулалтыг хянаж чадаагүй учир өрөө буруу дансанд бүртгэж байсныг сүүлд нь илрүүлжээ. Их өр зээл авсан ч нийгмийн хөдөлмөрийн бүтээмж буурч, халамж тэлсээр яваандаа багш, цагдаа, нийтийн ажиллагсдын цалинг тавьж чадахгүй болж улс орон хэрхэн эмх замбараагүй болдгийг та өдөр бүр зурагтаар харж байгаа.

Гэхдээ л энэ хоёр орныг Европын холбооны бусад орон “чирэн гаргаж”, алдагдлыг нь хуваан нөхөж, эдийн засгийг нь хэвийн урсгалд оруулахаар ажиллаж байна. Харин Монгол Улсыг хэн тэгж “чирэх” билээ?

Бидний хувьд ахадсан том өрөө цагт нь төлөхийн баталгаа бол зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу, ил тод, өгөөжтэй, сонирхлын зөрчилг үй ашиглах явдал юм. Ашиглалтыг хянаж, засаж явахын тулд Чингис бондын Хяналтын зөвлөлийг Ерөнхийлөгчийн ивээл дор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд яаралтай байгуулах шаардлагатай боллоо. Энэ зөвлөлд шинжлэх ухаан, олон нийтийн төлөөллийг оролцуулан бондын тайланг төсөл бүрээр нь гаргуулж, дүгнэн олон нийтэд мэдээлэх ёстой. Энэ Хяналтын зөвлөлийн дүгнэлтийг тооцож дараагийн бонд гаргах эсэхээ шийдэх хэрэгтэй. Энэ их гадаад валютын өрийг төлөхийн тулд гадаадын зах зээлд гарах шаардлагатай. Дэлхийн хэмжээний шинэ техник технологи, ноу хау хэрэгтэй учир түүнийг хамгийн өгөөжтэй оруулж ирдэг гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Гэтэл Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах бодлого баримталж буй хүмүүс энэ бондыг зарцуулах гэж байгаа нь анхаарал татаж байна.

Санхүүгийн далайд гараад бид анхны давалгаатай учирлаа. Арвин их олз омог хайрлаж чадах давалгаа бүр мөн л тийм хэмжээний эрсдэлтэй боловч зөв удирдаж чадвал биднийг хөгжлийн өндөр түвшинд хурдан хүргэхэд үлэмж түлхэц болохыг Монголын төр засаг, ард иргэд дор бүрнээ анхаарах цаг ирлээ.

Жич: Энэ нийтлэлийг хэвлэлтэд шилжүүлэх үед МАХН-ынхан эвслийн Засгийн газраас гарахаар шийдсэн тухай мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна. Тус нам, түүний дотор Сангийн сайд Ч.Улаан энэ бондын өрийг төлөх хариуцлагаас Засгийн газарт байсан ч, байгаагүй ч мултрахгүй шүү дээ.