Инфляци. Их байх тусмаа муу, буурч байвал сайн гэдгийг л бүгд мэднэ. Яагаад гэдэг нь мэдэгдэхгүй үргэлж өсдөг. Үүнийг нь эдийн засагчид “мах, шатахуун” хоёртой л холбож тайлбарлахаас нэг их хэтрэхгүй. Онолын хувьд эрэлтийн, нийлүүлэлтийн, зардлын, бүтцийн, салбарын г.м. олон төрлийн инфляц байдаг ч Монголд эдгээрийн аль нь ч гол шалтгаан биш. “Мөнгөний ханш бусад валютийн эсрэг унасаар байхад инфляц үргэлж өсдөг” эдийн засгийн дүрэм ч бий. Гэтэл 2010 оны эхэнд 1420 төгрөг байсан доллар оны төгсгөлд 1210 болтлоо унасан ч өнөөх гайхал инфляц маань өссөөр л байсныг санацгаая. ОТ ашиглалтанд орж, валютын урсгал ихээр цутгаж, мөнгөний ханш чангарсан ч инфляц өссөөр л байх вий. Ийнхүү ихэнхи судлаачид олон талаас нь тооцож тооцож “Монголын инфляцын хамгийн гол буруутан нь хавтгайрсан халамж” гэж дүгнэнэ.

Сүүлийн ганц хоёр жилд халамжинд тараасан мөнгө нь 1.1 их наяд төгрөг, энэ нь 800 сая орчим доллар, МИАТ –аас идсэн уусан мөнгөтэй бараг ижилхэн л дээ. Гүү ядаж л 1.1 их наядын хишгийг 2.8 саяуулаа хувааж хүртсэн бол МИАТ –ын мөнгийг хорин хэдхэн хүн цохисон нь л муухай. Таван толгойд бас таван тэрбумын дугуй “шахаад” өнөөх нь хэрэггүй хог болсон. Эрдэнэтийн “ган бөмбөлөг” “принтерийн хор”, ТЭЦ-4 –ийн шахааснууд г.м. нь хамгийн “онцгой”. Олонд ил болсон нь л хэдэн том скандал болохоос бүх яамд дээр 10 сая, 20 сая, 50 саяын “чол хийсэн төслүүд” –ээс эхлээд 10 тэрбум, 20 тэрбум, 100 тэрбумын “үндэсний төсөл” олон арваараа “төрийн нарийн” хэмээвч “төрийн үрэлгэн” нөхрийн цохолтоор алсран одно. Яам, тамгын газрууд, ТӨХК –аар хэдэн төгрөгний цохио цавчаа хийчих санаатай “өлөв долов” гэсэн хүмүүс дүүрэн. 50 саяын төсөл авчихаад 5 саяар нь ажил хийвэл дээдийн заяа. Бүдүүн бараг тооцоогоор улсын төсвийн бараг тал нь хулгайн замаар, цавчааны замаар алга болдог биз. Энэ жил 7 их наяд төгрөгний төсөв баталсан, бараг 3 – 4 их наяд нь том жижиг олон хувалзнуудын идэш болно. Юун эмч багш нарын цалин нэмэх, юун 150 мянган оюутанд 70 мянга тараах, юун ахмадуудад 330 мянга тараах, Чингис бондоос ч давсан хулгайн их мөнгө “далд эдийн засаг” үүсгэж, зах зээлд цутгана гэсэн үг. Ингэхээр яаж инфляци багасах билээ дээ. Доллар 1100 төгрөг болоод ч нэмэргүй, Монгол банкны бодлогын хүүгээ өсгөөд ч нэмэргүй, хавтгайрсан халамжуудаа зогсоож, эмч багш нарынхаа цалинг хасаад ч нэмэргүй.

Монгол банк инфляцтай тэмцэж бодлогын хүүгээ 13 – 14 хувиас ч давуулсан нь бий. Өдгөө 12.5 хувьтай яваа. Бодлогын хүү өссөнөөр банкууд зээлээ хумиж, төв банкны үнэт цаасыг авах хандлага нэмэгдэнэ. Энэ нь жижиг дунд бизнест болон дундаж давхаргынханд онцгой дарамт үзүүлдэг. 2011 онд зарим банкны орон сууцны лизингийн урьдчилгаа төлбөр 15 – 20 хувь хүртлээ буурч, зээлийн хүү 15 – 18 хувьтай болов. Хүмүүс лизингээр байр, машин авах нь ч нэмэгдэж эхлэв. Харин Монгол банкнаас явуулсан “мөнгөний хатуу бодлого” –ын үр дүнд лизингийн нөхцөл эрс чангарч өдгөө доод талын урьдчилгаа 30 – 40 хувь, зээлийн хүү бараг 20 – 25 хувьд хүрчээ. Энэ нь орон сууц, авто машины эрэлтийг бууруулж, үнийг нь хямдруулж, дагаад инфляцыг буулгах зорилготой байсан. Үр дүнгээ ч өгч жирийн ажилчид лизинг авах нь эрс багасав. Гэхдээ харамсалтай нь байрны эрэлт буурсангүй харин ч үнэ нь өссөөр, өдгөө барууны орнуудтай дүйж очжээ. Ихэнхи иргэдийн хувьд цалин нэмэгдэхгүй, байранд орж чадахгүй байхад л нүдэн дээр өндөр үнэтэй орон сууцууд борлогдож дуусна. Хэн орон сууцны эрэлтийг, нэмж үнийг өсгөв? Өнөөх л авлигачид, хулгайчид. Жижигхэн гуанз нээсэн жирийн иргэн 20 хувийн зээлийн хүүнд туйлдаж, дээрээс нь өнөөх л хулгайч төрийн албаныханд дарлуулж, заримдаа олсон хэдээсээ илүүчилж авлигадана. Нийслэл гэлтгүй орон нутагт ч инфляц өндөр. Хөдөөнийхөн малаа зарж баяжсандаа биш, тэнд ч бас авлига, хулгайн замаар орсон сул мөнгө ихээр эргэлддэг гэсэн үг.

2012 онд дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотыг Токио тэргүүлсэн, гайхах юм алга. Харин хоёрт нь Ангол улсын нийслэл Луанда гэдэг хот оржээ. Харамсалтай нь хотын хүн амын 53 хувь нь үгээгүй ядуу амьдардаг. 2002 оноос газрын тосны бүүм Анголд эхэлсэн, яг л манайх шиг “strong economy growth” гээч нь тохиолдож. Эдийн засаг нь өсч төсөв нь ч тасралтгүй тэлэхийн хирээр инфляци нь ч цойлж дэлхийн хамгийн өртөг өндөртэй хот болсон. Нефтийн магнатууд, улс төрийн авлигачид л Анголд чинээлэг. Олон талаар Ангол Монголтой их төстэй, Angolia гэдэг нь хүртэл Mongolia гэдэгтэй адилхан сонсогдохыг яана. Манай улс амьдралын өртгөөр Сингапур, Солонгос, Тайваньтай зэрэгцсэн. Авлига, хулгайн замаар сул эргэлдэх мөнгийг үр ашигтай зарцуулахгүйгээр хэзээ ч инфляци буурахгүй. Манайхан авлигыг эмч багш нарын гар цайлгадаг хэдэн төгрөгөөр төсөөлдөг нь харамсалтай. Гэтэл хамгийн хортой авлига нь төрийн хулгай, дарга нарын цавчаа юм.

Хэдэн тоо баримт сонирхож iltod.gov.mn, parliament.mn, open-government.mn, tusuv.mn болон бусад яамдын сайтуудаар жаал хэслээ. Баахан албархуу үг үсэг, нарийн тоонууд ярайлгах нь ярайлгажээ. Гэхдээ л Монгол улс хэдэн эмчтэй, хэдэн багштай, хэдэн цагдаатай, хэдэн төрийн албан хаагчтай болон тэдний цалинд хэдийг зарцуулдаг тухай тоо яагаад ч олж чадсангүй. Магадгүй их нууц юм байлгүй. Мөн ямар тэндэр, төслүүдийг, хэн ямар аргаар сонгон шалгаруулсан нь ч үгүй. Аймаг, сум, дүүрэг, яам, төрийн өмчийн компаниуд г.м. нэгж бүр төсвийнхөө талаар мэдээллээ ил тод, тунгалаг байлгаж л далд эдийн засаг, авлига хулгайгаагаас ангижирна. Одоо байгаа 7 их наядын төсөв удахгүй 10, 15, 25 болох нь ойлгомжтой, харин авлига энэ хэвээрээ байвал тэр их мөнгөн дээр очих хулгайчид яах вэ гэдгийг бодохоор огиудас төрөх юм. 12 сарын 21 –ны шуугианаар нийгмийн хар масс ихэд бужигнав. Зөвхөн мэдээллээс хол ядуувтар иргэд ч биш, дэлхийн төгсгөлөөс зугтаж лагерийн замыг түгжсэн олон зуун том хар жийпний эзэд бол жинхэнэ хар масс. Монгол даяараа л тэрхүү олон хулгайчидын аархаж баярхсан, утгагүй өндөр хэрэглээний хөлд чирэгдэж, инфляци өссөөр. Хавтгайрсан халамж мэдээж инфляцын нэг шалтгаан, харин түүнээс ч хэд дахин том шалтгаан нь авлига, хулгай, цавчаа болжээ.