Мягмарын Саруул-Эрдэнэ
@SaruulerdeneM

Америкийн Монголчуудын ДМ онлайн сүлжээнд (www.dayarmongol.com) миний бие зөв бичих дүрмийн алдаа засдаг булан ажиллуулж байгаа юм. Сайтуудаас түүсэн алдаагаа “бөөс” хэмээн нэрийддэг. Толгойн бөөсийг эрэн шүүж, хумслан хөнөөдөг шиг л юм болж байгаа хэрэг. Зөв бичгийн дүрмийн алдаа үнэхээр Монголын сэтгүүлзүй, боловсролын “толгойн бөөс” болоод байна. Боловсрол, шинжлэх ухааны яамны вэб хуудасны нэгэн жижиг зарлалаас 9 алдаа олсон бол, ШУА-ийн сайт дахь гуравхан өгүүлбэр бүхий шинэ номын мэдээнээс 22 “бөөс” түүх жишээтэй. Энэ удаад бид зөв бичих дүрмийн алдаа, асуудлын талаар, ялангуяа ард нийтийн дундах ташаа ойлголтын тухай, мөн байдлыг хэрхэн сайжруулах талаар хэлэлцэнэ.

Зөв бичих дүрмийн тухай хүмүүсийн байнга асуудаг зүйлс, бичдэг сэтгэгдэл зэргийг харахад хэд хэдэн ташаа ойлголт буй болсон нь тодорхой байгаа тул тэндээс асуудлыг эхэлье.

Зөв бичих олон дүрэм гарсан хэмээх нь

Алдаа засаж, “бөөс түүсэн” нэг бичлэгийн маань доор сэтгэгдэл бичсэн нэг хүн “Ингэхэд та алдааг засахдаа аль дүрмийг баримталж байгаа тань сонин байна” гэсэн байв. Хүмүүс нэг үгийг олон янзаар бичиж байгаа нь, алдаатай бичиж байгаа нь сүүлийн үед байгууллага болгон өөр өөрийн дүрэмтэй болсонтой холбоотой гэх ч хүн таарах. Тэр ч бүү хэл, тодорхой сургууль, байгууллагын нэр зааж, УБИС, МУИС, ШУА-ийн ХЗХ бүгд өөр өөрийн дүрэмтэй, оюутнуудаа тэр дүрмээр бичүүлдэг учраас олон түмэн самуурч байна гэж зоригтой хэлэх ч хүн байна. Үнэндээ МУИС-ийн зөв бичих дүрэм, УБИС-ийн зөв бичих дүрэм гэж юм огт гараагүй, гарах ч үгүй. Өнөө 1983 оны Ц. Дамдинсүрэн, Б. Осор нарын “Зөв бичих дүрмийн толь” чинь л одоо хүртэл хүчинтэй байгаа шүү дээ. Уншигч та надтай санал нийлэхгүй байгаа бол тэр дүрмээс өөр, ийм шинэ дүрэм ийм байгууллага гаргасан байна гээд олоод ирээрэй дээ.

Зөв бичих дүрэм сүүлийн үед олон өөрчлөгдсөн хэмээх нь

Буруу биччихээд тэрийг нь хэлэхээр “та нар өөрсдөө дүрмээ олон солиод байхаар чинь тэгэлгүй яах юм бэ?” гэх хүн олон таарах. Та нар гэдэг нь хэл шинжээчдийг хэлж байгаа бололтой.  Үнэнийг хэлэхэд өнөөх 1983 оны дүрмийг хэн ч өөрчлөөгүй гучин жил болж байна даа. Төсөрхөн 700 үгийг цэгцэлсэн, энэ нь дүрэм өөрчилсөн гэсэн үг огт биш, хоёр өөр янзаар бичээд байгаа үгсийг нэг мөр болгосон хэрэг юм. Өөр өөрчлөлт гараагүй атал тэртээ 83 онд хийсэн өөрчлөлтийг саяхан гарсан мэт ойлгосоор байдаг нь жигтэй. Тухайлбал, Да багш, Осор багш нарын 1983 онд хийсэн хамгийн томоохон өөрчлөлтүүдээс дурдвал:

“Дэлхий, мэлхий, гэргий” гэх мэтээр бичиж нэг мөр болсон атлаа яг адил бүтэц, авианы тогтолцоо бүхий “дэгдээхэй, эрвэээхэй” гэж байгаа нь тохиромжгүй байна хэмээн “дэгдээхий, эрвээхий” болгосон.

“дараах, дараахи, дараахь – хойгуурхи, хойгуурхь, хойгуурх” гэх мэтээр өөр өөр бичигдэж байгааг цэгцлэх үүднээс И ч, үгүй, Ь ч үүй болгон жигдэлсэн.

Мөн тухайн үедээ хамгийн их анхаарал татаж, шуугиан дагуулж байсан өөрчлөлт бол “шавьж” хэмээх үгийн язгуур нь багш шавийн “шавь” бус, “шавах”-ын “шав-“ учраас “шавж” болгон тогтоосон билээ. Угаасаа монгол бичигт “сибажи” гэж байгаа л даа.

Одоо тэгээд “эрвээхэй” биш “эрвээхий” шүү дээ гэхлээр “Яагаад та нар ардчилал гарснаас хойш дүрмээ олон солиод байдаг болсон юм бэ?” гэж гомдоллох хүмүүсийн өөдөөс нь харин гомдмоор санагддаг юм. Юун “сүүлийн үе”, юун “ардчилал”, гучин жилийн өмнө, 1983 онд ингэж шийдсэн юм шүү дээ, анд аа. Би заавал хэлний мэргэжилтэн болсон хойноо энэ бүхнийг тайлбарлах ч хэрэггүй, намайг бүр дунд сургуульд л байхад л “Одоо ийм болсон шүү” хэмээн багш нар тайлбарладаг байсан даа, уг нь.

Кириллээр зөв бичиж болдоггүй хэмээх нь

Алдаатай бичдэг улсын өөрсдийгөө өмгөөлөх нэг амар арга байна. “Кирилл үсэг монгол хэлэнд таардаггүй юм, кириллээр зөв бичиж болдоггүй” гэх. Ер нь бол монгол бичиг, кирилл үсэг хоёрыг эсрэгцүүлдэг, аль нь дээр вэ гэж мэтгэлцдэг явдал бий, энэ тал дээр миний бие монгол бичгийг нь дэмждэг юм. Тиймээс уг нь кирилл бичгийн дүрмийг аль болох муудах нь “манай талд” гэх үү, ашигтай байх л даа. Гэвч арай ч “кирилл бичгээр зөв бичиж болдоггүй” гэж хэлэхэд хүний мөс маань хүрэхгүй ээ. Хэчнээн муу дүрэм болсон байг хамаагүй, хэчнээн харь үсэг байг хамаагүй, гагцхүү тэр дүрмийнх нь хүрээнд, тухайн дүрмийнх нь дагуу зөв бичээд болоод байдаг юм аа.  

Төмөртогоо багшийн эгшиг гээдэггүй тухайд

Эгшиг гээдэггүйн тухайд бол ярих зүйл их бий. Кирилл үсгийн дүрэмд эгшгийг олноор гээсэн нь монгол хэлэнд муугаар нөлөөлж байна хэмээн хэл шинжээчид нэлээд дээрээс ярьж бичиж байсан юм. Гэхдээ тэгж ярьж бичихээс л хэтрэхгүй байсан хэрэг. Гэтэл 1979 онд өнөөгийн академич Д.Төмөртогоо багш Токио хотноо Монгол-Япон-Англи толь хэвлүүлэхдээ эгшиг гээлгүй бичсэн нь тухайн үедээ маш том асуудал үүсгэж байжээ.

Үйл нь ирсэн хүн

Үсгийн дүрмээр оролдоно... гэж тэр үед гарсан үг байх. Үсгийн дүрмээр ингэж оролдсоноороо Тө багш 1979 оноос 1989 оныг хүртэл яг арван жил гадаад ч явж чадаагүй, эрдмийн зэрэг ч хамгаалж чадаагүй. Тө багш өнөөг хүртэл үзэлдээ үнэнч, эгшгээ гээхгүй бичсээр. Гэвч үүнд нэг чухал асуудал байгаа юм. Түүхэн авиазүйн нарийн судлаачийн хувьд Төмөртогоо багш эгшгийг чухам хэзээ гээх, гээхгүй талаар нарийн мэдрэмжтэй бичдэг юм. Монгол бичгийн үг бүрийг яг галиглаад байдаггүй хэрэг л дээ. Нөгөөтэйгүүр тэрбээр хэзээ ч өөрийн дүрэм хэмээн шинэ үсгийн дүрэм, хэлзүйн бичиг гаргаагүй. Тиймээс би залуусыг нэгэнт л тэр дүрмийн дагуу бичиж чадахгүйгээс хойш, чухам ямар тогтолцоотойгоор хаана гээж гээхгүй байгааг ойлгохгүй байгаа тохиолдолдоо бол одоо байгаа албан ёсны дүрмээ дагаарай л гэж зөвлөх байна. Ихэнх нь дүрмээ мэдэлгүй, санамсаргүй алдчихаад “Эгшиг гээх ер нь дэмий” хэмээн толгой сэгсрэн өөрийгөө зөвтгөн сууна.  

Одоогийн хүүхдүүд л буруу бичдэг болсон хэмээх нь

Толгой эргэмээр, бөөлжис цутгамаар их алдаа, “бөөс” хараад хүмүүсийн ой гутах нь мэдээж. Тэгээд “одоогийн залуус ч арай дэндэнэ ээ” хэмээн толгой сэгсрэн харамсах нь ч аргагүй. Гэхдээ “хэл маань мөхлөө” гээд цурхиран уйлах дээрээ ч бас тулчихаагүй байна. Хэл мөхөх хэд хэдэн үндсэн нөхцөл бий, тэрэнд монгол хэл хүртэл та бидний байтугай хэний нас хүрэхгүй гэдэг билээ дээ... За энэ хэл шинжлэлийн тусдаа асуудал учир орхиё.

Гэвч нэгэн зүйлийг сануулахад “хэл мөхөөд” байгаа мэт санагдах өнөө үед төдийгүй ид “мандан бадраад байсан” гэж бодогдох социализмын үед ч дуу алдмаар их алддаг, тэр байтугай бичиг үсэггүй ч хүн байх нь байсан л юм. Манай 6-р сургуулийн 8-р ангийг төгссөн нэг хүү ТМС-д хуваарилагдаж очоод 30 үгтэй чээж (700 үгийг жигдлэхэд ингэж шийдсэн байна лээ шүү) бичгээс 27-г нь алдсанаар, 6-р сургуулийн монгол хэлний бүх багш нарыг Яамнаас ирж шалган, том асуудал үүсэж байсныг санаж байна. Цэрэгт ирээд дөнгөж бичиж сурдаг ч улс байсан, харин тэр үетэй харьцуулахад ганц л том ялгаа байгаа юм.

Түрүүний бөөс толгойд гарчихсан байна шүү дээ

Мэдээж тооны хувьд одоо хавьгүй олширсон ч гэлээ аль ч нийгэмд бичгийн боловсролгүй, зөв бичих дүрмийн алдаа гаргадаг улс зуу зуугаараа байсан нь, байдаг нь тодорхой. Гэтэл чухам одоо яагаад ийм ил тод харагдаж, ингэж их олон хүний сэтгэл санааг үймрүүлээд байгаа хэрэг вэ? Ердөө л “түрүүнд байх ёстой бөөс толгойд гарчихсанд” л учир нь байгаа юм.

Ардчилал, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, интэрнэт зэрэг хүний нийгэм болон техник технологийн хамгийн чухал ололтууд ч өөрийн гэсэн сөрөг талтай байдаг ажээ. Ухаан нь миний өмнө өгүүлсэн 30 үгнээс 27 алддаг хүүг социализмын үед бол манай сургуулийнхан л сурлага муутайг нь гайхаад өнгөрнө үү гэхээс мань эр өөрөө сонин хэвлэлд бичих байтугай бараг цаасан дээр гараар бичсэнээ ч олон нийтэд үзүүлэх боломж байхгүй. Тэр бүү хэл, цөөхөн алддаг хүн сонинд юмаа хэвлүүлтлээ удна, хэвлүүлдэг дээрээ тулбал тэрийг нь шалгаад засчих редактор гэж хүн байна.

Гэтэл одоо бол байдал өөр болжээ. 27 алддаг хүү ч ардчилсан нийгмийн нэг гишүүний хувьд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй болж. Алдаатай боловч бичээд гаргачих индэр нь бэлэн байна. Интэрнэт. Бөөс толгойд ингэж гардаг аж.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо ч үүнд бас хэргээ хийж байна. Сэтгүүлчид сургуулиа маш муу төгсдөг болсныг хүн бүр гайхан муулах. Тийм төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг сургуульд олон жил багшилсан, өөрөө ч төгссөний хувьд байдлыг жаахан нухацтай ажиглавал арай өөр шалтгаан бас харагдана. Сэтгүүлч, монгол хэлний ангийг сайн ч төгсдөг нь байлаа, байсаар байна, муу ч төгсдөг нь байсан, байсаар ч байна. Аль ч үеийн аль ч сургуулийг сайн муу төгсдөг, бүр төгсөж ч чадахгүй хөөгддөг оюутан байсаар ирж. Харин социализмын үед өдөр тутмын ганцхан сонин, ганцхан телевизтэй байхад тэнд хамгийн шилдэг оюутнууд нь ордог байжээ. Одоо гэтэл хориод телевиз, өдөр тутмын хориод сонин байхад зөвхөн онц нь төдийгүй нөгөө хөөгдсөн этгээд хүртэл ороод ажиллах боломж нь байна, энэ хирээрээ алдаа нь олны нүдэнд ил гарах бололцоо нь ч ихэсч.

Зүгээр төсөөлөөд бодъё л доо. Энэ хориод сонин бүр дор хаяж нэгээс хоёр часхийсэн, нүүрийг нь тахалдаг, алдаагүй бичдэг сэтгүүлчтэй байгаа. Тэднийг түүж аваад ганцхан сонинд ажиллуулбал алдаа хайгаад ч олохооргүй болно оо доо. За тэгээд хуучин нийгэм шиг бусад бүх сониныг хаачихвал нөгөө, үлдсэн муу бичдэг улсын нийтлэл, үг, ялангуяа алдааг хэн ч сонсохгүй, уншихгүй, “амар жимэр” болно биз.

Ингэе гэж санаачилж байгаа хэрэг биш шүү, яагаад энэ их алдаа олны өмнө гэнэт гараад ирээ вэ гэдгийг л тайлбарлах гээд л ядаад байна.

Нэгэнт сонин сэтгүүл, ном, вэб сайт алдаатай гараад ирэхээр уншиж байгаа хүмүүс нь бас тэрэнд нүд дасаж, алдаатай бичиж эхлэх нь зайлшгүй юм. Угаасаа дүрэм бодож бичдэг хүн бараг байдаггүй, нүдэнд дассанаараа л бичдэг. Бидний үед нүдэнд дандаа зөв бичсэн ном, сонин дасдаг байсан, одоо харин? Мухар эргүүлэгт л орчиж байгаа хэрэг юм даа.

Яавал дээр вэ?

Энэ чигээрээ яваад байж боломгүй. Энэ тэрний буруу гээд нэг бол одоогийн залуусыг, интэрнэтийг, үгүй бол хэл шинжээчдийг, сэтгүүлчдийг, сэтгүүлийн эздийг монгол хэлний багш нарыг, сурагчдыг, эцэг эхийг, бүр томорвол Боловсролын яамыг, Ерөнхийлөгчийг, тогтолцоог зүхчхээд, өөрөө юу  ч хийлгүй суугаад баймааргүй. Үнэндээ зөв бичгийн дүрмийн ганц ч болов алдаа гаргаж л байгаа бол таны ч бас буруу шүү дээ. Хамтдаа гарц хайцгаая.

Баруунд энэ бүхнийг зохицуулдаг тогтолцоо манайд таарахгүй юм билээ. Ухаан нь Вашингтон Пост сонин нэг дугаартаа зөв бичгийн алдаа гаргалаа гэж бодъё. Хүмүүс ч дор нь шүүмжилнэ, өөрсдөө ч уучлалт гуйгаад засна. Алдаа олон давтагдаад эхэлбэл сонины нэр хүнд навс унана, захиалга, уншигч цөөрнө, зах зээлээс арчигдана. Манай зах зээл харин өөрөөр ажилладаг бололтой, алдах тусмаа л мандаад байна.

Гэхдээ бас ардчилал, зах зээл гээд бүх юмыг хяналгүй хаячихдаггүй, төрөөс бас буруу урсгалаар яваа зүйлийг зохицуулж болдог, болж бүтэхгүй нэгнийг нь торгож барьдаг гэдгийг Засгаас явуулж байгаа сүүлийн үеийн бодлого харуулах мэт. Хувь хүний блог, жиргээ, нүүр ном зэргийг больё, төрийн байгууллагын вэб хуудас, сонин сэтгүүл, телевиз радио, нийтэд зарагдах ном зэргийг алдаагүй бичдэг байх дүрэм гаргавал ямар вэ? Буруу бичлэгээр нүүр нүдгүй балбаж, нүдэнд дасгана гэдэг нэг талаасаа бас хэрэглэгчийг хохироож байгаа хэрэг мөн биз? Тэгээд ч ихэнх хүн зөв бичгийн дүрэм бодож бичдэггүй гэсэн судалгаа бий. Олон дахин уншиж, бичиж дадсан, нүдэнд нь хоногшсон тэр л бичлэгийг дагадаг аж. Тийм ч учраас бидний үед хир их дүрэм мэддэгээсээ илүү хир их уншдаг нь илүү зөв бичдэг байлаа. Гэтэл одоо бол илүү их унших тусмаа илүү алдах магадлалтай болчхоод байна. 

Алдсан болгоныг хаагаад байх хэрэг биш л дээ, ядаж залруулга гаргадаг (дээр үед бүх ном тийм залруулгын жижиг хуудастай байсан юм) байх ч юм уу? Тэр тохиолдолд Яамны вэб сайтууд гэхэд л гадаадад сургууль төгсөөд ирсэн Ай Ти инженерээр мэдээ шивүүлж тавиулдаг биш, эрхбиш тэрнийг нь хянадаг монгол хэлний нэг мэргэжилтэнтэй болох байлгүй.  
       
Ингэхдээ аль дүрмийг нь баримтлах юм бэ гэж л ахин битгий асуугаарай даа, албан ёсны ганцхан дүрэм л байгаа. Алдаа биш, харин санаатайгаар өөр өөрийнхөөрөө бичдэг нь дүрэм биш үзэл бодол юм. Үзэл бодлыг хүндэтгэх хэрэгтэй, харин дүрмийг бол дагах ёстой. Дагахгүй бол тооцдог хариуцлага бас байх ёстой.