Твитэрээр мэдээллээ авчихдаг, театрт эсвэл интернэтээр кино үзчихдэг өнөө цагт ТВ –ээр спортын тэмцээнүүдийг л голчлон үзнэ. Испаний хоёр гигант, Германы хоёр класс аваргуудын лигийн шөвгийн дөрөвт үлдэж. Ноднин Лондоны баг Мюнхений стадионд түрүүлсэн бол энэ жил Мюнхэний баг Лондоны стадионд түрүүлчихээсэй гэж би хувьдаа горьдоно. Сүүлийн гурван жилийн хоёрт нь финалд шалгарсан ч цом өргөж чадаагүй Байернчууд их ууртай, амбицтай байгаа нь гарцаагүй.

Оюутан байхад Оросын сувгаар санаандгүй нэг тоглолт үзсэн юм. Улаан цагаан хоёр өмсгөлтэй багийн цагаан нь 3 – 0 оор элэглэнэ. “Улаан нь дэндүү муу юмаа” гэж бодоод суваг солихын алдад улааны нэг нөхөр мөргөж гоол оруулаад баярлан гүйв, 3 – 1. Төдөлгүй улаанууд нь тав зургаахан минутын дотор дахиад хоёр гоол хийчихэв, 3 – 3. Нэг их ойшоохгүй байсан тэрхүү тоглолтыг ихэд шимтэж үзлээ. Улмаар Улаанууд торгуулийн цохилтоор хожсон. Өнөөх мөргөж гоол оруулдаг нөхөр бол Жэрард байсан юм. 2005 онд, Стамбулд явагдсан Европын аваргуудын лигийн шигшээ тоглолт. Ливэрпүүлтэй бас аваргуудын лигтэй танилцаж дурласан түүх гэхүүдээ.

Түүнээс хоёр жилийн дараа 2007 оноос С1 телевиз анх Монголд аваргуудын лигийг шууд дамжуулж, тоглолтуудыг бүрэн эхээр хүргэж эхэлсэн. Тухайн жилдээ Ливерпүүл Милан хоёр дахиад финалд үлдэв. Италын баг хөгшин Инзагигийн хоёр гоолоор тэргүүлж, бараг цаг дуусах дөхлөө. Гэтэл 89 дэх минутанд Дирк Куит мөргөж 2 – 1 болгов. Арай 2005 он шиг... гэхдээ арай ч тэгсэнгүй ээ, Миланчууд 2005 оныхоо гунигийг тайлж цом өргөлөө.

Амттай л даа, аваргуудын лиг. Хайрын романтик болзоог солонгос хоолны газарт товлодоггүй, Бэнз С классд элантраны дугуй хийдэггүй шиг л, аваргуудын лигийг улам амттай болгодог хоёр зүйл бий. Нэгдүгээрт тайлбарлагч, хоёрдугаарт пиво. Хятад тайлбартайгаар хар цай ууж үзсэнээс, мэргэжлийн тайлбартайгаар Heineken шимэнгээ үзсэн нь хамаагүй анги. Тоглолтын дундуур олон жил рэклам нь гарч буй пивоных нь нэрийг хэлчихлээ, өөр юм хэлбэл рэкламдсан болчихно биз.

Хөлбөмбөгт тайлбарлагч хүний үүрэг маш их. Байрлалын ялгаа, довтолгооны хувилбар, гэмтэл бэртлийн шалтгаан, багийн дотоод уур амьсгал г.м. бидний анзаардаггүй, мэддэггүй зүйлсийг тайлбарлагчид таниулдаг. Хөлбөмбөгийн видео тоглоомууд хүртэл Andy Gray, Martin Taylor г.м. дэлхийн нэртэй тайлбарлагчдын брэнд хоолойг өндөр үнээр худалдаж авдаг. Монголд өөрийн брэнд тайлбартай болсон цөөн хэдэн хүн бий, хүмүүс бүгд өөр өөрсдийнхөөрөө хүлээж авдаг. Гол нь  ямар нэг дэмжлэггүй цэвэр авъяасаараа энэ нэр хүндийг олж авсан. Тэднийг маань санал асуулгаар хэн нь шилдэг болохыг тодруулахаар болж, шагнал нь ч өндөр юм.  Иймэрхүү арга хэмжээ зөвхөн эхлэл гэж найдна. Цаашид тайлбарлагчдыг дэмжсэн олон системтэй үйл ажиллагаа явагдаасай. Ингэвэл мэргэжлийн тайлбарлагч болохыг хүссэн олон залуус өөрийгөө хурцалж, тайлбарлагчдын өрсөлдөөн улам сайжирна. Өрсөлдөөн сайжрахын хирээр үзэгч бид хөлбөмбөгийг илүү таашаалтай үзэх юм. Ирээдүйд Монголын клубууд Азийн аваргуудын лигт тоглож, Монгол хүн Азийн хөлбөмбөгийг тайлбарлах ч юм билүү. Хөлбөмбөг хальт мульт гадарладаг хүний хувьд би лав Монголын шилдэг тайлбарлагч хэн бэ гэдэгт саналаа өгчихлөө. Та нар ч бас дуртай тайлбарлагчаа дэмжээрэй.