Хөрөнгө оруулалтын банкныхан Темза голын Ламбезийн гүүрний хойд шувтаргад эргэх 135 метр өндөр алсын харагчийнхаа шилэн хоргонд ороод Лондон хотоосоо цааш харж энэ хорвоогийн хаана нь хөрөнгө оруулалт хийхээ тогтоодог бололтой. “Лондонгийн нүд” нэртэй энэхүү аварга дугуйн эргэх нэгэн агшинд Монголын хөрөнгө оруулалтын ээлжит чуулган жил бүрийн хавар болдог бөгөөд энэ удаад ирсэн хэнд ч болов хөрөнгө оруулагчид хурц дурантай, Монголын улс төр, эдийн засгийн бодит байдлыг нэлээд тод хараад байгаа нь тодорхой байлаа.

Лондон бол гадаадын хөрөнгө оруулалт хайсан улс орон бүр ирдэг газар. Олон улсын мөнгөний зах зээлийн нийслэлд дэлхийн хамгийн том банкууд хоорондоо асар том мөнгө зээлж, зээлдүүлдэг. Баталгаа шаардахгүйгээр хоорондоо хоногийн хугацаатай өгч авдаг зээлийн хүү Libor (London interbank offered rate)-ийг дэлхийн бусад хотод ч жишиг болгодог юм.

Өдөрт 2 их наяд орчим долларын валютын арилжаа хийгддэг (forex, дэлхийн зах зээлийн гуравны нэгээс их буюу 37 хувь,э 2010 оны BIS Statistics). Өдөрт 1.2 их наяд орчим ам долларын хүүгийн үүсмэл үнэт цаасны (interest rate derivatives) арилжаа буюу дэлхийн зах зах зээлийн бараг тал нь (46%, 2010) бас энд явагдаж байна. Лондонгийн Ситид, эсвэл түүний дэргэдэх Канарын боомтод (Canary warf) оффисгүй бол олон улсын банк биш, Хитроугийн буудалд очдоггүй бол олон улсын онгоцны компани биш гэдэг яриа хүртэл байдаг.

Лондон бол хөрөнгө оруулалтын шийдвэрээ боломж, эрсдэлийг нь жигнэн судалж гаргадаг газар. Дэлхийн том банкууд, тэдний хуульчид, зөвлөгч компаниуд, судалгаа мэдээлэл бэлдэж өгдөг газрууд, Монголд ажиллаж байгаа гадаад, дотоодын компаниуд, төр засаг, төв болон арилжааны банкуудын удирдлагууд цуглан энэ хотод тогтмол чуулаад байгаа нь манайд гадаадын том хөрөнгө, мөнгө орж байгаа, цаашид ч их орох цаг, боломж буйг бэлхнээ харуулж байна.

Монголын боломж

Монгол Улс гурван сая хүрэхгүй хүнтэй, баруун Европтой тэнцэх газар нутагтай. Нөөцийг тогтоочихсон арван орд газрын үнэ цэнэ нь өнөөгийн үнээр 1.3 их наяд доллар, гэхдээ нутаг дэвсгэрийнхээ дөрөвний нэгийнх нь л геологийн зургийг гаргаад байгаа. Зөвхөн нүүрс, зэсээрээ дэргэд нь орших дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орны улам бүр өсч буй хэрэгцээг хамгийн ойроос нийлүүлэх үнэмлэхүй давуу боломжтой орон гэдгийг бүгд хүлээн зөвш өөрч байлаа.

Мөн Монгол Улс бол улс төрийн ардчилсан системтэй, төрийн удирдлага нь бизнесийг дэмждэг, хэрэгцээтэй үед ашиглах үндэсний баялгийн сан байгуулна гэж байгаа, ганц нэг алдаа гаргадаг ч чиглэл нь зөв, татварын нөхцөл хөнгөн талдаа, хөрөнгө хамгаалдаг хууль зүйн нөхцөлтэй гэдгийг тэмдэглэж байлаа.

Олон хүн Монгол Улсын эдийн засаг 2011 оноос 2020 он гэхэд 7-гоос 24 тэрбум ам доллар болж өснө, нэг хүнд ногдох ДНБ нь 2016 он гэхэд 8.3 мянган ам доллар болно гэсэн ОУВС-гийн тооцоог давтан хэлж байлаа.

Сонирхолтой нь Монгол Улсыг хөгжүүлэхэд ойрын хугацаанд 68 тэрбум хүртэл ам долларын хөрөнгө шаардлагатай. Түүний 20 нь уул уурхайд, 12 нь дэд бүтэц, 8 нь хотжуулалт, 2 нь хөдөө аж ахуй, 20 нь аж үйлдвэр, худалдааг хөгжүүлэхэд, 2 нь байгаль хамгаалахад, 2 нь нийгмийн хөгжилд, 2 нь санхүүгийн салбарт тус тус зориулагдах юм. Харин энэ хөрөнгийг босгох эх үүсвэр ийн 14 тэрбумыг ГХО-оос, 18- ыг дотоодын эх үүсвэрээс, 6-г засгийн газрын бондоор, 16-г гадаадын хөрөнгийн зах зээл дээрээс, 12-ыг нь олон улсын санхүүгийн байгууллагуудаас, харин донор орнуудаас үлдсэн 2 тэрбум ам долларыг босгох магадлалтай гэнэ (ХХБ-ийн банкны гүйцэтгэх захирал Коппа Р).

Гадаадын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох техникийн болон ажиллах хүчний бэлтгэл Монголын болон Лондонгийн хөрөнгийн биржүүдийн хамтын ажиллагааны үр дүнд бүрэн хангагдсан бөгөөд одоо зөвхөн Үнэт цаасны шинэ хууль гарвал шаардлагатай эрх зүйн орчин бүрдэх юм байна. (МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай). Үнэт цаасны хууль батлагдвал хөрөнгө барьцаалан, гүйлгээ хийх (custodian) боломж гарч, Монголын компаниуд хувьцааныхаа тодорхой хэсгийг Лондонгийн хөрөнгийн биржээр дамжуулан төлб өрийн баримт (depository receipts) гаргаж хөрөнгө босгох боломжтой юм байна. (BNY Mellon, Graham Marshall)

Хөрөнгө оруулагчдын хүлээж буй Үнэт цаасны хууль бол шударга, нээлттэй, өгөөжтэй зах зээлийн зарчмыг нэвтрүүлэх, хөрөнгийн зах зээлийг түргэн сэргээж, хөгжилд шаардлагатай байгаа хөрөнгийг босгоход гол хаалга болох тухай олон хүн хэлэв.

Монголын эрсдэл

Монголын төр засаг хөгжлийн том том төслүүдээ хэрэгжүүлэх шийдвэр төгс байгаа. Гэхдээ Монголд хоёр төрлийн эрсдэл бий. Нэг нь төсвийн санхүүжилтийн бэрхшээл, нөгөөх нь Монголын геополитикийн тоглолт. Улс төрийн өрсөлдөөн ихсэхээр энэ хоёр эрсдэл үүсэх магадлал өсдөг гэж хөрөнгө оруулагчдад улс орнуудын эрсдэлийн тухай судалгаа дүгнэлт гаргаж өгдөг компани хэллээ (IHS-UK, Neil Ashdown).

Монголын дотоодын улс төрийн байдал тогтворгүй байх магадлалтай. Тогтворгүй байдлыг үүсгэх гол хүчин зүйлүүд нь шийдвэрлэх ач холбогдол бага ч улс төрийн тогтворгүй байдал бий болох нь их буюу сонгуулийн мөчлөг, засгийн газар тогтворгүйтэх, эдийн засгийн бэрхшээлүүд гарах тохиолдлуудад идэвхжиж, байдалд хүчтэй нөлөөлж чадах учир улс төрийн байдал тогтвортой байна гэж хэлэхэд одоохондоо эртдэнэ. (Neil Ashdown)

Монголд болж буй үйл явдлыг хэвлэл мэдээллийн бүх сувгаар нарийн ажигладаг, манайд хөрөнгө оруулахад бэлдэж буй компаниудтай ажилладаг төлөөлөгч нартай уулзаж байхад Монгол Улсын бодлого тогтвортой биш, урт хугацаагаар ханддаггүй, хуулиа түргэн өөрчилдөг, судалгаа тооцоо тааруухан, сэтгэлийн хөдлөлөөр шийдвэр гаргадгийг дурдаж байлаа. Жишээ болгож стратегийн салбарын хөрөнгө оруулалтын тухай ноднингийн хууль гадаадын хөрөнгө оруулагчдад эргэлзээ, үл ойлголцол төр үүлж, үргээснийхээ дараа анхдагч зорилго буюу зөвхөн гадаадын төрийн өмчит компанид л хамаардаг болж байгааг хэлж байв.

Үнэхээр ч Монгол Улсын төрийн өмч том, муу хяналттай учир улс оронд авилгыг ихэсгэн хөөргөж ирсэн бөгөөд хамгийн тод жишээ нь төрийн өмчийн гурван компанийн нэрээр улс төрийн зээл авч ашиглан төрийн компаниудыг бараг дампуурахад хүргэж буй явдал юм. Улс төрийн намууд Тавантолгойгоор дамжуулан 350 сая доллар, Оюутолгойгоор 250 сая доллар, Эрдэнэтээр дамжуулан 90 сая доллар зээлдэж аваад сонгуулийн кампанидаа ашиглаж ирсэн нь үнэн.

Төр нь томроод л, төсвийн орлогын 40 хувийг хангадаг нүүрсний экспортын үнэ унаж, борлуулалт нь хэд дахин багасаад байхад зардлаа хасахгүй гүрийгээд байгаа эрх баригч нам, харин бүр бүгдийн цалинг нэмэхийг шаардан улс төржиж буй сөрөг хүчний нам хоёрын байдлыг харсан Мүүди компани Монголын банкуудын зэрэглэлийг буулгахаас өөр яах билээ.

Том төслүүдийг хийхдээ эдийн засгийн хувьд аль ашигтайгаар нь шийдэх, дараа нь улс төрийн талаас нь үзэх шаардлага байтал эхлээд улс төрийн болгоод байгаа нь орчин үеийн хандлагатай зөрөөд байна. Жишээ нь, төмөр замын царигийг эхлээд аль нь эдийн засагт ашигтайг сонгох нь оновчтой болохыг зарим оролцогч ярьж байлаа.

Алсыг харагчийн дараачийн эргэлт

“Монгол их сонин, өвөрмөц орон. Улаанбаатарт МакДоналдс ороогүй мөртлөө Луй Вютон нээгдчихсэн” гэж нэг илтгэгч хэлсэн юм. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчид, тэдний банкууд, хуульчид юу ярьж байгааг сонслоо. Гол санааг Монголын хамгийн том төсөл хэрэгжүүлж буй ОТ Монгол компанийн гүйцэтгэх захирал К.Макрей: “Хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого ба хууль зүйн нөхцөл, төслийн санхүүжилт, гэрээний тогтвортой байдал гэсэн гурван орчин хамгийн их хэрэгтэй” байгааг товчоор дүгнэж хэлсэн юм.

Дараа жилийн чуулган хүртэл Ерөнхийлөгчийн сонгууль, хүчээ авч буй популист болон үндсэрхэх үзэл, Хятадын суларч буй нүүрсний хэрэгцээ, нүүрсний үнийн уналт, стратегийн хөрөнгө оруулалтын эерэг өөрчлөлт, ашигт малтмалын шинэ хуулийн хойшлогдсон төсөл, Чингис хаан бондын борлуулалтаас болж идэвхжиж байгаа Монголыг ажиглах дэлхийн сонирхол зэрэг олон үйл явдал болж эдийн засагт өөр өөрийн нөлөөг үзүүлэх болно.

Ямар гэсэн “Лондонгийн нүдний” эргэлтийн дараачийн агшныг хүртэл Монгол Улс хөгжил дэвшлийн нэг жилээ үдэж, монголчуудын олонхийн амьдралын түвшин мэдэгдэхүйц дээшилсэн байх ёстойг л оролцогч бүх талууд мартахгүй байх ёстой.

Жич: Лондонд байгаа Монголын Элчин Сайдын яамныхан ажилдаа идэвх зүтгэлтэй ханддаг, ажил хэрэгч, чадварлаг хүмүүс гэдэг нь ирээгүй дарга нарын өмнөөс танилцуулга хийж байгаа, бүх оролцогчидтой уулзаж, харилцаж байгаагаас тодорхой харагдсан болно.

                                                                                                                                           Лондон-Улаанбаатар