Төрийн машин зогслоо. Эрэг шураг нь гацаж, ээрч зуураад цааш явах аргагүй болсон бололтой. Түр зуурын энэ тормоз цагаа олоогүйгээс иргэд сонгогчид идэх хоолноосоо илүүтэй санаа зовниж бухимдах аж. Учир нь иргэн хүний сэтгэлд төр тогтвортой байвал тайван төдийгүй үүний дараа хувийн амьдралаа боддог бололтой юм. Цөөн хүн амтай орны онцлог ч юм уу, асуудал бүхэнд үнэлэлт дүгнэлт өгч, сэтгэлээ чилээдэг нь монголчуудын л онцлог байж мэднэ.

Харамсалтай нь нийтээрээ санаа зовнихоос аргагүй нөхцөл шалтгаан урган гарсаар байна. Төрийн болон төрийн өмчийн 15 объектыг хувьчлахаар боллоо. Үүнээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг тууз, хайч барин тэнэж явсан ид үедээ Хөтөлийн цемент шохой ТӨХК үндэсний үйлдвэрлэгч “Бейзмент” ХХК-тай хамтран шинэ үйлдвэр байгуулах нээлтэд оролцсоныг санаж байна. Дээрх хоёр үйлдвэр бүтээгдэхүүн хуваах арван жилийн гэрээ байгуулаад“Бейзмент” ХХК  нийт 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхэээс 160 тэрбумыг нь хийчихээд байна. Энд төмөр замын цогцолбор ил уурхайн ажлын зардал багтана. Гэрээ дуусах хүртэлх долоон жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын зардлаа нөхөөд Хөтөлийн цемент шохой үйлдвэрийг Төрд хүлээлгэж өгнө гэсэн мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэс л Хөтөлийн цемент шохой үйлдвэрийг өөр нүдээр харж, түүнийг хувьчлах тухай дахин хүчтэй ярьцгааж эхэлсэн. Тээр жил “Зуучлах товчоо”-г ашигтай ажиллаж эхлэхэд төр яаж дээрэмдэж, шууд бусаар ч гэсэн хүний аминд хүрсэн билээ, яг түүн шиг нүдээр харсан гээд бод доо. Ингээд долоон жил хүлээхгүйгээр шийдэж Төр ээлжит дээрэмээ хийхээр шийджээ.

Нэр бүхий ДЦС-уудын нийт хувьцааны 70 хувийг төрийн эзэмшилд үлдээхийн тухайд тэднийг мөнхийн өрийн сүлжээнээс нь салгах нэг арга зам байж болох ч хяналт төрийн эзэмшилд байгаа цагт үлдсэн хувийг эзэмшигчид өөрийн сэтгэлээр хандах нь юу л бол. Багануур, Шивээ овоо, Оргил рашаан сувилал, Авто Импекс Төрийн өмчит компаниудын тухайд нэрийг нь сонсмогц хэнд очих нь төсөөлөгдөж л байна.

Дараагийн том асуудал нь Халх гол чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоол. Наадмын өмнө тархинд нь морь, бөх эргэлдэж байгаад л бөөндөөд баталсан хуулиуд дотроо тусгаар тогтнолын түүхт газар нутгийнхаа үржил шимтэй хөрснөөс 500 мянган га-г Төрийн нэрийг барьж гадаадын хөрөнгө оруулагчдад түрээслүүлэхийгээ “хашаалах” гэж ойлгуулаад байгаа. Монголчууд гурван саяулаа. Гэтэл долоон сая хүнд тус бүр 0,07 га газар эзэмшүүлэхэд 500 мянган га-д дөхөж очих юмсанж. Ийм хэмжээний газрыг хувьчлахад ганхийхгүй  батлуулахыг бодоход “төрийн өмчөөр мэргэшсэн” улстөрчдийн террорт өртчихөөд байгаа юм биш үү.



Нэгэнт Монголд долоон сая иргэнтэй болтлоо удах тул энэ зөвхөн тоон утгыг нь ойлгуулах гэсэн төсөөлөл байлаа. Харин тэр том газар нутагт гадаадын хөрөнгө оруулагчид гэдэг нь Хятад, Солонгосчууд байж таарах бөгөөд сүүлийн гурван Засгийн газарт МоАХ-ын сайд энэ салбарын бодлогыг атгаж байсан нь эртнээс хөрс, суурийг нь бэлтгэж байжээ, үүний цаана Х.Баттулгын бизнесийн эрх ашиг бий гэх хардлагыг төрүүлэх болсон юм. Ямартай ч хамгийн сүүлийн мэдээлэл гэвэл ХХАА-н сайд Р.Бурмаа “ Га байтугай сөөм газар ч гадныханд эзэмшүүлсэн юм байхгүй. Монгол Улсын газрыг гадаадын иргэндтэзэмшүүлэх нь хуулиар хориотой зүйл. Монгол Улсын иргэн аж ахуйн нэгж л хөдөө аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаа явуулна. Энэ бол бидний өөрсдөө хийж чаддаг, үеийн үед хийсээр ирсэн ажил. Япон, Солонгос гээд гадаадын иргэн ашиглаж байгаа сөөм газар ч байхгүй гэдгийг  албан ёсоор хэлье” гэсэн. Гэвч тэдний хэлсэн үгний цаана юу нуугдаж байдгийг өнгөрсөн цаг үед болсон үйл явдлууд хангалттай харуулсан.

Харин өнөөдрөөс Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайханыг ажлаас чөлөөлөх тухай яригдаж эхэллээ. Уг нь энэ яриа аль хавраас л эхэлсэн ч тохироо бүрдэж өгөөгүй төдийгүй түүний гар, түүний нүүрийг ашиглах хэрэг байсан бололтой.

Төрийн банкийг Д.Батсайханаас өмнө удирдаж байсан Ж.Отгонбилэг тэргүүтнийг 2011 оны тайлангаа ашигтай ажилласан гэж гаргачихаад нийт ашгийн таван хувийг өөрсдөдөө хуваарилсан гэж үзэж “Төрийн банкны луйврын хэрэг” гэгч  дуулиан тарьсан ч төдөлгүй шалгалт оруулаад хэрэгсэхгүй болгосон байдаг.  Гэхдээ  Ж.Отгонбилэгийг ажлаа өгсний дараа энэ “үнэн” тогтоогдсон байдаг юм.
Сонирхолтой нь Ж.Отгонбилэг ч, дараагийн захирал Д.Батсайхан ч “Төрийн банкийг хувьчлах ёстой” гэж ярьсан байдаг. “Зоос” банкинд дампуурах аюул нүүрлэж үйл ажиллагаа нь доголдож эхлэхэд хадгаламж эзэмшигч­дийн эрх ашгийг хамгаа­лах, банк, санхүүгийн зах зээлийг тогтвортой байлгах гэж тухайн үеийн  Засгийн газар 2009 онд тогтоол гаргаж, тус банк­ны суурин дээр Төрийн банкийг бай­гуулсан. Энэ банкийг байгуулсан цагаас ашигтай ажиллаж байгаагүй гэдэг. Гайхамшигтай ур чадвартай, гайхалтай өндөр цалин, хангамжаар үнэлэгддэг Бен Турнбуллын үеэс л нар өөд хараагүй Төрийн банк монгол менежерийн гараар амь орно гэсэн хүлээлт улс төрийн тоглолтуудын үр дүнд талаар өнгөрөх бололтой.

Бен Турнбуллын тухайд “Зоос” банкийг дампуурахаас өмнө нууц гэрээ байгуулж, уг гэрээнд Европын сэргээн босголт хөгжлийн банкны “Зоос” банкинд эзэмшдэг 25 хувийг гаргуулах, түүнийгээ Европын сэргээн босголт хөгжлийн банкинд гаргаж өгөх хүртлээ Бен Турнбуллыг сарын 28 мянган еврогоор цалинжуулах болсон гэх зэргийг тусгасан гэх баримтыг “Зоос” банкны хувьцаа эзэмшигчдэд олдсон байдаг. Өөрөөр хэлбэл С.Баярцогт Төрийн банкинд хамгийн ихээр хамаатай. Одоогоор Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Д.Батсайханыг ч мөн л “Алтангадас”-ын, тэр тусмаа С.Баярцогтын хүн гэлцдэг. Цаагуураа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ч хүн гэсэн үг. Өнгөрсөн оны эхээр Д.Батсайханыг Монголбанкны дэд ерөнхийлөгч болох нь гэсэн яриа дэгдэж тэрбээр “Би Төрийн банкнаас хаашаа ч явахгүй” гэж яаран мэдэгдэж байв.  Харин өнөөдөр Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан “Шилэн дансаа хөтлөөгүй” тул хариуцлага хүлээхэд хүрч байна. Одоо явахаас яах вэ.

“Алтангадас”-ын Д.Батсайханыг оролдоод байдаг гол хүч нь  МҮДН фракцид төвлөрсөн байдаг.  Тиймээс ч Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр “Хадгаламж банкийг Төрийн банктай нийлүүлсэн мөчөөс ам.долларын ханш өсөж эхэлсэн” гээд чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлэхэд ч Д.Батсайхан захирал мөн л яаран няцаалт өгч байв. “МҮДН” фракцийн “шинэ лидер”, “Гангар инвест” компаниас шууд  Сангийн дэд сайдын сэнтий рүү ниссэн С.Пүрэв одоогоор түүнтэй ил цагаан “тулалдах” болсон.

Ийнхүү улстөржсөн банкируудын балаг тасрахгүй байгаа нь харамсалтай. Банкирууд улс төрийн нам, фракц, бүлэглэлүүдийг санхүүжүүлэхийн цаана том хэрэг нуугдаж тэр нь бүр хожим илэрч байдаг энэ цаг үед З.Энхболдын Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатад чуулганы индрээс хэлсэнчлэн “Та өөрийгөө банкны захирал гэж бодоод байгаа юм уу” гэдэг үг Төрийн банкны захирал Д.Батсайханд ч хамаатай.

АН-ынханд одоо Төрийн банкийг хувьчилж авах л үлдлээ. Засгийн газар нь толгой мэдэн шийддэг бол өдийд гялс хуралдаад хувьчилчих байв. Харин УИХ саяхан Өршөөлийн тухай хуулийг баталсан шигээ хүч түрэн батлах боломж тийм ч олон олдохгүй л болов уу. Үнэхээр Төрийн банк шилэн данстай байж чадахгүй бол оршин тогтнохын ч хэрэггүй юм. Эсвэл хэзээ нэгэн цагт хэрэгтэн болно гэдэг сэтгэлзүйн бэлтгэлтэй, асар их дарамттайгаар ажиллах ийм л хоёр зам байна. Тийм нөхцөлд ажиллаж байгаа банкны удирдлагаас амжилт хүсэхэд хэцүү л юм. Иймд асуудал Д.Батсайхандаа биш Төрийн банкийг хувьчилж авах эзэд нэгэнт бэлэн болоод одоо зөвхөн шийдээ хүлээж байна гэсэн дүр зураг харагдаж байна. Банкны салбар л доголдвол тэртээх 1996-2000 оны улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас муу талаараа огт дутахааргүй болчихож. Гэхдээ АН тэгж өрсөлдөгчдийнхөө бах тавыг хангаж өчүүхэн эрх ашиг бодолгүйгээр байр суурь бүхнээ бататгаж, иргэд, сонгогчдын бөхөж буй итгэлийг сэргээж ажиллана гэдэгт найдаж байна. “Муу байх тусмаа сайн” гэдэг бол улстөрчдийн л тактик. Эдийн засаг, санхүүгийн салбарт энэ тактикийг таягдан хаях чадвар л дутаад байх шиг. Сайныг сайн, мууг муу гэж харж чадвал тархи, зүрх, нүд, чих нь, улмаар тогтолцоо нь тэр чигээрээ эрүүлжих учиртай. Гэвч хүссэн ч, эс хүссэн ч муу руу яваад байхад яаж сайн гэх билээ.

АН-ынхан арай олуулаа эрх барьж байгаа энэ мөчид улайд шунасан чоно адил дайрч байгаа нь үнэхээр харахад бэрхтэй байна. Одоо Төрийн банкийг л хувьчилчихвал “бүр догь” болох гээд байна уу даа, АН-ынхан!