Бид энэ улстай газар нутгийн хувьд ойр, нэг бүс нутагт оршдог, хоёул хөрш их гүрэн-Хятад, ОХУ-тай хиллэдэг, хөгжлийн бэрхшээл адилавтар, ирээдүйд бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны интеграцид оролцон хөгжихгүйгээр аль алин нь мухардана гэхчлэн нийтлэг тал бий. Хэрэв хоёр Солонгос улс нэгдэх үйл явц биеллээ олж, Түмэн голын төсөл, Солонгосын төмөр зам,  Ази–Европыг холбосон төмөр зам, авто зам, байгалын хий, газрын тосны хоолойн сүлжээ зэрэг томхон төслүүд хэрэгжвэл Монгол, Хойд Солонгос хоёр лав их хожно.
    
БНАСАУ эдүгээ эдийн засаг, санхүүгийн хувьд нэн бэрхшээлтэй байна. Ялангуяа чадавхи нь хязгаарлагдмал, улс төр, нийгмийн байгууллын тогтолцоо явуургүй, эрх зүйн орчин бүрдээгүй зэргээс их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан олон улсын томхон төсөл тэнд эрсдэлтэй. Улс төрийн дэглэмийг эс тооцвол 24 сая хүн амтай, зах зээлийн хувьд багагүй багтаамжтай, газар зүйн байршлын хувьд нэн тааламжтай зэрэг нь гадаад ертөнцийн анхаарал сонирхлыг зүй ёсоор татахуйц.

Солонгос, Хятад, Оросын хилийн заагт хэрэгжиж эхэлж байсан “Түмэн голын төсөл” нь улс төрийн голдуу шалтгааны улмаас урагшлахаа больсон ч “Алтан гурвалжин”, “Ирээдүйн Хонконг” хэмээн гадаад ертөнцөд нэрлэгдсээр байгаа нь үндэсгүй зүйл бас биш. “Түмэн голын төсөл” биелэлээ олох аваас манай улс энэ төсөлд зүүн бүсээр дамжин холбогдож, зүүн бүсэд газар тариалангийн чиглэлээр хоёр  Солонгостой хамтран ажиллах боломжтой.

Далайн тээвэрт тэр улсын боломжийг ашиглах тухай сэтгэж болж байна.  БНАСАУ-ын усан боомтуудыг нэн тааламжтай нөхцлөөр ашиглана гэсэн үг.  Солонгосын хойгоор дамжин Монгол Улс хамгийн дөт замаар далайд гарцтай болчихвол сайнсан. Умард, Өмнөд Солонгосын хооронд хоёр шугамаар төмөр зам холбогдон нэг нь зүүн далайн эргээр Алс Дорнодын төмөр замтай, нөгөө нь Хятадын нутгаар Хэйлунзян, Өвөр Монгол, Шинжаан гээд манайхыг ороогоод Төв Азитай, тэндээсээ Европтой холбогдох хувилбарууд (сүүлчийн хувилбар хэрэгжих аваас Монгол Улс далайд гарцгүй хэвээрр, хуурай замын сүлжээнээс гадна үлдэж болзошгүй) яригдаж байсан. Бид угтуулаад хэвтээ тэнхлэгийн (Баян-Өлгийгөөс Дорнод хүртэл, адаглаад Улаанбаатараас Халх гол хүртэл) төмөр замын төсөл үтэр түргэн  хэрэгжүүлбэл заавал урдуур тойрох хэрэг юун. Иймд Солонгосын хойгоос эх авсан Ази–Европыг холбосон төмөр болон авто замын сүлжээг манай нутгаар дамжуулах асуудлыг сэтгүүштэй.



Хойд солонгосын тухай сэтгүүл, ТВ-ийн бичлэг үзсэн бол лав Пхеньян хот өндөр байшин, өргөн чөлөөгөөр нэвт сүлжилдсэн, барилгын үйлдвэрлэл нь хол явсан юм уу гэхээр. Тэр жил нөгөө 40 мянган айлын орон сууцны 4000-ыг БНАСАУ-тай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож байсныг ажил болговол хоёр талдаа маш их ашиг унана. БНАСАУ нь барилга, зам, гүүр, тунель, усан цахилгаан станц барихдаа туршлагатай,   ажиллах хүчин хямд, зохион байгуулалт сайтай.
 
Хөдөө аж ахуйн салбарт маш их ирээдүй байна. Бид алийн болгон Эрээнээс хүнсний ногоо, жимсээ зөөх вэ гээд сэтгэвэл Дорнод аймагт 250 га газар усалгаатай талбайд улаан буудай, хүнсний ногоо тариалах туршилтыг хойд солонгосчуудаар хийлгэх тохиролцоо нэгэнтээ бий, түүнийг даруй шавдуулах л  үлдлээ. Ерөөсөө Солонгосын ард түмний газар тариалагийн ажлын уламжлал, дадлага, туршлага, мэргэшлийг ашиглан төмс, хүнсний ногоо, шар буурцаг, эмийн болон тэжээлийн ургамал тариалах, мөн сүүний ямаа үржүүлэх, шилэн хүлэмжийн аж ахуй эрхлэх,  эрүүл мэндэд хамгийн ашигтай гээд байгаа тэмээн хяруулыг нутагшуулан үржүүлж, монголчуудыг хяруулын маханд оруулах зэргээр тохирсон юм бишгүй. Монголын элсэрхэг хөрстэй бүс нутагт тэмээн хяруулыг үржүүлэх боломжтой гэж солонгосчууд дүгнэжээ. Байгаль орчны салбарт “Ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлэхдээ тэндээс туслалцаа авбал өртөг хямд, үлдэцтэй. БНАСАУ нь ойжуулах, хот суурин газрыг цэцэрлэгжүүлэхдээ гаргуун туршлагатай.

Эдгээрээс гадна манайд нэг давуу тал байгаа нь Өмнөд Солонгостой тогтоосон ах дүүгийн лут харилцаа байна. Иймд хоёр Солонгосын хооронд боломжийн хэлбэрээр зуучлах  бодлого үр дүнд хүрч магад. Жишээ нь хоёр Солонгосын хилийн хойхно умардын талд буй Көсон хотод өмнөдийнхөн эдийн засгийн хамтын ажиллагаа эхлүүлж хөрөнгөө оруулсан. Өмнөдийн 123 үйлдвэр тэнд ажиллаж байна. Тэгвэл бид хөрөнгө оруулна гэлгүй гадаад худалдаа–жуулчлалаар энэ нээлттэй хотод нэвтэрч  болно. Хамгийн чухал нь Кесон бол Солонгосын эртний нийслэл, монгол–солонгос хоёр ураг барилдсан түүх эндээс эхтэй. Хубилай хаан ганц охин – Хутагбэхээ Солонгосын хааны хатан болгож ийш нь явуулсан ба Хубилайн удмын монголын эрлийз хаад 108 жил энд төр барьжээ. Энэ өнцгөөс авч үзвэл Кесон нь монголчуудын хувьд ариун дагшин газар нь мөн. Тийшээ аялал жуулчлалын чиглэл гаргаж, хамтарсан туризм хөгжүүлэх, Монгол хатны онгон босгох, монгол сүм байгуулахад болохгүй нь юу билээ. Манай урлагийн хэсэг хоёуланд нь тоглох юмуу, хилийн районоор сайн санааны тоглолт хийх, хоёр солонгосын хүүхэд пионеруудыг  “Найрамдал” зусланд зэрэг авах, хоёр Солонгосынхон уулзаж учрах амралт, сувилал, жуулчлалын бааз нээх, УБ–Пхеньяны чиглэлд захиалгат нислэг хийх зэрэг сэтгэвэл зөндөө ажил бий.  

Өмнөдөөс хүмүүнлэгийн тусламж болгон умардад элдэв хүнс, бараа олгодог. Өмнөдийн үйлдвэрлэл хязгаартай тул өндөр үнээр Хятад, Японоос авч цааш дамжуулах явдал ердийн. Иймд Монголд байгаа, илүүчилж болмоор хүнс тэжээл (жишээ нь нохойн мах, архи) өмнөдөөр дамжуулан умардад нийлүүлж болмоор. Эсвэл шууд нийлүүлэх өөр гарц xайя. Хойд Солонгосын талаас ч эрэлт хүсэлт байна.



Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНАСАУ-ын шинэ Элчин сайд Хон Гю тун саяхан Итгэмжлэх жуух бичгээ барихдаа: Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг, хаврын тарчиг энэ цагт Хойд Солонгост хүнсний хомсдол нүүрлэж болзошгүй байгаа тул Монгол Улсын зүгээс БНАСАУ-д хүнсний тусламж үзүүлэх боломж бололцоог судалж үзэхийг хүссэн байгаа шүү дээ.

Энэ мэт Хойд Солонгосыг нааш эргүүлж, дэлхийн хамтын нийгэмлэгийн эргүүлэгт эрүүлээр татан оруулахад монголчууд бидний хувь нэмэр багадахгүй шүү!!!

Үндэстний Тойм сэтгүүлээс (№16[167], 2012.04.22) зохиогчийн зөвшөөрлөөр авч нийтлэв


****