Алгын чинээ газар, алгын чинээддэггүй юм байна.  Газар гэдэг ер нь багададгүй юм билээ. Алгын чинээ газар гэдэг чинь уртаараа таван метр өргөнөөрөө хоёр метр орчим газрыг хэлнэ.  Арван метр квадрат газар гэсэн үг. Бас хаанахын ч гэсэн нэг хүний булшны газар ойролцоогоор ийм байдаг юмуу даа. Дорнынхон му газар, чи газар гэх, өрнийхөн болохоор 10 метр квадрат газар гэх. Монголчууд бол алгын чинээ газар гэж орчуулдаг юм билээ. Хятадын их яруу найрагч  Ли Бо-гийн шүлэгт “Сарны доор алгын чинээ газарт цэцэгс алаглана амьдрал багтана. Надад бурхнаас хуваарилсан алгын чинээ газар минь, бүх насаараа жаргана, зовно. Тэр алгын чинээ газартаа би бордоо болон шингэнэм, цэцэг болон ургана” гэснийг уншаад энэ хятадууд олон хүнтэй болхоороо ердөө л алгын чинээ газар оногддог юм байна. Тэндээ цэцэг, ногоо тарьж амьдарсаар үхэхээр нь бордоо болохоор булчихдаг, шатааваас үнс болгоод цацчихдаг юм байна гэж бодож явсансан. Дулаан орны нутгаар явахад ердөө л алгын чинээ газрыг тордон ядахдаа л цэцэг алаглуулж, үнэт  мод үржүүлэх юм. Нэг япон надад өөрийнхөө хашаанд тарьсан ганц модоороо баярхсан. Модон дундуур явж явж байгаад тэр модоо заах нь яг л манайхны олон адуун дундаас үнэтэй ганц морио заах мэт ээ. Тэгээд түүнийхээ жимсээр намайг дайлж сагс жимс бэлэглэв. Бас Малайзад нэг бүр нь 3000   ам.долларын үнэтэй мод гэж пайз хадсаныг хараад гайхаж явав даа. Дараа нь Шведэд очлоо. Модтой, гол устай уулын үзэсгэлэнт нугад баахан цэцэг алаглана. Хэрэгт дурлан ойртож очлоо. Нэг их том оршуулгын газар шиг юм харагдав. Уртаараа хоёр метр өргөнөөрөө таван метр газарт янз бүрийн цэцэг, ногоо  эгнүүлээд тарьчихсан байх юм. Алгын чинээ газрыг нэг хүн ажиллаж урт шаланкаар ус бороошуулна. Бас зарим алгын чинээ газрыг хучиж  бүтээсэн ч байх шиг. Оршуулгын газар юмуу гэтэл  хүмүүс сүүдрэвч барьчихсан их л тухлаг нь аргагүй  тойрч суугаад мах шараад идэж ч байх шиг. Хүний газар, хэл мэдэхгүй тэгээд оршуулгын газар хэсээд юүхэв гэж санаж байсан ч гэсэн саваагүй зан хөдлөөд болдоггүй. Хамгаалалтын хашааны хаалгаар яваад орчихлоо. Янз бүрийн цэцэг алагласан булшных шиг хэмжээтэй алга дарам газрын дундуур бишүүрхэнгүй явав. Нэг алга дарам газрын дунд ”Ярославский Поле”  гэсэн пайз байна. Би сайтар уншлаа бас эмгэнэл шиг юм бодож зогсов. Оршуулгын газар мөн болж таарах нь ээ. Холгүйхэн сүүдрэвчинд задгай зууханд  мах шараад идэж байгаа хүмүүс намайг дуудаж байна. Очлоо. Мэнд усаа мэдэлцэх гэсэн боловч хэл ам нэвтэрсэнгүй. Монголоос ирсэн гэдгийгээ хэллээ. Тэгсэн ашгүй  хальт мульт орос хэлтэй залуутай таарлаа. Энэ Стоколм хотын  оршуулгын газар юм уу гэж асуутал жигтэйхэн инээснээ “Үгүй ээ, оршуулгын газар биш. Байшинд амьдардаг өглөө эрт босч, агаарт гүйдэг улсын байгуулсан цэцэрлэг гэх нь тэр. Хотын захиргаа хотын аль үзэсгэлэнтэй газар ой моддын дунд, үзэсгэлэнт голын эрэгт хүн болгонд нэг алга дарам газар өгсөн байна. Стоколм хотынхон хөгшин, залуугүй өглөө эрт босч гүйдэг, алхдаг, дэмий тэнэдэг хоббитой юм. Зарим нь зүгээр алхахгүй хоёр таяг бариад л алхчихдаг байна. Тэр нөхдүүдэд хотын захиргаа анх алга дарам газар буюу арван квадрат метр газар өгөөд цэцэрлэг байгуулчихжээ. Монголчууд бид өглөө эрт босон адуундаа мордох адил стоколмчууд өглөө эрт босон гүйж тэр цэцэрлэгтээ ирдэг аж. Хүн болгон тэнд цэцгээ тарина, мод ч тарина. Онцлог нь өвөл ч, зун ч өглөө, өдөр, орой бүгд хүнтэй. Тарьсан мод, цэцэгсээ ус шүрших шаланкаар услана. Хүрз, хувин бордоо, тармуур ногоо цэцэгсийн үр бүгд байна. Хотын аль ч хэсгээс  хүн өглөө алхаж ирээд цэцэгсээ тун сайхан тордох юм. Тэдэнтэй хууч хөөрч сүүлдээ шарсан махыг нь идлээ.  Хүн болгон дуртай цэцгээ тарина. Хажуу талын хүн нь ирэхгүй бол бүгдээрээ нийлээд байхгүй байгаа хүнийхээ алгын чинээ газрыг услана, хог тоосыг үргээнэ. Би анх оршуулгын газар байна гэж бодсоноо хэлж “Ярославский Поле” гэдэг хаягийг сонирхон асуулаа. Ярославын тал гэдэг дууг сайхан дуулдаг эмээгийн ач нь энэ алгын чинээ газрыг чимдэг гэнэ. Эмээтэйгээ дуулах их дуртай. Эмээ нь одоо амьд байгаа бөгөөд ач нараа дагаж хааяа цэцэрлэгтээ ирдэг тухай сонсов. Модтой уул, үзэсгэлэнт голын эргээр энэ цэцэрлэг үргэлжилнэ. Шинэ танилууд маань надаа зөндөө цэцэг бэлэглэсэн. Тэвэр дүүрэн амьд цэцгийн баглаатай би Стоколмд байгаа хүүгийндээ очсон. Би шинэ танилуудаасаа танай энд алга дарам газар авч цэцэг тарьж болох уу гэлээ. Тэд болно гэв. Өглөө болгон ирж арчилж байвал хар, шар арьстай хөгшин, залуу хэн ч хамаагүй энэ том цэцэрлагт алга дарам газар авч болно гэж байна. Манайхаар бол Туул голын эргээр алга дарам  эгнүүлээд цэцэг тарих зөвшөөрөл өгчихсөн юм билээ. Энэ газрын эзэн өглөө болгон алхан гүйж очиж цэцэрлэгээ арчлах ажил хийнэ. Энэ том цэцэрлэгт эзэмшсэн газарт  сардаа 25 ам.доллар тушаадаг гэсэн. Зарим нь  цэцгээ зарна, жимсний модноос ургасан жимсээ зарна. Голдуу бэлэглэдэг гэсэн. Хамгийн сайхан нь тэд өглөө эрт босон алхаж энэ газартаа ирж, өдөр нь мах шарж ёстой нэг жаргадаг юм билээ. Хотын дарга нар маань Туул голоо хамгаалах аврах арга олохгүй их зовох юм. Төр хамгаална гэвэл чадахгүй дээ. Харин алга дарам газраас нь иргэддээ өгч цэцэг тарь, цэнгэг агаарт оч гээд сууж байвал олон хүн баярлана. Хэрвээ би Туулынхаа хөвөөнд алга дарам газартайсан бол өглөө болгон \худлаа байж магадгүй\ ядахдаа долоо хоногтоо нэг очиж цэцгээ услана, мах шарж иднэ. Хан уулынхаа хормойд Хатан Туулынхаа хөвөөнд, алга дарам газартайсан бол алаг цэцэгсийн дунд амарч суухсан. Хотын дарга маань уншаасай.