Аваргуудын лигийн сүүлчийн шатны шигшээ тоглолт эхэллээ. Энэ тоглолтод “Улаан” ба “Цэнхэр” багууд тунаж үлдлээ. Багуудын гол найдвар Бааяа, Элбэгээ нарын шилдэг тоглогчид дээр төвлөрч буй юм.

Тоглолт даруй бүтэн сар үргэлжилж, энэ хугацаанд тэдгээр “найдвар”-ууд өөрсдийн бүхий л туршлага, ур чадвар, арга ухаанаа илэрхийлэхүйц тоглолтууд үзүүлэх учиртай юм. Өөрөөр хэлбэл, юу юугүй хаалганд бөмбөг оруулах, өрсөлдөгчөө дарж унагахаас илүүтэйгээр чухам хэн нь талбай дээр ухаан зардаг, хэн нь цаашид юу хийж чадахаа энэ хугацаанд үзүүлж нотлох нь гол хэрэг юм.

Спортын ганцаарчилсан төрөл болох үндэсний бөхөөс багийн спорт руу сүүлд урвасан Бааяа аваргын хувьд “унаган тавил”-аа хаяж чадахгүй байгаа нь тоглолт эхэлснээс хойшх цөөн хоногт ч анзаарагдсаар байна. Бяр хүч, мэх заль гэх мэт  хувь хүний хүчин зүйл ганцаарчилсан төрөлд голлох үүрэгтэй байдаг бол багийн төрөлд тийм “гоцлол” сайн зүйл авчирдаггүй. Бааяа аварга өрсөлдөгчөө шууд л шуудагдаж унагах тактикийг сонгосон нь тоглолтын нээлтийн үеэр хэлсэн үгнээс нь ойлгогдож байна. Тэрбээр өөрөө хэлэхдээ “Миний гар цэвэр, нэр цэвэр, сэтгэл цэвэр” гэж хэлсэн нь усанд орсон эсэхээ хэлж байгаа хэрэг огт биш гэдгийг “Цэнхэр” багийн фанатууд орчуулгагүй ойлгожээ. Өөрөөр хэлбэл, “Цэнхэр” багийн шилдэг тоглогчийг нь шууд дайруулан хэлсэн үг төдийгүй Бааяа аваргыг бодвол олон жил талбайд ил гарч, энэ хэрээрээ алдаа оноотойгоо түмэнд танигдсан туршлагыг нь зориуд сэвтүүлж буй хэрэг гэж фанатууд нь үзэж байна. Ил харагдаж байгаа юм бүхэн “бузар”, эсрэгээрээ далд даам яваа юм бүхэн “цэвэр” гэж үзэх үндэслэл байхгүй гэж “Цэнхэр” багийн фэнүүд эрс тууштай мэдэгдлээ. Үүнийгээ дам утгаар илэрхийлсэн “Монголд нэг л хүн цэвэр, бусад нь бохир!” гэсэн уриа лоозонг үзэгчдийн суудлаас өргөөд эхэллээ. Өөрийн гаргасан болчимгүй алдаанаас болж, эхний сануулгаа авлаа гэсэн үг. Тэрбээр өөрөө өөртөө хамгаалагчийн үүргийг давхар авч, хурдан маневрлэж сурахгүй бол багийнхнаас нь хэн нэгэн хамгаалагчаар орох шаардлагатай болно.

Тоглолтын сүүлийн хэдэн өдрийг тоймлон харахад Ээбий өрсөлдөгчийнхөө барьж авч ноцдог, нэг бариад авбал олон цагаар уяж залхаадаг тактикийг тооцоолсон шинжтэй, хөдөө орон нутгаар тойрч гүйсэн байдалтай байна. Туулах чадварыг түүнд багийн спорт суулгаж өгсөн гэдгийг нэг талаар харуулах зорилготой байж болох юм. Энэ зуураа үзэгчидтэй амьд харилцаа холбоо тогтоох, тэдэнд цаашдын бодлого, зорилгоо таниулах үүднээс хэд хэдэн удаагийн лекц хийгээд амжлаа. Үзэгчдийн сэтгэл зүйг эзэмдэх төрөлхийн пиарч чанараараа Ээбий болон сумо бөхийн аварга Асашёорюү Дагвадорж хоёр Монголдоо хэдийнээс алдартайг энэ далимд сануулахад илүүдэхгүй болов уу. Уг нь сүмо бөхийн ээлжит аварга хакүхо Даваажаргал мэргэжлийн талдаа Дагваагаас зарим үзүүлэлтээр давж гарсан хэдий ч үзэгчид Асашёорюүгийн суу алдрыг илүүтэй мэддэг нь түүний бусдын сэтгэлийг эзэмддэг төрөлх пиарч мэдрэмжтэй нь холбоотой гэж судлаачид үздэг. Улс төрд ч ялгаагүй ийм мэдрэмж чухал болохыг судлаачид Ээбийгээр жишээ аван тайлбарлах нь бий. Ялангуяа шигшээ тоглолт эхлэхээс өмнө Ээбийгийн хэлсэн “Миний тархи, зүрх хоёр их ойрхон байдаг” гэдэг үг фанатуудынх нь эмоцийг их хөдөлгөсөн байна. Хэдийгээр Ээбийгийн тэр илэрхийллийг эмч, анатомич нар “үнэн”, эсвэл “худлаа” алин болохыг хараахан нотлоогүй байгаа ч “цэнхэр”-ийн фанатууд нь шууд хүлээн авчээ. Нөгөө талаас тэр үг бол Ээбийг гоочилдог “хүзүүгүй” гэх дайралтад өгч буй хариу цохилт байлаа. Талбай дээр довтлогчоос гадна хамгаалагчийн үүргийг давхар гүйцэтгэх чадвартайгаа үүгээр харуулж, одоогоор нэг оноо аваад байна.

Багийн спортод олон жил зүтгэсний хувьд тэрбээр үнэнч, тууштай фанатууд олонтой ч тэдгээрийн нэлээд нь итгэл үнэмшлээсээ болоод “улаан”-уудад ад үзэгдэн гудамжинд лааз өшиглөсөн. Мөн насны хувьд тэдгээр партизануудыг эс тооцвол 18-35 насны залуучууд үлэмж хувийг эзэлдэг. Тэд багаа ялах, ялагдахад хөөрөл, гутралд автахдаа амархан. Үүнээс үүдээд “Долдугаар сар”-ын нэгний гэх нэрээр түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн жагсаал, цуглааныг өдүүлж байсан. Энэ жагсаал олон зүйлийг илчилсэн нь нэгдүгээрт, удаа дараагийн ялалтдаа бялуурсан “Цэнхэр”-үүд иргэдийн эсрэг цагдаагийн хүч хэрэглэх хэмжээнд хүртлээ хүний эрхийн мэдрэмжээ алдаад байсныг харуулав. Хоёрдугаарт, цагдаагийн удирдлагуудыг энэ хэргээр шүүх үед тэд нэг зүйлийг их сайн ойлгосон. Энэ нь юу вэ гэвэл “Цагдаа цэрэгжсэн байгууллага биш” гэдгийг удирдлагууд нь хүлээн зөвшөөрсөн явдал. Эн өдрийг хүртэл тэд өөрсдийгөө “цэрэгжсэн байгууллага” гэж ойлгодог байсан ба үүнээсээ няцсан нь өнөөдөр шүүх эрх мэдлийн шинэтгэл амжилттай өрнөх нэг үндэс болж буйг “Цэнхэр” багийнхан сайшааж байгаа. Өөрөөр хэлбэл, “Цагдааг иргэний байгууллага” болгох тоглолтыг “Цэнхэр”-үүд талбай дээр эхлүүлж, Ээбий болон Х.Тэмүүжин нар нэлээн ур ухаан зарж буй юм.

Хамгийн гол юм руугаа эргэн орьё. Дээрх жагсаал “Цэнхэр”-ийн фанатуудын талаар нэг чухал зүйлийг ойлгуулсан юм. “Цэнхэр” багийнхаа ялагдалд гутарч уурсахдаа жагсаал хийсэн “цэнхэр”-ийн фэнүүдийг баривчлан байцаалт авахад тэдний 98 хувь тэр өдөр санал хураалтад огт оролцоогүй байсан юм. Түй, энийг нь бодохоор “Цэнхэр” багийнхан ёстой боож үхмээр санагддаг байх даа. Тэр өдөр зурагт үзэж, пийв гударч суухаар тасалбар худалдаж аваад талбай дээр очоод багаа балиашиглачихсан бол “Цэнхэр”-үүд ялах байсан юм. Шаал худлаа “манай баг ялагдах учиргүй” гэж эзний царай гарган сагсалзаж байхаар сонгуульдаа оролцоод саналаа өгч сураасай гэж хэлмээр байна. Нэгэнт л багийн дасгалжуулагч болж чадахгүй, бас эзэн нь болоод худалдаад авч чадахгүйгээс хойш дөрвөн жилд ганц олдож байгаа шууд ардчиллаа ашиглаад багтаа санал өгчихөж сураасай гэсэн бодол төрдөг юм.  Энийг нь “Улаан”-ууд баг байнга олзолдог нь тэдний түмэн зөв шүү дээ гэж бодогдож байна.

Тоглолт руугаа эргэн орьё. Яг одоо “Цэнхэр” багийн Элбэгээ бөхийн өргөөнд залуучуудтай уулзалт хийж байна. “Би ярьснаа хийдэг, хийснээ ярьдаг” гэж мань хүн тайлбарлаж байгаа нь түүнийг их ярилаа гэх шүүмжлэлд өгч буй хариу хамгаалалт юм. Ярилцаж чадвал ямар ч асуудлаар ойлголцож болдог гэдэг итгэл үнэмшлээ тэрбээр багийн спортоос олж авсан нь бараг тодорхой юм. Түүнийг хэтэрхий их гэмээр ярьсаар талбай тойрон гүйж байх зуур “Улаан” багийн Бааяа аварга бас яаж дутах вэ, олон нийтэд хандан яриа лекц хийсээр яг одоо аварга Сумьяабазарын тойрогт ирээд байна.  Өмнө нь үг дүү цөөтэй, талбайд гарахаараа хэрсэн бух шиг духаараа хараад зогсчихдог байсан тэрбээр стиль, имижээ их өөрчилжээ. Одоо харин мань аварга тод өнгөөр сүр хүчтэй ярьж, “Эвийг эрхэмлэнэ, зөвийг дэмжинэ” гэдэг уриаг нэлээн хэдэн удаа хэлж, үүний хариуд үзэгчдээс мөн төдий тооны уухай сонсоод байна. Багийн спортод барьц биш хурд чухал гэдгийг дасгалжуулагч нь захиж хэлсэн нь харагдаж байна. Дашрамд сануулахад эхэндээ ч дасгалжуулагч нь стратегийн алдаа гаргаж, юу юугүй үзэгчидтэй ноцолдон “Монгол хүнийг дэмжээрэй” гэх мэт болчимгүй үг хэлж балрах шахсан юм. Үзэгчид дунд “монгол”, “монгол биш” гэдэг ангилал оруулж ирснээрээ жил, жилийн Аваргуудын лигизмийн гол үзэл санаа болох “Эв нэгдлийн бэлгэ тэмдэг”-тэй зөрчилдөж байна гэдэг шүүмжлэл хөндлөнгөөс хүчтэй гарсныг энд бас сануулмаар байна.

Эцэст нь нэг зүйлийг сонирхуулахад Бааяа аваргаас болоод “Улаан” багийн фэнүүд олон шинэ охид, хүүхнүүдээр бүл нэмсэн байна гэж социологийнхон хэлж байгаа юм. Уг нь тэд хэзээ байтлаа нээх хөлбөмбөг сонирхдог байлаа даа. Талбайн тасалбар худалдаад авчихаж чадахгүй уушийн газар орилолдож суугаа эрчүүдэд таалагдах гэж “фэн царайлдаг” охид, хүүхнүүд энэ жил Бааяа аварга руу илэрхий хандраад эхэлсэн хэрэг. Шар нь гозойсон “Цэнхэр”-ийн фанатууд “Улаан” багийн фэнүүдтэй улаан халз тулж, хэн нь хамгийн сүүлчийн өдрийн тасалбарыг хамгийн олноор нь худалдаж авахаа мөрийцөж эхэлсэн сурагтай. Тоглолтын явцын талаар эргэн мэдээлэх болно.