-Эрх ашгийн эрэмбийг баримталж, эх орондоо илүү ихийг илүү эрчээр хийх даалгавар Ц.Элбэгдоржийн нуруун дээр буулаа. Түүнд амсхийх зав олдохгүй л болов уу-

Сонгууль бүрээр улс төрийн намууд шинийг амладагт иргэд сүүлдээ дасал болж, ялангуяа Ардчилсан намаас дараагийн “хувьсгал”-ыг хүлээдэг зуршил суужээ. Харин хаа очиж энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчдийн хэн нь ч хувьсгал зарласангүй. Сонгогчид ч “хувьсгал” үгүй юм аа “хувцсыг” нь солиод шинэ хүн гаргая гэж зорьсонгүй. Тэр тусмаа хуучин хүнийг улируулан сонгож, түүнээс уйдаагүй байгаагаа илэрхийлэв. Дөрвөн жилийн өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар “Авлигачдыг бөхийлгөж, ард түмний нурууг тэнийлгэнэ” гэсэн зорилго дэвшүүлэн үүгээрээ олонхийн дэмжлэг авсан Ц.Элбэгдорж энэ удаад “эхлүүлснээ үргэлжлүүлнэ” гэдэг “уйтгартай” мессежээр уриа хийсэн юм. Гэвч олонхи нь түүнд “Like” өгч дэмжлээ. Ц.Элбэгдоржийн эхлүүлсэн ажил үргэлжлүүштэй зөв гэж үзсэн хэрэг.

Монгол Улсын Ерөнхий­лөгч бол бэлгэдэл болоод дүн­хийж суудаг бурхан биш гэдгийг Ц.Элбэгдорж өнгөр­­­сөн дөрвөн жилд харуулж, авлига, хууль шүүх, уул уурхайн лиценз, агаарын бохирдол, архидалт, гадаад харилцаа, түүх соёл гээд өргөн хүрээнд “шоргоолж” мэт ажилласан тайланг сур­тал­­чилгааны хуга­цаанд бид хангалттай сонс­лоо. Эдгээ­рээс авлигын эсрэг тэмцэл олон хүний дэмж­лэгийг хүлээж, бас олон хүний дур­­гүйц­­лийг төрүүлж буй юм. Гэх­дээ дургүйцэгчдээс дэм­­жиг­чид нь илүү олонх болохыг сонгуулийн дүн харууллаа.

Төрийн өндөр албан тушаалтнуудад өгч буй авлига бизнес эрхлэгчдийн аливаа ажил, үйлчилгээний ашгийг нь ховх сорчихдог бол эцсийн хэрэглэгчид үүнийх нь үнэ ханшийг бизнес эрхлэгчдэд буцаагаад төлж байдаг. Энэ утгаараа авлигын хэргийн эцсийн хохирогчид нь иргэн та бид юм. Гэтэл яван явсаар авлига бол зүй ёсны, ажлыг нь бүтээж өгсний хариу хөлс гэсэн ойлголт болтлоо нийгэмд идээшиж эхэлж байлаа. Албан тушаалтнууд авлига төдийд сэтгэл нь ханахаа байгаад төрийн өмч, төсвийн мөнгөнөөс тэрбум, тэрбумаар нь шууд хулгайлдаг болоод байсныг сүүлийн үед хуулийнхны илрүүлсэн хэд хэдэн гэмт хэрэг харууллаа. Авлига, албан тушаалын гэмт хэрэг Монголд байхгүй гэж итгүүлдэг байсан үе өнгөрч, энэ төрлийн гэмт хэргүүд шил шилээ даран илэрч эхэлсэн нь ард түмний нурууг тэнийлгэхийн дохио  болж буй. Авлигын эсрэг тэмцэл аль хэдийнэ эхэлж, авлигчдыг жигших сэтгэлзүй нийтийг хамарсан тул ахин дахин “хувьсгал” амлах шаардлага Ардчилсан намын нэр дэвшигчид үнэндээ байсангүй. Харин үүнийг үргэлжлүүлээсэй гэдэг за­хиал­гыг сонгогчдоос хү­лээж байсан, энэ ч ёсоор болов.

Хууль нь хүн бүрт тэгш үйлчил­дэг, шүүх нь шударга ажилладаг нийг­мийг иргэд захиалсаар удаж буй. Гэхдээ хэнд захиалахаа мэдэхгүй удсан. Харин уг ажлыг хамгийн түрүүнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урагш түлхсэн нь сонгуулиар түүнд олонхийн санал цуглахад нөлөөлсөн. Хууль, шүүхийн шинэчлэл нь авлига­тай хийх тэмцлээс дутуугүй чухал, илүү олон хүний эрх ашгийг хөндсөн асуудал гэдэгтэй олон хүн мар­гахгүй байх. Одоо эдгээр ажлуудыг эхлүүлсэн бол дуусгах хариуц­­лага Ц.Элбэгдоржид оногдлоо.

Түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаа өмнөх дөрвөн жилийнхээс илүү бололцоог Ц.Элбэгдоржид нээж өгч буй. Улс төрийн эр зориг шаардсан аливаа шинэчлэлүүдийг хэрэг­­жүүлэхийн тулд тухайн улстөрч айдсаас ангижрах учиртай. Ард иргэдэд таалаг­дах, ахиад болох сонгуулиар дэмжлэг авах гэдэг араа бодсон айдсыг энд хэлж байгаа хэрэг. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар Ерөнхийлөгчийн албан тушаалд нэг хүн гурав дахиа сонгогдох ёсгүй. Ц.Элбэгдоржийн хувьд дөр­вөн жилийн дараа дахиад нэр дэвших эрх байхгүй гэсэн үг. Тийм болохоор улс орны эрх ашгийг урьдаа тавьсан хариуцлагатай алхмуудыг амин хувийн айдсаасаа ангидаар хэрэгжүүлэх торгон боломжийг түүнд иргэд өглөө. Эрх ашгийн эрэмбийг барим­талж, эх орондоо илүү ихийг илүү эрчээр хийх даалгавар Ц.Элбэгдоржийн нуруун дээр буулаа. Түүнд амсхийх зав олдохгүй л болов уу.

"NEWS WEEK" сонин №018