Наадам ойртохоор л өвгөн ааваа санах. Өвгөн ааваа санахаар тэрэгний саарал морио уячихаад улсын наадамд хурдалсан маань бодогддог юм. Миний өвөг эцэг “Догноон” хэмээх Гомбосүрэн гэдэг хүн. Ихэнх насаа морины уяан дээр сууж, хурдны сүүл боож өнгөрөөснөөс өөр эрдэм номгүй, гарын үсгээ ч зурж чаддаггүй хүн байсан. Морь уяхаас өөр ажил хийж үзээгүй мөртлөө цагтаа “маршалын уяач” болчихсон. Дайнд яваагүй мөртлөө “Бид ялав” медаль, бас төрийн том одонг маршалаас авчихсан хүн байж билээ. Зайлуул одон медалиасаа их зовно. Цагтаа буюу 1930-1950 оны бариа тавианы үедээ л одоогийн Хөдөлмөрийн баатар, тод манлай уяач Д.Даваахүү, тод манлай Д.Онон нар шиг том уяач байсан гэсэн. Манай дээдчүүдийг цэргийн наадамд уралдахаар (тэр үед одоогийн улсын наадмыг хувьсгалт улаан цэргийн наадам гэдэг байсан. Г.Д) морьдоо уяад хотод ирэхэд Төв аймгийн цаахнаас маршал Чойбалсан өөрөө юмуу, түүний хэрэг эрхлэх газрын дарга, өвгөн аавын маань найз “Шомбонз” хэмээх Бат-Очир гуай нар тосож аваад л шууд Нүхтийн аманд буулгадаг байсан гэж тэр үед морины хүүхэд байсан ээж маань ярьдаг байв. Маршалыг би ямар мэдэх биш намайг төрөхөд үхчихсэн байсан юм. Харин Бат-Очир сайд өвөө хоёр улсын наадамд нэг гал болон явдаг байсан. Манай хоёр өвгөний уяаны гал дээр Баян сумын сургуулийн анхны захирал байсан “Дулаан” хэмээх Дамдинжав гэдэг өвгөн уяач нэмэгдэнэ. Их л тод санаж байна. Би гуравдугаар ангид байсан билүү дээ. Манай өвөөгийн жижиг бор гэрт мань гурав шөнөжин морь ярьж хонов. Би ч ярианд нь дурлан чагнаад л. Өвгөчүүл сүүлдээ ам нь халж бие биенээ магтана.  Уяаны толгой морь яаж давхина бусад нь дагадаг. Нэг уяаны морьд их л ойрхон бараг л нэг адууны зайтай ирдэг дээ гээд л. Унасан хүүхэд нь сайн бол бас уяа нь зөв бол тэрэгний морийг ч цагаан юманд хүргэж болно гэж буу халцгаав.

Өвөөгийнх “тэрэгний саарал” гэх янхир саарал морьтой байсан юм. Өвгөчүүлийг давах гэсэндээ би тэдний ярианд орж  нэг их том хүн шиг та гурав арай тэрэгний саарлыг улсад айрагдуулчих юм биш гээд томчуудын яриан дундуур дайрчихлаа. Дулаан гуай өвөөгөөс энэ Маацай чинь хэдтэй билээ, морины хүүхэд чамд байна. Морь яах вэ олдоно. Хүүхэд л хэцүү. За ер нь олдохгүй дээ. Чи тэгэхэд энэ Маацайг (манай нутгийнхан намайг Маацай гэж дууддаг байсан юм. Г.Д) голоод л гээд намайг өмөөрөв. Би л морь унана гэвэл хэн ч хориод дийлэхгүй унадаг, бас унахгүй гэвэл хэн ч албадаад унуулж чаддаггүй дураараа  хүүхэд байлаа. Тэр үед моринд хүнддээд бараг мориноос хасагдчихсан үе. Өвгөн аав хэлж байна. Наадах чинь надтай хэрэлдэхдээ л сайн бусдаар ч дээ. Моринд дуртай хүн л лав болохгүй ээ. Номонд гайгүй болох болов ууу. Их дураараа, морь унах унахгүйгаа өөрөө мэднэ. Эрхээрээ хатчихсан юм гэж намайг мууллаа. Өвөө надаар өөдтэй урагшаа хөлтэй юмаа унуулдаггүй байсан. Бид хоёрын зөрчил түүнээс эхтэй. Арай дээрийг нь айлын хүүхдээр унуулдагт нь би баахан дургүй хүрдэг байв. Нөгөө гурав чинь гарч шээнгээ тэрэгний янхир саарал морин дээр очлоо. Дулаан гуай. Танай энэ янхир саарал чинь гээд өвөө руу харлаа. Уг нь манай “хоргой буурлын” үр юм. ( Хоргой буурал гэж их хурдан азарга байсан юм гэнэ билээ. Өвгөн аавын муу модон байшин Эрэгнэгийн булгийн суурин дээр байв. Байшинд  ороход хураалттай эсгий бүрээс, хадганд боосон хэд хэдэн адууны толгой байх. Тэр толгойнуудыг өвөө маань “энэ манай хээр морины толгой, тэр нь хоргой буурлын толгой” гэх. Өвөөг өнгөрснөөс хойш тав зургаан адууны толгойг аав бид хоёр Ёлхорсүрэн хангайнхаа оройд гаргаж тавьсан. (Тэрэгний саарал морийг унаганд нь урд хөлийг нь уяаны зэл ороогоод бороолоод эдгэчихсэн. Тэгээд ч их номхон болохоор тэргэнд хөллөчихөөд өвөл зунгүй аргал, усанд явдаг байв. Дулаан гуай янхир саарлыг эргэн тойрон харж шинжиж байснаа. Догноон хөө. Хойтон энэ муу саарлаа уяаны эхнээс өлгөчихөөрэй. Манайд уях азарга хэд хэд байна. Уяаны эх болох их морь муутай ядаж сүртэй том юм даа. “Майхан шиг мундаг амьтан” байна шүү дээ хө. Хүн ямар хөлийг нь харах юм биш. Уяад энэ Маацайгаар  унуулчих гэж үнэн санаанаасаа хэлэх шиг болов.) Өвөө дуугарсангүй. Гэхдээ тэр өвөл хавар өнөө муу янхир саарлаа хөтлөөд л яваад байв. Би тэр дороо ээжид ингэж ховлов. Өвөө Дулаан гуай хоёр  зөнөчихжээ. Тэрэгний саарлыг уяж надаар унуулаад улсад уралдуулна гэнэ. Ёстой нэг тэнэгтэж өгч байна гэж ховлолоо. Хойтон нь болов. Хавраас хойш өвөө надад долигноод л байлаа. Би мэдсэн юм. Наадамд морь унаад өгөөч гэж хэлэх гэж байгааг. Нэг өдөр өвөө Маацай чи Есөнжингийн дугуй шиг дугуйтай болмоор байна уу гэв. Манай анги байтугай манай сургуулийн хэмжээнд 700 төгрөгийн үнэтэй “герман опел” дугуйг ганцхан Есөнжин унадаг. Тэр үед унадаг дугуй 700 төгрөг байхад адуу 150 төгрөгийн үнэтэй байсан юм. Дугуйны сургаар би ч өвөөдөө хайлаад явчихлаа. Тэгэлгүй яахав. Тэгэлгүй яахав. Миний мөнхийн хүсэл ерөөсөө л дугуйтай болох. Өвөө та авч өгөх гээ юу. Миний өвөө ийм сайн гэж ирээд л ая тал заслаа. Би чамд дугуй авч өгье. Нэг болзолтой гэв. Би ямар ч болзлыг биелүүлнэ. Гэрээндээ үнэнч гэж пионерийн ёсоор тангаргалав. Өвөө надад 700-гийн дугуй авч өгөх боллоо. Тэрэгний саарлыг цагаан сараар бариад хатгаад тавьсан, өвөл чөдөрлөөгүй, хавар нь хөтлөөд л шогшоод байсан уях санаатай даг аа. Үнэн байна. Хэлээгүй юу нөгөө зөнөг өвгөчүүл чинь аягүй бол тэрэгний саарлыг уяна, би унах болно. Ээ ээ шараа. Тэрэгний морио уралдуулаад гошного долооно. Энэ сумынхан цайгаа уулгүй ярих юмтай болно. Ээ муу зөнөг өвгөн. Гэвч дугуйтай болно гэдэг бүхнээс хүчтэй. Өвгөн над шиг ичсэнгүй саарал морио уялаа.  Дулаан л энэ муу саарлыг уяна гээд байгаа юм гэж өвөө өөрөөсөө зайлуулах аядна. Дулаан гуайнх манай хоёр Хөдөө худагт наадмын морио барив. Тэгээд нэг л сайхан нартай өдөр саарал морь тэрэгнээсээ холдож, хурдан морины уяаны дээр номер нэг болох нь тэр. Тэр үед Дулаан гуайн морьд ид хурдалж байсан. Өнөө муу тэрэгний саарал чинь Дулааны гурван хонгор гэж улсад айлгаж байсан хурдтай галын уяаны эх болж дээшлэх нь тэр.

Дулааны гурван зэгэлийн
Дундах нь илүү хурдан
Дуламын гурван охины
Бага нь илүү хөөрхөн гэж хүүхдүүд хүртэл шүлэглэдэг байв.

Дулаан Дамдинжав гуайг манай ээж, ээжийн үеийнхэн “Дулаан багш” гэж авгайлна. Зүгээр нэг хөдөөний уяач өвгөн биш манай өвгөн аавыг бодвол эрдэм номтой. Монгол төвд бичигтэй. Баян сумын анхны сургуулийн захирал байсан лут хүн шүү. Манай нутгийнхны зохиол “Манай сургууль” шүлгийн хэсгээс 

Хамар усны дэнжид
Хазгай ганц байшинтай
Дулаалгагүй таван гэртэй
Дулаан Дамдинжав захиралтай
Мөр наймаа галчтай
Мөлүү Чогсом багштай анх байгуулагдсан гэдэг.

Дулаан Дамдинжав захирал лам хүн байсан дээр нь хэдэн том  хүүхэд сонгон авч манж үсэг заасан хэргээр сургуулийн захирлаасаа халагдаад  морио уядаг болсон үе байв. Ингээд тэрэгний саарал бид хоёр улсын наадамд уралдах болов оо. Бага давхилд бид хоёр тээр тэнд ард бүх морьдоос хоцорсон. Би тэсэлгүй өвөөд уурлаж, энийгээ тавь тавь гэх. Харин Дулаан гуай “жаахан тэсч бай, дунд давхил дээр нэг юм гарна” гэх. Би, үхсэн хойноо энэ муу тэрэгний саарлаас баас л гарах байх гэж хорыг нь маажна. Уяачид Хөшигийн хөндийд ирж тэр хавьд дунд сунгаа боллоо. Сунгааны морьд эргэв. Юу болох нь энэв гэмээр өнөө муу саарал морь чинь гэнэт хурдалж цээжний хэдэн морьтой нийлээд явчихав. Өнгөнд хурдалж яваа том хээр морьтой цуг холбоод л явуулчихсан чинь муу саарал морь маань өнөө хээрийг бараг л дийлж ирлээ. Үрүүлсэн  хээр морь тэр хавьдаа дийлдэг төдийгүй тэр жилийн наадмын тавын нэгд тоологдож байгаа их хурдан морь аж. Би итгэсэнгүй. Өвөө Дулаан гуай хоёр их мушийж, тун маадгар байна. Дараа нь Түрэгний голд их сунгаа боллоо. Саарал морио жаахан хүчлээд өгөөрэй цээжинд л ирнэ гэх. Морь эргэлээ. Дулаан гуайн хонгор халзан морь их гараатай , тэр жил хурдан ч байсан. Саарал морь бид хоёр хол алдсангүй, ард нь хадаатай юм шиг явуулаад байлаа. Тэр жилийнхээ наадмын өнгийг тодорхойлдог их сунгаанд бид хоёр гуравт ирлээ. Наадам болж их морь мордохын өмнө наадмын довон дээр манай майхан уяа хоёрыг явган морьтой наадамчид музей үзэж байгаа юм шиг эргэн тойрсоор. Тэрэгний саарлыг маань зааж, өнөө сунгаанд сайн байсан сайхан саарал морь чинь энэ зогсож байна. Аварга амьтан юмаа “уяа нь ч сайхан байгаа юм байна” гэж ирээд л саарал морийг магтах. Миний инээд хүрээд болдоггүй ээ. Манай сумынхан байсан бол үхсэн хойноо эдний муу аргал ус чирдэг саарал морь байна гэх байсан даа. Их морь мордлоо. Тэрэгний саарал бид хоёр ч мордов. Хонгор халзан морь чинь хөтлөөд явчихна, саарал морио битгий салгаарай гэж захисан санагдана. Би морь гарааны газар руу явахдаа нэг охинтой танилцав. Зөнгөртөж байхгүй юу. Түүний морины ам дийлддэггүй агсчаад л дугтчаад байхаар нь тусалж хөтлөөд явлаа. Шинэ танилтайгаа хөтөлцөн дэмий ярьж явтал ард морьд эргэчихжээ. Пижигнээд л явчихлаа. Түрүүлж явсныг хэлэх үү, эргэх гэж хөндөлдөж байх зуур морьд холдчихжээ. Хоцорч эргэсэн саарал морь бид хоёр хойноос нь явуулж хаялаа. Энэ пактыг өвгөн аав мэдсэн бол алуулахгүй юу. Өнөө муу саарал морь чинь ёстой юу болсон юм гэмээр туулж өгч байна. Маягтай хөдөлж байнаа. Уулгалаад л, үелзээд л уралдаж байсан морьд зогсоо юм шиг харин би машинтай юм шиг шуугина. Бүгдийг нь гүйцээд туулаад гарчихмаар санагдаад л. Бид  морьдийг бөөн бөөнөөр нь дайраад л  хажуугаар нь өнгөрөх. Айдас даваад цаашаа уруу газар тарлаад морьдын цээжинд гараад ирлээ. Бид хоёрын өмнө тоолбол 20-иод юм харгдаж байна. Би ч саарал морио салаавчлан хоёр талаараа ороолгож гарлаа. Улам ахиж байна гэдэг нь жигтэйхэн. Хулмайгаад л дайраад байх. Морь барих газрын хөлд ирэхэд саарал морь бид хоёр эхний 10 дээр ороод ирлээ. Даанч бариа туллаа. Урд нэг хонгор морь байх. Тэр Дулаан гуайн хурдан хонгор халзан морь. Хонгор халзан найм, тэрэгний саарал морь минь есд хурдлан давхилаа. Нэг уяаны морь цуг шахуу ирдэг гэж уяач өвгөдийн ярьдаг үнэн юм билээ. Өвгөн аав бид хоёр хурдан саарал морио дор нь Говийн шар Ухна  гэдэг хүнд 1000 төгрөгөөр зарав. Ухна гуай дарайсан хөх халзан зуут аравыг тоолж өгөхөд өвгөн аав, эзэн нь би бишээ наадах чинь юм байгаа юм гэлээ. Тэгээд өр цайрлаа. Бас хожоотой саарал морины наймаанд баярласан Ухна гуай хөөрхөн хээр үрээ бэлэглэв. Тэр жил манай уяаныхан сайхан наадсан. Буцахдаа  өндөр хоршооноос будаг нь ханхалсан “опел” дугуй 700 төгрөгөөр худалдаж авч билээ.