Эмч Б.Болдсайхан, дэд сайд асан Ч.Ганхуяг нарын хүмүүсийг Төрийн ордны зүг салаавч гаргасны төлөө цагдаад өгчээ. Ингэснээр долларын ханш буурна гэж зарим хүн тооцсон бололтой юм. Тэдний үзүүлсэн “юм” нь муухай, гаргасан үйлдэл нь буруу байж болно. Гэхдээ үүнээс өөр ямар гарц байсныг асуумаар байна. Иргэдийн халаасан дахь мөнгө өдөрт 30 хувиар үнэгүйдэж байхад, бидний төлөө ажиллах нь амраад явчихсан, бидний өмнөөс хянах нь сандал ширээнээсээ илүү өндөртэйг нь олж харахгүй суухад бухимдлаа өөрөөр яаж илэрхийлэх байсан юм.

“Гадаадын хөрөнгө оруулалт зогсчихсон юм чинь доллар өсөхгүй яах юм” гэж зарим нь онолдох. Яг зөв ярьж байна гэж нөгөө нь хөндлөнгөөс хүч нэмэх. Доллар өссөн нь харин ч сайн, буцаж  буухаас нь амжиж үндэсний үйлдвэрлэлээ сэргээдээд авах юмсан хэмээн хэт мэдэмхийрэн нэг нотоор тоглож буй хүмүүсээс асууя. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр 1795-д хүрсэн доллар ням гаригт нь яагаад гэнэт 1706 болтлоо огцом буучихав аа. Амралтын хоёр өдрөөр гадаадын хөрөнгө оруулалт сэргэж баахан доллар ороод ирчихсэн үү. Долларын өсөлтийг зах зээл нь дангаараа зохицуулаад явах ёстой юм бол УИХ-ын дарга яагаад Санхүүгийн зохицуулах хорооныхныг “ажлаа хий” гэж загнав. Зарим банк бус санхүүгийн байгууллагын \ченжийн\ лицензийг хураа гэж яагаад зандрав.  З.Энхболд  дарга биднээс мундагтаа УИХ-ын спикер болж, эдийн засгийн илүү мэдлэгтэйдээ Санхүүгийн зохицуулах хорооныхныг загнаж, илүү мэдээлэлтэйдээ лиценз хураа гэж үүрэгдсэн баймаар юм. Доллар өссөн гол шалтгаан, нөхцөл байдал, эдийн засгийн хуулийн үйлчлэл яаж явдгийг хэн ч ойлгоно. Хажуугаар нь  хөндлөнгийн шалтаг явааг бас мэднэ. Арилжааны банкууд доллараа зарахгүй нөөцлөн зохиомол хомсдол, хиймэл эрэлт үүсгэн “Найман шарга”-ын ард нуугдчихаад ашиг хийж байдгийг ч гадарлана. Аливаа юм жамаараа явлаа явлаа гэхэд хэмжээ хязгаартай. Хязгаараас давбал зохицуулалт хийдэг, арга хэмжээ авдаг нь ертөнцийн хууль. Арван литрийн бидонд ус дүүрээд хальж байвал өөр сав байхгүй гээд зүгээр хараад зогсохгүй. Ядаж л усны крантаа хаах нь хүн бүрийн тархинд бараг кодлогдсон рефлекс. Хэн нэгэн хууль зөрчвөл зүйл анги таарахгүй гээд зөнгөөр нь орхидоггүй. Салаавч гаргагчдыг л гэхэд Төрийн ордны хамгааалалтын бүст нэвтэрсэн, хуулийн хил хязгаар давсан гэдгээр цагдаа шалгаж байна. Үүнтэй яг нэгэн адилаар зах зээлд хааяа ч гэсэн цагаа олсон төрийн зохицуулалт байх ёстой. Түүнээс бус, эдийн засгийн онолд нь найдаад, зах зээл \зах зээл ч гэж “Найман шарга”\-д нь даатгаад явах л юм бол энэ улсад төр, төрд нь мөнгөний бодлого гэж байхын хэрэг байна уу. Байдаг бол тэр механизм нь одоо л ажиллах ёстой. Хэдийгээр Засгийн газар, Монголбанк өр тавих дараагийн зээлдээ явах гээд, бэлтгээд завгүй яваа ч, төрийн үйл ажилллагаа тасралтгүй үргэлжлэх учиртай.   

Харин доллар өсөх нь сайн, амьдралд нөлөөлөхгүй гэдэг огт худлаа. Долларын өсөлтийг мэдрэхгүй болтлоо олиграхижсан нь бий л байх. Улсын эдийн засаг, ард түмний олонхи бол тийм биш. Манайх экспортлогч биш, бараг импортын хараат улс.  Үүнийг мэдье гэвэл “Номин”-гийн, үгүй бол гэрийнхээ хажуугийн найман нэрийн барааны дэлгүүрийн лангуун дээрх барааг хар. Хэдэн хувь нь импортын, хэд нь үндэсний үйлдвэрийнх байгааг тоол. Шатахуун импортлогчид бензинийн үнээ доллараар төлдөг. Ханшийн зөрүүний алдагдлыг одоохондоо төрөөс нөхөж өгөөд байгаа болохоос, доллар цаашид өсвөл бензинийн үнэ ч дагаад нэмэгдэнэ. Тэр үед морин тэргээр зөөж, аргалын цогноос цахилгаан гаргадаггүй л юм бол  талх, сүүнээс эхлээд үндэсний үйлдвэрийн бүх бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Тэгэхээр долларын өсөлтөд өртөхгүй нэг ч айл Монголд байхгүй. Ер нь манай улсын эдийн засгийн хувьд нэг нь унавал бүгдээрээ нурдаг даалууны схемийн оройд нь доллар байдаг учраас л ноён гэж өргөмжилдөг юм шүү дээ.

Ард түмэн онол, бас тоо иддэггүй, талх иддэг. Онол яриулж, зовлон тоочуулах гэж АН-ыг засагт сонгоогүй. МАН-ын дангаараа болон хамтарч хийсэн алдааг засна гэж АН амласан. Одоо тэрхүү алдаагаа засч, амлалтаа биелүүлмээр юм. Өр тавьж авсан мөнгөөрөө эргэж хүүгээ ч олохгүй зам тавьж, цэцэг тарих зэрэг “косметик хагалгаа” төдийхнөөр PR-дах нь арай л ихдээд байна.  Салаавчтай ноцолдохоос илүү чухал ажил энэ засагт байхгүй хэрэг үү.  Ядаж байхад МАН нь үүргээ ухамсарласан, орон зайгаа мэдэрсэн сөрөг хүчин байж чадахгүй юм. Сураг нь энэ нам Тусгаар тогтнолын ордноосоо гадагш харахгүй зав, чадваргүйгээр 2016 оны “алаагүй баавгайн арьс”-аа хуваан дотроо улстөржин суугаа бололтой юм. Гэтэл нийгэмд АН-ын юм л бол хаана, бооно, хорино, хянахын эсрэг зогсох улс төрийн хамгаалалт үгүйлэгдэж байна. Төв талбайдаа хүртэл дунд хуруугаа хямгадаж явах хэмжээнд эрх чөлөө хумигдлаа.  Хэрвээ МАН-ын оронд АН сөрөг хүчин байсан бол долларын өсөлтийг ч, салаавчийг ч аль хэдийнэ улстөр болгочихсон. Ардчилалд аюул учирлаа ухааны юм яриад л салаавчдыг улстөрийн хамгаалалтад авчихсан. Сөрөг хүчин байх, улстөр хийх чадвараар АН нь МАН-аасаа илүү болох нь эндээс харагдана. Хяна, тусал гэсэн ард түмний мандатыг МАН өнөөдөр Төрийн ордонд нэвтрэх үнэмлэх, чуулганы ирц бүрдүүлэх цахим картын хэмжээнд ашиглах төдийхөн. Хуулиар олгосон эрх мэдэл нь байсаар байхад Монголбанкнаас хөөгдөөд гардаг, томилсон Ерөнхий сайдынхаа айлчлалын талаар мэдээлэлгүй явдаг ийм сөрөг хүчин л эрх баригчдад сул орон зай, онолдож суух боломж олгож байна. Зөвхөн долларын өсөлт дээр ярихад бодлогын алдаа байгаа бол тэр нь мэдээж эрх баригчдынх. Харин тэдэнд тийм алдаа гаргах боломж олгосон, тэднээр ийм алдаа гаргуулснаараа сөрөг хүчин МАН ч буруутай. Зөвд ташуур, бурууд хазаар болж чаддаг ажил хэрэгч сөрөг хүчин муу эрх баригчдаас хамаагүй дээр. Гэтэл хоёулаа муу байхаар бид яах болж байна вэ. Нэг тэнхлэгийн хоёр дугуй хосоороо эргэн тэмүүлж байж урагшаа явах ёстой болохоос өнөөдрийнх шиг нэг нь дороо хий эргэж, нөгөө нь сул зогсч, нийтээрээ нэг байранд суугаад байхаар ноён доллар  өсөөд ч үндэсний үйлдвэрлэл сэргэхгүй,  буугаад ч улс орон хөгжихгүй.  Яагаад гэвэл саяын долларын өсөлтийн тайлбарыг харахад АН яллаа, шинэчлэлийн Засгийн газар гарлаа гээд улстөрд шинэчлэл явагдаагүй байна. Бүх юм урьдынхаараа, МАН нь их идсэндээ хэхэрч суухад, АН нь илүүг идэх гэж уралддаг нь хуучнаараа явна. Үнэхээр л шинэчлэлийн он жилүүд юм бол эрх баригчид, сөрөг хүчний аль алинд  одоо бодлого, бодлоготон хэрэгтэй. Дайнаар бол генералууд хэрэгтэй. Ордны байдаг л нэгэн ноёд урьдын адилаар бодлогоо тодорхойлж явбал доллар-бензин цаашид ч биднээр тоглосоор байх болно.