П.Цагаан Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөл \ТУЗ\-ийн гишүүнээс чөлөөлөгдөхөө мэдэгдэв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар үлдэх үү, Оюутолгойн ТУЗ-өөс  татгалзах уу гэдэг сонголт түүний өмнө ирээгүй байх. Харин компанийн ТУЗ-ийн ажлаа өгөх тулгалт шууд болон шууд бусаар ирсэн байх гэсэн харамсал, хардлага хоёр зэрэг дагав.

П.Цагаан Монголын толгой эдийн засагчдын нэг мөн эсэхийг мэдэхгүй. Оюутолгой шиг том, хамтарсан төсөл дээр зөвхөн англи хэлээр ярьдаг хүн хангалтгүй. Хөрөнгийн зах зээл, хувьцаа, уул уурхай, эдийн засгийг гаднынхнаас дутуугүй мэддэг нэгэн байх учиртай. Тэр шалгуурт тэнцдэггүй юмаа гэхэд дөхөж очих хүмүүсийн нэг нь П.Цагаан байлаа. Түүнийг мундаг шударга гэдгийг баттай мэдэхгүй. Гэхдээ л П.Цагаан улстөрчид дундаа харьцангуй цэвэр нэртэй хүмүүсийн нэг. Худалдагдаад, хувийн зорилгоо тэргүүнд тавиад явахгүй нэгэн болов уу. Зуу наслахгүй байж хоёр зуун жил “идэх юм” хулгайлах гэж зүтгэдэг, нийтээрээ алхаж явж ганцаараа баяжихыг илүү үздэг, эх орноо, найз нөхдөө, хамтрагчаа хулхидчихаад үйлийн үрийг нь тойроод гарчих юмшиг андуурдаг зарим хүнээс түүнийг арай өөр гэж олон хүн найддаг байх. Хэрвээ орных нь хүнийг дээрдүүлж чадахгүй бол ийм хүнээ \П.Цагааныг\ Оюутолгойгоос холдуулж байгаа нь харамсалтай л юм.

АН хамтарсан засгийн, бас сонгуулийн PR болгож Оюутолгойн асуудлыг Их хурлын чуулган дээр нээлттэй хэлэлцсэн. Аж ахуйн нэгжийн асуудлыг Их хурал дээр авчирч томруулсны, эхлээд төрийн эрх барих дээд байгууллага бүхлээрээ, дараа нь Засгийн газар бараг танхимаараа нэгэн компанийн ТУЗ болж жижгэрсний сөрөг үр дагавар нь өнөөдрийн эдийн засгийн хямралыг өдөөгч хүчин зүйлсийн нэг болов. Энэ үеэс л Оюутолгойн ТУЗ-ийн гурван гишүүнийг халж солих яриа анх гарсан. АН-ын харьяалалгүй учраас Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ганболд нарыг өөрчилье гэж нэр заан эрчимжсэн. Төдөлгүй Ганболд нь өргөдлөө өгсөн гэж дуулдсан. Жилийн 40 гаруй мянган долларын цалинтай, цалингаас гадуур Оюутолгойн ханган нийлүүлэлтэд нөлөөлж магадгүй ийм “найраа”-тай суудалд хэн ч харц унагах нь тодорхой. Тийм учраас тэр үеийн акцын “хоёрдугаар анги” өнөөдөр П.Цагааны өргөдлөөр үргэлжилж байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ П.Цагааныг өргөдлөө өгчихвөл үлдсэн ганц нь дагаад өгнө, өг гэж шахах, өгөхгүй гүрийлээ гэж нийгэмд муухай харагдуулах бололцоо гарна гэж тооцсон ч байж болох. Хувь заяа гэж сонин юм. “Эрдэнэс Оюутолгой”-н захирлаар томилогдоод байгаа Да.Ганболдыг Ерөнхий сайдад долоон удаа нэр дэвшихэд одоо энэ компанийн ТУЗ-ийн гишүүн, Ерөнхийлөгч асан Н.Багабанди долоон удаа буцаасан байдаг юм.

Оюутолгойн ТУЗ-ийн хурал дээр манай гурав их хатуу, эх оронч ханддаг гэдгийг ажил хариуцсан зарим хүнээс хэдэнтээ сонссон. Тэр дундаа нэг нь Ерөнхийлөгч байсан, нөгөө нь Ерөнхийлөгчийн дэргэд ажилладаг гэдгээрээ Н.Багабанди, П.Цагаан хоёрын үг нь жинтэй, үйлдэл нь гадныхныг айлгадаг гэдэг. Хэдий тийм ч, энэ хоёр хүнийг сольж болохгүй гэсэн хууль байхгүй. Сольж, бүр халж ч болно.  Хамгийн гол нь цаана нь хэний эрх ашгийг хөндөж, хамгаалж ийм солилцоо хийж байна вэ гэдэг л чухал.  Одоо очих дараагийн гишүүд нь энэ хоёр эрхмээс  толгой илүү сэтгэдэг, тохой өндөр эх оронч сэтгэлтэй  л хүмүүс байгаасай. Бусад томилгоо шиг ахин сонгогдож чадаагүй улстөрчдийг аргадсан,  эсвэл улстөрийн тэтгэвэрт гарсны бонуст Оюутолгойн ТУЗ-ийн гишүүний суудлыг алчуур болгоод барьчихгүй гэдэгт найдах үлдэв. П.Цагаан дарга өргөдөл өгөх шалтгаанаа Ерөнхийлөгчтэй ойр ажилладаг учраас Ерөнхийлөгчийн байр суурь мэт ойлгогдоод байна гэсэн байна лээ. Харин ч эсрэгээрээ, аль нэгэн намын томилгоотой улстөрч очиж байснаас ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн Тамгын дарга тэнд байх нь илүү дээр хувилбар. Улсын Ерөнхийлөгчийн нэр сүр, зангараг нь гаднынханд айхгүй ч гэсэн аягүй байж мэднэ.



Өнөөдөр Оюутолгой ажил өөх ч биш, булчирхай ч биш боллоо. Ажил нь зогссон ч юмшиг, үгүй ч юмшиг. Ордыг тойрсон ханган нийлүүлэлтийн бизнесүүд бодитой зогслоо. Үүнээс нь хамаараад эдийн засагт хүндрэл үүслээ. Үүний шалтгаан юу болох, хэнээс хаанаас болов гэдгээ үнэлж дүгнэж зөв зам дээрээ баттай зогсох нь өргөдөл өгөх, нэг монголоо нөгөөгөөр солихоос илүү чухал. Далд уурхайгаа ашиглахад хөрөнгө оруулагчдад нэмэлт санхүүжилт хэрэгтэй. Одоо ашиглалтад ороод байгаа ил уурхай бол Оюутолгой гэдэг уртын аяллын дөнгөж эхний 20 км. Цаана нь олох ашгийн 80 хувийг авах, үлдсэн замыг туулахын тулд газрын хөрснөөс доош 1500 метрт буюу Сүхбаатарын талбайн уртаас хоёр дахин урттай гүн хонгил өрөмдөнө. Тэрхүү хонгилын нь урт Улаанбаатараас Дархан орох хэмжээний 250 км урт үргэлжилнэ. Ийм нүсэр бүтээн байгуулалтад их хэмжээний санхүүжилт хэрэгтэй нь гарцаагүй.  Хэрвээ далд уурхай ашиглалтад орчихвол экспорт, нийлүүлэлтийн нэмэгдлийг дагаад манай улсын авдаг татвар, ханган нийлүүлэлт өсөх учраас монголчууд бид ч яарч байна. Гэтэл нэмэлт санхүүжилтээ авахаас өмнө гэрээгээ дүгнэх, авсныхаа дараа гэрээнд заасны дагуу зарцуулахыг манай талаас шаардаж зугуухан, зөв замаараа явж байсан ажлыг хэн самараад хаячихваа. МАН-ын Д.Батбаатарын хийсэн ажлыг АН-ын Ц.Сэдванчиг нь баллачихав уу. Тийм юм бол тэд яагаад хоёулаа халагдаж, явахдаа хоёулаа яагаад “дараагийн хүн хэн байх нь хамаагүй, хэний эрх ашгийг хамгаалж ажиллах нь л чухал” гэж яг адилхан үг хэлэв. Засгийн газар дөрвөн сайдаа багтаасан Оюутолгойн ажлын хэсэг байгуулж баахан бантан хутгачихаад байдал хүндрэхээр “одоо ТУЗ нь мэднэ” гэж бултах, ТУЗ-ийн гишүүд нь өргөдлөө өгөөд зугтах нь зөв үү, буруу юу.  Томилсон газар нь хариуцлага тооцно гээгүй байхад ТУЗ-ийн гишүүд яагаад хүнд үед нь сайн дураараа өргөдлөө өгөөд эхлэв. Өндөр цалинг нь авч суусныхаа төлөө ард түмний өмнө хүлээх хариуцлага тэдэнд байхгүй юу.  Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол огцорно  гэсэн салбарын сайд нь эхлээд  мэдэгдсэн. Дараа нь Засгийн газраас эдийн засгийн төслийг улстөрийн аргаар удирдах,  хандах гэж зүтгэсэн. Гишүүн С.Ганбаатар ч хэт ганцаарчилсан тоглолт хийх юм. Ингэж улсынхаа эдийн засгийг бүтнээр нь барьцаалсан нэг хүн, хэсэг хүмүүсийн үйлдлээс нийтээрээ хохирч байна уу, хожиж байна уу. Өнөөдөр Ерөнхий сайд энд долоо хоног бүр хэдэн аймгийн замыг давтан ярьж, хүүхдийн форм танилцуулж суухын оронд тэнд-зах зээл дээр нь очоод нүүрсээ борлуулах, Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай ойлголцоход цаг гаргаж яагаад болдоггүй юм. Хаалга тогшиж байгаа энэ хямралын бодитой шалтгааны талаас илүү нь гаднаас биш, биднээс, дотроосоо хамааралтайг шинжээчид хэлж байгаа нь бас ч оргүй дүгнэлт биш байх.   

Дотоодын энэхүү ороо бусгаа байдал, төрийн залгамж чанарыг орхиж, эзэнгүй эх газарт нийгэм журмыг цоо шинээр тогтоох гэж байгаа юмшиг ихэд яарсан, хэт  PR-дсан улстөржилт нь яг үнэндээ өнөөдөр  Оюутолгойн хөрөнгө оруулагчдад олз болж байна. Тэднийг давраах далим боллоо. Тэд гэрээг Библи гэдэг. Тэгвэл тэрхүү “Библи”-д хөрөнгө оруулагчид нэмэлт санхүүжилтээс анхны хөрөнгө оруулалтад гаргасан зардлаа шууд суутгаж авна гэсэн заалт байхгүй. Уучлаарай, гэрээнд тэгж заагаагүй учраас бандан тас. Зүйрлэхэд хоёр хүн хамтарч таван давхар байшин барьжээ. Одоо түүнийгээ нэмж арван давхар болгохын тулд нэмэлт зээл авна. Гэтэл нэг нь одоо авах зээлээс анх таван давхар барихад гаргасан зардлаа шууд өөртөө авна гэвэл энэ шударга уу. Анхны хөрөнгө оруулалтад тооцоолсноос илүү зардал гарсан учраас түүнийгээ нөхөж авна гэж хөрөнгө оруулагчид хэлэх юм. Гэтэл Оюутолгойн төслийн менежментийг “Рио Тинто”-гийнхон дангаараа хийдэг. Хөрөнгө оруулагчид эрсэдлээ өөрсдөө даана гэж менежментийн төлбөрт зардлын 3-6 хувьтай тэнцэх  хэмжээний цалин авдаг. Ийм гэрээтэй байж тэдний хийсэн буруу менежментийн алдагдлаас монголчууд төлөлцөх нь шударга уу. Мэдээж шударга бус. Үүнээс гадна олон улсын банкуудаас нэмэлт санхүүжилтээ авахын тулд ордын лицензийг барьцаанд тавих, далд уурхайн нэрийн доорхи 4-6 тэрбум доллараасаа зээл гаргасны төлөө банкуудад жишгээс давсан урамшуулал өгөх зэрэг гэрээнд тусгаагүй далд санаа хөрөнгө оруулагчдаас гарч болзошгүйг зарим хэвлэлд анхааруулжээ. Харин энэ бүхэнд л УИХ, Засгийн газар анхаарлаа хандуулах ёстой. Түүнээс бус, өмнөөс нь тасрах үүрэгтэй Эрдэнэс-Оюутолгой гэж төрийн өмчийн компани бүхий “гал хамгаалагч” байсаар байхад Засгийн газар өмнүүр нь орж өөрөө шатаад байх нь Монгол Улсад л ашиггүй. Дэлхий ганцхан Монголыг тойрч эргэдэггүй нь үнэн ч, өөрсдөө дангаараа дэлхийг тойрно гэж буруу замаар хурдан гүйснээс зөв замаараа алхсан нь дээр. Одоо нэмэлт санхүүжилт тойрсон тоглоомыг аж ахуйн нэгжийнх нь тойрогт үлдээж, байгуулсан гэрээнд нь хяналтаа тавих, гэрээний биелэлтээ эргэж дүгнэхэд илүү анхаармаар. Ингэж хөрөнгө оруулагчдыг байранд нь тавьж, байгуулсан гэрээндээ үнэнч ажиллахад монголчууд бидний дотоодын эв нэгдэл, “нэг ам” л том даруулга болно. Монгол Улс бүхлээрээ 34 хувийнхаа өмнө нэг баг болъё.