Хууль зүйн сайд Д.Дорлигжав тушаал гаргаж, “Цагдаагийн цол олгох тухай” Ц.Нямдорж сайдын үед мөрдөж байсан хуучин журмыг сэргээжээ. 2014 онд шинээр баталж хэрэглэсэн “Албан тушаалын цол, зэрэглэл батлах тухай” журмаар цол нь буураад байсан цагдаагийн 400 гаруй офицерт хуучин цолыг нь эргүүлэн олгосон байна. Сайдтайгаа нийлээд 400+1 хүний магнай тэнийх ч яахав. Өгсөн авсандаа өлзий болоод өнгөрсөн юм биз. Харин тэдэнтэй ямар нэг садан төрлийн холбоогүй хэвлэл мэдээлийнхэн, сэтгүүлчид уг үйл явдлын талаар “Тэмүүжиний самарсан цагдаагийн байгууллагыг Дорлигжав цэгцэлж байна” хэмээн сайшааж, илтэд тал зассан явдал нь гайхал төрүүлэв. Сайдын тушаалд дэд сайд Ц.Уугангэрэл тайлбар хийхдээ “Өнөөдөр хурандаа байсан хүн маргааш гэнэт ахлах дэслэгч болно гэдэг тухайн хүний, эргэн тойрных нь хувьд сүйрэл болж байгаа юм” хэмээн учирласан байна лээ. Гэвч тэр нь энд ажлаа хийж байгаа 1000 гаруй сэтгүүлчид ямар хамаатай байсныг ёстой чөтгөр бүү мэд.

Өмнө хэрэгжиж байсан, одоо хүчингүй болоод байгаа Цагдаагийн байгууллагын тухай хууль, түүнийг дагаж гарсан журмаар цагдаагийн албан хаагчдад цэргийн цол олгодог, ингэхдээ яг армид мөрддөг шиг ажилласан жилээр нь цол нэмдэг байв. Курс төгсөөд эргүүлийн цагдаагаар орохдоо дэд ахлагч, таван жилийн дараа ахлагч, дахиад таван жил болоход ахлах ахлагч, дээд сургууль төгсөөд дэслэгч, таван жилийн дараа ахлах дэслэгч, тэгээд ахмад гэх мэтчилэн явсаар хурандаа нарын арми бий болж, азтай одтой нь генерал цолонд ч хүрч байв. ЦЕГ-ын дарга байгаад долдугаар сарын 1-ний хэргээр ял авсан Ч.Амарболд хошууч генерал, Х.Тэмүүжиний сайдынхаа албан тушаалаар дэнчин тавьж ажлаас нь чөлөөлсөн Б.Билэгт бригадын генерал цолтой байв. Ц.Нямдорж сайдын үе хүртэл, түүнээс өмнөх сайдуудын үед ч тийм л байсан. /Гэхдээ Монголд орчин үеийн цагдаа анх үүсэх үед бол цагдаад ердөө 3-4-хөн төрлийн цол байсан гэдэг юм билээ. Тэр нь магадгүй өнөөдрийн буруутгагдаад байгаа албан тушаалын цол байх/ Учир нь бид өнгөрсөн 25 жилийн турш, үүнээс өмнө ч гэсэн цагдааг “хүчний байгууллага” гэж нэрлэж, цэрэгжсэн байгууллага байх ёстой гэж ойлгож, “төрийн цагдаа, төмөр нүүр” гэж айж ширвээтдэг байв.

 Гэтэл цагдаа ч гэсэн хүн шүү дээ. Гэхдээ гартаа гав барьсан хүн. Жирийн иргэнтэй харьцуулбал хавьгүй их эрх мэдэлтэй, хүч чадалтай. Төрийн нэрийн өмнөөс хэн нэгэнд албадлага хэрэглэх онцгой эрх дарх тэдэнд бий. Ийм их эрх мэдэлтэй хүн цэрэг, арми шиг тушаалаар хөдөлдөг биш, хуульд захирагдаж ажилладаг байх ёстой. Эрх мэдлээ хэтрүүлэхгүй, хувьдаа ашиглахгүй, бусдад хохирол учруулахгүйн тулд. Одоогийн хуулиар бол цагдаа иргэндээ үйлчилдэг, хууль сахиулдаг, үйлчилгээний байгууллага. Үйлдэл нэг бүр нь хуулийн дагуу, хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Ийм байгууллагад үүргээ гүйцэтгэхэд нь тохирсон хууль, журам хэрэгтэйгээс биш байлддаг, дайтдаг нөхдүүдтэй адил цэргийн цол хэргэм хэрэглэж болохгүй. Хэрэглэж болохгүй учир шалтгааныг нийтээрээ ухаарсан тун саяхны жишээ бий шүү дээ. 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт хэрэг. Гартаа зэвсэггүй, гэм зэмгүй таван иргэнээ шөнө дөлөөр буудаж хороосон явдал. Эргүүлийн цагдаагийн бууны амнаас гарсан сумны хариуцлага яван явсаар хошууч генералын мөрдэс дээр ирж буусан. Генерал буудах тушаал өгсөн учраас, /эсвэл буу, сум тараасан хэрнээ буудаж болохгүй гэж сануулаагүй учраас/ цагдаа буудах нь зөв эсэх, өөрт нь тийм эрх бий эсэхийг тооцолгүйгээр зүгээр л буудчихсан. Харин генералд үүрэг өгсөн эзэн холбогдогч нь тогтоогддоггүй. Яагаад гэвэл тэр нь ч гэсэн хууль бус үүрэг даалгавар байсан учраас.

Тиймээс өнөөдөр Орос, Монгол хоёроос өөр пост коммунист гэгддэг бүх оронд цагдаад цэргийн цол хэрэглэхээ больсон . Манайд ч гэсэн өнгөрөгч 2014 оноос мөрдөж эхэлсэн Цагдаагийн албаны тухай шинэ хуулийн дагуу Хууль зүйн сайд тушаал гаргаж, цагдаагийн цол олгодог журмыг өөрчилсөн. Хэн удаан жил ажилласнаас нь бус, ямар үүрэг, хариуцлага хүлээж байгаагаас нь шалтгаалж албан тушаалын цол зэрэг хэрэглэдэг журам тогтсон. Хорин жил өөрөө өөрийгөө авч яваа нэгнээс илүү хорин хүн удирдаж байгаа албан тушаалтан ахиу цолтой байна гэсэн үг. Яагаад гэвэл тэр хүн өөрийнхөө дор ажиллаж байгаа хорин хүний өмнөөс хариуцлага хүлээж, ажил үүргийг нь чиглүүлж, арга зүйн хувьд зөвлөж ажилладаг учраас тэр.

2014 оны хоёрдугаар сард сайдын тушаалаар баталсан шинэ журмаар ЦЕГ-т гэхэд жишээ нь хурандаа цолтой есөн албан тушаалтан байхаар баталжээ.

-Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын хэлтсийн дарга;
-Даргын ажлын албаны дарга;
-Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хэлтсийн дарга;
-Нийтийн хэв журам хамгаалах газрын хэлтсийн дарга;
-Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын хэлтсийн дарга;
-Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтсийн дарга;
-Хүний нөөц сургалтын хэлтсийн дарга;
-Хуулийн хэлтсийн дарга;
-Гадаад харилцааны хэлтсийн дарга гэх мэт.

Үүн дээр Зохион байгуулалттай тэмцэх газар, Мөрдөн байцаах газар, Шуурхай удирдлагын төв, Лицензийн төв, Автобааз зэрэг харьяа нэгжийн 14 дарга, 21 аймаг, нийслэлийн есөн цагдаагийн хэлтсийн даргыг оролцуулаад цагдаагийн байгууллагын хэмжээнд ердөө 53 цагдаагийн хурандаа цолтон үлдсэн үг. Үүнээс харвал “Социализмын жилүүдэд чөтгөрийн тоо эрс цөөрсөн” гэдэг шиг Х.Тэмүүжиний үед хурандаа нарын тоо эрс буурсан байна. Тэдгээрийн дараа орох хэлтэс, тасгийн дарга нарт цагдаагийн дэд хурандаа, Нийслэлийн цагдаагийн газрын ахлах мөрдөгч, ахлах шинжээч, дүүргийн цагдаагийн хэлтсийн дэд дарга, хэлтэс тасгийн даргын албан тушаалд цагдаагийн хошууч цолтой байх, цагдаагийн хамгийн дээд цол болох дээд комссар, комиссар, дэд комиссар цолыг ЦЕГ-ын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга нарт олгохоор журам баталжээ. Хэрвээ ажил мэргэжилдээ алдаа гаргаад албан тушаалаасаа огцорч гэмээн цолоо хураалгаж, дараагийн удаа очсон албан тушаалынхаа цолыг л авна. Нэгдүгэрт, албан тушаалын зэрэг дэв, захирах захирагдах ёс хэрэгжиж, хоёрдугаарт хийсэн ажил, хүлээсэн хариуцлагадаа тохирсон зэрэг дэвтэй байх шударга зарчим үйлчилнэ гэсэн үг. Энэ журам батлагдахаас өмнө албаны даргаар томилогдож очсон ахмад цолтой залууг өөрөө тушаал бууж, удирдлаганд нь ажиллах болсон хуучин хурандаа “Чи муу надад тушаал өгдөг хэн бэ” гээд өмнөө ёслүүлж байгаад шанаадсан тохиолдол гарч л байсан шүү дээ. Бүр бие бүрэлдэхүүний өмнө шүү. Цэргийн цол, цагдаагийн цол ялгаатай байх ёстой бас нэг шалтгаан энэ.

Гэхдээ ямар ч сайн юманд заавал нэг муу тал байдаг даа. Тэр муу тал нь энэ удаад тушаал буурсан 400 гаруй цагдаа болж байх шиг байна. Цолоо хасуулсан зарим нь сэтгэлээр унаж, амиа хорлохдоо тулсан ч явдал бий. Тиймээс ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд нь удирдлага, цолны зөрчил үүсгэхгүйн тулд албан тушаалын цолоороо, ажлаас гарч, тэтгэвэрт суусан хойноо цагдаад байгууллагад ажиллах хугацаандаа авсан хэрэглэж байсан хамгийн өндөр цолоороо бахархаж сууг гээд Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүртэл баталж мөрдүүлсэн. Гэвч ажил албан тушаалаасаа салсан, цол зэрэг нь буурсан тэдний зарим нь өнгөрсөн хугацаанд үүнийгээ эргүүлж авахын төлөө юу эсийг хийсэн билээ. Х.Тэмүүжин сайд дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан хурандаа нарын хэргээс өгсүүлээд “Цагдаа мэдэхгүй хүн цагдааг самарч байна” гэсэн төлбөртэй мэдээллийг сонин, сайтуудаар баахан барьж гүйсэн. Яасан ч их мөнгөтэй юм. Ер нь Х.Тэмүүжин самарлаа самарлаа гээд цагдаагийн хуучин хурандаа нарын эрх дархыг л самарсан юм байгаа биз. Тэглээ гээд тэднээс үйлчилгээ авдаг жирийн иргэдэд ямар хохирол учруулсан болж байна. Угаасаа Хууль зүйн сайдын зорилго “Цагдааг хэрхэн тордох вэ” биш, цагдааг яаж үр ашигтай, хүртээмжтэй, иргэдэд ойр ажиллуулах вэ гэдэг л шүү дээ. Тиймдээ ч зургаан дүүрэгт нэг нэгхэн байсан цагдаагийн хэлтсүүдийг нэмэгдүүлж, хүн амын нягтралыг нь дагуулан цагдаагийн найман хэлтсийг шинээр байгуулсан. Хотын төвөөр сэлгүүцдэг байсан хөдөлгөөнт эргүүлийг татан буулгаж, хэлтсүүдэд нь шилжүүлснээр гэр хорооллын харанхуй гудамд ч цагдаагийн эргүүл хүрч чаддаг болсон. Цагдаагийн байгууллагын төсвөөс цалинжиж, орон байраар тэтгүүлдэг байсан бөх, тэх, дуучин, жүжигчин 200 гаруй хүнийг цомхотгож, энэ орон тоон дээр нь эрүүлийн цагдаагаа нэмэгдүүлсэн. Үүнээс болж жирийн иргэн танд, надад, нөхөд сэтгүүлчдэд ямар хохирол учруулчихсаныг олж харахгүй юм. Цагдаагийн цолыг албан тушаалд нь дүйцүүлж олгодог болсон нь ч бас л ижил зорилготой.

Ер нь бол гудамжинд хэв журам сахиулж байгаа эргүүлийн цагдаа, эсвэл хохирогчоос мэдүүлэг авч байгаа мөрдөн байцаагч хошууч, эсвэл хурандаа цолтой байх нь иргэнд ямар хэрэгтэй, юуны хамаатай /жирийн иргэдийн хувьд бол муур ямар өнгөтэй байх нь чухал биш, хулгана барьдаг байх нь чухал гэдэг зарчим үйлчилнэ/. Харин ч цол нь том байх тусмаа л иргэнтэй илүү дээрэнгүй харьцдаг биз дээ. Хүчний байгууллага гэж хэлэгдэж ирснээс үлдсэн зуршил нь тэр. Харин энэ цол, зэргээр байгууллага дотроо хэн нь хэндээ захирагдаж, хэн нь хэнийгээ удирдах вэ гэдгийг харуулах ёстой. Бүх цагдаа ерөнхий офицер цолтой байгаад зөвхөн хувийн дугаар, албан тушаалаараа ялгардаг дэлхий нийтийн жишиг ч бий шүү дээ.

Уг нь цагдаагийн байгууллагыг илүү иргэншсэн, үйлчилгээний байгууллага болгох, цагдаад цэргийн цол хэрэглэдгийг болиулах, цагдаад нүүрлэсэн дарангуй системийг халахад Х.Тэмүүжин сайдын цагдаад нэвтрүүлсэн албан тушаалын цол тун зөв эхлэл байсан гэж яригддаг. Харамсалтай нь энэ зөв тавьсан суурийг АН-ын сайд Д.Дорлигжав намынхаа нэр хүндтэй хамт булшилж байх шиг байна. Ердөө 400 хүний нулимсыг арчиж өгөхийн төлөө. Зөрүүлээд 1000 гаруй хүнийг “хугацаанаасаа өмнө цол авсан” гэдэг шалтгаанаар албан тушаалын цолыг нь хураажээ. Доод ажилтан нь цолоор илүүрхэж дээд тушаалтнаа барьж зоддог “диграам” дахиад л сэргэх нь дээ. Цаана нь мөрөөрөө ажлаа хийж байгаа 7000 албан хаагчийн нэр төр, тэднээс аюулгүй байдлын үйлчилгээ авах ёстой, тийм эрхтэй гурван сая иргэний эрх ашиг гэж байна. Хувь хүнд нь дургүйцэж, ямар ч шалтгаанаар, ямар ч шалгуураар өөчилж, гоочилж болно л доо. Хүйтэн царайтай, хөмхийгөө зуусан, ахас ихсээ мэддэггүй, ах нарынхаа үгэнд ордоггүй... гэдэг ч юм уу. Шалтаг бол олдоно. Тэглээ гээд хийсэн зөв зүйтэй ажил болгоныг нь нурааж, тийм аргаар хонзонгоо авч болохгүй шүү дээ. Их л хонзонтой, эсвэл хэн нэгэнд их өртэй хүн ийм зүйл хийх байх...