Монгол Улс маань Орос, Хятад гэсэн хоёр хөрштэй. Ардчилсан хувьсгалаас хойш АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг бусад улс орнуудыг “гуравдагч хөрш” гэж байгаа. Тэдгээрийн ихэнхтэй нь түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хоёр талын гэрээ хэлэлцээр байгуулж, төр засгийн түвшинд тогтмол уулздаг болов.

Монголын төр засаг “гуравдагч хөршийн” бодлогоо газар зүйн биш, улс төрийн ойлголт гэх, эдийн засгийн хувьд бол Монгол руу хөрөнгө оруулалт татах тухай ярихаас хэтрэхгүй байгаа учир эдгээр улс оронтой хамтран ажиллаж, сурч хэрэгжүүлж болох арвин их боломжоо Монголын ард иргэд бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна.

Монголын улс төрийн гадаад бодлогын үр дүн эдийн засагтаа бодитой шингэж, ард иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэхэд тасралтг үй хувь нэмэр болох ёстой. Ардчиллын үнэт зүйлийг нийгмийн амьдралын хэв загвартаа тусгаж, зах зээлийн эдийн засагтай хослуулах буюу нийтийн засаглалыг сайжруулж, шудрага өрсөлдөөнд тулгуурласан хувийн хэвшлийг бий болгоогүй цагт “гуравдагч хөршийн” бодлого үр өгөөж бага гэдгийг өнгөрсөн жилүүд харууллаа.

“Гуравдагч хөрш” бүр монголчуудад хуулийн засаглалаа бэхжүүл, нийтийн сайн засаглалыг хэрэгжүүл, төр засгийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод болгож, чадварыг нь нэмэгдүүл, нийтийн ажилтнуудаа “арын хаалгаар” биш авьяас чадвараар нь шалгаруулж ав, авлига хээл хахуулиа багасга гэж “зөвлөсөөр” ирлээ.

Монголын үе үеийн улстөрчид, төр засгийн удирдлагууд тэдгээр “зөвлөгөөг” аман дээрээ асар түргэн хүлээн авдаг ч айлчлал, уулзалт дууссаны амьдрал дээр гоё цаасан дээрээ үлдэх нь багагүй ажээ. Монголын төр засгийн гадаад айлчлал, уулзалтууд үнэхээр хэрэгждэг бол хэтэрхий олон болсон аялал, сургалтуудын үр дүнд өдийд Монгол Улс авлигын индексээр 174 орноос 94-т биш, эхний аравт орчихсон, бас уул уурхайн баялгийн өгөөжийг цөөнх нь биш олонх нь хүртчихээд сууж байхгүй юу.

Гэсэн хэдий ч гуравдагч хөршүүдийн итгэл найдвар тасрахгүй, дахин дахин харилцан айлчлал хийж, баримт бичиг, хэлсэн үг бүхэндээ дээрх “зөвлөгөөгөө” давтсаар л байна. Уг нь энэ саналууд гуравдагч хөршүүдэд өөрсдөд нь гэхээсээ монголчууд бидэнд илүү хэрэгтэй юм.

Европын холбооны жишээн дээр гуравдагч хөршийн бодлогынхоо өгөөжийг томруулан харцгаая. Брюссельд төвтэй, 28 орон гишүүнчлэлтэй энэ холбоо хөгжиж байгаа орнуудын ядуурлыг бууруулах, яваандаа арилгах зорилготой бодлого хэрэгжүүлэхэд нь тусалдаг юм. Европын холбоо 2011 онд 53 тэрбум еврогийн тусламжийг хөгжиж буй оронд үзүүлсэн нь АНУаас хоёр дахин их байна.

Европын холбоо Монгол Улсад 1993 оноос тусалсаар ирсэн бөгөөд 2007-2013 онд нийт 30 сая еврог хөдөөгийн ядуурлыг бууруулах, ган зудын гамшгаас урьдчилан сэргийлэхэд зориулжээ. 2011 оноос бодлогоо дахин харж үзээд, хөдөөд мэргэжлийн сургалт явуулах, олборлох аж үйлдвэрийн эдийн засгийн удирдлагыг дэмжихэд төвлөрүүлэх болжээ.

Харин энэ оноос 2014-2020 оны тусламжийн төлөвлөгөөгөө боловсруулах ажилд орсон байна. Энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улс Европын холбоотой Түншлэл ба хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан нь улс төр, эдийн засаг, соёл болон хүний аюулгүй байдал, иргэний нийгмийн хөгжил, иргэдийн солилцоо зэрэг чиглэлийн үйл ажиллагаанд чанарын өөрчлөлт гарах боломж олгож байна. Энэ гэрээ удалгүй Европарламентаар батлагдаж, хэрвээ монголчууд тууштай, төвлөрч хэрэгжүүлж чадвал гуравдагч хөршийн бодлогын бодит үр дүнг харуулах сайхан боломж олгох юм.

Одоогоор хуулийн засаглалыг бэхжүүлэх, хэмжил зүйг (стандартыг) боловсронгуй болгох, судалгаа шинжилгээ, шинийг бүтээх чиглэлээр хамтран ажиллах, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зэрэг тодорхой салбарт Европын холбооны гишүүн орнуудаас суралцах чиглэлээр төслөө хэрэгжүүлэхээр тохиролцож байгаа ажээ.

Монголын талаас ухаалаг хандаж, тодорхой салбарууддаа Европын стандартыг шууд нэвтрүүлж чадвал Монголын хөгжилд үсрэлт гарах түүхэн боломж энэ мөн. Жишээ нь Европын холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн, эм бэлдмэлийг Монголд шууд оруулж ирвэл маш олон захиргааны зардал, хээл хахуулийг арилгах юм. Барилга, замын материал, хийц, гүйцэтгэлд евро стандартыг тэр чигээр нь хүлээн зөвшөөрч мөрдлөө гэхэд энэ салбарын чанар, аюулгүй байдал мянга дахин сайжирч, дэлхийн жишигт нийцнэ. Орон тоог эрс хэмнэж, анхаарал зөвхөн хяналтад төвлөрнө гэсэн үг.

Улс төрийн салбарт гэхэд л улс төрийн намуудын ордон харш барихыг хуульчлан зогсоож, нийтийн хөрөнгөөр барьсан Ардын Намын цагаан ордонг буцаан аваад Их Хуралд суудалтай улс төрийн намуудад хувааж өгөхөд л хэчнээн их зардал хэмнэж, хэл ам намжина гэж бодно.

Европын (хойд) орнуудын төрийн үйл ажиллагааны хяналт, дүгнэлтийн системийг шууд нэвтрүүлэхэд Монголд “арын хаалга”, хээл хахууль эрс багасаж, нийтийн хөрөнгө бүртгэлтэй болоод зогсохгүй олон хүн төрийн албанаас өөрийн хүсэлтээр гарах болно.

Хэвлэл мэдээллийн салбарт Европын тэргүүн туршлагуудыг нутагшуулж чадвал “дөрөв дэх засаглал” өөрийн байх ёстой байр суурин дээрээ очиж, Монгол Улсад шударга байдал, сайн засаглал тогтоход хамгийн чухал, үндсэн үүргээ гүйцэтгэж чадна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сэтгүүл зүйн ёс жаягаа мөрдөж, хараат бус, өрсөлдөх чадвартай болох талаар Европын холбооноос суралцан, энэ салбарыг тасралтгүй гүнзгийрч буй тоожуулах (digitilization) хандлагатай уялдуулан ухаалгаар, шударга зохицуулах шаардлагатай байна.

Телевиз ба интернэт нэгдэж, агуулгыг бүтээх ба дамжуулах, харилцаа холбоо болон өргөн нэвтрүүлэг цацахын ялгаа улам багасч байгаа нь энэ салбарыг зохицуулах боломжийг хомсдуулж байна. Зохицуулагчид зах зээлд зөвхөн онцгой том ганц тоглогчийг гаргахгүй байх, орон даяар хүн амаа ялгаварлан гадуурхахгүйд хүрсэн байхад агуулгаа чиглүүлэх шаардлага гарч байна.

Гуравдагч хөршийн бодлогын өгөөжийг огцом өсгөх үүднээс Монгол Улс Европын чанарыг эдийн засгийн бүх салбарт нэвтрүүлж, нийтийн засаглалаа цэвэрлэж, хүн амынхаа амьдралын түвшинг түргэн дээшлүүлэх өөр нэг арга зам байна. Энэ бол Монгол улс Эдийн засгийн хамтын ажиллагааны болон Хөгжлийн байгууллагад (OECD) гишүүнээр элсэх явдал юм. Япон, Солонгос, Чили зэрэг орнууд эдийн засгийн өндөр амжилтад түргэн хүрэхэд энэ байгууллагын гишүүн болсон нь чухал үүрэг гүйцэтгэжээ. Эдийн засаг, нийгмийн салбар, түүний дотор эмнэлэг, боловсролын байгууллагуудын үйл ажиллагааны чанар өсөж, гишүүн орнууд бусад гишүүдийнхээ олгосон дипломыг хүлээн зөвшөөрөх хэмжээнд тэд хүрчээ.

Гэхдээ олон улсын аль нэг байгууллагад элсэн орохыг биш, хамтран ажиллаад ямар тодорхой үр дүнд хүрч байгааг иргэд мэдэхийг хүсэж байна.

Монголын иргэд гуравдагч хөршийн бодлогын бодит үр дүнг амьдрал дээрээ үзэж, улс орноо өрсөлдөх чадвартай болгохыг эрмэлзэж байгаа бөгөөд төр засгийн удирдлагаас илүү өгөөжтэй ажиллахыг шаардаж байна.